Чалко: Хятадад Монголоос коксжих нүүрс импортлох хэрэгцээ их байна

2020-03-27 12:46

“Монгол Нүүрс ассоциаци” дэлхий дахинд тархаад буй коронавирусын улмаас Монголын зогсонги байдалд ороод буй коксжих нүүрсний экспортын цаашдын төлөв, Хятадын нүүрсний импортын төлөв байдлыг хэлэлцэхээр олборлогч болон худалдан авагчдын төлөөллийг оролцуулсан онлайн хурал (2020.03.26) зохион байгууллаа. Уг хуралд Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Нүүрс ассоциаци, дотоодын нүүрс олборлогч компаниудын төлөөлөл, Хятадын талаас импортлогч компаниуд, нүүрсний мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцсон юм.

Хурлын үеэр цаашид Монголын нүүрсийг импортлох хэрэгцээ Хятадын талд их байгаа ч шинэ коронавирусын дэгдэлтээс нөхцөл байдал шууд хамаарахыг тус улсын худалдан авагч  компаниудын төлөөлөл ярьж байна.

Өнгөрсөн даваа гаригаас (2020.03.23) Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт эхэлсэн нь нааштай алхам болсон. Ингэхдээ нүүрсний экспортыг чингэлэг тээврээр хийж,  нүүрсний машинууд хилээр гарсан тухайн өдөртөө буцаж орж ирэх шаардлага тавьж байгааг УУХҮЯ онцоллоо.

Гэхдээ Шивээхүрэн боомтоор нүүрсний экспортыг хараахан эхлүүлээгүй байгаа юм. Тус боомт нь Монголын нүүрсний нийт экспортын 40%-ийг бүрдүүлдэг. Монголын талаас Шивээхүрэн боомтод нүүрсний экспортод бэлтгэж ариутгал, халдваргүйжүүлэлтийн бүхий л ажил хангагдсан болохыг салбарын яам мэдээлэв. Харин Хятадын талын Сэхээ боомтод ариутгал, халдваргүйжүүлэлтийн горимыг төв Засгийн газраас батлаж, нүүрс импортлох зөвшөөрөл олгохыг тус улсын орон нутгийн захиргаа хүлээж байгаа ажээ.

Хятадын тал Монголоос коксжих нүүрс импортлох хэрэгцээ, сонирхол их. Гэвч авто замаар машинаар нүүрс тээвэрлэж байгаа нь борлуулалт зогсох шалтгаан болсон. Иймд цаашид нүүрсний төмөр зам, ялангуяа Тавантолгой-Гашуунсухайт, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр зам байгуулах нь нэн чухал байгааг онцолсон юм.

Монголын нүүрсний гол зах зээл Бугат, Ухай орчимд коксжих нүүрсний үнэ харьцангуй тогтвортой байгааг Хятадын “Чалко” компанийн төлөөлөл тэмдэглэлээ. Гэхдээ ойрын саруудад коксжих нүүрсний үнэ буурах хандлагатай байна. Учир нь оны эхний хагаст Хятадын нүүрсний хэрэглээ ч сайнгүй байх төлөвтэйг хэлсэн юм. Нөгөөтэйгүүр тус улсын дотоодын нүүрсний нийлүүлэлт сэргэж, хангалттай хэмжээнд хүрсэн ажээ.

Монголоос коксжих нүүрс импортлох хэрэгцээ Хятадад их байгаа ч энэ оны импортын таамгийг хэлэхэд одоохондоо эрт байна. Учир нь коронавирусын тархалтаас ихээхэн зүйл хамаарах юм. Одоогоор Австрали болон ОХУ-ын нүүрсний экспорт Хятадын зах  зээл дэх Монголын байр суурьд нөлөөлөхгүй байгаа аж. Хэрэв Монголын экспортын зогсонги байдал энэ хэвээр удаан үргэлжилбэл Австралийн нүүрсний нийлүүлэлт Хятад руу нэмэгдэж болзошгүй байна.

Эндээс үзэхэд манай улс COVID-19 өвчнөөс сэргийлэх ажлаа эрчимтэй үргэлжлүүлэхийн зэрэгцээ нүүрсний экспортоо сэргээх чиглэлд ч ихээхэн анхаарах шаардлагатай байна. Хятадын хувьд шинэ коронавирусын тархалтыг хяналтандаа авч чадсанаар хоёрдугаар улирлаас тус улсын аж үйлдвэрлэл эрчимжиж, улмаар коксжих нүүрсний хэрэглээ дагаад өсөх төлөвтэйг Хятадын талын төлөөллүүд тайлбарлав.

Гэвч энэ онд манай улсын 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөө биелэх боломж хомс болсон нь илэрхий байна. Боомтын нэвтрэлт сайжрахаас үл хамааран нүүрсний экспортын хэмжээ өмнөх оныхоос нэмэгдэхгүй байх дүр зураг тодорч байгаа юм. 2019 онд манай улс нүүрсний экспортын тэг зогсолт хийгээгүй ч Хятад руу 36.6 сая тонн нүүрс экспортолсон билээ.

