Трампын "парадокс" 

2020-01-20 10:41

The Mongolian Mining Journal /2019.12 /133/

Худалдааны хэлэлцээр түүхий эдийн эерэг төлөвийг бататгав 

Б.Төгсбилэгт

Тэргүүлэх эдийн засагтай хоёр гүрэн  АНУ-Хятадын хооронд хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн худалдааны дайныг эцэслэх тухай эхний шатны хэлэлцээрт   хүрч чадсан талаар арванхоёрдугаар  сарын 13-нд талууд албан ёсоор мэдэгдэв. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа хүрэн метал буюу зэсийн ханш Лондоны металын бирж дээр 6000 мянган ам.доллар/тонн-ын босгыг хол давж тавдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрэв. Газрын тосны ханш ч өсөх шинжтэй болж ирлээ. АНУ нь арванхоёрдугаар сарын 15-нд Хятадаас импортолдог 160 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд “торгууль” болгож нэмэлтээр 15%-ийн татвар ногдуулах  байснаа цуцаллаа. 
Гэхдээ АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар Хятадын 250 тэрбум ам.долларын импортын татварын хувь хэмжээг 25%-иар хэвээр үлдээж, харин 120 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварын хувь хэмжээг 7.5% руу буулгаж байгааг мэдэгдээд (2019.12.13) байна. 

Худалдааны хоёр дахь шатны яриа хэлэлцээр Хятадын талын хүсэлтээр ирэх оны сонгуулийн үр дүнг хүлээх шаардлагагүйгээр нэн даруй эхлэх болно гэж  Трамп жиргэжээ. 

АНУ-Хятадын энэхүү эхний хэлэлцээр батлагдахыг хөрөнгийн зах зээл, түүхий эдийн шинжээчид хүсэн хүлээж байсан юм. Уг хэлэлцээрийг талууд үзэглэхэд бэлэн болсноор ерөнхийдөө үндсэн метал болон газрын тосны зах зээлд эерэг төлөвийг бататгасан гэж хэлж болно. Хоёр улс тохиролцоонд хүрсэн тухай мэдээлэл цацагдсаны дараа зэсийг ирэх онд чамгүй сайн тоглогч байна гэдгийг дийлэнх банк санхүүгийн байгууллагууд тодорхойлох боллоо. Хятадын аж үйлдвэрийн салбар цаашид өсөлттэй байснаар зэсийн эрэлт ч нэмэгдэнэ гэж тооцож байна. Тус улсын хувьд энэ онд эдийн засгийн эрчмийг илтгэдэг PMI үзүүлэлт нь нэлээд хэдэн сар бууралттай буюу 50-иас доош (50-иас доош байвал бууралттай, дээш байвал өсөлттэйд тооцогддог) хувьтай гарсан бөгөөд өнгөрсөн арваннэгдүгээр сард л 50.2-д хүрч ялимгүй өсөлттийг харуулсан юм. 


Хятадын PMI үзүүлэлт /сүүлийн 12 сараар/


Хоёр тал хэлэлцээрт хүрэх үйл явц амар байсангүй. Гол нь Хятадын тал Америк руу экспортолдог  бараа бүтээгдэхүүндээ татварын нэмэлт ачаалалын аюулаас “аврагдаж”, мөн зарим экспортынхоо татварын хэмжээг багасгуулж чадлаа. Үүний хариу болгож Хятад АНУ-ын хүнсний бараа бүтээгдэхүүнийг илүү ихээр худалдан авах үүрэгтэй болж байгаа юм. Яг үнэндээ хэлэлцээрийн үйл явц урагшлахад нөлөөлсөн нэгэн чухал хүчин зүйл бол “шар буурцаг” байсныг шинжээчид онцолж байна. АНУ-ын фермерчдийн тариалсан шар буурцгийг одоо Хятад руу илүү ихээр худалдаалах боломжтой болсон нь Трампын санааг амрааж байгаа юм. Гэхдээ энд нэг асуудал бий. АНУ-ын шар буурцаг, бусад төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд нь генийн өөрчлөлтгүй ургац хэрэглэх Хятадын бодлоготой харшилдаж байгаа ч урд хөршийн хувьд хэсэг хугацааны золиос гаргахаас өөр аргагүйд хүрсэн бололтой. АНУ-ын шар буурцаг, эрдэнэс шиш зэрэг нь бараг бүхэлдээ генийн өөрчлөлттэйд тооцогддог. Тэгвэл Хятадын иргэд генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнд асар ихээр дургүйцдэг байна. Хятад улс генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний судалгаанд асар их хөрөнгө зарцуулдаг ч тариалалт эрхлэхийг одоохондоо бараг бүхэлд нь хориглодог. Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний импортод ч ихээхэн хатуу бодлого явуулж эхлээд байгаа юм. 

