Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Оросын коксжих нүүрсний “Мечел” компанийн хувьцаа 65%-иар өсчээ

Москвагийн хөрөнгийн бирж дээр Оросын коксжих нүүрсний “Мечел” компанийн энгийн хувьцааны ханш хоёр хоногийн хугацаанд 65%-иар өсч нэгж хувьцааны үнэ 104 рубльд хүрчээ. Энэ нь сүүлийн 6 жилийн хамгийн өндөр өсөлтөөр тэмдэглэгдэж буй. Нэгдүгээр сарын 6-нд тус компанийн хувьцаа 21%-иар өсч өнөөдрийг хүртэл өсөлтөө хадгалж байна.

Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр ч “Мечел” компанийн хувьцааны ханш даваа гаригт 36.3%-иар өссөн бол сүүлийн хоёр хоногийн байдлаар дахин 13.3%-иар нэмэгдэж нэгж хувьцаа 2.7 ам.долларт хүрэв. Хамгийн өндөр үнэ 3.16 ам.долларт хүрч байжээ.

Хувьцааны ханшийн огцом өсөлтийн талаар “Мечел” компани албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Оросын зарим шинжээчид Австралийн ойн хээрийн түймэртэй холбон тайлбарлаж буй.  

“Мечел” компани Оросын коксжих нүүрсний үйлдвэрлэлийн 25%-ийг бүрдүүлдэг. Тус компани нь Якут дахь 2.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Элга ордод 2011 оноос олборлолт явуулж байгаа юм. Хятадын “China Baowu Steel” группын бүрэлдэхүүнд багтах “Baosteel Resources” компанид коксжих нүүрс нийлүүлэхээс гадна Энэтхэг, Мьянмар, Вьетнам улсад экспортолж байна.

“Мечел” нь Оросын хамгийн их өртэй компаниудын нэг бөгөөд өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар нийт өр 408 тэрбум рубль байв. Тухайн оны арваннэгдүгээр сард тус компанийн 50 орчим тэрбум рублийн өрийг Оросын “ВТБ” банк худалдан авсан юм. Компанийн хоёр дахь томоохон зээлдүүлэгч “Газпром” банкинд 142.6 тэрбум рублийн өр бий.

Өнөөгийн байдлаар, “Мечел” компанийн 50.1%-ийг Игорь Зюзин эзэмшиж байна.   

Э.Од