Б.Мөнхтөр:  Үндэсний геологийн алба байгуулах асуудлыг бид олон жил судалсан 

2020-03-25 14:08

Монгол Улсад Үндэсний Геологийн Алба байгуулах хууль эрх зүйн орчин бүрдэж, хууль тогтоох байгууллагын зүгээс ч тодорхой шийдвэр гарлаа. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөртэй ММJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.   


Үндэсний геологийн албыг байгуулах УИХ-ын тогтоол батлагдлаа. Олон жил яригдсан ч бодит ажил хэрэг болж чадахгүй байсан асуудал нэг тийшээ шийдэгдэж байна. Уг албыг байгуулахын гол ач холбогдол нь юу вэ? 
Үндэсний геологийн албыг байгуулж, түүний бүтэц зохион байгуулалтыг бий болгох асуудал бараг 30 жил яригдсан. Харамсалтай нь энэ ажил янз бүрийн шатанд очоод зогсох, улсын төсөв санхүүгийн хүндрэлтэй байдлын улмаас шийдвэрлэгдэхүй байх зэрэг асуудлуудтай тулгардаг байсан. Хууль эрх зүйн орчин бүрдээгүй гэдэг шалтгаанаар нэг хэсэг гацсан тал ч бий. Харин энэ удаад салбарын яамны зүгээс хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр нэлээд ажиллан Сангийн яамтай төсөв, санхүүжилтыг хэрхэн шийдвэрлэх   асуудлыг ярилцаж шийдвэрлэснээр Үндэсний геологийн алба  байгууллаа. Энэ албыг байгуулснаар үндсэндээ хоёр чухал ач холбогдолтой ажил хийгдэнэ. Нэгдүгээрт улсын хэмжээнд, тэр тусмаа үндэсний аюулгүй байдалтай холбоотойгоор бүс нутаг, хилийн бүсийн геологийн судалгааны ажлуудыг өргөн хүрээтэй хийнэ. Геологийн судалгааны ажлууд  дотроо маш олон төрөл. Нийгэм, эдийн засгийн төлөвлөлттэй холбоотойгоор ашигт малтмалын зүй тогтлын судалгааг хийж улсын ашигт малтмалын нөөцийг бүрдүүлэх шаардлагатай. Нөөц бүрдсэнээр уул уурхайн салбараа хөгжүүлэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, томоохон орд газруудыг илрүүлж, уул уурхайн төслүүддээ тулгуурлаад бүс нутгийн болон улсын хэмжээний нийгэм, эдийн засгийг  хөгжүүлэхэд Үндэсний геологийн алба маш том дэмжлэг үзүүлэх юм. Хоёрдугаарт Монгол Улсын газар нутгийн геологийн тогтоцыг судлах шаардлагатай. Хүрээлэн буй орчин, суурин газрын төлөвлөлтийг хаана, ямар газар хийх нь илүү ач холбогдолтой, оновчтойг геологийн тогтоц талаас нь нарийвчлан судлах ёстой. Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд том хотууд байгуулчихвал ирээдүйдээ маш эрсдэлтэй. Мөн хүрээлэн буй орчны бохирдлын бүсэд хот суурин байгуулж болохгүй. Тиймээс инженер геологи талаасаа энэ бүх суурь мэдээллүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй,   нарийвчилсан түвшинд  боловсруулах  юм. Үндэсний геологийн албыг байгуулснаар энэ ажлуудыг улсын хэмжээнд нэгдсэн бодлогоор хийх боломжтой болж байна. 


Уг алба нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Ашигт малтмал, газрын тосны газартай адил агентлаг хэлбэрээр ажиллана гэж ойлгосон? 
Тийм ээ, статусын хувьд салбарын яамны харъяанд ажиллана. Чиг үүрэг нь ийм. Ер нь геологийн судалгааны ажлын үр дүн нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд болон бүс нутаг, тодорхой газар нутгийн нийгэм-эдийн засгийн байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, хөгжлийн нэгдсэн төлөвлөлт хийх, хөгжлийн стратегийг боловсруулах суурь мэдээлэл бий болдгоороо ихээхэн ач холбогдолтой. Геологийн салбар нь дан ганц ашигт малтмалын чиглэлээр бус маш олон төрлийн чиглэлээр судалгаа хийдэг бөгөөд түүний үр дүнг эдийн засгийн бүх салбарт ашигладаг онцлогтой. 

