Засварын ажлыг олон улсын жишгээр хөтлөн явуулах нь уурхайн бүтээмжийг нэмэгдүүлнэ

2019-12-12 16:38

Засварын инженер Б. Уранзориг  

Манай улсын уул уурхай болон бусад хүнд, хөнгөн үйлдвэрийн салбарууд техник тоног төхөөрөмжүүдэд хийдэг техникийн урсгал засвар үйлчилгээний төлөвлөлт, хуваарилалт, тэдгээртэй холбогдох сэлбэг хэрэгслүүдийн бэлэн байдлын бүртгэл зэргийг ихэнхдээ уламжлалт аргаар буюу цаасан дээр эсвэл Microsoft Excel ашиглан хөтөлж нэлээдгүй олон жилийн нүүр үзэж байна. Энэхүү уламжлалт арга нь одоо үед гар ажиллагаа ихтэй, цаг шаардсан, ажлын бүтээмж муутай, мэдээлэл алдагдах өндөр эрсдэлтэй зэрэг сөрөг үр дагавруудтай ба төдийлөн оновчтой бус арга болоод байна. Тэгвэл энэхүү хүндрэлтэй асуудлыг барууны өндөр хөгжилтэй ихэнх орнууд Enterprise Asset Management (EAM) буюу Байгууллагын Хөрөнгийн Удирдлага (БХУ) болон Computerized Maintenance Management System (CMMS) буюу Цахим Засварын Удирдлагын Систем (ЦЗУС) гэгдэх компьютер программуудын тусламжтайгаар амар хялбар, маш өндөр бүтээмжтэйгээр шийдсэн байдаг. БХУ/ЦЗУС аль аль нь төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээнүүд, тэдгээрийн ажлын хүсэлт болон даалгаврууд, үүнтэй холбоотой сэлбэг хэрэгслүүд, хүн цаг зэргийг өндөр үр ашигтайгаар төлөвлөх, хуваарилах, гүйцэтгүүлэх зорилготойгоор зохиогдсон засвар үйлчилгээний цахим программууд юм. Энэхүү нийтлэлд БХУ/ЦЗУС гэж юу болох, эдгээр компьютер программыг хэрэглэснээрээ та ямар давуу талуудыг авч болох талаар тайлбарлана.

БХУ системийг анх 1990-ээд оны дунд үеэс J.D. Edwards, IFS, SAP, Oracle компаниуд хөгжүүлж эхэлсэн байдаг. Олон тус тусдаа төслүүдтэй компани тэдгээрийг нэгтгэн нэг дороос харах шаардлагатай бол БХУ нь илүү тохиромжтой. Гэвч энэ сонголт нь үнийн хувьд тийм ч хямд биш юм (Gulate, 2013). Харин ЦЗУС нь дангаар хөгжиж ирсэн бөгөөд, хүний нөөц, худалдан авалт, санхүү гэх мэт бусад программуудтай холбогдон ажиллуулах бололцоотой. Сүүлийн үеийн ЦЗУС-ийг БХУ-тай харьцуулахад ЦЗУС нь маш олон шинжүүдийг агуулсан байх ба ашиглахад хялбар, илүү чадавхыг агуулснаараа илүү давуу талтай болж өгчээ. Жишээ болгож энэхүү системүүдийг нэрлэвэл eMaint, UpKeep, Fiix, mPulse, Ivara, assetPoint, Champs, DataStream гэх зэрэг олон арван систем бий. Үнийн хувьд энэхүү систем нь өдгөө зах зээл дээр $1000-$250,000 хооронд байх ба хэрэглэгчийн тоо, хамрагдах мэдээллийн хэмжээ, тоног төхөөрөмжийн тоо ширхэг зэрэг олон зүйлээс хамааран харилцан адилгүй байна. АНУ-д одоогийн байдлаар 200 гаруй төрлийн БХУ/ЦЗУС системүүд байна гэж тодорхойлжээ (Wireman, 2016).

