Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

З.Ган-Очир: Үндэсний  туршлагатай компаниудтай хамтдаа  хөгжинө

Хөвсгөл аймагт “Овоот” нүүрсний төсөл хэрэгжүүлж буй “Хургатай Хайрхан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Ган-Очиртой ярилцлаа.

“Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгдсэний ач холбогдлыг танай компани хэрхэн харж байгаа вэ? 
Монголын эдийн засгийн хөгжлийн гол зүтгүүр бол уул уурхайн салбар. Улсын төсвийн гуравны нэгийг бүрдүүлж байна. Уул уурхай зогсвол энэ салбарын жар гаруй мянган залуус ажилгүй болох төдийгүй сургууль, эмнэлэг гээд нийгмийн үйлчилгээний салбарууд доголдож эхэлнэ. Уул уурхай бол  зогсох эрхгүй салбар. Нөгөө талаас олборлолтын салбар бол байгаль орчин, орлогын зөв зарцуулалт гээд хариуцлага зайлшгүй чухал салбар. Тиймээс хариуцлагатай уул уурхайн төлөө нэгдэхийг уриалсан “Хариуцлагаар нэгд” санаачилгыг бид баяртай хүлээн авсан. Уул уурхайн салбарыг зөв тайлбарладаг, гүйцэтгэж буй үүрэг, орон зайг нь хүлээн зөвшөөрдөг болоход чухал ач холбогдолтой аян гэж үздэг. 

Уг кодекст нэгдсэнээр цаашид компанийн үйл ажиллагаанд ямар эерэг үр дүн гарна гэж үзэж байна вэ?
Манай компани одоогоор олборлолт хийж эхлээгүй байна. Бүтээн байгуулалт эхлэхэд шаардагдах эдийн засгийн судалгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын судалгаа, олон нийтэд үзүүлэх нөлөөллийн судалгаанууд хийгдэж байна.  Үйлдвэрлэлийн үе шатандаа шилжихээр бэлдэж байгаа гэсэн үг. Бидний хувьд бүтээн байгуулалтынхаа эхний шатнаас хариуцлагаар үлгэрлэж, бусад олон жилийн туршлагатай үндэсний компаниудынхаа туршлагаас суралцан, хамтран үүрэг хүлээж ажиллах боломж нээгдэж байна. Бүтээн байгуулалт маань зам барих ажлаас эхэлнэ. Уул уурхай бол дэд бүтэц, санхүүгийн боломжийг богино хугацаанд бий болгож чадах салбар. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбарын орлогоор, том төслүүдийн бий болгосон дэд бүтцээр хөдөө аж ахуй гэх мэт дараагийн салбараа хөгжүүлэх боломж бүрдэнэ. Энэ хоёр салбарын хоорондын үр ашгийг уялдуулж хөгжүүлэх хэрэгтэй. Бидэнд ажилгүйдэл, хотын хэт төвлөрөл, хот хөдөөгийн ялгаа гээд өчнөөн асуудал бий. Эдгээр асуудлуудыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахдаа хариуцлагатай уул уурхайн зарчмыг баримтлах үүрэг хүлээж байна.  Мэдээж шинэ жишиг, стандартыг үйл хэрэг болгоход компани бүх шатандаа нэгдсэн соёлоор зангидагдаж ажиллах учиртай. 

Хариуцлагатай уул уурхайн чиглэлээр дотоод үйл ажиллагаандаа ямар зарчмыг баримтлан ажилладаг вэ?
Бид хайгуулынхаа үед дотоодын болон олон улсын хууль, журмыг чанд мөрдөн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ нягт биелүүлж ирсэн.  Цаашид олборлолтын үед  энэ үүргээ илүү хариуцлагатайгаар биелүүлсээр байх болно. Уурхайн хаалт-хөгжлийн төлөвлөгөөг зөв, сайн хийхэд тухайн газрын байгаль орчин болон нийгмийн судалгаа нэн чухал. Иймд орон нутгийн иргэд энэ тал дээр анхаарч, дэмжиж ажиллахыг уриалж, таниулж байна.

Хэдэн жилийн өмнө Өмнөговь аймагт автозам баригдахаас өмнө тоосжилтын асуудал маш хүнд байсан. Хатуу хучилттай замаар нүүрсний тээврийг хийдэг болсноос хойш энэ асуудал үндсэндээ шийдэгдсэн. Манай компани нүүрсний тээврийг хатуу хучилттай авто замаар гүйцэтгэнэ. Уурхайн олборлолт эхлэхээс өмнө авто замаа ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.

Хариуцлагатай уул уур­хайн чиглэлээр салбартаа манлайлах ямар алхмуудыг хийж байна вэ?
Бүтээн байгуулалтын ажил маань авто зам буюу дэд бүтцээ шийдэхээс эхэлнэ. Авто замаа барьж дуусахаас нааш тээвэрлэлт хийхгүй гэдгээ бид хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Автозам нь урт хугацаандаа үр өгөөжтэй, үйл ажиллагааны зардал боломжийн хувилбар гэсэн судалгааны дүн гарсан. Мөн орон нутгийн иргэд, ялангуяа тухайн бүс нутгийн иргэд, орон нутгийн удирдлагын зүгээс манай компанид тавьж байгаа хүсэлтүүдийн нэг нь тээврээ автозамаар шийдэх асуудал. Авто зам нь орон нутгийн хөгжилд нэн чухал дэд бүтэц юм. Орон нутгийн бизнес эрхлэгчид, иргэдийн амьжиргаанд шинэ боломж нээх бүтээн байгуулалт гэдгээрээ онцлог.

Овоотын төсөл хэрэгжиж эхэлснээр эхний 10 жилд нийт 2.3 их наяд төгрөгийн татвар, хураамж төлөх тооцоолол гарсан. Үүний 194 орчим тэрбум төгрөг нь Хөвсгөл аймгийн төсөвт, 87 тэрбум төгрөг нь Цэцэрлэг сумын төсөвт төвлөрөхөөр байна. Энэ бол аймаг болоод сумын төсөвт маш том дэмжлэг болно гэсэн үг. Хөвсгөл аймаг бол улсын төсвөөс хамгийн их татаас авдаг аймаг. Төсөл хэрэгжсэнээр төсвийн орлогын хувьд бие даасан байдалтай болно гэсэн үг. АМНАТ-ийн 10 хувь нь суманд очих зохицуулалтаас үзэхэд л сумын төсвөөс 50 дахин их орлого гэсэн үг.

Хариуцлагатай уул уурхай­гаар ажиллахад танай компани хууль эрх зүйн болон төрийн бодлого шийдвэр талаас ямар бэрхшээл тулгарч байна вэ, үүнийг хэрхэн шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа вэ?
Хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэхэд тодорхой бэрх­шээ­лүүдтэй нүүр тулж байгааг үгүйсгэхгүй. Тухайлбал, орон нутгийн захиргааны өөрөө удирдах байгууллагаас хуу­лийн дагуу зарим санал, тодорхойлолт, зөвшөөрлүүдийг авахад тухайн байгууллага, албан тушаалтны хариу өгөх хугацааг хуульчлаагүйгээс уул уурхайн компани түүний хөрөнгө оруулагчид цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр ихээхэн хохирох нөхцөлийг бий болгож байна. u Үүнийг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэчихвэл бидний ажилд нэн тустай байхсан. 

Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хүрээнд орон нутгаас авах зөвшөөрлүүдийн эрэмбэ нь тодорхойгүй, ойлгомжгүй байгаа. Жишээ нь төрөөс газрын хэвлийг ашиглах эрх буюу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгочихсон хэр нь уурхайг ашиглахад шаардлагатай барилга байгууламж барих газрын зөвшөөрлийг өгөх эсэх асуудлыг орон нутаг өөрийн үзэмжээр шийддэг, газрын зөвшөөрлийг өгөхгүй байх нөхцөл бодитой оршиж байна. Хариуцлагатай уул уурхайн бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэд бүх оролцогч талууд хариуцлагаар нэгдэх явдал чухал. 

Хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэхдээ танай компани ямар байгууллагуудтай хамтран ажиллаж байна вэ? Тэдгээр байгууллага нь компанийн үйл ажиллагааг хариуцлагажуулах чиглэлээр дорвитой ажлуудыг хийж чадаж байгаа юу?
Хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэхэд бидний хамгийн том хамтрагч бол орон нутаг. Уул уурхайн төсөл бол орон нутгийн хөгжлийн хурдасгагч нь. Бид орон нутгийн төсвийг бүрдүүлэхэд бодитой нөлөөлж,  эдийн засаг дахь худалдан авалтыг өсгөн, бүс нутгийн санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж өгч байгаа гэсэн үг. Үүнийг зөв ашиглавал сумын иргэд, удирдлагад боломж их гарна. Манай Хөвсгөл аймаг, Цэцэрлэг сумын удирдлага, иргэд энэ асуудалд маш нухацтай хандаж байна. Уул уурхайн олборлолт эхлэхээс өмнө хамтраад асуудлаа шийдэх, хөгжлийн боломжуудаа хэрхэн ашиглах талаар зөвшилцөж байна. Орон нутгийн хөгжлийн хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тал талдаа ажиллаж байна. Энэ гэрээнд биднийг хариуцлагажуулах олон тодорхой заалтууд тусгагдана.  Асуудалд нухацтай хандаж, хамтарч шийдвэрлэхээр ярилцдаг болсон нь Монгол Улсын хөгжлийн нэг үзүүлэлт мөн. Хамтдаа ярилцаад зөв гольдролыг олох нь чухал. Үүний төлөө манай компани ч, орон нутгийн удирдлага ч ажиллаж байна.  

Сэтгэгдэл (1)

  • Кккк (150.129.143.114)
    Za ta na r auto zamaar erdenet hurtel zuuchuurei.Baigal irchind nuluuluh nuluul yamar bolhiig medehyy.Uchnuun ni asuudal bolnodoo.
    2020 оны 12 сарын 30 | Хариулах