Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Эхний ээлжинд Гашуунсухайт боомтоор 300-350, Шивээхүрэн боомтоор 200 машин нүүрс экспортлоно

Улсын онцгой комиссын уул уурхайн бүтээглэхүүний экспортын тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулах бэлтгэл ажлыг гуравдугаар сарын 15-ны дотор бүрэн хангах арга хэмжээ авах, нүүрс болон газрын тосны тээвэрлэлтийг сэргээх бэлтгэх ажлын хүрээнд Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймгийн Замын-Үүд боомт, Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт боомт, УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав Шивээхүрэн боомтод тус тус ажиллаа. 

Гашуунсухайт дахь боомт дахь Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын томилолтод Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан болон бусад холбогдох мэргэжилтнүүд дагалдсан байна. Уг томилолтоор Улсын Онцгой Комиссын гишүүд гааль,тээврийн жолооч нарын төлөөлөл болсон төрийн бус байгууллагууд болон бусад албаныхан хилийн тээврийг аюулгүй хийх талаар Өмнөговь аймагт хуралджээ. Сайд Д.Сумъяабазар “Гуравдугаар сарын 15-наас хилийн тээвэр эхэлнэ. Үүний өмнө бэлтгэл ажлаа маш сайн хангах хэрэгтэй. Экспорт эхлэхээр жолооч нар үдээс өмнө Хятад руу хил гарч тус улсад хонолгүй үдээс хойш орж ирэх, бүгд нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлээ Монгол Улсын нутагт орж ирээд устган, машинаа бүрэн ариутгалт оруулах зэргээр аюулгүй байдал талаас нь авах арга хэмжээг чанд мөрдөх хэрэгтэй. Ер нь боломжийн хэмжээнд эхнээсээ бэлтгэлээ хангагдаж байна. Эхний ээлжинд 300-350 хүртэлх тээврийн машин хилээр нэвтрүүлнэ. Гуравдугаар сарын 30-наас хойш тодорхой хугацаагаар гарч байгаа тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх зайлшгүй тохиолдолд хонох хэрэгтэй бол тэр үед нь хуралдаж байгаад зохицуулалт хийсэн нь дээр гэж бодож байна” гэв. Энэ сарын 15-ны өдөр экспорт эхлэхтэй холбоотойгоор сайд Д.Сумъяабазар энэхүү томилолтынхоо талаар УОК-д танилцуулга хийснээр холбогдох шийдвэрүүд  гаргах юм байна. Гашуунсухайт хилийн ойролцоо 50 хүртэлх хүний багтаамжтай тусгаарлах байр бэлтгэсэн бөгөөд Хятадын хилээр гарч хоносон тохиолдол жолоочийг шууд тус байранд тусгаарлах аж. Гашуунсухайт боомт дээр нүүрс тээвэр явахтай холбоотой нэн шаардлагатай ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис болон хамгаалах хувцас хэрэгсэл 6 хоногийн нөөцтэй байгааг тус боомтын удирдлагууд хэлжээ. Мөн нэг сарын нөөц бүрдүүлэхэд 105.3 сая төгрөгийн төсөв хэрэгтэй байгааг танилцуулж шийдвэрлэж өгөхийг Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайдаас хүссэн байна. Мөн Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэхтэй холбогдуулан гаалийн байгууллага эхний ээлжинд орох гарах чиглэлийг 2. 2 замаар шалган нэвтрүүлэх аж. Тавантолгойн уурхай, Цагаанхад дахь гаалийн хяналтын бүс, Гашуунсухайт боомтод жолооч, тээврийн хэрэгслийн халдвараас хамгаалах эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийг хэрэгжүүлэх, тээвэрлэлтийг зохион байгуулалтад оруулах арга хэмжээг бүрэн авч чадсан нөхцөлд нүүрсний экспортыг эхлүүлэх боломжтой гэдгийг сайд Д.Сумъяабазар онцгойлон анхааруулжээ.

Шивээхүрэн боомтын тухайд, нүүрсний тээвэр хийх бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан байгаа бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэхэд бэлэн болжээ. Өмнөгөвь аймгийн Шивээхүрэн боомтоор өдөрт хорио цээрийн дэглэмийг үед 200 машин гаргах боломжийг бүрдүүлсэн байгаа талаар Шивээхүрэн боомтын захиргааны дарга, Хилийн цэргийн 0166 дугаар ангийн захирагч Б. Мөнхбат ярьсан байна. Ариутгалын түр төхөөрөмжийг шинээр хийж хилийн шалгалтын өмнө бүх ариутгалыг хийхээр шийдвэрлэжээ. Энэ байгууламжаар ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд 1 машинд 10 литр ус зарцуулах өдөрт 200 машин ариутгах хүчин чадал бүхий түр байгууламжийг хийх үүргийг аймгийн онцгой комисст үүрэг болгосон байна. Ариутгал хийгдсэний дараа гаалийн болон мэргэжлийн хяналтын үзлэг шалгалт хийгдэх юм. Боомтод зарцуулагдах 100-170 сая төгрөгийг Нарийн сухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй 4 компани гаргахаар шийдвэрлэсэн аж.

Эх сурвалж: Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам