АНУ-Хятадын худалдааны эхний шатны гэрээг үзэглэв

2020-01-16 12:48

Сүүлийн 18 сарын хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрийн эцэст АНУ-Хятадын худалдааны дайныг "зөөлрүүлэх" томоохон гэрээнд талууд лхагва гаригт Цагаан ордонд үзэглэлээ. Энэхүү 86 хуудас бүхий гэрээнд АНУ-ын талаас Ерөнхийлөгч Доналд Трамп, Хятадын талаас Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ гарын үсэг зурсан байна. Гэрээ зурагдсан явдлыг Трамп АНУ-ын эдийн засгийн хувьд ялалт болсныг зарлажээ. Ингэснээр түүний хувьд 2020 оны сонгуулийн кампанит ажилдаа хэлэх үгтэй болж байна.

Гэрээ зурагдсанаар АНУ-ын талаас Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмж ногдуулахаар төлөвлөөд байсан тарифын нэмэгдлийг цуцалж байгаа юм. Мөн 120 тэрбум ам.долларын импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулдаг татварын хувь хэмжээг 50%-иар бууруулж 7.5%-д хүргэхээр болжээ. Гэхдээ 250 тэрбум ам.долларын импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулдаг 25%-ийн татварын хувь хэмжээг хэвээр үлдээж байна. Учир нь энэхүү хэмжээг бууруулах нь хоёр дахь шатны гэрээг үзэглэх эсэхээс шууд хамаарна.

Нэгдүгээр шатны гэрээний хүрээнд Хятадын тал ойрын хоёр жилийн хугацаанд АНУ-аас авдаг худалдаа үйлчилгээг 200 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх үүрэг хүлээж байгаа юм. Өөрөөр хэлбэл АНУ-аас импортолдог бараа, үйлчилгээг 2017 оныхтой харьцуулахад хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн үг. Үүнд эрчим хүч, үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бусад үйлчилгээ зэрэг багтаж байна. Энэ нь АНУ-ын худалдааны алдагдлыг бууруулах юм. Түүнчлэн дотоодын мөнгөн тэмдэгтийн ханшид зориудаар нөлөөлөхгүй гэсэн амлалтыг Хятад тал хүлээж буй. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Сангийн яам саяхан Хятад улсыг “валютын манипулятор” гэсэн жагсаалтаас хасах шийдвэр гаргаад буй юм. Мөн Хятадын тал АНУ-ын аж ахуйн нэгжийн оюуны өмчийг хамгаалах чиглэлд эрчимтэй ажиллахаа амлаад байна.

Уг яриа хэлэлцээр батлагдахаас хоёр хоногийн өмнө дэлхийн зах зээлд зэсийн үнэ эрчимтэй өсч эхэлсэн. Өчигдрийн байдлаар(01.15) Лондоны металын бирж дээр зэсийн үнэ тонн тутамд 6270 ам.доллар байсан нь сүүлийн найман сарын хугацаан дахь хамгийн өндөр үнэд тооцогдож байна. Нөгөөтэйгүүр Хятадын зэсийн импортын үзүүлэлт сарын дүнгээр өнгөрсөн арванхоёрдугаар сард 527 мянган тоннд хүрч өмнөх 2018 оны сүүл сартай харьцуулахад 23%-иар өсөлттэй гарсан нь зах зээлд үнэ өсөх шалтгаан болж байна. 

Мөн Брэнт маркийн газрын тосны ханш гэрээ зурагдсанаас хойш 0.7%-иар өсч нэг баррель нь 64.45 ам.долларт хүрсэн байна. Хэдийгээр газрын тосны ханш АНУ, Ираны хооронд үүсээд буй хурцадмал байдлын улмаас 70 ам.доллар/баррельд хүрч өссөн ч эргээд буурч 63 ам.доллар болсон юм. Ийнхүү хоёр томоохон эдийн засагтай гүрнүүдийн худалдааны гэрээнд албан ёсоор үзэглэснээр газрын тосны ханш эргээд өснө гэсэн хүлээлт байна. Гэхдээ газрын тосны ханшийн өсөлт төдийлөн өндөр биш байгааг тэмдэглэх нь зүйтэй. Учир нь АНУ-ын газрын тосны агуулах дахь нөөц мэдэгдэхүйц нэмэгдсэний сацуу ОПЕК-ийн гишүүн бус орнуудын нийлүүлэлт өсөх шинжтэй байгаа нь газрын тосны үнийн өсөлтийг хязгаарлах нөхцөл болж байна. Мөн АНУ, Хятадын хооронд гэрээ зурагдсан ч энэ нь Хятадын газрын тосны эрэлтийг төдийлөн нэмэгдүүлэхгүй гэж зарим шинжээч үзэж байна. 