Худалдааны яриа хэлэлцээрийн үеэр үүсээд байсан маш том асуудал нь яах аргагүй уг сэдэв байлаа. Гэсэн ч Хятадын хувьд татварын хувь хэмжээг бууруулах, шинээр тавигдах нэмэлт татварыг болиулах нь гол зорилт байсан нь дамжиггүй. Трампын хувьд хэлэлцээрийг амжилттай дуусгаснаар дараагийн сонгуульд ялах магадлал илүү их нэмэгдэж байгаа юм. Трамп одоо дараагийн сонгуульд өрсөлдөхөд хэнийг ч сөхрүүлэхээр болж буй нь сөрөг хүчнийхэнд огтхон ч таалагдахгүй байгаа юм.  
Трампын рэйтинг ийнхүү өсөхтэй зэрэгцэн явагдаж буй нэг үйл явц бол түүнийг огцруулах ажиллагаа юм. 

АНУ-ын хууль тогтоох байгууллага болох Конгрессийн Доод танхим –Төлөөлөгчдийн танхим түүнийг огцруулах шийдвэрийг энэ сард гаргав. Сөрөг хүчин болох Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд олонхийг бүрдүүлсэн тул ийн шийдвэр гарсан гэж ажиглагчид тайлбарлаж байна. Угтаа түүнийг огцруулах үйл ажиллагаа өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр зарлагдсан. Гэхдээ түүнийг огцруулах нь бараг боломжгүй гэдгийг улс төрийн шинжээчид тэмдэглэж байна.  Ирэх нэгдүгээр сард түүнийг огцруулах эсэх нь тодорхой болно. Ирэх сард Конгрессийн Дээд танхим-Сенат энэ бүхнийг шийдвэрлэх юм. 

Гэхдээ Трампын өөрийнх нь нэр дэвшсэн нам болох Бүгд найрамдах нам Сенатад олонхийг бүрдүүлж байгаа учраас энэ удаад Ерөнхийлөгчийг огцруулах үйл явдал өрнөх магадлал асар хомс юм. Трампыг огцруулах үндэслэлээ сөрөг хүчнийхэн болох Ардчилсан нам хоёр зүйлээр тайлбарласан. Нэг нь ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших өндөр магадлалтай Жой Байден болон түүний хүүгийн Украйн дахь байгалийн хийн компанийн хэргийг мөрдөж шалгахыг тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленскийд “үүрэгдсэн” гэж буруутгагдаад буй. Мөн АНУ-ын Конгрессоос Украйнд олгохоор баталсан 400 сая ам.долларын цэрэг, зэвсгийн тусламжийг “гацаасан” зэрэг асуудлыг хөндөн тавьж байгаа юм. Хэдийгээр Трамп энэ удаад огцрохгүй ч гэсэн түүний дараагийн сонгуулийн кампанит ажилд уг үйл явдал сөргөөр нөлөөлж болзошгүйг шинжээчид тайлбарлаж байна.  Трамп уг асуудалд өөрийгөө буруугүй гэж   тайлбарласаар байгаа юм. Нөгөөтэйгүүр хэрэв Трамп огцроход хүрвэл худалдааны яриа хэлэлцээрийн цаашдын үйл явц Хятадын талд ашигтайгаар эргэнэ. Учир нь худалдааны маргааны асуудлыг ойлгож, анх гаргаж тавьсан хүн бол яах аргагүй Трамп юм. Тэрбээр ийнхүү түүнийг огцруулах “хөдөлгөөн” эрчтэй өрнөж байхтай зэрэгцэн худалдааны яриа хэлэлцээрийг Хятадтай амжилттай байгуулж амжлаа.

АНУ-ын Худалдааны төлөөлөгч Robert Lighthizer АНУ-Хятадын хооронд үүсээд буй худалдааны дайныг эцэслэх яриа хэлэлцээрийн эхний шатны гэрээнд үзэглэхэд бэлэн болсныг зарлахдаа Трамп ерөнхийлөгчийн хүчирхэг удирдлагагүйгээр хоёр улсын худалдааг тэнцвэртэй болгоход чиглэсэн энэхүү яриа хэлэлцээрт амжилт олохгүй байсныг цохон тэмдэглэжээ. Нийт 86 хуудас бүхий гэрээг хоёр тал ирэх оны нэгдүгээр сард албан ёсоор үзэглэх төлөвтэй байна. Энэхүү гэрээний хүрээнд АНУ-ын талын Хятад руу борлуулах бараа бүтээгдэхүүний хэмжээ ирэх хоёр жилд ойролцоогоор хоёр дахин нэмэгдэнэ гэдгийг тэрбээр онцолжээ. Үүнд АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, аж үйлдвэр, эрчим хүчний салбарын бараа бүтээгдэхүүнүүд багтаж байна. 

Үнэхээр ч АНУ-ын талын Хятадтай хийдэг худалдааны алдагдал үлэмж хэмжээгээр яригддаг. 2017 онд АНУ нь Хятадтай хийдэг худалдаанаас 336 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна. Уг үзүүлэлт 2018 онд 420 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн юм. Энэ ч утгаараа АНУ гэдийж, Хятад гуйх маягтайгаар худалдааны яриа хэлэлцээр явагдсан гэж хэлж болно. 

БНХАУ мөн АНУ-ын талд тус улсын оюуны өмчийг хамгаалах талд илүү сайн ажиллаж Хятадын аж ахуйн нэгж рүү АНУ-ын технологийн (инноваци бүхий) санаа дамжуулахыг хязгаарлаж, үүний зэрэгцээ АНУ-ын компаниудад Хятадын санхүүгийн зах зээлийг нээж өгөх үүрэг хүлээж байна. Мөн дотоодын мөнгөн тэмдэгт болох юанийн ханшийг зориудаар бага түвшинд барьдаг зэрэг асуудлыг хязгаарлана гэсэн амлалт өгөөд байна. 

Гэрээний хүрээнд Хятадын талын АНУ-аас авах хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа ойрын хоёр жилийн хугацаанд 40-50 тэрбум ам.долларт хүрэх юм байна. АНУ-ын тал өнгөрсөн 2017 онд Хятад руу нийтдээ 24 тэрбум ам.долларын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн экспортолсон байна. 

Lighthizer хэлэхдээ энэхүү хэлэлцээрийн амжилттай явах эсэх нь Хятадын талын эрх баригчдын шийдвэрээс хамаарна гэжээ. 
Энэхүү хэлэлцээр нь асуудлыг нэг мөр шийдэхгүй. Учир нь Хятадын төр давамгайлсан эдийн засгийг АНУ-ын хувийн сектор давамгайлсан эдийн засагтай нэгтгэхэд хэдэн жил шаардагдах болно гэж мэдэгджээ. 
Энэхүү гэрээ хэлцлийг байгуулахад саад мундахгүй их байсан. Тухайлбал Хонконг, Чилийн жагсаал тэмцлийг үүнд нэрлэж болно. Хонконгийн үймээнийг хүч хэрэглэн дарж болзошгүй байдлаас үүдэн Хонконгийн ардчилал, хүний эрхэд зориулж АНУ-ын тал арваннэгдүгээр сард холбогдох хуулиуд баталсан нь Хятадын эрх баригчдын эгдүүцлийг төрүүлсэн. 

Үүнээс өмнө буюу аравдугаар сарын сүүлээр Чилийн нийслэл Сантьягод болохоор төлөвлөсөн байсан APEC-ийн чуулганы үеэр хоёр орны тэргүүнүүд уулзахаар товлох   нь нийгмийн үймээн самууны уршгаар тус чуулган   цуцлагдсан билээ. 
Гэсэн ч талууд хэлэлцээрт   хүрч чадлаа. Хэлэлцээрийг эцэслэх ажил ирэх он руу хойшилж болзошгүйг  зарим шинжээч сануулж байсан юм. 
Одоо хэрэг явдал хэрхэн өрнөж, Хятад улс амласнаа хэрхэн биелүүлэх, Трамп хэрхэн аядуу хандлага баримтлахаас ихээхэн зүйл хамаарна. 

Худалдааны яриа хэлэлцээрийн хоёр дахь үе шат нэн даруй эхлэх төлөвтэй байгаа ч энэ нь тун амаргүй, эхний шатны яриа хэлэлцээрийг бодвол талуудад тохиролцоонд хүрэхэд илүү төвөгтэй байх магадлал өндөр. Учир нь хоёрдугаар үе шатны яриа хэлэлцээрт дижитал технологи (мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан болон бусад дэвшилтэт технологи)-ийн асуудалд онцгойлон төвлөрөх юм байна. Энэ талаар АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин хоёр дахь шатны яриа хэлэлцээр дотроо олон задарч сунжирч болзошгүйг анхаарууллаа.  

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Өчигдөр 12 цаг 46 минутад
    “Монгол Нүүрс ассоциаци” дэлхий дахинд тархаад буй коронавирусын улмаас Монголын зогсонги байдалд ороод буй коксжих нүүрсний экспортын цаашдын төлөв, Хятадын нүүрсний импортын төлөв байдлыг хэлэлцэхээр олборлогч болон худалдан авагчдын төлөөллийг оролцуулсан онлайн хурал (2020.03.26) зохион байгууллаа. Уг хуралд Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Нүүрс ассоциаци, дотоодын нүүрс олборлогч компаниудын төлөөлөл, Хятадын талаас импортлогч компаниуд, нүүрсний мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцсон юм. Хурлын үеэр цаашид Монголын нүүрсийг импортлох хэрэгцээ Хятадын талд их байгаа ч шинэ коронавирусын дэгдэлтээс нөхцөл байдал шууд хамаарахыг тус улсын худалдан авагч  компаниудын төлөөлөл ярьж байна.
  • 2020-03-25 14:08
    Монгол Улсад Үндэсний Геологийн Алба байгуулах хууль эрх зүйн орчин бүрдэж, хууль тогтоох байгууллагын зүгээс ч тодорхой шийдвэр гарлаа. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөртэй ММJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.    Үндэсний геологийн албыг байгуулах УИХ-ын тогтоол батлагдлаа. Олон жил яригдсан ч бодит ажил хэрэг болж чадахгүй байсан асуудал нэг тийшээ шийдэгдэж байна. Уг албыг байгуулахын гол ач холбогдол нь юу вэ?  Үндэсний геологийн албыг байгуулж, түүний бүтэц зохион байгуулалтыг бий болгох асуудал бараг 30 жил яригдсан.
  • 2020-03-23 13:11
    Монголын нүүрс экспортын гол суваг Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Тус боомтоор хоёрдугаар сарын 10-наас хойш буюу сар хагасын хугацаанд нүүрсний экспорт тасалдсан юм. Эхний ээлжинд Гашуунсухайт боомтоор өдөрт 70 машин гаргахаар төлөвлөжээ. Нүүрсний экспортыг гагцхүү чингэлэг тээврээр хийхдээ нэг машинд дунджаар 80 тонн нүүрс ачна гэдгийг Гашуунсухайт боомтын газар мэдээллээ. Чингэлэг тээврээр нүүрсний экспорт хийхдээ жолооч машинаас бууж, суух шаардлагагүй төдийгүй Хятадын талд нүүрстэй чингэлгийг хоосон чингэлгээр шууд солих юм. Ингэснээр ариутгал, халдваргүйжүүлэлтийг чанд горимыг сахиж тухайн машин хилээр гарсан өдөртөө буцаж орж ирнэ.
  • 2020-03-23 12:03
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбарын 2020 оны хоёрдугаар сарын гүйцэтгэлийн талаарх статистик мэдээллийг олон нийтэд танилцууллаа.  Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 1.46 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 173.7 тэрбум төгрөг буюу 10.6%-иар буурсан байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 347.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 170.4 тэрбум төгрөг буюу 32.9%-иар буурлаа.
  • 2020-03-20 16:30
    Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, гуравдугаар сарын дунд үеийн байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.8 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 29.3%-иар буурчээ. Энэ дотроо экспорт 898.8 сая ам.доллар, импорт 918.7 сая ам.долларыг эзэлсэн нь экспорт 44.2%, импорт 11.4%-иар тус тус буурсныг илтгэнэ. Монголын гадаад худалдаа оны эхний хоёр сард багахан ашигтай гарсаар ирсэн ч гуравдугаар сарын дунд үеийн байдлаар 19.9 сая ам.долларын алдагдалтай болж эхэлснийг статистик тоон үзүүлэлтээс харж байна.