 

Тухайлбал хот, суурин газар, бүс нутгийн хэмжээнд гео-экологи, гидрогеологийн региональ судалгаа болон газар хөдлөл, хөрсний гулсалтын гэх мэт геотектоникийн судалгааг хийсний үр дүнд хот төлөвлөлт, дэд бүтцийн барилга байгууламжийг гео-орон зайд шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх үндсэн гол мэдээлэл бий болдог. Энэ нь хүн амын эрүүл амьдрах орчныг бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. 
 

Аливаа улс орны хөгжлийн суурь судалгааг гүйцэтгэдэг геологийн салбарт салбарын яам, төрийн зүгээс онцгойлон анхаарч байна. Өнөөдөр хоорондоо  мэргэжлийн ямар уялдаа холбоогүй геологийн нэгж, байгууллагуудыг нэгтгэн нэгдсэн бүтэц зохион байгуулалтад оруулах ажлыг яамны зүгээс дэмжиж байгаа. Тэр утгаараа салбарын бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулан хэрэгжүүлж, боловсон хүчний тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Монгол орны онцлогт тохирсон Үндэсний Геологийн Албыг шинээр байгуулж байна. 

Үндэсний геологийн албаны бүтцийг бий болгоно гэлээ. Нүсэр бүтцээр ажиллахгүй биз дээ?
Нүсэр бүтцээр ажиллахгүй. Орон тоог нь нэмэгдүүлэхгүйгээр одоо ажиллаж байгаа төрийн захиргааны чиг үүргийг илүү тодорхой, оновчтой болгох үүднээс асуудлыг харж шийдвэрлэнэ. УИХ-ын тогтоол гарсан учраас Засгийн газрын түвшинд Үндэсний геологийн албаны бүтэц зохион байгуулалтыг шийдвэрлэх, үйл ажиллагааг нь эхлүүлэх боломж бүрдэж байна. Үйл ажиллагааны урсгал зардал, санхүүжилтыг шийдвэрлэх асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Ерөнхийдөө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс геологийн салбарын    дунд, урт хугацааны төлөвлөлтүүдээ боловсруулсан. Энэ хүрээндээ Үндэсний геологийн алба илүү боловсронгуй ажиллаж, үйл ажиллагаагаа хөгжүүлээд явах боломжтой. 

Гадны орнуудад Геологийн албан нь ямар бүтэц, зохион байгуулалттай ажилладаг юм бэ?
Үндэсний геологийн алба байгуулах асуудлыг бид олон жил судалж, энэ хүрээнд бусад улс орны геологийн албадын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтын талаар холбогдох судалгааг явуулсан. Мөн 1990-ээд оноос өмнөх Монгол Улсын геологийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалт, ололт амжилт, алдаа оноо гээд тал талаас дүгнэж цэгнэсэн гэж хэлж болно. 

 

Энэ ажлын хүрээнд Австрали, Канад, Ботсвани, Намиби, Вьетнам, Чех, Швед, Финланд, Япон, Өмнөд Солонгос, Хятад, Казахстан, АНУ, Чили, Тайвань, ОХУ гээд олон улсын геологийн албадыг судалсан. Судалгаанд хамрагдсан геологийн албадын дийлэнх нь ашигт малтмалын олборлолт ихээхэн хэмжээгээр явуулж буй улс орнуудынх байгаа бол Тайвань болон Чех улсуудад ашигт малтмалын  олборлолт нь барилгын материал болон гүний ус, багахан хэмжээний байгалийн хий болон газрын тосны үйлдвэрлэлээр хязгаарлагдаж байсан. Бүх геологийн албад нь ерөнхийдөө геологийн дэд салбарын олон асуудлуудыг хариуцдаг. Энэ нь тухайн харьяалах яамны хариуцаж буй чиг үүргээс ч илүү өргөн хүрээг хамарч буй юм. Үүнд эрдэс баялгийн нөөцийн хайгуулд дэмжлэг үзүүлэх үүднээс геологийн мэдээллээр хангах, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, үйлдвэрлэл явуулах үйл ажиллагаанд зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх ажлууд багтаж байгаа. Судалгаанд хамрагдсан ихэнх геологийн албад нь геологийн өргөн хүрээний судалгааны ажлуудыг явуулдаг. Тухайлбал, төрөл бүрийн масштабын геологийн зураглал, геофизик, геохими, структур геологи, гидрогеологи, инженер геологи, хөрсний гулгалт, нуралт гэх зэрэг байгалийн гамшгийн, газар хөдлөл, чичирхийлэлийн судалгаанууд орно. 

