Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Нүүрсний экспорт V сард 2.2 сая тоннд хүрэв

Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр оны эхний таван сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт бараг 4 тэрбум ам.долларт (3998.7 сая ам.доллар) хүрсний дотор экспорт 2 тэрбум (2,006 сая ам.доллар), импорт мөн адил 2 тэрбум ам.доллараар (1,992 сая ам.доллар) бичигдлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гадаад худалдааны нийт бараа эргэлт 28.3%, экспорт 38.5%, импорт 13.9%-иар тус тус буурсан гэсэн үг юм.

Экспортын дийлэнхийг бүрдүүлдэг эрдэс түүхий эдийн худалдааг авч үзье.

Оны эхний таван сард орлогын дүнгээр зэсийн баяжмалын экспорт 614.4 сая ам.долларт хүрч эрдсийн экспортыг тэргүүлсэн хэвээр байгаа юм. Гэсэн ч уг түүхий эдийн экспортын орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 гаруй хувиар доогуур хэвээр байна.

Нүүрсний экспорт сэргэх хандлага ажиглагдаж байна. Хэдийгээр энэ онд нүүрсний экспорт нэлээд бууралттай байгаа ч өнгөрсөн тавдугаар сард дөрөвдүгээр сартай харьцуулахад  118%-иар ахиу буюу нийт 2.17 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сараас хойших нүүрсний экспортын хамгийн өндөр дүн боллоо.

 

                                Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

 

Төмрийн хүдрийн экспорт эхний таван сарын байдлаар 234.6 сая ам.долларт хүрч өсөлтөө хадгалсан хэвээр байгаа бөгөөд зах зээлд уг түүхий эдийн ханш өндөр байгаа нь орлого өсөхөд нөлөөлж байна.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

 

Тавдугаар сард алтны экспорт мэдэгдэхүйц өссөн. Тухайлбал мөн сард 3.36 тонн алт гадагш нь худалдаалж 185.4 сая ам.долларын орлого олсноор алтны нийт экспортын хэмжээ эхний таван сарын байдлаар 4.92 тонн буюу 265.8 сая ам.долларт хүрлээ.  

Өсөлттэй байгаа түүхий эдээр цэвэр зэс буюу катодын зэс бичигдэж байна. Харин бусад эрдэс болох зэсийн баяжмал, нүүрс, нефть, цайр, жонш, молибден зэргийн экспортын орлогын тухайд оны эхний таван сарын нийт дүнгээр бүгд бууралттай байна.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

 

 

Б.Төгс