Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Б.Өлзийбаяр: “Салхит”-ын бонд нь санхүүгийн зах зээлийн эрүүл тогтолцоог эвдэх гаж үзэгдэл

Салхитын ордын нөөцийг барьцаалж бонд гаргах асуудлаар Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах Зөвлөлийн дарга Б.Өлзийбаярын байр суурийг хүргэж байна.   

Э.Жаргал

Салхитын ордод бонд гаргах тухай төр засгийн шийд­вэрийг Та хэрхэн харж байгаа вэ?
Төрийн, хувийн өмчтэй ялгаагүй аливаа компани үйл ажиллагаандаа шаардлагатай хөрөнгө босгох зорилгоор бонд гаргадаг. Компанийн бонд гэдэг бол зарчим юм. Санхүүгийн зах зээл тодорхой дүрэмтэй. Одоо ил болсон ТЭЗҮ-ээс харахад Салхитын ордыг 7 жил ашиглах үйл ажиллагааны ашиг байтугай орлого нь тэтгэврийн зээлийг тэглэж хүрэхгүй байна. Ийм ордыг барьцаалж тэтгэврийн зээлийг тэглэх зорилгоор бонд гаргах нь санхүүгийн зах зээлийн зөв, эрүүл тогтолцоог эвдэж буй. Санхүүгийн зах зээлд байж боломгүй этгээд, гаж үзэгдэл юм.

Энэ үйл ажиллагаа эдийн засагт ямар эрсдэл дагуулах вэ?
ОУВС-тай гэрээ байгуулахдаа Монгол Улс юу амласан билээ? Улсын эдийн засгийн өсөлт 1%-д хүрч байсныг санах хэрэгтэй. 

Улс орныг дампууруулахгүйн тулд ОУВС-тай гэрээ байгуулж амлалтууд авсан. Монголчууд өөрсдөө төсвөө удирдаж чадахгүй болж олон улсын байгууллага хяналт тавьсан. Гэтэл одоо төсвөөс гадуур буюу төрийн өмчит компаниудыг улс төрчид ашиглаж байна. Гэрээний үүргээ Монгол Улс биелүүлэхгүй байгаа тухай ОУВС-аас мэдэгдэл гаргалаа. Тус сангийн ээлжит санхүүжилтийг олгохгүй байх магадлал бий боллоо. Ийм нөхцөл байдалд, төлөвлөгдсөн гадаад зээл, тусламж Монголд орж ирэхгүй, валютын хомсдол үүсэх эрсдэлтэй.   

Мэдээж, макро эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Монгол Улсын эдийн засгийн өсөлт гурван  улирал  үргэлжлэн 2020 он гараад ч буурсаар байна. Мөнгөний бодлогод заасан түвшингээсээ инфляц давсан. Инфляц эдийн засгийн өсөлтөөс давсан энэ нөхцөлд нэмээд инфляцыг 1%-иар өдөөх шийдвэр гарч байна. Төгрөг үнэгүйдэхийн хэрээр иргэдийн авч байгаа цалин, хадгаламж үнэгүйдэж байгаа юм. Сар шинийн өмнө зээлээ тэглүүлж байгаа ахмадууд Цагаан сар хийх гээд дахиад л зээл авах нь тодорхой. Энэ тохиолдолд инфляцыг өдөөнө, валютын ханш савлана.

Банк цаашид тэтгэврийн зээл олгохгүй гэж байгаа шүү дээ?   
Банкны тооцоогоор, 700 гаруй тэрбум төгрөг тэтгэврийн зээлээр олгосон байна. Тэтгэврийн зээл бол эргэн төлөлт хамгийн найдвартай буюу 1%-ийн эрсдэлтэй. Мөнгө “унтдаггүй” гэдэг. Байнга эргэлтэд орж байдаг. Тэгэхээр зээлэнд гаргасан тэрхүү мөнгийг улс төллөө гэхэд банк эргээд тэр мөнгийг хааш нь эргэлтэд оруулах вэ? гэдэг асуулт гарч байна. Тэтгэврийн зээлийн бүтээгдэхүүнийг байхгүй болгоно гэж Засгийн газар мэдэгдсэн. Энэ нь банкны үйл ажиллагааны төлөвлөгөөг нурааж байгаа юм. Арилжааны банкны бүтээгдэхүүнийг төр зохицуулах нь зарчмаараа ажиллаж байгаа санхүүгийн тогтолцоог үймүүлж буй хэрэг.

