Эрдсийн зах 2020 оныг хатуухан эхлэв

2020-02-10 11:42

Б.Төгсбилэгт

Дэлхийн тэргүүлэх хоёр гүрэн өөр хоорондын худалдааны маргааныг шийдвэрлэх эхний шатны гэрээг оны эхэнд буюу нэгдүгээр сарын 15-нд АНУ-ын Цагаан ордонд талууд үзэглэсэн. Уг үйл явдал нь эрдсийн түүхий эдийн зах зээлд, ялангуяа зэс, газрын тосны хувьд ихээхэн таатай мэдээ болсон билээ. Хэдийгээр талуудын гэрээний нөхцөл шинжээчдийн хүлээлтэд төдийлөн хүрээгүй ч  зах зээлд яах аргагүй эерэг уур амьсгал оруулсан. Гэтэл энэхүү гэрээ зурагдахаас өмнө хүмүүсийн төдийлөн анзаараагүй   нэгэн үйл явц эхэлсэн   нь Хятадын төв хэсэгт орших Хүбэй мужийн Ухань хотод анх тогтоогдсон онц аюултай халдварт өвчин байв. Тэр нь шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчин болох нь удалгүй тодорсон. Энэхүү вирусээр тус улсад арванхоёрдугаар сараас нэгдүгээр сарын сүүл гэхэд 4000 орчим хүн өвдөж 100 гаруй хүн нас бараад байгаа юм. Уг өвчин нь анх амьтнаас хүнд халдварласан ч  удалгүй хүнээс хүнд халддаг болохыг нэгдүгээр сарын 20-нд Хятадын Үндэсний Эрүүл мэндийн комисс албан ёсоор мэдэгдсэн юм. 
 

Чухам үүний дараагаас эрдсийн түүхий эдийн зах зээлд огцом хөдөлгөөн ажиглагдаж эхэлсэн. Уг өвчин нь 2002-2003 онд гарсан SARS-тай зарим талаараа төстэй боловч өвчлөгсдийн дундах нас баралт 3 орчим хувьтай гэж тайлбарлаж буй. SARS-ийн хувьд нийт халдвар авагсдын дундах нас баралт 10 гаруй хувьтай байсан юм. Гэвч тархалтын хэмжээгээр коронавирус нь хавьгүй өндөр болохыг албаныхан сануулаад байна. Хятадын Засгийн газрыг дэлхий нийт яаралтай арга хэмжээ авалгүй хэтэрхий удаан хөшүүн хөдөлсөн гэж буруутгаж байна. Ухань хотын захиргаа ч үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа юм. Уг өвчний тархалт АНУ, Хонконг, Сингапур гээд арав гаруй оронд аль хэдийнэ илрээд амжсан. Хятадын Засгийн газар нэгдүгээр сарын 27-ны байдлаар нийт 56 сая хүн ам бүхий 18 хотод хөл хорио тогтоогоод байна. Уг өвчний тархалт нэмэгдэхийн хэрээр зах зээлд буурах үйл явц илүү тод өрнөж эхэллээ. Гэхдээ уг өвчний хор уршгийг хэтэрхий дэвэргэж хүлээж авах хэрэггүй бөгөөд нөхцөл байдал ноцтой түвшинд хүрээгүй байгааг мэргэжилтнүүд сануулж байна. АНУ, Хятад аль хэдийнэ уг өвчний эсрэг вакциныг гаргахаар ажиллаж эхэлсэн гэсэн мэдээлэл байгаа ч үр дүнд хүртэл дор хаяж нэг жил шаардлагатай гэж үзэж байгаа ажээ. 
 

Эрдсийн зах зээлийг Трампын мэдэгдэл биш, хэний ч таамаглаагүй  коронавирус хормын дотор илүү ихээр хөдөлгөж байгаа нь нэгдүгээр сарын хачирхалтай гэмээр үйл явц байлаа. 

Энэхүү шинэ төрлийн вирус нь ганцхан эрдсийн захын түүхий эдийн үнэд нөлөөлөөд зогсохгүй томоохон биржүүдийн голлох индексүүдийг ч түвэггүй бууруулж дөнгөөд байгаа юм.

