Рио Тинто: УИХ-ын тогтоол нь гэрээ хүчин төгөлдөр болохыг баталлаа

2019-12-12 12:56

"Рио Тинто" УИХ-ын “Оюутолгой ордын ашиглалтад Монгол улсын эрх ашгийг хангуулах” тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч буйгаа албан ёсоор (2019.12.11) илэрхийллээ. Уг тогтоолын төсөлд 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээ (нэмэлт өөрчлөлт оруулсан)-ний хэрэгжилтийг сайжруулах, 2015 оны Дубайн гэрээг хуульд нийцүүлэн сайжруулах заалтууд багтсан юм.

Тус компани УИХ-ын тогтоолын төслийг баталсан явдал нь Засгийн газар, “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компанийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнүүд нь хүчин төгөлдөр болохыг дахин баталгаажуулсан хэрэг болсныг онцолжээ. Тогтоол батлагдсанаар Оюутолгойн гэрээг шалгах Ажлын хэсгийн 18 сарын хугацаанд хэрэгжүүлсэн ажилд цэг тавьсныг илтгэсэн хэрэг байлаа хэмээн компанийн албан мэдээнд өгүүлжээ.

Мөн “Рио Тинто”-ийн Зэс, очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат “Рио Тинто УИХ-ын тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг тогтоол нь Оюутолгойн холбогдох бүхий л гэрээг хүчин төгөлдөр болохыг бодитоор баталж байна. Бүх тал эдгээр гэрээг мөрдөж ирснээр улсад оруулсан хувь нэмэр 2010 оноос хойш 10 тэрбум орчим долларт хүрч, энэ нь Монголын ард түмэнд маш их үр өгөөжөө өгч ирлээ. Цаашдын угтан буй хэдэн арван жилд ч үүнийг үргэлжлүүлэх болно. Оюутолгой ордыг бүрэн хүчин чадлаар нь ашиглах хүртэл хийх ажил их байна. Бид төслийг бүх хувьцаа эзэмшигчдэд бүр илүү өгөөжтэй байлгах арга замыг эрэлхийлж хичээн ажилласаар байна.” гэж мэдэгджээ.

Уг мэдэгдэл гарснаар Оюутолгой төслийн хяналтын багцыг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” (NYSE:TRQ) компанийн хувьцааны ханш өчигдөр Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 0.65 ам.доллар болж өссөн нь өнгөрсөн долдугаар сарын 15-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Гэсэн ч энэ нь оны эхэн үетэй харьцуулахад 60%-иар буурсан дүн юм.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 21-нд батлагдсан УИХ-ын тогтоолд мөн Засгийн газрын төсөл дэх хувьцаа эзэмшлийг роялти хэлбэрт шилжүүлэх хувилбарыг авч үзэх, ингэхдээ Монголын талд оногдох өгөөж 53%-иас багагүй байх; ордын нөөцийг дахин тодорхойлж, техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэх; байгаль орчин, усны нөөцийн үнэлгээг шинэчлэх; төсөлд Монголын талыг төлөөлж буй байгууллагын хүний нөөцийн чадавхийг сайжруулах тухай заалтууд тус тус багтсан билээ.

Б.Төгс

 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 7 цаг 45 минутын өмнө
    Лондоны металын бирж дээр даваа гаригийн байдлаар (2020.07.06) нэг тонн зэсийн ханш 6112 ам.долларт хүрч хаагдсан байна. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сарын 21-нээс хойших хамгийн өндөр дүн боллоо.  Зэсийн ханш ийнхүү өсч байгаа нь дэлхийн нийт зэс үйлдвэрлэлийн 25%-аас илүү хэсгийг бүрдүүлдэг Чили улсын уурхайчдын дунд шинэ коронавирусийн өвчлөл өндөр байгаа нь голлон нөлөөлж байгаа тухай шинжээчид тайлбарлалаа. Тухайлбал нийт 2433 уурхайчин уг өвчний халдвар авсан болохыг Чилийн зэс олборлолтын чиглэлээр ажилладаг төрийн өмчийн “Codelco” компани мэдээлсэн байна. Улмаар компанийн зэсийн томоохон төсөл болох El Teniente уурхайн өргөтгөлийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохоор болсон ажээ. 
  • 12 цаг 40 минутын өмнө
    УИХ-ын Анхдугаар чуулганы (2020.07.07) нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжий төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 61 гишүүний 50 нь буюу 82% нь дэмжив.
  • 15 цаг 18 минутын өмнө
    Оюутолгой төслийн хяналтын багцыг эзэмшигч “Туркойз Хилл Ресурс” компани өнгөрсөн баасан гаригт (2020.07.03) ордын нөөцийн шинэчилсэн тайлан болон техник, эдийн засгийн үндэслэлийн (ТЭЗҮ) шинэчилсэн хувилбарыг танилцууллаа. Шинэчилсэн ТЭЗҮ-ээр Оюутолгойн далд уурхайн төслийн ашиглалтад орох хугацаа 2016 оны ТЭЗҮ-д дурдсантай харьцуулахад 21-29 сараар хойшилно. Энэ нь 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургадугаар сарын хооронд далд уурхайн үйлдвэрлэл эхэлнэ гэсэн үг. Далд уурхайн хөрөнгө оруулалтын зардал анх тооцоолж байсан 5.3 тэрбум ам.доллар дээр нэмж 1.3-1.8 тэрбум ам.доллар шаардагдахаар болжээ.
  • Уржигдар 12 цаг 05 минутад
    2030 он гэхэд Япон улс нүүрсээр ажилладаг 100 цахилгаан станцыг хаахаар төлөвлөж буй тухай Kyodo агентлаг мэдээлжээ. Тус улсын хэмжээнд нийт 140 цахилгаан станц нүүрснээс эрчим хүч үйлдвэрлэж байна. Нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний хэрэглээг багасгаж, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх зорилтот ажлыг долдугаар сараас эхлүүлнэ гэж Японы Эрчим хүчний сайд мэдэгджээ. Өнөөгийн байдлаар, тус улсын нийт эрчим хүчний 32%-ийг нүүрснээс, 17%-ийг сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэж байна. 2030 он гэхэд нүүрсний эрчим хүчний үйлдвэрлэлийг 26% хүртэл бууруулахаар зорьжээ. 
  • Уржигдар 11 цаг 22 минутад
    Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компани “BHP group” нь анх удаа блокчейн платоформ ашиглан төмрийн хүдэр борлуулжээ. Тодруулбал, Хятадын “Baosteel” компанитай 14 сая ам.долларын худалдаа хийсэн байна. Энэхүү худалдаа нь Канадын технологийн “MineHub Technologies” компанийн боловсруулсан блокчейн платформоор хийгдсэн аж. “BHP group”-ийн Худалдаа, маркетинг хариуцсан захирал Михел Ховерс “Уг платформыг  ашиглан худалдааны гэрээг боловсруулж, баримт солилцон, ачааны тээвэрлэлтийн цаг хугацааг хянасан” гэдгийг тайлбарлажээ. Тус компани цаашид уул уурхайн бүтээгдэхүүний худалдааны төлбөр, баримт бичгийн боловсруулалтыг түргэвчлэх, тээвэрлэлтийг хянахад блокчейн платформыг ашиглахаар төлөвлөж буй аж.