Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

“Уул уурхайн эдийн засагт үзүүлж буй  нөлөөлөл” сэдэвт сэтгүүл зүйн бүтээлийн уралдааны   Мэргэжлийн шүүгчдийн Зөвлөлийн үнэлэлт, дүгнэлт

Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах 2019 оны энэ удаагийн сургалт нь “Уул уурхайн эдийн засагт үзүүлж буй   нөлөөлөл” сэдвийн хүрээнд хариуцлагатай болон хариуцлагагүй уул уурхайн ялгааг таниулахад чиглэсэн бөгөөд сэтгүүлчдийг энэ сэдвээр нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэхэд  сургалтын агуулгаа чиглүүлж  ажиллав. Сургалтын хүрээнд хоёр удаагийн вакум сургалт зохион байгуулахаар төлөвлөсний дагуу 21 аймгийн 35 редакцын 35 сэтгүүлч хамрагдлаа.       

“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас зарласан сэтгүүл зүйн бүтээлийн Удирдамжийн дагуу Уул уурхайн салбарын орон нутаг дахь өгөөж, Компанийн нийгмийн хариуцлага, Байгаль орчин, нөхөн сэргээлт, Иргэдийн уул уурхайн талаарх мэдлэг гэсэн үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд орон нутгийн сэтгүүлчид  сэтгүүл зүйн  төрөл жанраар (нийтлэл, нэвтрүүлэг гэх мэт)  бүтээлүүдээ бэлтгэн ирүүлсэн. 

2019 оны долдугаар сарын 2-ноос есдүгээр сарын сарын 31-нийг хүртэлх хугацаанд  зарласан бүтээлийн уралдаанд нийт 20 сэтгүүлчээс 32 бүтээл (12 нэвтрүүлэг, 20 нийтлэл) ирсэн юм. Ирсэн бүтээлүүдийг МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн доктор, профессор, уул уурхайн салбарын хараат бус шинжээч, “Оюутолгой” ХХК-ийн хэвлэл мэдээллийн баг, The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакцын төлөөллөөс бүрдсэн хараат бус  Мэргэжлийн шүүгчдийн зөвлөл аравдугаар сарын 21-ний өдөр шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулсан юм. 

Хараат бус Мэргэжлийн шүүгчдийн зөвлөлд:
Монгол Улсын уул уурхайн зөвлөх инженер, техникийн ухааны доктор, олон улсын эдийн засаг судлалын профессор Д.Галсандорж, Монгол Улсын сэтгүүл зүйн доктор, дэд профессор Б.Наранбаатар, уул уурхай-эдийн засгийн мэргэжлийн The Mongolian Mining Journal сэтгүүлийн редактор, сэтгүүлч Г.Идэрхангай, “Оюутолгой” ХХК-ийн Хэвлэл мэдээлэл, байгууллагын харилцаа хариуцсан Тэргүүн зөвлөх Э.Лхагва,  “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ, уул уурхай, эдийн засгийн мэргэжлийн The Mongolian Mining Journal сэтгүүлийн сэтгүүлч Э.Оджаргал нар багтсан болно. Мөн шалгаруулалтад Удирдамжийн дагуу шүүгчдийн оноог 70%, сошиал сувгуудаар цуглуулсан like, share-ийн тоо 30%-аар тооцож бүтээлүүдэд үнэлэлт, дүгнэлт өгсөн болно.  

  

Сэтгүүл зүйн бүтээл шалгаруулах Мэргэжлийн шүүгчдийн Зөвлөлийн хурлын тэмдэглэлээс товчлон хүргэж байна. 
/2019.10.21/

Сэтгүүлчдийн бэлтгэсэн нийтлэл, нэвтрүүлгийн  өнцөг санаа, удирдамжийн дагуу сэдвээ  олж харсан байдлаас  сургалтын үр дүн тодорхой харагдаж байна.  Зарим сэтгүүлч зөвхөн   аймгийн  хүрээнд бус, асуудлыг иж бүрэн цогцоор гаргаж ирэхийг зорьжээ. Дэвшүүлсэн санаагаа зөвхөн нэг аймгийн уул уурхайн асуудлын хүрээнд багтаалгүй, бусад аймагтай  харьцуулж баримт судалгаанд түшиглэн нийтлэл, нэвтрүүлгүүд  бэлтгэжээ.  Баримтуудын холбоос, логик   дарааллыг  нийтлэлийн турш цэгцтэй авч явах, талуудын байр суурийг тэнцвэртэй гаргаж ирэх  гэсэн удирдамжийн даалгаврыг сэтгүүлчид ихэд анхаарчээ. The Mongolian Mining Journal сэтгүүлийн бичлэгийн стандарт, форматад ойртуулсан, хэмжээ ур хийц нь нэлээд дөхсөн бүтээлүүд ирж байгаа нь сайн хэрэг.

Баримт нотолгоо сайн ч  боловсруулалт хангалтгүй, зарим тохиолдолд олж авсан баримтдаа баригдаж бичсэн нийтлэл, нэвтрүүлгүүд  байна. Нийтлэлээ сайн бичиж байгаад төгсгөлийг нь сулруулах тохиолдол ч гарч байна.  Өөрт олдсон мэдээллийг нийтлэлдээ шингээж, хэлэх гэсэн жижиг боловч санаагаа хөгжүүлээд явах юм бол сэдвийн агуулга   өргөн хүрээнд  уншууртай, олон нийтэд хүртээмжтэй  хүрдэг.  

Орон нутгийн сонинд тухайн нутаг дахь   уурхайтай холбоотой  сэдвийг бичих амаргүй. Сэтгүүлчид  сэдэв дагнан түүнийг хөгжүүлээд, мэдээлэл хуримтлуулах нь мэргэшсэн сэтгүүл зүйн давуу тал юм.  “Хариуцлагатай уул уурхай мэргэжлийн байхаас эхэлнэ” гэсэн өнцөг маш чухал. Сэтгүүлч удаа дараагийн сургалтуудад  чадавхжиж, тухайн сэдвээр мэргэшин     өөрийгөө  эвдэж,  тухайн сэдэв рүү хөрвөх чадварыг эзэмшиж  байгаа нь мөн л сургалтын үр дүн болов уу. Гэхдээ нийтлэлийн төгсгөл хэсэгт  үзэл бодлоо илэрхийлсэн,  өөрийн хувийн санаа шигтгээд дуусгадаг хэвшмэл тал ажиглагдаж байна.  Сэтгүүлчдээс ирсэн бүтээлүүдэд  бодол эргэцүүллийн  шинжтэй өгүүлэл байсан. Энэ нь тухайн сэтгүүлчийн өөрийн бичлэгийн өнгө аяс, уншигчдын хүрээлэлтэй холбоотой байж болох юм.

Хууль эрх зүйн мэдээлэл бэлтгэж, уншигчдад хүргэх  амаргүй, хуулийн зүйл, заалтуудын алдаа оноог зөв сонгож, түүнийгээ иш үндэстэй  бичих нь чухал.   Залуу сэтгүүлчид мэдээллийг уншигч, үзэгчдэд хүргэх сонирхолтой хэлбэрийг эрэлхийлж, тухайн сурвалжлага, нийтлэлээ мультмедиа хэлбэрээр  хүргэж байгаа нь шинэлэг байлаа. Энэ бол зөв хандлага. Тоо баримтыг нягтлан, асуудлын араас  тууштай эрэлхийлж  байгаа сурвалжлагууд байна. Ялангуяа үндсэн сэдвээ сонирхолтой дэд гарчгуудаар холбож өгсөн нь уншууртай болжээ. 

Асуудал хөндсөн, шийдэл эрэлхийлсэн  нийтлэл, сурвалжлага эхнээсээ л уншигч, үзэгчдийн сонирхлыг татдаг. Аливаа нийтлэл нэвтрүүлэг орчин цагийн уншигчдад хэрхэн хүрэх,  түүхийг баримттай өгүүлэх нь бас нэг шийдэл болдог. Үйл явдлыг өгүүлэх, өрнүүлэх юм бол тэр хуурай тоонууд ч амилна. Олж авсан  тоо баримт бүрт итгэж болохгүй, тал бүрээс нь дахин дахин нягтлах хэрэгтэй.  Тоон мэдээлэл, дата сэтгүүл зүйг орон нутгийн сэтгүүлчид нийтлэл нэвтрүүлэгтээ өргөн ашиглаж байгаа ч үйл явдлын дунд нь ороод явж байгаа сэтгүүлч тухайн асуудлыг өөрөө ойлгох, мэдрэх нь илүү чухал байна. 

Мөн  уул уурхайтай шууд холбогдолгүй ч  байгаль орчны асуудлыг хөндсөн сайн  нийтлэл, нэвтрүүлгүүд байна. Эдгээрийг холбогдох байгууллагуудад нь танилцуулах хэрэгтэй. 

Орон нутгийн сэтгүүлчдэд тухайн  орон нутаг, уурхайгаас шууд мэдээлэл бэлтгэх, асуудлыг газар дээрээс нь үнэн бодитой сурвалжлах, эх сурвалжаа баталгаажуулах давуу тал байна.  Сэтгүүлч зоримог шийдвэр  гарган хурц асуудлыг хөндөнө гэдэг хамгийн чухал. Асуудлаас гарц хайх, санаа дэвшүүлэх нь Хөгжлийн сэтгүүл зүйн зарчим юм. Сэтгүүлчийн томоохон чанар бол баримтуудыг шүүн тунгааж,  эргэлзэж байсан ч тэр эргэлзээгээ өөрөө тайлдаг байх хэрэгтэй. 

 

 “Уул уурхайн эдийн засагт үзүүлж буй   нөлөөлөл” сэдвийн хүрээнд 21 аймгийн 20 сэтгүүлчийн  35 бүтээлээс Local Mining Journalists Awards-2019   уул уурхайн мэргэшсэн сэтгүүл зүйн Шилдэг бүтээл шалгаруулах номинацид  шалгарсан нийтлэлийг цувралаар хүргэж байна.

www.mongolianminingjournal.com  сайтын Орон нутаг ба уул уурхай цэснээс сонирхоно уу.