Мөн чингэлэг тээврээр нүүрс зөөвөрлөх нь шинэ коронавирусын тархалтыг зогсооход ямар ч эерэг нөлөөгүй төдийгүй тээвэрлэлтийн зардлыг нэмэгдүүлэх сөрөг талтайг талууд хүлээн зөвшөөрч байв. Монголын талд ч чингэлэг тээврээр их хэмжээний нүүрс экспортлох нөөц боломж хязгаарлагдмал байгаа нь цаашид нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд гацаа үүсгэхээр байна.  

Б.Төгс

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2021-01-15 19:10
    Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн талбайд үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэх ёслол (2021.01.15) болов.Дэлхий дахинд дэгдсэн цар тахлын хүнд цаг үед Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газрууд,  холбогдох төрийн байгууллага, орон нутгийн дэмжлэгтэйгээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх (ТМЗ) “Инженерс Индиа Лимитэд” компанийн инженерүүд хүчээ дайчлан, хамтран ажилласны үр дүнд өнөөдөр үйлдвэрийн технологийн бус байгууламжуудын барилга-угсралтын ажлыг эхлүүлж байгааг төсөл хэрэгжүүлэгчид онцолсон байна. Өнөөдрийн ёслолын арга хэмжээнд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх биечлэн оролцжээ.   
  • 2021-01-14 18:32
    Уул уурхайн ажилчдын ээлж солих зохион байгуулалттай арга хэмжээний хүрээнд ажилчдаас PCR шинжилгээ авах ажиллагааг Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран 01 дүгээр сарын 16-ны өдөр эхлүүлэх боллоо. Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабаас Нийслэлийн эрүүл мэндийн газрын шинжилгээ авах цэгүүдэд аж ахуйн нэгжүүдийг хуваарилж байна. Шинжилгээ өгөх хуваарийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны вэб сайтын “Мэдээ мэдээлэл” цонхны “Шуурхай штаб мэдээлэл”  хэсэгт өнөөдөр, 01 дүгээр сарын 14-ний өдөр байршуулах тул аж ахуйн нэгжүүд орон нутгаас ирж шинжилгээнд хамрагдан ээлжинд гарах ажилчдаа Улаанбаатарт ирүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллана уу. Үүний тулд аймгуудын Онцгой комиссын цахим хаягаар тухайн орон нутгаас ирэх ажилчдынхаа мэдээлэл бүхий аж ахуйн нэгжийн албан хүсэлтийг хүргүүлж өөрийн ажилчныг тодорхойлж өгөх шаардлагатай байна.  
  • 2021-01-14 18:17
    ОХУ-ын гадаад валютын нөөцийн бүтцэд анх удаа алтны хувь хэмжээ ам.долларыг давжээ. Тодруулбал, тус улсын Төв банкны тайлангаар, нийт нөөцийн 23%-ийг алт (128.5 тэрбум ам.доллартай тэнцэнэ) бүрдүүлж еврогийн дараа оржээ. Харин 124.6 тэрбум америк доллар нь нийт нөөцийн 22% болж буурсан байна. 2018 онд нийт нөөцийн 44%-ийг америк доллар бүрдүүлж байжээ. Энэхүү өөрчлөлт нь Оросын эдийн засгийг америк доллараас үл хамаарах, хоёр улсын харилцаа муудаж буй нөхцөлд АНУ-ын хориг арга хэмжээнд өртөмтгий байдлыг бууруулах гэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бодлогын нэг хэсэг хэмээн шинжээчид тайлбарлаж байгаа юм. 2020 оны арванхоёрдугаар 25-ны байдлаар, тус улсын гадаад валютын нийт нөөц 592.4 тэрбум ам.доллартай тэнцэж байв.   
  • 2021-01-14 15:39
    Үнэт металын бүлэгт багтах родийн (Rh) ханш өссөөр байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард, дэлхийн зах зээл дээр унц родий 16.9 мянган ам.доллар хүрч түүхэн дээд үзүүлэлтэд тооцогдсон юм. Тэгвэл 2021 он гарснаас хойш тухайн металын ханш 19%-иар өсчээ. Лхагва гаригийн (2021.01.13) байдлаар, унц родий 20.19 мянган ам.долларын үнэтэй худалдаалагдаж байна.  Ердөө 615 ам.долларын үнэтэй байсан родийн үнэ сүүлийн таван жилийн хугацаанд 3000% өсчээ. Энэхүү метал нь автомашины үйлдвэрлэлийн ойролцоогоор 85%-д хамаардаг гол түүхий эд юм. Улс орнууд агаарын бохирдлыг бууруулах хүчин чармайлтаас үүдэн аж үйлдвэрийн салбарт родийгийн хэрэгцээ нэмэгдсээр байна.
  • 2021-01-14 13:37
    2021 онд Хятад улс нь зам тээврийн дэд бүтцэд 2.4 их наяд юанийн хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна. Энэ тухай тус улсын Зам, тээврийн сайд Ли Сяопин мэдэгджээ. Ингэхдээ 3700 км төмөр зам шинээр барьж байгуулах төсөөлөлтэй байна. Гэхдээ дэд зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын талаарх тодорхой төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын хэмжээг албан ёсоор мэдээлээгүй байгаа юм. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын хэмжээтэй харьцуулахад 2021 онд мэдэгдэхүйц буурахаар байна. Тодруулбал, 2020 онд зам тээврийн дэд бүтцэд 3.42 их наяд юань (523.47 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулсан тухай Хятадын Үндэсний зам тээврийн хурлаар танилцуулжээ.