Зэсийн өсөлт удаан үргэлжилсэнгүй

Хятадад өнгөрсөн арванхоёрдугаар сард аж үйлдвэрийн голлох метал болох хүрэн металын импорт 527 мянган тоннд хүрч сарын импортын дүнгээр 2016 оны гуравдугаар сараас хойших дээд хэмжээнд хүрсэн юм. Хэдийгээр жилийн нийт дүнгээр цэвэр зэсийн импорт 9%-иар буурсан ч зэсийн баяжмалын импортын хэмжээ 22 сая тоннд хүрсэн нь 11.6%-ийн өсөлтийг харуулав. Үүнтэй уялдаатайгаар зэсийн үнэ ханш нэлээд өсөх шинжтэй болж ирсэн. Түүнчлэн нэгдүгээр сарын 15-нд АНУ-Хятадын худалдааны эхний шатны гэрээ зурагдсанаар хүрэн металын ханш өсөх байдал илүүтэй харагдах болсон. Тийнхүү зэсийн үнэ Лондоны металын бирж дээр нэгдүгээр сарын 16-ны байдлаар нэг тонн нь 6330 ам.долларт хүрсэн нь сүүлийн найман сарын хугацаан дахь хамгийн өндөр дүн байлаа. Хоёр томоохон эдийн засагтай орон худалдааны гэрээ байгуулсны дараа хөрөнгө оруулалтын сангууд ч зэсийн худалдан авалтад төвлөрч эрэлт нэмэгдэх болсныг шинжээчид тайлбарлаж байв.  Гэвч удалгүй зэсийн ханш эрчимтэй бууралтын замд орсон уу гэмээр нөхцөл байдал амаргүй болж хувирав. Энэ нь мөн л Хятадад тархаад буй коронавирустэй холбоотойг шинжээчид тайлбарлаж байна. Тийнхүү ердөө долоо хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 23-ны байдлаар зэсийн үнэ тус бирж дээр 6082 ам.доллар/тонн болж буурсан байна. Улмаар маргааш нь зэсийн үнэ 6000 ам.долларын “шугам”-наас доош орлоо. Зэсийн зах зээлд 2018 оны дунд үеэс хойших хамгийн огцом бууралт тохиосныг шинжээчид онцолж байна. Хятад улс нь зэсийн нийт эрэлтийн 50%-ийг дангаараа бүрдүүлдгийн хувьд тус металын эрэлт урд хөршийн эдийн засгийн нөхцөл байдлаас ихээхэн хамааралтай байдаг. Гэхдээ коронавирусын аюул зах зээлд томоохон эргэлзээг үүсгээд байгаа нь тодорхой байна. Энэ зуур зэсийн үнэ үргэлжлэн буурсаар байна. 
 
Газрын тосны ханшийн огцом бууралт 

Газрын тосны зах зээлийн хувьд шинэ оныг өсөлтөөр эхлүүлсэн. Нэгдүгээр сарын 8-ны өдөр Брэнт маркийн газрын тосны ханш баррель нь 71.75 ам.долларт хүрч өсөв. Уг ханш нь өнгөрсөн оны тавдугаар сараас хойших хамгийн өндөр дүн байсан. Ханшийн өсөлт АНУ, Ираны хооронд үүссэн хурцадмал байдлаас улбаалсан. Тодруулбал нэгдүгээр сарын 3-нд Ираны армийн гол командлагч Касем Сулейманыг Иракийн Багдад хотын олон улсын нисэх буудал дээр байхад нь дроны пуужингаар хөнөөсөн юм. Энэ нь АНУ-ын Пентагоны шийдвэрээр явуулсан ажиллагаа байсан нь хоёр улсын хооронд дайн дэгдэж болзошгүй гэсэн таамгаар ханш хөөрөгдсөн хэрэг. Гэвч удалгүй Ираны тал ч, АНУ-ын тал ч цэргийн хүч хөдөлгөх бодолгүй байгаагаа мэдэгдсэнээр үнэ эргээд буурч 65 ам.доллар/баррель-ийн түвшинд хүрсэн.
 

Залгуулаад нэгдүгээр сарын 15-нд АНУ-Хятадын тал бүтэн 18 сар хэлэлцсэн худалдааны хэлэлцээрийн нэгдүгээр шатны гэрээнд гарын үсэг зурснаар газрын тосны ханш өсөх, үгүйдээ гэхэд буурахгүй байх төлөв тодрон байсан. Тэгвэл энэхүү хандлагыг ахархан хугацаанд эргүүлж орхисон зүйл нь мөн л коронавирусын тухай мэдээлэл байлаа.
 

Брэнт газрын тосны ханш шинэ төрлийн өвчин Хятадад дэгдэж, бусад улс оронд цөөн тохиолдол бүртгэгдсэн  мэдээлэл цацагдсанаар ердөө долоохон хоногийн дотор баррель тутамд 7 ам.доллараар буурч байна. 
Саудын Арабын Эрчим хүчний сайд Салман ибн Абдул-Азиз Аль Сауд хэлэхдээ 2003 онд SARS гарах үед газрын тосны ханш мөн л буурч байсан. Гэхдээ тухайн үед газрын тосны хэрэглээнд тийм ч их бууралт гараагүйг тодотгосон байна. Тэрбээр Хятад улс шинэ төрлийн өвчний тархалтыг тогтоож чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн ОПЕК болон бусад гишүүн бус орнууд газрын тосны зах зээлийг тогтворжуулах чадамжтай гэж тэрбээр тайлбарлалаа. 
Зарим шинжээч коронавирусын аюулыг дарахаас нааш газрын тосны ханш сэргэхгүй гэж үзэж байна. 