Санхүүгийн зах зээлийн мэргэжилтний хувьд Та Салхитын ордод 6%-ийн хүүтэй бонд гаргах боломжийг хэрхэн харж байна?
Мэргэжлийн зарчмаараа, бонд гаргах гэж буй компани андеррайтертай ажиллах,   аудит хийлгэх, хуулийн дүгнэлт, зээлжих зэрэглэлтэй байх ёстой. Гэтэл Салхитын ордын бондод төр засаг өөрөө бүх ажлыг нь хийж байна. 6%-ийн энэ бондыг ямар ч банк худалдаж авахгүй нь ойлгомжтой. Тиймээс энэ үйл ажиллагаандаа “хүчээр”   Хөгжлийн банкаар баталгаа гаргуулж, Монголбанк худалдан авахаар хэрэгжүүлэх гэж байна. Баталгаа гаргах Хөгжлийн банкны зардал гэж бий. Аливаа санхүүгийн байгууллага баталгаа гаргана гэдэг зардалтай, өртөгтэй байдаг юм. Жишээ нь, нийт босгох хөрөнгийн 2% гэдэг ч юм уу. Хоорондоо тохиролцож тогтооно. Монголбанк 11%-ийн хүүтэй үнэт цаас гаргаж, арилжааны банкууд авч байгаа. Тэгэхээр 6%-ийн хүүтэй бонд гарах боломжгүй. Хоёр банкны удирдлага солигдсон явдал давхцал байв уу гэдэг бас олны сонирхлыг татаж байна.  

Хөгжлийн банк, Төв банкны тухай хуулиудад яах гэж өөрчлөлт оруулсан юм? гэсэн асуултыг төр засгаас  асуумаар байна. Улс төрөөс ангид, хараат бус байлгах, хариуцлагатай болгох, мэргэжлийн хүмүүсээр удирдуулах гэсэн зорилгоор хуулинд өөрчлөлт оруулсан. УИХ-аар ч баталсан шүү дээ. Тэгсэн хэрнээ эргээд улс төрөөс нөлөөлөөд байгааг ойлгоход бэрх. Хэлсэн ярьсан, баталснаасаа эсрэгээр нь хийж байна. Компанийн тухай хуулиар   “Эрдэнэс Монгол”, түүний охин компани “Эрдэнэс Силвер Ресурс” ч тэр хувьцаат компани учир хувьцаа эзэмшигчдэд мэдээллээ нээлттэй өгөх ёстой. Олон улсын туршлагаар, төрийн өмчтэй Баялгийн сангууд байдаг ч гагцхүү төрөөс хараат бус үйл ажиллагаа явуулдаг.    
  
Салхитын ордтой холбоотой нөхцөл байдал манай улсын хөрөнгө оруулалтын орчин, тэр дундаа гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлд хэрхэн нөлөөлөх бол?
Том жижиг, стратегийн орд ялгаагүй тэр бүрт хэрэв Засгийн газар бонд гаргаад байх юм бол гадаад зах зээл, олон улсын санхүүгийн харилцаа, хөрөнгө оруулагчид   хэрэггүй юм биш үү. Дэлхийн зах зээлийн түүхий эдийн ханшнаас ч хамаарахгүй бус уу. Монгол Улс “хульхи” зангаасаа гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн гашуун туршлага бий. Гэнэт хуулиа өөрчилдөг, баталдаг, тусгай зөвшөөрлийг нь цуцалдаг, төрд хураан авдаг үр дагавар, өмнөх алдаанаасаа огт суралцсангүй. Өнөөдөр зах зээлийн зарчмаар бус, ордыг хөгжүүлэхийн төлөө биш улс төрийн өөр зорилгоор “популист” шийдвэр гаргаж байна. Үүний дараа төрийн өмчтэй “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO гаргахад эрсдэлтэй болж байгаа юм. IPO-аас босгосон хөрөнгийг зориулалтаар нь төмөр зам, цахилгаан станц барьж байгуулахад ашиглана гэдэгт гадны хөрөнгө оруулагчид эргэлзэх нөхцөл байдал үүслээ. Дараа дараагийн том төслүүдээ хөдөлгөх боломжуудаа алдаж байна. Энэ л маш харамсалтай.