Улсын төсвөөс геологийн зураглал, эрлийн ажилд төсөвлөж байгаа мөнгөний хэмжээ тогтмол өсч байна. 2019 онд геологийн салбарт 24 тэрбум гаруй төгрөгийг төсөвлөсөн. Энэ жил санхүүжилт нэмэгдсэн үү?
Энэ жилийн хувьд 24.6 тэрбум төгрөгийг геологийн салбарт төсөвлөсөн. Ер нь бол улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх геологийн судалгааны ажлуудад маш бага санхүүжилтыг төсөвлөж ирсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд үүнийг үе шаттайгаар нэмэгдүүлж байна. Сонсоход их тоо юм шиг хэрнээ геологи, хайгуулын салбарын хэрэгцээ шаардлага талаас харвал бага мөнгө. Улсын төсвийн хөрөнгөөр хийгддэг геологийн суурь судалгааны ажлууд чиглэлийн хувьд маш олон төрөл байдаг. 

Агаарын геофизик, геохимийн болон суурьшлын бүсүүдтэй холбоотой хүрээлэн буй орчны судалгаа, хөрсний бохирдлын судалгаа зэргийг төр бодлогоор хийх ёстой байдаг. 1:50000-ын масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил нь улсын нутаг дэвсгэрт байгаа ашигт малтмалын зүй тогтлыг судалж гаргаж ирдэгээрээ нэлээд онцлогтой ажил. Энэ ажлын явц өнөөгийн байдлаар улсын нутаг дэвсгэрийн  дөнгөж 42%-тай хамарсан байна. Тэгэхээр 24.6 тэрбум төгрөгөөр цаашид судалгаа хийнэ гэж үзвэл 30-40 жилийн дараа л газар нутгийг бүхэлд нь хамрахаар байна. Хэдийгээр нь чамлалттай мөнгө хэдий ч төр засаг маань салбартаа ач холбогдол өгч байгааг дэвшил гэж би хардаг. 

Геологийн нарийвчилсан эрэл, хайгуулын ажлуудад улсын төсвөөс санхүүжилт хийгдэхгүй, нөгөө талаасаа  хайгуулын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хумигдмал байгаа нь ашигт малтмалын шинэ ордыг илрүүлэхэд хүндрэлтэй болгож байна л даа.
 

Мэдээж хэрэг улсын төсөв, санхүүгийн байдал тааламжтай байвал бид тодорхой хэмжээнд эрэл, эрэл-үнэлгээ, хайгуулын шатны ажлуудыг хийж, цаашилбал томоохон ашигт малтмалын орд илрүүлэх байх. Гэвч одоогоор улсын төсөвт тийм чадавхи байхгүй. Ашигт малтмалын эрэл, хайгуулын ажлууд араасаа асар их хэмжээний эрсдэл дагуулдаг. Ашигт малтмалын орд тухайн хайгуул хийж байгаа газарт байж ч болно, байхгүй ч байж болно. Магадгүй анхан шатны суурь судалгааны ажлаар ордын шинж тэмдэгийг илрүүлж болох ч өрөмдлөгийн ажлаар том, жижиг ямар ч нөөцтэй орд гарч ирж болно. Бүр эдийн засгийн үр ашиггүй орд ч байх талтай. Өнөөдрийн хууль эрх зүйн орчин, ашигт малтмалын хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жилээр олгож, гурван жилээр гурван удаа сунгаж, нийт 12 жилийн хугацаанд хайгуулын ажлыг хийж, орд илрүүлэх тогтолцоотой. Энэ хугацаанд орд тогтоогдоогүй тохиолдолд аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрлөө, хийсэн судалгааны материалын хамт улсад буцааж өгдөг. Энэ хугацаанд үүсэх хөрөнгө оруулалт, цаг хугацааны бүх эрсдлийг дотно, гадны хөрөнгө оруулагч нар үүрч байдаг. Ер нь ашигт малтмалын хайгуулын салбар   нь маш их урт хугацаа, хөрөнгө хүч хөдөлмөр шаардсан ажил байдаг. 

Хайгуулын тусгай зөвшөөр­лийг өргөдлийн журмаар сэргээх тал дээр  салбарын яам санаачлага гарган ажиллаж байсан ч одоогоор чимээгүй байна. Энэ ажил урагштай байна уу?
Засгийн газраас өмнөх хуулийг хэрэгжүүлж удаагүй байгаа учраас үр дагаврыг нь харж байж дараагийн санал шийдлийг шийдвэрлэе гэсэн байр суурьтай байна. Ашигт малтмалын тухай хууль хэрэгжээд тодорхой хугацаа өнгөрлөө. Үр дагаврыг нь харчихлаа. Тэгэхээр хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаас гадна өргөдлийн дагуу олгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. 

 

Улсын хэмжээнд 2800  тусгай зөвшөөрөл байгаагаас 1700 орчим нь ашиглалтынх, 1100 гаруй нь хайгуулынх. Энэ бол салбарын хөгжлийн зүй тогтол алдагдсаны нэг жишээ, илрэл. Зүй тогтолоороо бол хайгуулынх нь давамгайлж байх ёстой. Гэтэл манай улсад хайгуул үндсэндээ зогсонги байдалтай байгааг дээрх жишээ харуулж байна л даа. Миний хувьд хайгуулын тусгай зөвшөөрлийг  өргөдлөөр олгож байж хувийн хэвшлийнхэнд хайгуул хийх бололцоог олгоно гэж харж байна. Хайгуул хэдий чинээ сайн хийгдэнэ, орд илрүүлэх магадлал ихсэнэ. Тэр хэмжээгээр уул уурхайн төслүүд эдийн засгийн эргэлтэд орж, улсын эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулна.

Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд энэ жилээс эхлэн уул уурхайн хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр 100%  орон нутагтаа үлдэхээр болж байна. Үүнийг орон нутгийн иргэдийн зүгээс геологи, хайгуу­лын судалгаа явуулахад дэмжлэг үзүүлэх нааштай алхам боллоо гэж үзэж байна. Таны хувьд дэвшиллтэй алхам болов уу?
Уул уурхайгаас төсөвт орж ирж байгаа орлогын тодорхой хувийг орон нутагт хувиарлах асуудал олон жил яригдаж байна. Үүнээс хойш ашигт малтмалаас олсон орлого орон нутагт хуваарилагдаж орон нутгийн хөгжилд бодит үр өгөөжөө өгөх байх. Хожуу ч гэлээ зөв зүйтэй шийдэл болсон. 

Ярилцсан Танд баярлалаа.  

Сэтгэгдэл (6)

  • геологич Хатагин Сугаржав
    Whoever is happy will make others happy too. Anne Frank...-оос гадна доор хаяж геологийн шинжлэх ухааны докторын зэрэгтэй хэлтэй устай, хэнтэй ч болон дэлхийн аль ч өнцөгт учир ухаанаа олчихдог хүний гарт энэ геологийн шинжлэх ухааныг атгуулмаар байна шүү...
    2020 оны 03 сарын 28 | Хариулах
  • Хувийн аж ахуйн нэгжүүд хайгуулаа хийгээд байгаа биз дээ. Улсын хөрөнгөөр яах гэж, идэж уух гэж хайгуул хийх гээд байгаа муу
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин
    Геологийн алба байгуулагдаж байна, бүтцэд нь 4 том байгууллага орж нэгдэж байгаа хэрнээ ердөө 80ажилтантай болно гэж яриад байгаа, 1 байгууллагад л гэхэд 100-160 ажилтан байна. энэ тал дээр ямар ч судалгаа аваагүй юм уу хаашаа юм,энэ геологийн алба йагуулагдлаа гэж зарласан хэрнээ одоо зөвхөн цаасан дээр л байна, амьдрал дээр хэрэгжээд хийгдэж байгаа ажил алга байх юм даа сонин юм.
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Alba baiguulah neg hereg, geologiin salbariin erh zuin orchiniig zuv hiih heregtei. Meregjiliin hun udirdah yostoi doo. Ternees al neg namiin daldagnuur hereggui dee. Salbariin bodlogiig kholbooduutaigaa hamtarch nuhatstai bolovsruulah n zuv.
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Оюун
    Үндэсний геологийн алба байгуулагдаж байгаад баяр хүргэе. Эх орны хөгжилд ард түмний сайхан амьдралд хувь нэмрээ оруулах болтугай. Үндэсний бүхэн сайхан шүү
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Үндэсний геологийн алба байгуулагдаж байгаад баяр хүргэе
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2020-05-29 14:56
    Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны аравдугаар сард орсноор нийт 4 шууд хэрэгжилтийн зөвлөмж дээр 6 үүрэг даалгавар авсан. Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг, Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд, хувийн хэвшил болон мэргэжлийн холбоодын хамтарсан ажлын хэсгүүд ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах чиглэлээр эрчимтэй ажиллаж, төлөвлөгөөнд тусгасан ажлуудтай холбоотой тайланг ФАТФ-ын Ази, Номхон Далай бүс хариуцсан хамтарсан бүлэгт цаг тухайд нь хүргүүлж ажиллалаа.
  • 2020-05-25 13:53
    Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газраас хөл хорио тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өвчний тархалтаас сэргийлэх талаар амжилттай боловч хөл хорионы сөрөг нөлөөнөөс уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт буурах, худалдааны салбарын идэвх сулрах, аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээний салбар орлогогүй болоход хүрч, улмаар бусад салбаруудад нөлөөлж байна. Энэ  гинжин холбоогоор банкны салбарт ч тодорхойгүй байдал, эрсдэл, сөрөг нөлөөг үзүүлж байгаа. Монголбанкны судалгаагаар коронавирусын нөлөөлөлд 54 мянган зээлдэгчийн 3.5 их наяд төгрөгийн зээл өртөж байгаа гэсэн тооцоо бий. Манай улсын хувьд санхүүгийн зах зээлийн 90 орчим хувийг банкны систем бүрдүүлдэг. Иргэд, аж ахуйн нэгж хямралд өртөн орлогогүй болж, зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүссэнээр банкуудын өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа буурч, эрсдэлийн сангаа нэмэгдүүлэх шаардлагатай тулгарна.
  • 2020-05-25 13:52
    Монгол Улсын парламент  2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний пүрэв гарагийн хуралдаанаараа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан тодотголтой Үндсэн хуулиа баталснаас хойш 2000 онд анх удаа “гар хүрч”, “дордох”-ын хэмээгддэг 7 заалтад оруулсан нь цаг хугацааны эрхээр багагүй маргаан дагуулж ирсэн юм. Энэхүү 7 заалтаас зургаад нь нэмэлт, өөрчлөлт хийснээр Үндсэн хуулийн өнгө төрх багагүй сайжирсан юм. Хоёр удаа нийгмээрээ хэлэлцэж, гурав дахь удаагийн хэлэлцүүлгээ парламентын хуралдаанд гуравхан цагийн дотор хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөдөр /2020 оны тавдугаар сарын 25/ 12.00 цагт буюу 17-р жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхэлж байна.
  • 2020-05-25 13:00
    “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг тус уурхай дээр зохион байгуулж, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудалтай танилцан, хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Дөлгөөн уурхайн олборлолтын зардлыг бууруулах чиглэлээр тооцоо судалгаа хийж, танилцуулах, компанийн худалдан авалтын сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд нээлттэй зарлахыг компанийн удирдлагуудад чиглэл болгосон байна. Мөн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай арга хэмжээг ирэх саруудад авахаар болжээ. 
  • 2020-05-22 14:01
    Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн өргөмжлөх үйл ажиллагааг 19 дахь жилдээ анх удаа /тавдугаар сарын 20/ цахим хэлбэрээр зохион байгууллаа. Цахим арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин  “2020 он бол бид бүхний хувьд туйлын өндөр сорилттой жил болж байна. Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч, Монголын хөгжлийг  түүчээлж байгаа та бүхэнд ТОП 100 ААН-д эрэмбэлэгдсэнд МҮХАҮТ-ын зүгээс халуун баяр хүргэж, эдийн засгийн сорилыг төр засагтай хамтран хамтдаа даван туулъя” хэмээн уриалав. ТОП-100 аж ахуйг эрэмбэлэхдээ Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэл, Үндэсний статистикийн хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтарсан Ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилжээ.