Давхардаагүй АМНАТ-ийг “давхардалгүй” болгосон нь 

2019-12-13 11:27

Б.Төгс

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) буюу роялти 2020 оны төсвийг батлахаас өмнө цуцлагдаж (2019.10.30), төсөв батлагдсаны дараа эргэн сэргэсэн (2019.11.22) сонин үйл явдал олон нийтийн анхаарлын төвд байлаа. Төсөв батлагдах мөчид (2019.11.13) АМНАТ-ийг хэрхэх тухай шийдэж амжаагүй байсан нь тухайн үед Сангийн сайд ихээхэн баргар царайлах гол асуудал байв. Учир нь АМНАТ цуцлагдсан өдрөөс Монгол Улсын төсвийн орлого өдөрт 4.6 тэрбумаар тасалдаж, 2020 оны төсөв даруй 1.3 их наяд төгрөгөөр “хохирол” хүлээх болоод байсан юм. Үндсэн хуулийн цэц энэ бүхнийг төдийлөн тооцолгүй зүгээр л Үндсэн хуулийн нэрийг барин цуцалчихсан хэрэг үү гэдэг асуулт бий. Гэхдээ салбарын зарим төлөөлөл роялтийг давхардуулан авах зохицуулалттай заалт байсныг хүчингүй болгосон нь нүдээ олсон хэрэг гэж тайлбарлаж байна. 

Хэрэг явдал өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар АМНАТ-ийн зохицуулалтыг шинэчилснээс үүдэлтэй юм. Харин Сангийн сайд Ч. Хүрэлбаатар “Угаасаа уул уурхайн компаниудаас давхардуулж татвар авсан зүйл байхгүй, байгаагүй, байх ч үгүй” гэдгийг удаа дараа мэдэгдэж байгаа юм. Энэ бол “Страто” компанийн цэвэр лобби явж байна гэж үзэж буйгаа ч Сангийн сайд нуугаагүй. Тус компани нь “Эрдэнэс Тавантолгой” компаниас нүүрс худалдан авч Говьсүмбэр дэх угаах үйлдвэртээ баяжуулан, экспортолдог. 

“Страто” компанид хамааралтай гэх хуульч, иргэн С. Баярмаа нь АМНАТ-ийн тухай гомдлыг анх Үндсэн хуулийн цэцэд өнгөрсөн зургадугаар сард тавьсныг ийнхүү Цэц ёсоор шийдвэрлэсэн нь энэ юм. Гэхдээ “Страто” компанийн хувьд “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг 70 ам.доллараар худалдаж аваад Говьсүмбэрт угаах үйлдвэрт баяжуулан 140 ам.доллараар бүтээг­дэхүүнээ борлуулахдаа АМНАТ-ийг давхардуулж төлдөг явдал байгаагүй аж. Гэвч хуулийн заалтыг уншвал, давхардуулан авах нөхцөл байдал харагдсан байж болох юм. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд болж өрнөсөн үйл явц цаашид АМНАТ-ийг давхардуулан авахгүй байх нөхцөлийг бүрэн хангасан гэдэг утгаараа ач холбогдолтой. 

АМНАТ-ийг давхардуулан авахгүй байх тухай тусгасан Засгийн газрын журам нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэгдээгүй  учир хүчин төгөлдөр бус гэж Үндсэн хуулийн цэц үзсэний үндсэн дээр Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг хүчингүй болгожээ. 

Ингээд Ашигт малтмалын тухай хуулийн АМНАТ-тэй холбоотой 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд … нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь … аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгов” гэж мэдэгдсэн юм. 
Өөрөөр хэлбэл уг шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн АМНАТ-ийн зохицуулалт нь бизнесийн зохистой хөгжлийг “хясан боосон” гэсэн агуулгыг илтгэсэн байна. Гэхдээ хүчингүй болсон хуулийн зүйл заалтуудад суурь АМНАТ-ийг авах тухай, мөн өсөн нэмэгдэх АМНАТ-ийг авах тухай хэсгийг хамарсан юм. Өөрөөр хэлбэл, өсөн нэмэгдэх роялтийг хамруулснаараа уг маргаан өнгөрсөн гуравдугаар сард Ашигт малтмалын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөс халиад явсан байгаа юм. Учир нь гуравдугаар сард  салбарын хуулийн АМНАТ-ийн хэсэгт орсон өөрчлөлтөд өсөн нэмэгдэх роялтийг хамруулаагүй байсан юм. Нөгөөтэйгүүр Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг давхардуулж авахгүй байх тухай заалт бий, Засгийн газрын журам ч бий. Баяжуулах үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүн нь өндөр үнэтэй учир өсөн нэмэгдэх роялти төлж таардаг. Зах зээл сайн байх аваас роялти төлөх хувь нь улам өндөр болно. Засгийн газар жишиг үнэ баримталдаг учир баяжуулах үйлдвэрүүд роялти багагүйг төлөх дүр зураг харагдана.  

Эндээс “Страто” АМНАТ-ийг давхар төлөхөөс айсан хэрэг бус магадгүй өсөн нэмэгдэх роялтийг үгүй болгохыг хүссэн байж болох юм. Ашигт малтмалын шинэ хуулиар (2019.03.26-нд батлагдсан) нүүрсний баяжуулах үйлдвэрүүд орд эзэмшигчээс даруй 1.87-3.74 дахин их АМНАТ төлж байна гэж “Страто” компани тайлбарлажээ. Гэвч уг тооцоололд ямар нэгэн давхардуулж АМНАТ төлсөн байдал харагдахгүй байгаа юм.  

Энэ оны гуравдугаар сарын 26-нд Ашигт малтмалын тухай хуульд батлагдаж орсон өөрчлөлтөд өсөн нэмэгдэх роялтийг огт дурдаагүй билээ. Харин одоо  УИХ-аас АМНАТ-тэй холбоотой хуулийн  зүйл заалтыг дахин шинэчлэн батлахдаа нэмэлт роялтийг хэвээр үлдээж, харин АМНАТ-ийг давхардуулан авахгүй байх нөхцөлийг бүрэн баталгаажуулж өгчээ. 

Өнгөрсөн хэд хоногт болсон энэ үйл явц АМНАТ-ийг хичнээн чухал зүйл болохыг нийгэм даяараа илүү сайн ойлгуулснаараа чухал байлаа. АМНАТ нь Монголын баялгийн сан болох Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сангийн гол орлогыг бүрдүүлэгч гэдгийг Сангийн сайд Цэцийн шийдвэрийн дараа учирласан. Залгуулаад энэ тухай Монголын уул уурхайн үндэсний ассоциаци байр сууриа илэрхийлж “АМНАТ бол ард түмний мэдэлд байдаг байгалийн баялгийг ашигласны төлөө төлдөг татвар. Ассоциаци болон гишүүн аж ахуйн нэгжүүд салбарын хуульд заасан АМНАТ-өөс зайлсхийх, үгүйсгэх сонирхол огтоос байхгүй болно” гэж мэдэгджээ. Ингэснээр уул уурхайн компаниуд АМНАТ төлөхдөө харин ч бахархалтай байдгийг харууллаа. Гэвч Үндсэн хуулийн цэц аль хэдийнэ АМНАТ-ийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн цуцлах шийдвэр гаргаад байсан юм.

Ашигт малтмалын хуулийн Үндсэн хууль зөрчсөн заалтууд

2019 оны аравдугаар сарын 30-нд цуцлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн АМНАТ-ийг зохицуулсан зүйл заалтууд

47 дугаар зүйл. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

47.1.Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкинд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.
47.3.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараах  хэмжээтэй байна:
47.3.1.дотоодод борлуулж байгаа нүүрсний нөөц ашигласны төлбөр тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү;
47.3.2.Энэ хуулийн 47.3.1-т зааснаас бусад төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувь, Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд тушаасан алтанд ногдох энэ хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү.
47.4.Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна.
47.5.Энэ хуулийн 47.4-т заасан нэмэлт төлбөрийн хувийг дараахь байдлаар тодорхойлно:

 

Ашигт малтмалын тухай хууль дахь АМНАТ-тэй холбоотой шинэчлэгдсэн заалтууд

1 дүгээр зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй.
Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна:
47.1.1 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч
47.1.2 ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжмал бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдсан хуулийн этгээд
47.1.3 ашигт малтмал экспортолсон этгээд
47.1.4 Монголбанк түүнээс эрх олгосон арилжааны банкинд алт тушаасан этгээд

47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг
АМНАТ төлөгч нь олборлож, өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжмал бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдсан, экспортолсон бүх төрлийн хүдэр, баяжмал бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс АМНАТ-ийг тооцож, улсын төсөвт төлнө.

47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг
Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч, энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож,  АМНАТ ногдуулна.

47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэг
Ашигт малтмалыг дотоодын зах зээлээс худалдан авч шууд борлуулах, эсхүл боловсруулалт хийж, дотоод гадаадын зэх зээлд борлуулахад тухайн ашигт малтмалд төлбөрийг давхардуулан ногдуулахгүй. Төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно. Ийнхүү хасаж тооцсоноор татварын илүү төлөлт, буцаан олголт үүсэхгүй. 

47 дугаар зүйлийн 47.3.1 дэх заалт
47.3.1 олборлож өөрийн хэрэгцээнд ашигласан, дотоодод худалдсан нүүрсний нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувь,
47.3.2 дахь заалт Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ногдох нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 5.0 хувь байна.  

7/ 47 дугаар зүйлийн 47.51 дэх заалт:

“47.51.Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний нэр төрөл, зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно:


АМНАТ нь орлогоос шууд ногдуулах эсвэл ашгаас ногдуулах гэсэн байдлаар дэлхийн улс орнуудад үйлчилдэг. Манай улсын хувьд шууд орлогоос ногдуулдаг. Энэ нь уул уурхайн баялгаас хүртэх Засгийн газрын орлогыг тогтвортой байлгах, олон нийтэд баялгийг тэгш хуваарилах талдаа суурь нөхцөл болдог тийм төлбөр, тийм тогтолцоо ч гэж тайлбарлаж болно.   

УИХ-ын гишүүд үүнийг сайтар ойлгож байсан учир АМНАТ-ийг эргэн сэргээх хуулийн төслийг түргэн авч боловсруулсан. Өөрөөр хэлбэл УИХ-ын Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байн­гын хорооны гишүүдээс бүрдсэн Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлсэн байдлаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан юм. Хэдийгээр уг хуулийн төсөл 2020 оны төсвийн дараа батлагдсан ч УИХ-ын байнгын хорооны хуралдаан болон нэгдсэн чуулганы хуралдаанаар огт маргалдаж мэтгэлцэлгүй үтэр түргэн баталлаа. Шинэ хуулиар мөн аравдугаар сарын 30-наас хойш тасалдаад байсан АМНАТ-ийг нөхөж авах зохицуулалтыг тусгаж өгснийг Сангийн сайд уламжиллаа.   