Тэгвэл баялгийн хуваарилалт гэдгийг Та яаж ойлгож, харж байна?      
МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө 1072 ширхэг хувьцааг арилжаанд оруулна гэж тусгасан. Дараагийн сонгууль ойртож байгаа учир амласнаа биелүүлэх эсэхийг ард түмэн харж, хүлээж байгаа. Сүүлийн жил “Эрдэнэс Тавантолгой” компани 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа мэдээлсэн. Өнөөгийн нөхцөл байдалд, ногдол ашиг гэж бэлэн мөнгө  тараахаас илүүтэй ядаж хувьцааг арилжаанд оруулах хэрэгтэй. Санхүүгийн зах зээлд эргэлтэд орж байж баялгийн үр өгөөжийг бодитоор иргэд хүртэнэ. Иргэд хуримтлалтай болно, эргээд төрийн үйл ажиллагааг хянана, компаниудын мэдээлэл ил тод болно.   

Улстөрчдийн ярьж буй баялгийн хуваарилалт гэдэг нь бий болсон баялгийг хуваарилахыг хэлнэ. Салхитын ордыг ашигтай ажиллуулж бий болсон орлого ашгийг баялаг гэнэ. Бий болоогүй, хараагүй, төсөөлөөгүй баялгийг барьцаалж, байхгүй мөнгийг тарааж байгаа нь хожим улсын эдийн засагт маш хүнд үр дагавартай. 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” компанийн “байхгүй” ашгийг барьцаалж Хятадын “Чалко” компанитай гэрээ байгуулж авсан мөнгөө ард иргэдэд тарааж сонгууль хийсэн бодит сургамжийг монголчууд мартах ёсгүй. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан, эдийн засаг элгээрээ хэвтсэн.  

Энэ жил УИХ-ын ээлжит сонгуультай. 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Залгуулаад дөрвөн жил дараалан “Мазаалай”-гаас эхлээд бондын өр төлбөрүүдийг Засгийн газар төлнө. “Чингис” бондыг гаргаж байхад 1 ам.доллар 1350 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр ам.долларын ханш нэг дахин өссөн байна. Монголчууд ямар их алдагдалд орж байгаа нэг жишээ энэ.  

Бэлэн жишээ байсаар байхад, тодорхой эрсдэлийг мэдсээр байж төр засаг Салхитын ордтой холбоотой шийдвэр гаргаж байгаа нь цаанаа хардлага төрүүлж байна. Яагаад тэтгэврийн зээл гэж. Нэг талаар, сонгууль дөхөж байна, настай хүмүүс хамгийн идэвхтэй сонгуульд оролцдог тул ахмадуудын саналыг “худалдан авч” байгаа юм шиг. Нөгөө талдаа, тэтгэврийн зээл нь Төрийн банк, ХААН гэсэн хоёр банкинд төвлөрч буй. Уг зээлийн бараг 500 орчим тэрбум нь ХААН банкных. Тус банкны хамгийн том хувь эзэмшигч Японы иргэн хувь эзэмшлээ худалдах гэж байгаа энэ цаг үед Салхитын ордыг төрд хураан авч, жижиг ордод улс төрийн PR хийж, төр засаг гэнэтийн шийдвэр гаргаж, оны өмнө  ордын ТЭЗҮ-ийг хэлэлцсэн гээд бүхэлд нь харахаар сайн зохион байгуулалттай ажиллагаа гэсэн хардалт төрөхөөр байгаа юм. Тэгэхээр энэ үйл явдлыг цаашид сайн анхаарч ажиглах хэрэгтэй.