Сибирийн “Цэнхэр түлш”  Монголоор дайрах уу? 

2020-01-09 10:52

The Mongolian Mining Journal. 2019.012 /133/


Э. Оджаргал

Уудам Орос орны уулс толгод, намаг, өтгөн тайга дундуур сунайн 2000 гаруй км үргэлжлэх хоолойгоор  Сибирийн байгалийн хийг Хятадын аварга зах зээлд нийлүүлж эхэллээ.    Хятадтай хэрэгжүүлсэн Шинэ Оросын хамгийн том төсөл. Энэхүү төслийн гэрээ нь “Газпром” компанид Хятадын хийн зах зээл 30 жилийн эрхийг нээж байна. Дэлхийн хамгийн том зах зээлтэй холбосон хийн хоолойг барьж байгуулах ажилд Орос таван жил  зарцуулсан юм. Бүтээн байгуулалтын өртөг 800 тэрбум рублээс 1.1 их наяд болж өсчээ. Өнөөгийн ханшаар 17.75 тэрбум ам.доллар гэсэн үг. Түүхий эдээр хангах ордыг ашиглалтад  оруулахад зарцуулсан тооцоотой нийлүүлбэл 55 тэрбум ам.доллар давна” гэж ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдсэн.

Зүүн Сибирээс байгалийн хий нийлүүлэх Орос, Хятадын яриа хэлэлцээрийн 15 жил үргэлжилсэн хоёр шалтгаан нь бүтээгдэхүүний үнэ болоод чиглэл юм. Хийн үнийг газрын тосны үнэтэй уялдуулахаар гэрээнд тусгасан. Талууд гэрээг үзэглэсэн 2014 онд зах зээл дэх газрын тосны үнэ 110 ам.доллар байв. Тухайн үед байгалийн хийн үнэ 360 ам.доллар байсан бол өнөөдөр 220-230 ам.доллар болж буурчээ. Гэрээ нийт 400 тэрбум ам.долларын дүнтэй. Якут дахь Чаяндинский болон Эрхүү муж дахь Ковыктинский ордуудаас 38 тэрбум шоо метр байгалийн хий Хятадад экспортолно. 2020 онд 5 тэрбум, 2021 онд 10 тэрбум, 2022 онд 15 тэрбум шоо метр хий   нийлүүлэх хуваарьтай. Хятадын зүүн бүс нутгийн Хэйлунжян, Жилин болон Ляонин мужийн хэрэглэгчдэд Сибирийн цэнхэр түлш хүрч эхэллээ.  

“Сибирийн хүч-1” бол Оросуудын ойрын ирээдүйд ашиглалтад оруулахаар зорьсон  гурван төслийн нэг. Ирэх оны нэгдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Турк улсад хийх айлчлалаар “Туркийн урсгал” (Turk Stream) хоолойг нээх товтой. Краснодарын хязгаараас Турк болоод Зүүн Европын орнуудад жилд 31.5 тэрбум шоо метр хий нийлүүлнэ. Одоогоор Орос нь Украин, Молдав, Румын болоод Болгарын нутгаар дамжин Турк руу байгалийн хийгээ экспортолж байна. Таван жилийн өмнө оросууд Хар далайн эргийн дагуу Европ руу шинээр “Хойд урсгал 1” хоолойг барих гэхэд Болгар нутгаараа дайруулахаас татгалзаж уг төсөл хэрэгжээгүй юм. 

Хийн маргаанаас өнөөдөр ч Орос Украйн сөргөлдсөн хэвээр байна. Тиймээс л оросууд 1100 км “Туркийн урсгал” хоолойн 910 км-ийг Хар далайн ёроолоор татаж байна. Шууд Турк руу хий нийлүүлэх энэ хоолойн төсөл Орост тун чухал. Товчхондоо, транзит тээврийн эрсдэлгүй. 2016 онд Турк, Орос байгалийн хий нийлүүлэх гэрээ байгуулсан юм.

Гурав дахь төсөл “Хойд урсгал 2” (Nord Stream) хоолой Балтын тэнгисийн гүнээр дамжин 1200 км үргэлжилж Герман хүрнэ. Балтын тэнгис нь Орос, Германаас гадна Швед, Финлянд, Дани улсын нутаг дэвсгэрт хамаардаг. Хамгийн сүүлд үлдээд байсан Дани арваннэгдүгээр сард зөвшөөрснөө мэдэгдсэнээр 2020 оны хагаст “Хойд урсгал 2” хоолойг оросууд ашиглалтад оруулахаар бэлтгэж байна. Жилд 55 тэрбум шоо метр хий нийлүүлэх чадамжтай. Гэхдээ тус хоолой нь олон улсын хоригтой тулгарч байгаа юм. Барууны орнууд Оросын эсрэг хоригоо Украйн газар нутгаа эргүүлэн авах хүртэл үргэлжлүүлэхээ амласан хэмээн тус улсын Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгдсэн билээ.

ХООЛОЙГ МОНГОЛООР ДАЙРУУЛАХ ТӨСӨӨЛӨЛ

Шинэ чиглэлийн нэг төсөөлөл оросуудад бий. Монголын нутгаар дайруулан Хятадын баруун хэсэгт  байгалийн хий нийлүүлэх хувилбар юм. Анх Оросын тал Хятад руу хоёр чиглэлээр буюу зүүн талаар “Сибирийн хүч 1”, баруун талаар “Алтай” хоолойгоор зэрэг нийлүүлэх санал тавьж байжээ.  “Алтай” хоолойн хувилбарыг 2000 оны эхээс ярьж байгаа юм. “Алтай”  нэр нь өөрчлөгдсөн  “Сибирийн хүч 2” хоолойг Монголын нутгаар дайруулах боломж, нөхцөлийг судлах тухай санамж бичгийг Ерөнхий сайд Орост хийсэн албан айлчлалаар  үзэглэлээ.

Айлчлалын талаар “Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Уулзалтын үеэр хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах төслийг эхлүүлэхээр тохиролцов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих хийн хоолойн төсөл нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна” гэдгийг тэмдэглэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн зүгээс ямар ч саад байхгүй” гэлээ. Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах талаар олон жил яригдсан ч ажил хэрэг болоогүй байсныг ийнхүү эцэслэж хоёр тал Санамж бичиг байгууллаа” хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн юм. Кремлийн цахим хуудаснаа (kremlin.ru) Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хийсэн уулзалтын мэдээний протоколд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины хэлсэн үгэнд “Газпром” компани шингэрүүлсэн хий нийлүүлж эхэлснийг дурдан, эрчим хүчний тухайд хамтран хөгжүүлэх сайхан боломжууд бий, тэр дундаа гуравдагч орны оролцоотойг өгүүлжээ. 

Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар хэлэлцээрийн дараа ОХУ-ын Ерөнхий сайд хийн хоолойн талаар мэдэгдэл хийгээгүйг Оросын хэвлэлүүд анзаарч,  хоолойг Монголын нутгаар дамжуулах асуудалд Москва анхаарч буй нь “временно” гэж бичжээ. Монгол Улсдаа бус энэ хоолойг барих төсөөлөл бодит хэрэгжих эсэхийг оросууд өөрсдөө ч тодорхой хэлж чадахгүй учир тэр.

“Энэ чиглэл бас амаргүй, гэхдээ энэ асуудлыг урьдчилсан байдлаар авч үзвэл бодитой, Хятадын  тал ч нааштай хандлагатай байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Газпром” компанийн Гүйцэтгэх захирал А.Б.Миллертэй уулзахдаа хийн хоолойг Монголын нутгаар дайруулах боломжийг Орос, Монгол, Хятад улсын оролцоотой судлахыг үүрэг болгожээ. Москва хотноо Монгол-Оросын бизнесийн форумын үеэр ОХУ-ын Шадар сайд Алексей Гордеев, гол асуудал бол төсөл эдийн засгийн хувьд зардлаа эргэн төлөх ёстой. Оросын тал энэ асуудлыг Ерөнхийлөгчийн түвшинд маш чухлаар авч үзэж байгаа гэдгийг мэдэгдсэн юм. 


Оросын Үндэсний эрчим хүчний хүрээлэнгийн Ерөнхий захирал Сергей Правосудов: 

“Эрхүү мужаас Монголоор дамжих чиглэлийг анх хамгийн тохиромжтой гэж үзсэн. Ковыктинский ордыг ашиглах талаар яригдаж эхлээгүй, тэнд “Газпром” ч хувь эзэмшилгүй байсан үед шүү дээ. Монголоор дайруулах чиглэл хамгийн дөт бөгөөд тэгш,  тал нутгаар дайрах  учир хоолой тавихад хялбар. Тухайн үед энэ хувилбарыг Хятадын тал дэмжээгүй. Транзит эрх авсан Улаанбаатар дарамт шахалт үзүүлнэ гэж Бээжин эмээж байсан. Одоо Ерөнхийлөгч Путин  Монголоор дайруулах талаар ярьж  байгаа нь Хятадын талын дэмжлэг байна гэж харж байна. Бээжин транзитын эрсдэлгүй гэж үзэж байгаа бололтой. Монголоор дайруулах чиглэлд хоолой тавихад хамгийн том саад энэ байсан. Гэхдээ төслийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа гол асуудал бол Оросын хийг Хятад худалдан авах үнэ юм. Энэ нь хэрэглэгчээс ихээхэн хамаарна. Миний ойлгож байгаагаар, Монголд ийм хэмжээний хийн хэрэглээ байхгүй. Хүн ам цөөн, ойрын ирээдүйд их хэмжээний хэрэглээг бий болгох боломжгүй. Тиймээс хийн гол хэрэглэгч, зах зээл  Хятад гэдэг нь ойлгомжтой. Бид эхлээд Хятадын талтай нийлүүлэх үнээ тохиролцох хэрэгтэй. Тэрхүү тохиролцооноос хамаарч энэ төсөл амжилттай эсэх нь тодорхой болно”


Оросын Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн Ерөнхий захирлын орлогч Алексей Гривач: 

“Аливаа эрчим хүчний том төслүүд үргэлж улс төрийн шинж агуулдаг. Оросын хийн хоолойг нутгаараа дамжуулах санаачилгаа Монгол Улс 2018 онд Дорнын эдийн засгийн форум дээр илэрхийлсэн. Хөрш орон Монгол Улсын томоохон түнш учраас энэ саналыг авч үзэх хэрэгтэй гэж тухайн форумд оролцож байсан Хятадын өндөр дээд албаныхан илэрхийлсэн. Үүнээс хойш нэг жилийн хугацаанд тодорхой урагшилсан зүйл байхгүй байна. Харин Ерөнхийлөгч Путин Монгол Улсад айлчлах үеэр хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулсны дараа “Газпром” компанид энэ чиглэлийг судлах үүрэг өглөө. Гэхдээ энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Ерөнхийлөгч Путин үүрэг, чиглэл өгсөн гэдэг ямар нэгэн бэлэн тохиролцоо байгаа гэж ойлгож болохгүй юм. Тохиролцоонд хүрсэн бол олон улсын хэмжээнд мэдэгдэх байсан. Үүнээс гадна Ерөнхийлөгч үүрэг өгсөн нь шинэ чиглэлээр хий нийлүүлэх гэрээг Хятадын талтай байгуулахад ойртсон гэж ойлгож бас болохгүй. Одоогоор зөвхөн яригдаж байгаа хувилбар, төсөөлөл юм. Ийм асуудлыг тодорхой дараалалтай шийддэг. Эхлээд хий нийлүүлэх гэрээ байгуулна. Харин дараа нь нийлүүлэх чиглэлийн хувилбараа сонгоно. Эцэст нь, төсөл бүхэлдээ хий нийлүүлэх Хятадын баруун хойд бүс нутгийн хэрэглээнээс хамаарна. Төслийн хэмжээний хийн хэрэглээ тухайн бүс нутагт нэг, магадгүй таван жилийн дараа ч бий болж мэднэ. Ямартай ч хэрэглээ нэмэгдэх нь тодорхой”   
   
  
Оросын “VYGON Consulting” компанийн “Хий ба хими” салбар хариуцсан төслийн зөвлөгөө, судалгааны захирал Д.А.Акишин: 

“Хугацааг тооцож үзвэл, төслийг боловсруулахад дор хаяж 1-2 жил, Баруун Сибирь дэх ордоос Монголын хил хүртэл хоолойг барьж байгуулахад дахиад 4-5 жил зарцуулна. Энэ хугацаа тус хоолойгоор нийлүүлэх түүхий эдийн нөөцийг бэлтгэхэд хангалттай. Баруун Сибирийн нутгаас жилд 50-100 тэрбум шоо метр хий нийлүүлэх боломж бий. Саяхныг хүртэл Хятад Оросоос эрчим хүчний түүхий эд импортлохдоо транзитаас татгалзаж ирснийг сануулъя. Оросын газрын тосыг Монголоор дамжуулан төмөр замаар худалдан авахаа Хятад зогсоож байсан удаатай”

Москва дахь “Сколково” Удирдлагын ухааны сургуулийн Эрчим хүчний төвийн шинжээч Сергей Капитонов: 

“Оросын хийг нийлүүлэхээр анхлан төлөвлөж байсан Шинжан-Уйгарын автономит бүс нутаг нь дотоодын хийн олборлолтоор Хятаддаа дээгүүрт ордог, тус улсын хийн нийт олборлолтын бараг ¼-ийг бүрдүүлдэг. Мөн Төв Азиас нийлүүлж буй хийн хоолой хамгийн түрүүнд дайрдаг бүс нутаг. Тэгэхээр оросын хийн экспортод бараг орон зай үлдээгүй гэж харж байна. Үүний сацуу Монголын нутгаар дайрах чиглэл нь зардал өндөртэй, нийлүүлэх   бэлэн нөөцгүй. Баруун Сибирийн нутагт бэлэн ганц орд нь Ковыктийнский. Эндээс “Сибирийн хүч 1” хоолойн хийг хангаж байгаа”

Олон улсын санхүүгийн “FIBO Group” холдингийн шинжээч Богдан Заруцкий: 

“Оросын байгалийн хийг Монгол Улсаар дамжуулан Хятадад нийлүүлэх боломж бий. Газар зүйн байрлалын хувьд тун ашигтай. Монголын нутаг бүхэлдээ тал хээрийн бүсэд хамаардаг учир хийн хоолойн дэд бүтэц байгуулах асуудал харьцангуй хялбар. Казахстан улс ч мөн ийм газар зүйн ижил төстэй байрлалтай. Тус улсын өмнөд хэсгийн газар нутагт уг төслийг хэрэгжүүлэх  материал-техникийн бааз суурьтай. Тиймээс Казахстаны талд өрсөлдөх чадвар арай илүү байна”


ӨРСӨЛДӨГЧ БИЙ

Оросын “Сибирийн хүч 2” хоолойг өөрийн нутгаар дамжуулах сонирхол Казахстанд бий. Энэ төслийн чиглэл яригдаж эхэлсэн үеэс  Казахстан саналаа Оросын талд тавьж ирсэн. Монголын нутгаар дайруулах асуудал идэвхтэй яригдаж байгаа энэ өдрүүдэд тус улсын Эрчим хүчний орлогч сайд Махамбет Досмухамбетов, Оросын хийн хоолойг өөрсдийн нутгаар дайруулах боломжийг идэвхтэй судалж буйгаа мэдэгдсэн. Тэрээр “Төсөл одоогоор яригдаж байгаа ч Казахстан улс хийн хангамжийн эх үүсвэртэй болох боломж байна. Хэдийгээр Орос, Хятад үнээ тохиролцоогүй   ч бас нэг чухал зүйл бол аюулгүй байдал юм. Казахстан аюулгүй байдлыг хангаж чадна” хэмээжээ. Казахстан 2017 оноос Хятадын зэх зээлд хий нийлүүлж байгаа юм. Жилд 5 тэрбум шоо метр хий нийлүүлэх 1 тэрбум ам.долларын дүнтэй гэрээ хоёр улс байгуулсан. Хийн нийлүүлэлтээ 18 тэрбумд хүргэх зорилттой. Одоо тус улсын нутгаар “Төв Ази-Хятад” хоолой дамжин өнгөрдөг.    


ШИНЖАН-УЙГАР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭРСДЭЛТЭЙ

“S&P Global Platts”-ын таамгаар 2018 онд Хятадын нийт 280 тэрбум шоо метр хий хэрэглэсэн байна. 2030 онд нийт хийн хэрэглээ нь 510 тэрбум шоо метр хүрнэ гэж төсөөлжээ. Тэгвэл 2020 онд Хятадын хийн зах зээл дэх нийлүүлэлт 335 тэрбум шоо метр хүрч өснө гэж “Sinopec” корпораци тооцоолсон байна. Үүнд “Сибирийн хүч 1”-ийн эхний жилийн нийлүүлэлтийн хэмжээг тооцоогүй. Өнөөдөр Хятад нь дотоодын үйлдвэрлэлээс гадна Туркменистанаас байгалийн хий, Австрали болоод АНУ-аас LNG импортолж байгаа юм. Тэгэхээр Хятадын эрэлт нийлүүлэлтийн баланс нь ойрын жилүүдэд “Газпром” компанийн шинэ төлөвлөгөөг  энэ зах зээл дээр хязгаарлаж байна. “Сибирийн хүч 1” хоолойг нээхтэй зэрэгцэн Хятадын эрх баригчид дотоодын зах зээл дэх хийн үнийг зохицуулах өргөн цар хүрээтэй шинэчлэлийг эхлүүллээ. Төрөөс тогтоох хатуу үнийг шат дараалалтайгаар халж, зах зээлийн уян хатан үнийг аажмаар нэвтрүүлэх ажээ. Энэхүү шинэчлэлийн бодлого Оросын “Сибирийн хүч 1” хоолойн нийлүүлэлтэд ч хамаарах юм. 

Тус хоолойгоор Хятад зүүн бүс нутгаар хангах бол баруун хэсэгт   “Төв Ази-Хятад” хоолойгоор хий нийлүүлж байна. Энэхүү хоолой нь Туркменистанаас эхлэн Узбекистан, Казахстаны нутгаар 1900 км дамжин   Хятадын баруун бүс нутагт 4500 км үргэлжилж байгаа юм. Одоогоос яг арван жилийн өмнө нээсэн.  Үүгээр өнгөрсөн хугацаанд нийт 252 тэрбум шоо метр хийг Хятад импортолжээ. Туркеминстан нь байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг. Өнөөдөр тус улсын хийн нийт экспортын 80% буюу жилд 33 тэрбум шоо метр хийг Хятадын зах зээлд нийлүүлж байна. “Төв Ази-Хятад”  хоолойн 4 дэх хэсгийг гурван жилийн өмнө барьж дуусгах байсан ч өнөөг хүртэл хойшилж ирсэн нь “Сибирийн хүч 1” төсөлтэй холбоотой. Ашиглалтад орсон тохиолдолд 30 тэрбум шоо метр хийг Туркменистан нэмж нийлүүлэх боломжтой. Нэг улсын хийн импортоос хараат байдлаа бууруулахад  Хятадад Оросын “Сибирийн хүч-1” төсөл тэнцвэрийг хадгалж буй. “Сибирийн хүч 2” хоолойн хувьд Хятадын баруун хэсгийн Шинжан-Уйгарын нутагт хүрнэ. Шинжан-Уйгар нь хэзээнээс халдлага ихтэй, анхаарал өндөртэй нутаг. Тиймээс  аюулгүй байдлын  эрсдэл “Сибирийн хүч 2” төслийн бас нэг бэрхшээл юм. 


 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 14 цаг 43 минутад
    Орон нутгийн банкуудаас жижиг, дунд бизнест олгосон зээлийг худалдаж авах тухайгаа Хятадын Төв банк мэдэгджээ. COVID-19 цар тахлын хүндрэлийг даван туулахад жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих үүднээс банкууд 1 их наяд юань буюу 140 тэрбум ам.долларын нэмэлт зээл олгохоор тус улсын Засгийн газраас шийдвэрлэсэн байна. 2020 оны гуравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ныг хүртэл арилжааны болон хувийн банкуудаас жижиг, дунд бизнест олгох зээлийг Төв банк худалдан авахдаа 400 тэрбум юань буюу 56 тэрбум ам.доллар зарцуулах аж. Гэхдээ тухайн банкууд нэг жилийн дараа эргээд зээлүүдээ худалдан авах юм  байна.
  • Уржигдар 14 цаг 27 минутад
    Энэ долоо хоногийн даваа гаригт (2020.06.01) Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн фьючерс тонн тутамдаа 108.92 ам.долларт хүрч өсчээ. Энэ нь тус бирж 2013 оноос эхлэн төмрийн хүдэр арилжаалах болсноос хойших дээд амжилт болж байна. Өнгөрсөн гуравдугаар сараас Хятадын гангийн нөөц буурч тус улсын гангийн үйлдвэрлэл нэмэгдсэнээр түүхий эдийн эрэлт өсч, үүнийгээ дагаад үнэ нь ч дээшлэхэд нөлөөлжээ. Өнөөдрийн байдлаар Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн 62%-ийн агуулгатай баяжмал нэг тонн нь 102.5 ам.доллараар борлуулагдаж байна.
  • Уржигдар 13 цаг 16 минутад
    Монголын эдийн засаг, нийгмийн амьдрал улам хүндэрсээр байна. Оны өмнөхөн  улсын төсвөө өөдрөгөөр төсөөлж баталсан. Өнөөдөр асуудал тооцоолсноос өөрөөр эргэж, хямралд тэвдэцгээж байна. Та  нөхцөл байдлыг хэрхэн харж, дүгнэж байна вэ? Улсын төсвийг анх хэлэлцэж байхдаа л хэт өөдрөг төсөөлсөн зүйлүүд нэлээд харагдаж байсан. Наад зах нь аймгуудад хуваарилсан төсөв харилцан адилгүй. Говийн аймгуудад  нэлээд өндөр төсөв хуваарилсан. Татаас авдаг, орлогын түвшнээр доогуур эрэмбэлэгддэг аймгууд эсрэгээрээ бага төсөвтэй байх жишээтэй. Нөгөө талдаа, төсвийн орлогыг өөр өөрөөр төсөөлсөн. Тухайлбал нүүрсний экспортыг  энэ жил 42 сая тонноор тооцоолсон. 2019 оны төсөвт ингэж суулгаад хэмжээндээ хүргэж чадаагүй шүү дээ. Татвараар орж ирэх орлогуудыг  төсөвт мөн суулгасан.
  • 2020-05-29 14:56
    Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны аравдугаар сард орсноор нийт 4 шууд хэрэгжилтийн зөвлөмж дээр 6 үүрэг даалгавар авсан. Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг, Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд, хувийн хэвшил болон мэргэжлийн холбоодын хамтарсан ажлын хэсгүүд ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах чиглэлээр эрчимтэй ажиллаж, төлөвлөгөөнд тусгасан ажлуудтай холбоотой тайланг ФАТФ-ын Ази, Номхон Далай бүс хариуцсан хамтарсан бүлэгт цаг тухайд нь хүргүүлж ажиллалаа.
  • 2020-05-25 13:53
    Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газраас хөл хорио тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өвчний тархалтаас сэргийлэх талаар амжилттай боловч хөл хорионы сөрөг нөлөөнөөс уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт буурах, худалдааны салбарын идэвх сулрах, аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээний салбар орлогогүй болоход хүрч, улмаар бусад салбаруудад нөлөөлж байна. Энэ  гинжин холбоогоор банкны салбарт ч тодорхойгүй байдал, эрсдэл, сөрөг нөлөөг үзүүлж байгаа. Монголбанкны судалгаагаар коронавирусын нөлөөлөлд 54 мянган зээлдэгчийн 3.5 их наяд төгрөгийн зээл өртөж байгаа гэсэн тооцоо бий. Манай улсын хувьд санхүүгийн зах зээлийн 90 орчим хувийг банкны систем бүрдүүлдэг. Иргэд, аж ахуйн нэгж хямралд өртөн орлогогүй болж, зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүссэнээр банкуудын өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа буурч, эрсдэлийн сангаа нэмэгдүүлэх шаардлагатай тулгарна.