 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 14 цаг 28 минутын өмнө
    Манай компани нь газрын тос, хийн салбарт инженерийн иж бүрэн үйлчилгээг үзүүлэх зорилгоор 2000 онд байгуулагдан 20 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, түгээх, тээвэрлэх технологид байгаль орчин, галын аюулгүй байдал, цаг уурын онцлог, олон улсын стандарт, техник технологийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн орчин үеийн шилдэг технологиудыг нэвтрүүлэх, газрын тосны бизнес эрхлэгчид үр ашиг, бүтээмжээ дээшлүүлж зардлаа бууруулах, нөгөө талаас шатахуун хэрэглэгчид аюулгүй, тохилог орчинд үйлчлүүлэх бололцоог бий болгоход чиглэсэн судалгаа хөгжил, инженерийн иж бүрэн үйлчилгээг үзүүлж ирсэн. Мөн дэлхийн 10 гаруй улсын 60 гаруй тэ‎ргүүл‎эгч үйлдвэрлэгчээс тоног төхөөрөмж, хэрэгсэл нийлүүлж засвар үйлчилгээг үзүүлдэг. 100 м3 хүртэлх багтаамжтай дан болон давхар ханатай савыг олон улсын стандарт, лицензийн дагуу олон улсын UL (Underwriters Laboratories) лабораторийн сертификаттай үйлдвэрлэж байна.
  • Уржигдар 17 цаг 24 минутад
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр байгуулсан Засгийн газрын гишүүдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Миний бие Засгийн газрын гишүүдийн анкет, ажилласан байдалтай танилцлаа. Цаашид Засгийн газартай хамтран ажиллахдаа сайд нартай нүүр тулан уулзаж, санал бодлоо илэрхийлж ажиллана” гээд зарим сайд нараас тухайлсан асуулт асууж, ярилцсан байна. Ерөнхийлөгч "Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон уул уурхайн салбар, төмөр замынхаа уялдааг ойлгож байгаа юу. Төмөр зам барьж, ложистикийг нь улс шийдээд өгөхөөр олборлолтыг нь хийж, нэмүү өртөг шингээж, экспортод гаргах боломж бүрдэж байгаа. Үүнийг ойлгож ажиллана гэдэгт итгэж байна" гэдгээ илэрхийлжээ.  
  • Уржигдар 16 цаг 45 минутад
    Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 3.1 “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт “амилж” Монгол Улс анх удаа Ерөнхий сайдаа шууд бусаар ард түмэн сонгож, Ерөнхий сайд багаа өөрөө бүрдүүлэн Засгийн газрын гишүүд сайд нар өнөөдөр тодорч байна. Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлээр УИХ-ын томилгооны эрх, улсын нэгдсэн төсвийн эрх мэдэл хязгаарлагдана. Ингээд шинээр бүрдэж буй Засгийн газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Г.Ёндон томилогдож тангараг өргөлөө. Монгол Улсын зөвлөх инженер тэрээр ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн сургуульд уулын инженер, маркшейдер мэргэжил эзэмшжээ. УИХ-ын нэгдсэн чуулганаар (2020.07.08) сайд нарт нэр дэвшигчдээс асуусан Парламентын гишүүдийн асуулгын уул уурхайн салбартай холбогдолтой асуудлыг тоймлон хүргэж байна.
  • Уржигдар 10 цаг 54 минутад
    Австрали улс нь Хятадын   хамгийн том түүхий эд нийлүүлэгч. Гэхдээ цаашид Хятад улс энэхүү томоохон нийлүүлэгч улстайгаа эвтэй байх уу гэдэг асуудал уул уурхайн салбарт хэн бүхний анхаарлыг татсан сэдэв болоод байна. Австралийн хувьд өнгөрсөн 2019 оны байдлаар Хятад руу нийт 153 тэрбум австрали долларын бараа, үйлчилгээ экспортолжээ. Энэ нь Австралийн дотоодын нийт бүтээгдэхүүний 7.7%-тай тэнцэнэ.  Гэвч шинэ коронавирусын өвчний эх үүсвэрийг эрэн сурвалжилж олж тогтоох талаар Австралийн Засгийн газар улс орнуудад уриалга гаргасан нь худалдааны томоохон түншид нь тун эмзэг тусжээ. Хятадын Засгийн газар Австралийн уриалгыг ихээхэн эмзэг хүлээн авч буйгаа огтхон ч нуусангүй.
  • Уржигдар 10 цаг 47 минутад
    Монголбанк 2020 оны зургадугаар сард 2.3 тонн үнэт метал худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 10.8 тонн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.8 тонноор өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 10.8 тонн үнэт металын 9.1 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна. 2020 оны зургадугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 63.9 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 81.9 кг үнэт метал худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 565 кг үнэт метал худалдан авлаа.