Коксжих нүүрсний эрэлт буурах хандлагатай  

Хятадын зах зээлийн шинжээчид Ухань хотоос анх дэлгэрсэн шинэ төрлийн коронавирусын өвчний тархалт нэмэгдэж буйн улмаас Цагаан сарын баярын дараах барилгын салбарын эрчимжилт явагдахгүй гэж үзэж байна. Энэ нь гангийн үнэд сөргөөр нөлөөлнө гэж харж байна. Гэхдээ коксжих нүүрсний эрэлт  шууд буурна гэж хэлэхэд эрт   ажээ. Онолын хувьд, гангийн үнэ буурах нөхцөлд гангийн үйлдвэрүүдийн ашиг буурч, энэ нь эргээд гангийн түүхий эдийн татан авалтад нөлөөлнө. Далианы түүхий эдийн бирж дээр нэг тонн коксжих нүүрсний үнэ 175 ам.доллар/тонн-той байгаа бол  Австралийн сайн чанарын коксжих нүүрсний үнэ 149 ам.доллар/тонн-тай байна. Энэ бол коксжих нүүрсний тоглогчдын хувьд тийм ч чамлахааргүй сайн үнэ юм.
Коксжих нүүрсний зах зээлийн хувьд гол нийлүүлэгч Австралид өнгөрсөн оны сүүлээс эхлэн ойн томоохон түймэр дэгдсэн. Уг түймэр Австралийн Шинэ Өмнөд Уэльс, Викториа, Квийнслэнд, Өмнөд Австрали, Баруун Австрали, Тасмани мужийн нутгийн нийт 8.4 сая талбайг хамарчээ.  

 

Гэхдээ түймрийн нөлөө Австралийн Квийнслэнд муж дахь нүүрсний төмөр замын ачаа тээвэрт төдийлөн нөлөөлөөгүй болохыг гол ачаа тээврийн оператор компани Aurizon мэдэгдлээ.  
Гангийн үйлдвэрлэлийн бас нэгэн гол түүхий эд болох төмрийн хүдрийн үнэ Цагаан сарын баярын өмнө нэлээд өсөлттэй байсан юм. 62%-ийн агуулгатай нэг тонн төмрийн баяжмалын үнэ Хятадын Тяньжины боомт дээр 95 ам.доллар/тоннд хүрээд байсан юм. Гэхдээ үнэ цаашид буурч болзошгүй байна. 


 

Өнгөрсөн оны байдлаар Хятадын төмрийн хүдрийн импортын хэмжээ 1069 сая тоннд хүрсэн нь өмнөх оныхоосоо 0.5%-иар өссөн дүн юм. Мөн гангийн үйлдвэрлэл 996.3 сая тоннд хүрсэн нь өмнөх оныхоосоо 8.3%-иар дээшилсэн дүн боллоо. Гэхдээ шинэ төрлийн өвчин Хятадад түгээд байгаа нь гангийн үйлдвэрлэлийн хэмжээ буурч болзошгүй гэсэн сөрөг таамаг хийхэд хүргэж байна. 
“Capital Economics” Хятадын барилгын салбарын өсөлтийн бууралт нь тус улсын эдийн засгийн өсөлтийг удаашруулж болзошгүйг анхааруулсан байна. 
Хятадын Цагаан сарын дараанаас барилгын салбарын өрнөлөөс уг вирус Хятадын эдийн засагт хэрхэн нөлөөлж буй эсэх нь илүү тодорхой мэдрэгдэнэ. Мөн Хятадын автомашины салбарын борлуулалт аль хэдийнэ удааширч эхлээд байгаа юм. Өнгөрсөн онд тус улсын хэмжээнд автомашины борлуулалт 8.2%-иар буурсан бол энэ онд дахиад 2%-иар буурах төлөв гарчээ. 

Тодорхойгүй байдлын улмаас өссөн алтны ханш 

Коронавирустэй холбоотой шинээр үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас алтны ханш эргээд өсч эхэллээ. Голлох түүхий эдийн ханш буурч байхад эсрэгээр үнэт металууд, тэр дундаа алтны ханш өсч байна. Уг нь хоёр тэргүүлэх эдийн засагтай орнуудын хооронд худалдааны эхний шатны гэрээ зурагдсанаар алтны ханш тогтворжих хандлагатай байсан. Гэхдээ коронавирусээс үүдсэн айдас зах зээлд нэмэгдэхийн хэрээр алтны ханш өсөх шинжтэй болж ирлээ. Оны эхэнд нэг унц алт 1520 ам.доллар байсан бол ханшийн үзүүлэлт нэгдүгээр сарын сүүл гэхэд 1600 ам.доллар руу дөхөж байна. АНУ-Ираны хоорондын нөхцөл байдал хурцадсаны улмаас нэгдүгээр сарын 8-нд нэг унц алтны үнэ тухайн өдрийн дээд ханшаар 1613 ам.доллар/унц-д хүрсэн нь сүүлийн долоон жилийн хамгийн өндөр дүн юм. 

Нөгөөтэйгүүр зарим шинжээч хоёр улсын худалдааны хэлэлцээрийн эхний шатны гэрээний хэрэгжилт энэхүү шинэ төрлийн өвчний улмаас багагүй хүндрэлтэй тулгарна гэж харж байна. Одоо хөрөнгө оруулагчид АНУ-ын Холбооны нөөц нэгдүгээр сарын сүүлээр бодлогын хүүгээ өсгөх шийдвэр гаргах эсэхийг хүлээж байна.  

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2020-07-20 13:13
    Катодын зэс үйлдвэрлэлийн технологийг анх удаа Монгол орны уур амьсгалын эрс тэс нөхцөлд амжилттай нутагшуулж, зэсийн исэлдсэн эрдэс бүхий хүдрийг уусган баяжуулах аргаар боловсруулан, цэвэр зэс үйлдвэрлэж буй “Эрдмин” ХХК дотоодын төдийгүй гадаадын уул уурхайн зах зээлд хэдийнэ танил болжээ.  Тус компани нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хаягдал, балансын бус хүдрийн овоолгуудыг 40 жилийн турш ашиглах гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ.The Mongolian Mining Journal сэтгүүлээс зохион байгуулсан уул уурхайн салбарын шилдгүүдийг тодруулах Mining Journal Awards-2013 ёслолын ажиллагааны “Шилдэг технологи” шагналыг “Эрдмин” компани хүртсэн түүхтэй. Жилд 2500 орчим тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэж экспортод гаргаж, 41 нэр төрлийн 3 сая гаруй метр зэс утас үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байгаа зэрэг үзүүлэлтүүдээрээ тус компани энэхүү нэр хүндтэй номинацийн эзэн болж байсан юм. 
  • 2020-07-20 13:09
    УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дорноговь аймагт (2020.07.20)ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг, “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа дагалдаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дорноговь аймагт (2020.07.20)ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг, “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа дагалдаж байна.
  • 2020-07-17 11:48
    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын эхний 50 км зам бэлэн болж өнгөрсөн зургадугаар  сард нээлтээ хийсэн юм. 2019 оноос эхлэн жил гаруйн хугацаанд эрчимтэй өрнөж 416.1 км-ийн 200 км-т доод бүтэц, газар шорооны ажил мөн л дуусчээ. Уг бүтээн байгуулалтад “Тавантолгой төмөр зам” ХХК захиалагчийн хяналтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тус компани 2019 оны зургадугаар  сарын 19-нд  “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран ажиллах гэрээгээ байгуулсан бөгөөд  энэ оны долдугаар  сард гэрээний хугацаа дууссан ч талууд гэрээгээ дахин сунгаж,   захиалагчийн хяналтын үүргийг  үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болжээ.
  • 2020-07-17 11:05
    Монгол Улсын Засгийн газар  өчигдрийн /07.16/ хуралдаанаар  нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосны дагуу танхимын гишүүдийн 100%-ийн саналаар яамдын дэд сайд нарыг томилсон юм. 2020-2024  онд бүрэх эрхийн хүрээнд ажиллах Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Отгоншарын Батнайрамдлыг томилсон шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. О.Батнайрамдал нь 1984 онд Ховд аймгийн Жаргалант суманд төржээ. 1998 онд Ховд аймгийн арван жилийн 2 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол-Туркийн хамтарсан сургууль, 2004 онд Норвеги Улсын Дэлхийн нэгдсэн коллеж, 2008 онд АНУ-ын Макалестер коллеж, 2015 онд АНУ-ын Харвард их сургуулийг тус тус төгссөн байна.
  • 2020-07-10 16:41
    Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспортын нийт хэмжээ 8.65 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 52%-иар буурсан байна. Тодруулбал, 2019 оны эхний хагас жилд манай улс нийт 18 сая тонн нүүрс экспортолж байсан бөгөөд энэ оны эхний хагас жилтэй харьцуулахад 9.4 орчим сая тонноор илүү их нүүрс гадагш нь худалдаалжээ. Ингэснээр нүүрсний экспортын орлого энэ оны эхний хагас жилийн байдлаар 690 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 850 сая ам.доллараар буурсан байна.