БХУ/ЦЗУС-ийг ашигласнаар техник, тоног төхөөрөмжийн бүртгэлийг хийх, хадгалах бололцоотой болдог. Ингэснээр та хөрөнгийн талаарх мэдээллүүдээ найдвартай систем дээрээ бүртгэж, мэдээллийн найдвартай байдлыг нэмэгдүүлнэ. Засвар төлөвлөгчдийн хувьд хөрөнгийн бүртгэл маш чухал ба энэхүү мэдээлэл дээр үндэслэн тухайн тоног төхөөрөмж дээр хийгдэх засвар үйлчилгээнүүдийг төлөвлөх, хуваарилах боломжтой болдог. Түүнчлэн хэрэглэгдэх сэлбэг хэрэгсэл, тоо ширхэг, сэлбэгийн үнэ, ажиллах хүчний зардал гэх мэт мэдээллүүдийг харж дүн шинжилгээ хийж байх нь чухал хэрэгцээтэй байдаг. Тоног төхөөрөмжийн бүртгэлийг сайн хийснээр тухайн тоног төхөөрөмжтэй холбоотой техникийн болоод үйлдвэрлэгчтэй холбоотой бүх мэдээллүүдийг систем дээрээсээ дэлгэрэнгүй байдлаар харах бололцоотой. Загвар болгож  Хүснэгт 1-д үзүүллээ.

Хүснэгт 1. Хөрөнгийн бүртгэлийн загвар жишээ (WorkOasis, 2013).

Хөрөнгийн бүртгэл нь БХУ/ЦЗУС дээр тухайн системийнхээ загвар, үйл ажиллагааны онцлог, тухайн хэрэглэгч нь ямар мэдээлэл оруулж, харах шаардлагаас хамаараад харилцан адилгүй байна. Дээрх жишээнээс харахад туузан дамжуургын хөтлөгч, цахилгаан хөдөлгүүрийн мэдээллийг тодорхой харахаас гадна, тухайн цахилгаан хөдөлгүүртэй холбоотой сэлбэгүүд, ажлын хүсэлтүүд, нээлттэй болон хаагдсан ажлын даалгаврууд, холбогдох зардлууд зэрэг мэдээллүүдийг тус тусын цонхноос харж болохоор байна. Дээр дурдсанчлан хөрөнгөө зөв бүртгэж, холбогдох бусад мэдээллийг хардаг болсноор засварын болон агуулахын ажилчдын ажлын бүтээмж өсөж, улмаар тухайн машин тоног төхөөрөмжүүдтэй холбоотой засварын төлөвлөлтүүдийг хийхэд илүү хялбар хурдан болж байна. Гарах үр дагавар нь техникийн сул зогсолтуудыг багасгах, бэлэн байдал нэмэгдэх үндсэн суурь болж өгдгөөрөө энэхүү систем нь таны бизнест маш хэрэгтэй технологийн оновчтой шийдэл юм.

БХУ/ЦЗУС системүүдийг ашиглахын бас нэг давуу тал нь машин тоног төхөөрөмжүүд дээр хийгдэх төлөвлөгөөт болон урсгал засвар үйлчилгээний (УЗҮ) ажлуудыг хуанли болон тоног төхөөрөмжийн гүйлтийн цаг дээр нь (өөр бусад хэмжүүр байж болно) үндэслэн цахим тооцооллын аргаар засварын төлөвлөгчид гаргаж өгдгөөрөө онцлогтой. Ингэснээр бэлэн болсон ажлын хүсэлт болон ажлын даалгавруудыг системээсээ хурдан шуурхай авч үр ашигтайгаар төлөвлөх, хуваарилах боломжийг олгодог. УЗҮ нь гол төлөв тодорхой хугацааны дараа, дахин давтагдах засвар үйлчилгээний ажлууд ордог ба үүнд гол төлөв агаарын шүүр солих, тосолгоо хийх, тосны төвшин шалгах, тос солих, үзлэг оношилгоо, тохиргоо хийх зэрэг тогтсон ажлууд байдаг. УЗҮ-ээс гадна тоног төхөөрөмжтэй холбоотой техникийн төлөвлөгөөт бус эвдрэл гэмтэл байнга гардаг ба эдгээр засварын ажилд шаардагдах хүн хүч, сэлбэг, бараа материалууд зэргийг уламжлалт арга дээр хөтөлж явах нь бас л учир дутагдалтай байдаг. Иймд ихээхэн тооны тоног төхөөрөмжтэй, олон тооны тус тусдаа байршилтай төслүүдтэй, томоохон компанийн хувьд өдөр тутам, долоо хоног, сар, жил тутам хийгдэх төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засварын ажлуудаа БХУ/ЦЗУС дээр хурдан шуурхай, үнэн зөв хийж гүйцэтгэж байх хэрэгтэй.

Ажлын туршлага дээрээ үндэслэн хэлэхэд, жишээ нь, засварын төлөвлөлт нь хангалтгүй, засвар үйлчилгээний тохирсон системгүй, засварын өдөр тутмын ажлын горим тодорхой бус зэргээс үүдэн машин тоног төхөөрөмж нь олон өдрөөр сул зогсох нь олонтаа анзаарагддаг. Тэгвэл эдгээр машин төхөөрөмжтэй холбоотой үр ашиггүй сул зогсолтууд, бэлэн байдалд сөргөөр нөлөөлж байдаг ба эдгээр асуудлуудыг БХУ/ЦЗУС хэрэглэснээр шийдэх бололцоотой юм. Сонгож авсан тухайн системээ өдөр тутмын ажилдаа амжилттайгаар нэвтрүүлж, үр бүтээмжтэй ашигласнаар бүтээгдэхүүний тоо хэмжээ, ажлын чанарт эергээр нөлөөлж, тухайн байгууллагадаа урт хугацааны тогтвортой үр ашиг авчрах бололцоотой.  

Мөн тухайн БХУ/ЦЗУС компьютер программуудыг дангаар нь байгууллагадаа нэвтрүүлснээр үр өгөөжийг шууд богино хугацаанд харах боломжгүй, магадгүй бүр амжилтгүй ч байж болох юм. Тэгвэл тухайн программыг үйлдвэрт нэвтрүүлэхтэй зэрэгцүүлэн засварын өдөр тутмын үйл ажиллагаандаа Засварын Ажлын Удирдлага (Maintenance Work Management) түүний ажлын дэс дараалал, арга барилыг засвар үйлчилгээтэй холбоотой бүх ажилчдадаа заах сургах шаардлага гардаг. Засварын Ажлын Удирдлага нь доорх үе шатуудаас бүрддэг. (Gulate, 2013)

Үүнд:

  1. Ажлуудаа тодорхойлох
  2. Ажлуудаа аль чухлаас нь эхлэн эрэмбэлэх
  3. Ажлын гүйцэтгэлийн дэс дарааллуудаа тодорхойлох
  4. Ажилд шаардлагатай багаж хэрэгсэл, материалууд, болон засварчдын ур чадварыг тухайн ажилтай нь тохируулах
  5. Шаардлагатай тусгай нэмэлт төхөөрөмж хэрэгслүүд хэрэглэгдэх эсэх тэдгээр нь бэлэн байгаа эсэхийг нягтлах
  6. Ажлын өдөр, цагаа үйл ажиллагааны хэлтэстэй тохиролцох, хуваарьт оруулан баталгаажуулах.
  7. Ажлын гүйцэтгэлийг хянах, мэдээллийг БХУ/ЦЗУС системдээ оруулан ажлын даалгаврыг хаана*.

(ажлын даалгаврыг хаана* гэдэг засварын төлөвлөгч нь тухайн ажлын даалгавар дээрх мэдээлэл болон засварын супервизор гарын үсгийг шалгаж бататган БХУ/ЦЗУС дээр тухайн ажлын даалгаврын “нээлттэй” гэсэн статусыг “ажлыг хийж гүйцэтгэсэн” гэсэн статустай болгож байгаа процесс юм)

БХУ/ЦЗУС-ийг байгууллага хамт олноороо дээрх үе шат болгон дээр нь хэвшүүлж хэрэглүүлж байх хэрэгтэй ба ингэснээрээ мэдээлэл нь систем рүү байнга орж байдаг. Шаардлагатай үед системд байгаа мэдээллээ устгалгүйгээр байнга шинэчилж сайжруулж байх нь чухал байдаг. Учир нь хүний тасралтгүй үйл ажиллагаа тухайн системийг хянаж сайжруулж байдаг болохоос биш уг систем нь өөрөө сайжрах боломжгүй юм.

Засварын Ажлын Удирдлагын ерөнхий схемийг дээрх үе шатны хамт диаграмм хэлбэрээр харуулбал:

Хүснэгт 2. Засварын Ажлын Удирдлагын Ерөнхий Диаграмм (Bertolini, 2015).

Дээрх Хүснэгт 2-т дурдагдсан бүх үе шатуудыг БХУ/ЦЗУС дээр шат дараалалтайгаар системтэйгээр хөтөлж, үнэн зөв мэдээлэл оруулж явах нь шийдвэр гаргагчид болон засварын ажилчдад доорх давуу талуудыг олгож өгч байгаа юм.

  1. Өдөр тутмын үйл ажиллагааны дээр үндэслэсэн мэдээллийн сантай болох
  2. Бодит мэдээлэл дээр тулгуурласан дүн шинжилгээ хийх
  3. Дүн шинжилгээ дээр тулгуурлан зөв, үр ашигтай шийдвэр гаргах

Судалгаанаас үзэхэд засвар үйлчилгээний сайн төлөвлөлт болон үйл ажиллагааны зөв дэс дараалал нь машин тоног төхөөрөмжийн төлөвлөгөөт бус эвдрэл гэмтлийг 20%-иар бууруулах (Wireman, 2016), тэр хэрээр ажлын бүтээмж, найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талыг хүртэнэ.

 Хэрэв та болон танай байгууллага БХУ/ЦЗУС систем худалдан авахаар сонирхож байгаа бол тухайн системээс та тодорхой хэмжээнд засвар үйлчилгээтэй холбоотой мэдээллүүдээ тайлан хэлбэрээр харах, татаж авах бололцоотой эсэхийг нэн тэргүүнд харах хэрэгтэй. Ингэснээрээ та тухайн тайлан дээрээ үндэслэн санал бодлоо бусадтай хуваалцах, хурдан шуурхай, цаг алдалгүй шийдвэр гаргах зэрэг бизнестээ хэрэгтэй үр дүнтэй шийдвэрүүд гаргах бололцоотой. Жишээ болгож доорх ЦЗУС хяналтын самбарыг (Dashboard) загвар болгон орууллаа.

Хүснэгт 3. ЦЗУС хяналтын самбар (Fiix.com)

Дээрх ЦЗУС хяналтын мэдээллээс харахад энэхүү систем нь төлөвлөгдсөн болон хуваарьт ажлуудын гүйцэтгэл, хийгдээгүй ажлууд, яаралтай хийгдэх ажлууд, ажлын хүсэлт, нээлттэй ажлууд, аюулгүй ажиллагаатай холбоотой ажлын даалгавар шаардлагатай сэлбэг бараа материалуудын бэлэн байдал, мөн сүүлийн гурван сарын ажлын захиалгын гүйцэтгэлийн тайланг график хэлбэрээр харуулж байна. Дээрх мэдээллүүд засварын мастер болон ахлах ажилчдад дүн шинжилгээ хийн ажлаа сайжруулахад ихээхэн ач холбогдолтой.

Цаашилбал, Засварын болон Найдвартай Ажиллагааны Инженерүүдийн хувьд тухайн хэрэглэгдэж байгаа БХУ/ЦЗУС системээсээ хамааран техникийн бэлэн байдал, ашиглалт болон сул зогсолтуудтай холбоотой мэдээллүүдийг харж чаддаг байх нь мөн давуу талтай. БХУ/ЦЗУС дээр суурилсан засвар үйлчилгээний хяналт тайлан мэдээг тогтмол хийж дүн шинжилгээ хийж чаддаг болсноор засварын ажлын хүсэлт болон даалгаврын гүйцэтгэлүүд сайжрах, тэдгээрт шаардлагатай сэлбэг хэрэгслийн хяналт бэлэн байдал сайжрах, цаашилбал учирч болох аюул осол, эрсдэлүүдийг арилгах бууруулах гэх мэт олон олон эерэг боломжуудыг авчирдаг.

БХУ/ЦЗУС системүүдийг зөвхөн уул уурхай, хүнд, хөнгөн үйлдвэрийн салбарт ашигладаг гэж ойлгож болохгүй. Хаана урсгал засвар үйлчилгээ хийгдэх шаардлагатай машин тоног төхөөрөмж байна тэнд ашиглаж болдгоороо онцлогтой. Жишээ нь, эмнэлэг, зочид буудал, барилга, худалдааны салбарууд, дата мэдээллийн төв гэх мэт олон газруудад ашиглах бүрэн боломжтой. Системийн гол үүргүүд нь болох хөрөнгийн бүртгэл, урсгал засвар үйлчилгээний автоматчилагдсан горим, ажлын даалгаврын төлөвлөлт, хуваарилалт, ажлын гүйцэтгэлийн хяналтууд зэрэг ажлын горимуудыг хийдэг хэрэглэдэг байх нь гол юм. Түүнчлэн таны хувьд БХУ/ЦЗУС системийг дангаар нь үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр асуудал шийдэгдэхгүй бөгөөд үүнтэй хамтатган Засварын Ажлын Менежментийг байгууллага хамт олон ялангуяа агуулахын болон засварын ажилчдадаа зааж ойлгуулах нь ач тустай. Ингэснээр компьютер технологи дээр суурилсан сайн засварын цахим системтэй болж асуудлуудаа нэг мөсөн шийдэхээс гадна, мөн мэдлэгт тулгуурласан хамт олонтой болж энэ бүхэн тань таны бизнесийн амжилтын үндэс суурь болох болно.

 

Зохиогчийн тухай:

 

Тэрбээр 1998-2014 он хүртэл Багануур, Бороо, Оюутолгой, Эрдэс Холдинг-ийн уурхайд засвар, механик, хөрөнгийн удирдлагын чиглэлээр ажилласан. Харин одоо АНУ-ын Колорадо муж дахь “Freeport McMoRan компанийн Climax Molydenum-ийн уурхайд 2017 оноос хойш ажиллаж байна. Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежид тэрбээр уул уурхайн тоног төхөөрөмжийн засварчин (1994 - 1998), уул уурхайн тоног төхөөрөмжийн ашиглалт ба цахилгаан хангамжийн чиглэлээр (2003 - 2006) суралцаж төгссөн. Дараа нь АНУ-ын Бриджпортын их сургуульд Инженер/Үйлдвэрийн удирдлагын чиглэлээр магистрын сургалт (2014-2017) дүүргэсэн байна.

 

 

Сэтгэгдэл (4)

  • Ажилд нь өндөр амжилт хүсье! Хэрэгтэй мэдээлэлээр дүүрэн маш чухал өгүүлэл хэвлүүлсэнд баярлалаа!
    2019 оны 12 сарын 19 | Хариулах
  • Үнэнбат
    Ажил амьдралд нь ѳндрѳѳс ѳндѳр амжилт хүсье
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • Bayarlalaa.
    2019 оны 12 сарын 17
  • Мундаг дүүдээ баяр хүргэе Улам их амжилт хүсэе
    2019 оны 12 сарын 17 | Хариулах
    • Bayarlalaa.
      2019 оны 12 сарын 17
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 16 цаг 40 минутын өмнө
    Улсын Онцгой Комиссын (УОК) шийдвэрээр өнөөдөр (2020.03.30) Шивээхүрэн боомтоор онцгой горимоор нарийн зохион байгуулалт дор нүүрс тээврийг явуулж эхэллээ. “Нүүрс тээврийн жолооч Хятадад хоноглохгүй, ямар нэгэн харилцаа үүсгэхгүйгээр тээврийн үйл ажиллагаа явагдана. Эхний ээлжинд өдөрт 130-150 тээврийн хэрэгсэл нэвтрүүлж гаргахаа холбогдох байгууллагууд бэлтгэл ажлыг хангалаа” хэмээн Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд мэдэгдэв.
  • 2020-03-27 12:46
    “Монгол Нүүрс ассоциаци” дэлхий дахинд тархаад буй коронавирусын улмаас Монголын зогсонги байдалд ороод буй коксжих нүүрсний экспортын цаашдын төлөв, Хятадын нүүрсний импортын төлөв байдлыг хэлэлцэхээр олборлогч болон худалдан авагчдын төлөөллийг оролцуулсан онлайн хурал (2020.03.26) зохион байгууллаа. Уг хуралд Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Нүүрс ассоциаци, дотоодын нүүрс олборлогч компаниудын төлөөлөл, Хятадын талаас импортлогч компаниуд, нүүрсний мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцсон юм. Хурлын үеэр цаашид Монголын нүүрсийг импортлох хэрэгцээ Хятадын талд их байгаа ч шинэ коронавирусын дэгдэлтээс нөхцөл байдал шууд хамаарахыг тус улсын худалдан авагч  компаниудын төлөөлөл ярьж байна.
  • 2020-03-25 14:08
    Монгол Улсад Үндэсний Геологийн Алба байгуулах хууль эрх зүйн орчин бүрдэж, хууль тогтоох байгууллагын зүгээс ч тодорхой шийдвэр гарлаа. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөртэй ММJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.    Үндэсний геологийн албыг байгуулах УИХ-ын тогтоол батлагдлаа. Олон жил яригдсан ч бодит ажил хэрэг болж чадахгүй байсан асуудал нэг тийшээ шийдэгдэж байна. Уг албыг байгуулахын гол ач холбогдол нь юу вэ?  Үндэсний геологийн албыг байгуулж, түүний бүтэц зохион байгуулалтыг бий болгох асуудал бараг 30 жил яригдсан.
  • 2020-03-23 13:11
    Монголын нүүрс экспортын гол суваг Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Тус боомтоор хоёрдугаар сарын 10-наас хойш буюу сар хагасын хугацаанд нүүрсний экспорт тасалдсан юм. Эхний ээлжинд Гашуунсухайт боомтоор өдөрт 70 машин гаргахаар төлөвлөжээ. Нүүрсний экспортыг гагцхүү чингэлэг тээврээр хийхдээ нэг машинд дунджаар 80 тонн нүүрс ачна гэдгийг Гашуунсухайт боомтын газар мэдээллээ. Чингэлэг тээврээр нүүрсний экспорт хийхдээ жолооч машинаас бууж, суух шаардлагагүй төдийгүй Хятадын талд нүүрстэй чингэлгийг хоосон чингэлгээр шууд солих юм. Ингэснээр ариутгал, халдваргүйжүүлэлтийг чанд горимыг сахиж тухайн машин хилээр гарсан өдөртөө буцаж орж ирнэ.
  • 2020-03-23 12:03
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбарын 2020 оны хоёрдугаар сарын гүйцэтгэлийн талаарх статистик мэдээллийг олон нийтэд танилцууллаа.  Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 1.46 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 173.7 тэрбум төгрөг буюу 10.6%-иар буурсан байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 347.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 170.4 тэрбум төгрөг буюу 32.9%-иар буурлаа.