Хариуцлагаар манлайлъя  

2019-12-02 11:31

Г.Идэрхангай

2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний пүрэв гариг. Энэ өдөр Монголын  парламентын түүхнээ, өргөн утгаараа ард түмний шинэ цагийн хууль эрх зүйн орчинд тодоор бичигдэн үлдэнэ. Бүтэн хорин жил яригдаж, сүүлийн таван сар зун, намрын өдрүүдийг алгасалгүй хэлэлцсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ намрын ээлжит чуулганаараа 64 гишүүний 100%-ийн саналаар батлав.  

Парламентад олонхийн суудалтай Монгол Ардын нам сөрөг хүчний оролцоогүйгээр дангаараа баталсан ч хэлэлцүүлгийн явцад гарч байсан олон талын саналуудын нэлээд нь төсөлд тусч, либерал  шинжтэй нэмэлт, өөрчлөлтүүд хийгджээ. Үндэсний зөвшилцлийг хангасан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэж олон нийт харж байна. Гэхдээ хууль тогтоох байгууллагын тэргүүний “Улс төрийн утаа арилж”, “Төр цэгцрэх их өөрчлөлтийг авчирна” гэх  чамин үгс өнөөдөртөө гоё сонсогдож байгаа ч ирээдүйд юу болохыг хэн ч эс таамаглана.

Эдүгээгийн улс төрийн ертөнцөд үүссэн нөхцөл байдал, нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт, эдийн засгийн хямрал, улс орны хөгжлийн удаашрал Үндсэн хуультай холбоотой гэсэн байр суурь хэт хавтгайрсан. Үндсэн хуулиа л өөрчлөхгүй бол Монголын нийгэм бүрхэг болоод байгаа мэт мессежийг ч улстөрчид хамгийн их түгээн дэлгэрүүлсэн. Бодит байдал дээр Үндсэн хууль гэхээсээ улс төрийн эрхийг барьж буй хүмүүсийн өөрсдийнх нь ёс зүй, эрх мэдлийн төлөө хууль бус тэмцэл л өнөөдрийн нийгмийн сөрөг талыг тодорхойлж ирсэн.

Монгол Улс 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан тодотголтой Үндсэн хуулиа баталснаас хойш 2000 онд анх удаа хөндөж, “дордох”-ын хэмээн нэрлэгдсэн 7 заалтад өөрчлөлт оруулсан билээ. Энэ удаад энэхүү 7 заалтаас зургаад нь нэмэлт, өөрчлөлт хийлээ. Хоёр удаа нийгмээрээ хэлэлцэж, гурав дахь удаагийн хэлэлцүүлгээ парламентын хуралдаанд гуравхан цагийн дотор хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт санасныг бодвол эерэг, нааштай өнгө төрхтэй гарчээ. Засгийн газрын амьдрах хугацаа юутай ч уртсах нь. Хоёр жилээс илүүгүй насалдаг, тогтворгүй Засгаас ард нийт залхаж, хөрөнгө оруулагчид болгоомжилж, дайжиж, шинээр гарч ирсэн эрх баригчид өмнөхөө үгүйсгэн цоо шинэ бодлого зарладаг жишиг тогтоод удаж байгаа. 1992 оны Үндсэн хуулиар Ерөнхий сайдыг чуулганы хуралдаанд сууж байгаа гишүүдийн олонхиор огцруулдаг байв. Одоо бол Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 19-өөс доошгүй гишүүн санаачилбал 3-10 хоногийн дотор хэлэлцэж, огцруулах эсэхийг нийт гишүүний олонхоор шийдвэрлэдэг болно. Өөрөөр хэлбэл 39-өөс доошгүй гишүүн санал нэгдэж байж Ерөнхий  сайдыг огцруулна. Ерөнхий сайдыг огцруулсан бол УИХ шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно, энэ хугацаанд томилж чадахгүй бол УИХ-ыг тараахаар заажээ.  

“Улсын төсвийг батлахдаа Засгийн газрын өргөн мэдүүлснээс бусад зарлагыг нэмэгдүүлж үл болно” хэмээн мөн тусгажээ. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийг УИХ “үймүүлж”, алдагдал ихтэй, зарлага нь хэтэрсэн төсөв баталдаг явдал зогсоно гэдгийг ч  хууль тогтоогчид итгэл төгс хэлж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын төсөв дээр дураар авирладаг байдлыг зогсооно. Гишүүдийн “давхар дээл”-ийн асуудал үе үеийн парламентын толгойн өвчин болсоор ирсэн ч шийдэлд хүрч байгаагүй. Гэхдээ энэ удаад 100% шийдвэрлээгүй ч “Ерөнхий сайд дээр нэмэх нь дөрөв хүртэлх сайд УИХ-ын гишүүн байж болно” гэсэн нь бас нэг  зөв зүйтэй шийдэл юм.  Юутай ч үүнийг хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн зааг ялгааг хадгалж, хяналт тэнцлийг хангах боломжийн хөшүүрэг болно гэж харж байна.

Ерөнхийлөгчтэй холбоотой хоёр чухал заалтыг төсөлд оруулжээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 45 байсныг 50 болгож, 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан гэх шалгуур тавьж, дөрвөн жилээр 2 хүртэл сонгогдох боломжтой байсныг зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдох зохицуулалтыг оруулсан. Одоогийн Төрийн тэргүүн ард түмнийхээ итгэлийг алдалгүй, бүрэн эрхийн хугацаандаа амжилттай ажиллаж чадах юм бол дараагийн 6 жилдээ дахин сонгогдож ажиллах боломж нөхцөлийг Үндсэн хуулиар олгожээ. Хэрэв чингэж чадвал бүтэн 10 жил Төрийн тэргүүнээр ажилласан анхны тохиолдол болно. Харин бусад Ерөнхийлөгч 6 жилд нэг удаа л сонгогдон ажиллана. Хэдий тийм боловч Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгоогүй бүрэн эрхийг хуулиар нэмж өгч, эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийг алдагдуулдаг байдлыг хумихаар болжээ.

Хамгийн их хэл амтай шүүхийн салбарыг зөв зүгт залах  чиг шугамыг ч Үндсэн хууль тодорхойлж өгсөн байна. Шүүхийн хараат бус, хариуцлагатай ажиллах суурь нөхцөлийг бий болгож, үүндээ Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн бүрэлдэхүүнийг тодорхой зааж, эрх мэдлийг нь багасгасан заалтуудыг энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр баталлаа.

Байгалийн баялгийг ашиглах зарчмуудыг энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тодотгож “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий,  баялаг ой, усны нөөц, ан амьтан  төрийн, нийтийн өмч мөн. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, шударга хүртээхэд чиглэнэ” хэмээн заажээ. Улс төрийн бүлэглэл, УИХ-д суудалтай нам, фракцуудын дунд хамгийн их маргаан дагуулсан энэ заалтад талууд нэгдэж, байгалийн баялаг төрийн өмч байхаас гадна нийтийн ашиг сонирхлын үүднээс ашиглах ёстой гэсэн саналыг дэмжлээ. 

Баялаг нийтийн өмч байх ёстой гэсэн санал бол Төрийн тэргүүнийх. Монголчууд баялгаас олох орлогоо нийтээрээ хүртэх юм байна гэсэн ойлголт шууд төрнө. Гэхдээ Үндсэн хуульдаа ингэж тусгасан болохоос биш энэ зорилгод хүрэхийн тулд улс төр өөрөө цэвэр тунгалаг, гадна дотны хөрөнгө оруулагчдаа гадуурхдаггүй, дарамталдаггүй байхаас эхлээд маш их ажил хийгдсэн байх хэрэгтэй.   

Ерөнхийлөгч болон УИХ-ын зарим гишүүд “стратегийн ордыг ашиглаж татвар төлсний дараах ашгийг 51%-иас доошгүй нь төрд ногдоно” хэмээн тусгахыг шаардаж байсан. Гэхдээ энэ заалтаас болж Үндсэн хуулийн ирээдүйн хямрал гарна гэдгийг хаа хаанаа ойлгоод “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” хэмээн арай зөөлрүүлэн ерөнхийдөө ард түмэнд үр өгөөжийг нь илүү хүртээх зарчмаа хадгалж үлджээ. Төрийн тэргүүн Үндсэн хуулийн төсөлд тусгасан саналаа амь оруулъя, бодитоор хэрэгжүүлье гэвэл Нийтийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журмыг тусгай хууль боловсруулж,   мөрдөх шаардлагатай. Уул уурхайн салбараас баяжиж хөлжсөн  гэх  “30 гэр бүл”-ийн “жагсаалт” гаргаж,  хаана оршиж хэр хэмжээний нөөцтэй нь үл мэдэгдэх 400 ордыг нийтийн болгох гэх мэт популист мэдэгдэл, тэр тусмаа Төрийн тэргүүний институтын зүгээс гарах нь яавч хариуцлагатай уул уурхайн хэлбэр биш. Нийгмээрээ хамгийн их ярьдаг сэдэв бол хариуцлагатай уул уурхай. Хариуцлага бүх салбарт байх ёстой нь үнэн. Монголын эдийн засгийг үндсэндээ нуруун дээрээ үүрч яваа уул уурхайн салбартаа төр өөрөө хатуурхаж, гадна дотны хөрөнгө оруулагчдыг үргээсэн, дарамталсан, хуулийн буруу зөрүү зохицуулалтаараа хямраасан үйлдэл сүүлийн нэг хоёр жилд бүр ч гаарав. Уул уурхайн салбарт төрийн  цэгцтэй, тогтвортой бодлого алдагдаж, холбооны улсын системээр ажилладаг жишиг ч тогтлоо. Хөвсгөл, Архангай, Увс, Завхан гээд дор бүрнээ  “уул уурхайгүй аймаг” хэмээн зарлаж, Засгийн газрын тэргүүн нь очиж үг хэлээрээ “баталгаажуулдаг”  явдал ч удаа дараа гарч байна. Үндэсний баялгийн санг байгуулна хэмээн Үндсэн хуульдаа тусгаж, ард түмэндээ байгалийн баялгийн орлогыг тэгш хуваарилан, ирээдүй хойчдоо өв хөрөнгөө үлдээх учиртай Монголын хамгийн том төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн эзэмших ёстой стратегийн ордуудын зарим нь “уул уурхайгүй” аймагт бий. “Байгалийн баялаг бүх ард түмний мэдэлд байна” гэснээс орон нутгийн өмчлөлд байна гэж Үндсэн хуульдаа заагаагүй билээ. Хэдийгээр салбарт баримталж буй төрийн бодлого (Уг нь Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой)  ойлгомжгүй энэ цаг үед уул уурхайн тэргүүлэгч компаниуд нэгдэн “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс-“ыг хэрэгжүүлж, таван түвшиндээ өөрөө өөрсдийгөө үнэлэн бусдыгаа манлайлах их аяныг эхлүүлээд байгаа нь сайшаалтай. Зөв зүйтэй, хариуцлагатай  үйл ажиллагаагаараа үлгэр жишээ болъё гэдэг дээр салбарын яам ч хүч өгч, Уул уурхайн үндэсний ассоциаци удирдан чиглүүлж байна.  “Хариуцлагаар нэгд” аянд нэгдэж байгаа компаниудын нэр хүнд өсч, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, улмаар нийгмийн лицензээ авч тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж улам нэмэгдэнэ гэдэгт найдаж байна. Ингэснээр иргэд уул уурхайн хариуцлага, нийгмийн лиценз болон салбарын талаар илүү нарийн, эерэг ойлголттой болно.

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч ихээхэн үүрэгтэй. Бодит, үнэн зөв, харьцуулсан мэдээллийг олон нийтэд өгч байж салбарт сайн жишиг тогтоно. Энэ ч үүднээс The Mongolian Mining Journal сэтгүүл хариуцлагатай, үлгэр жишээч компаниудыг тодруулах Mining Journal Awards ёслолыг өнгөрсөн жилүүдэд зохион байгуулж, уул уурхайн шинэ тутмын мэдлэг олгох, чадавхжуулах зорилгоор төвийн болон орон нутгийн сэтгүүлчдийг хамруулсан сургалтуудыг 10 жилийн туршид үе шаттайгаар явуулж ирэв. Тиймдээ ч сэтгүүлийн энэ удаагийн дугаараараа хариуцлагатай уул уурхайн сэдвийг онцлон хөндөж байна. Бодит, үнэн зөв, тэнцвэртэй мэдээллийг түгээж Хариуцлагаар манлайлахад хэвлэл мэдээллийн үүрэг, оролцоо их.  

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 8 цаг 22 минутын өмнө
    Быстринскийн зэсийн төслийн хувь эзэмшигчид Оросын “Норильский никель” компани, Хятадын “Highland Fund” консорциум нь опцион гэрээ байгуулжээ. Тус гэрээгээр, уг төслийн 13.3%-ийн эзэмшлээ Хятадын хөрөнгө оруулагчид худалдах эрхтэй болж байна. Оросын “Норильский никель” компанийн мэдээлснээр,  опцион гэрээ нь 2021 оныг дуустал хүчинтэй аж. Энэхүү төслийн 50.7%-ийг Оросын “Норильский никель”, 13.3%-ийг Хятадын “Highland Fund” консорциум, 36.6%-ийг Оросын “CIS NRF Holdings” компани тус тус эзэмшиж байгаа юм.
  • Уржигдар 23 цаг 06 минутад
    Монгол Улсын татварын албаны нэхэмжлэхийн дагуу “Оюутолгой” ХХК нь татварын актаар нөхөн ногдуулсан 229.8 тэрбум төгрөгийн татварыг (2021.02.25) төсөвт төлсөн байна.  Засгийн газрын Ажлын хэсгээс Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа хэлэлцээний хүрээнд “Оюутолгой” ХХК нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийг биелүүлж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгжийн нэгэн адил Монгол Улсад татвараа бүрэн төлөх шаардлагыг тууштай тавьсны үр дүнд татварын актаар тогтоогдсон нийт төлбөрөөс эхний ээлжийн 229.8 тэрбум төгрөгийн төлбөрийг ийнхүү төлж эхэлжээ.  
  • 2021-02-25 16:47
    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  хүдрийн ил уурхайн дэргэдээ Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэр байгуулж байна. Одоогоор тус үйлдвэрийн барилга, угсралтын ажил 60%, инженерийн шугам сүлжээний ажил 80 орчим хувь, төслийн  нийт гүйцэтгэлийн ажил 50 гаруй хувьд хүрснийг компани мэдээллээ. Үйлдвэрийг 2020 оны хөрөнгө оруулалтаар барьж байгаа аж.  Хэдийгээр “Эрдэнэт үйлдвэр” 1993 онд Монголд анх удаа 10 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай  Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг байгуулж өнөөдрийг хүртэл ажиллуулж байгаа ч цаашид аюулгүй ажиллагааг хангаж, эрсдэлээс хамгаалах үүднээс  дахин шинэ үйлдвэр байгуулахаар болжээ.
  • 2021-02-25 13:36
    Монгол Улсын Засгийн газар 2020-2024 онд уул уурхайн салбарт баримтлах бодлогоо  үйл ажиллагааны хөтөлбөртөө үндсэндээ тусгасан. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын  баримт бичигт нийцүүлж гаргасан уг хөтөлбөрийг ердөө зургаан сарын настай,  дээр нь КОВИД-19 цар тахлын  эсрэг бодитой ажиллаж чадаагүй гэсэн олон нийтийн эсэргүүцлийн улмаас огцорсон У.Хүрэлсүхийн танхимын ажлуудыг  дүгнэхэд мэдээж эрт байна. Гэхдээ  аль төсөл нь магад бодитой хэрэгжих  аль нь хэрэгжих  боломжгүйг одооноос хэлж ярьж, тооцоо судалгааг танилцуулж байхад буруудахгүй. 
  • 2021-02-24 16:37
    “Рио Тинто” группийн 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд олон улсын жишигт нийцүүлэн байгуулж буй 19 төрлийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдээс бүрдсэн PCR/ПГУ шинжилгээний гурав дахь цогц лабораторыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн (02.24) өглөө. “Монгол Улсын худалдаа, эдийн засгийн гол зангилаа, өмнөд хилийн алтан босго болсон Замын-Үүд боомт болон хил орчмын бүсэд гадаад худалдааны эргэлт тасралтгүй хэвийн явагдах нь цар тахлын энэ цаг үед туйлаас чухал байна” хэмээн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан онцолжээ.