Хятадын тал үнэхээр импортын бодлогодоо өөрчлөлт оруулж АНУ-ын талаас ихээхэн хэмжээний бараа бүтээгдэхүүн авах уу гэдэг асуултад шинжээчдийн зарим нь эргэлзсэн хэвээр байна. Нөгөөтэйгүүр АНУ-ын фермерчид Хятадын талаас ногдуулж буй татварын асуудал бүрэн шийдэгдээгүй байгааг анхааруулжээ. Учир нь Хятадын талаас эхний шатны гэрээ хэлэлцээрийн хүрээнд АНУ-ын бараа бүтээгдэхүүнд тавьдаг татварын хувь хэмжээг бууруулахтай холбоотой ямар нэг амлалт өгөөгүй ажээ. Өөрөөр хэлбэл талууд худалдааны хоёр дахь шатны яриа хэлэлцээрт үзэглэхээс нааш АНУ-Хятадын худалдааны дайн бүрэн шийдэгдсэн гэж үзэх үндэсгүй ажээ. Энэ удаагийнх бол зөвхөн асуудлыг зөөлрүүлэх гэсэн ангилалд багтаж байна.

Хоёр дахь шатны гэрээ байгуулах яриа хэлэлцээрийг талууд тун удахгүй эхлүүлэх юм байна. Эхний шатны гэрээний хэрэгжилт гэрээ байгуулснаас хойш 30 хоногийн дотор эхэлнэ гэж тогтжээ.

Б.Төгс

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 13 цаг 35 минутад
    Салхитын ордод бонд гаргах тухай төр засгийн шийд­вэрийг Та хэрхэн харж байгаа вэ? Төрийн, хувийн өмчтэй ялгаагүй аливаа компани үйл ажиллагаандаа шаардлагатай хөрөнгө босгох зорилгоор бонд гаргадаг. Компанийн бонд гэдэг бол зарчим юм. Санхүүгийн зах зээл тодорхой дүрэмтэй. Одоо ил болсон ТЭЗҮ-ээс харахад Салхитын ордыг 7 жил ашиглах үйл ажиллагааны ашиг байтугай орлого нь тэтгэврийн зээлийг тэглэж хүрэхгүй байна. Ийм ордыг барьцаалж тэтгэврийн зээлийг тэглэх зорилгоор бонд гаргах нь санхүүгийн зах зээлийн зөв, эрүүл тогтолцоог эвдэж буй. Санхүүгийн зах зээлд байж боломгүй этгээд, гаж үзэгдэл юм.
  • Уржигдар 11 цаг 39 минутад
    Засгийн газрын хуралдаанаар, Алт цэвэршүүлэх үйлдвэрийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар барих боломжийг судалж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга, бусад албан тушаалтанд даалгажээ. Монгол Улсын Ерөнхий сайд Казахстан улсад хийсэн албан айлчлалын үеэр Алт цэвэршүүлэх үйлдвэрийг барих тухай гэрээнд талууд гарын үсэг зурсан юм. Нийт 81.9 сая ам.доллар шаардлагатай бөгөөд урьдчилгаа 30%-ийг санхүүжүүлсэн тохиолдолд ажил нь эхлэх боломжтой. Үйлдвэр жилд 50 тонн алт, 25 тонн мөнгө үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. 
  • Уржигдар 10 цаг 57 минутад
    Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тэргүүлэх байр суурь эзэлж буй эрдэс баялгийн салбарынхан дэлхийн олон оронд тархаад буй COVID-19 вирусийн эсрэг сайн үйлсийн хандивын аяныг эхлүүлж байна. Албан бичгээ УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт(2020.02.18) гардууллаа. Энэхүү хандивын аянг салбарын сайд дэмжиж байгаагаа илэрхийлж өөрийнхөө нэг өдрийн цалинг хандивлан хандивын аян эхлүүлж уриалж байгаагаа илэрхийлэв. Уг хандивыг Монгол Улсын Засгийн газраас вирусийн эсрэг авч буй арга хэмжээг дэмжих, өмнөд хөршийн ард түмэнд сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлэхэд зориулж байгаа юм.
  • 2020-02-17 20:35
    “Эрдэнэс Тавантолгой" ХК нь 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг олгох шийдвэр гарсантай холбогдуулан Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар уул уурхайн зарим төслүүдийн явцын талаар дурдсан юм. Тодруулбал, бүтээн байгуулалтын хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, баяжуулах үйлдвэр, коксын үйлдвэр, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлууд хийгдэж байгааг тэрээр хэллээ. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл бэлтгэлээ ажлаа хангаж бүтээн байгуулалт гуравдугаар сарын 1-нд эхлэх байсан ч коронавирусын дэгдэлтийн улмаас тодорхой хугацаагаар буюу нэг сараар хойшлох төлөвтэй байна.
  • 2020-02-17 14:48
    Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өнөөдөр /2020.02.17/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өглөө. Нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг оногдож байна. Компанийн тухай хуулийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан уг шийдвэрийг энэ оны 05 дугаар сарын нэгний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм.