Эрдсийн экспортод найдсан  төсвийн “халалт”

2019-11-15 11:29

The Mongolian Mining Journal /010.2019/

Б.Төгсбилэгт

МАН эрдсийн экспортын өсөлтөөр нөхцөлдсөн боломжийг алдахыг хүссэнгүй. Энэ удаагийн төсвийг “сонгуулийн жилийн төсөв” гэж тодотгож болно. Эдийн засагчдын тооцоолж байсанчлан энэ төсөв сонгуулийн жилийг угтсан, зардал өндөртэй халгисан төсөв болсонд гайхах зүйлгүй. 

 

Сонгууль дөхөөд сэтгэл хөдлөлдөө автуузай, төсвийн сахилга батыг бүү сулруулаарай хэмээн ОУВС эрх баригчдад анхааруулсаар ирсэн ч Сангийн сайд ирэх оны төсвийн орлогыг өөдрөг төсөөллөөр төсвийн зардлын хэт өсөлтийг эвтэйхэн тусгаж өгчээ. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлыг хуулийн хүрээнд тогтоосон тул бүх зүйл гаднаасаа сайхан харагдана. 

Тэнцвэржүүлсэн тэнцэл бол Төсвийн тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сангийн мөнгийг оруулаагүй дүн (эдгээр хоёр санд ирэх онд нийтдээ 1.1 их наяд төгрөг төвлөрнө). Тиймээс л алдагдал өндөр харагдаад байна гэж  Сангийн сайд ч тайлбарлана. 

Есдүгээр сарын 26-ны өдөр Сангийн сайдын УИХ-д өргөн барьсан 2020 оны төсвийн төслийг чуулганаар хэлэлцэн ид дундаа явж байна. Энэ зуур төсвийн зарлагыг хэтэрхий өндрөөр тогтоосон төдийгүй орлого ч хэт эмзэг болохыг эдийн засагчид шүүмжилж байгаа билээ. Төсвийн алдагдал ирэх 2020 онд -5.1%, 2021 онд -2.8%, дараа онд нь -1.4%-тай гарахаар тооцоолсон байгаа. Ирэх онд Засгийн газар төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор ямар нэгэн дотоод бонд гаргахгүй байхаар шийджээ. Үүний оронд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу Төсвийн тогтворжуулалтын сангаас нийт үлдэгдэл болох 478.8 тэрбум төгрөгийг хаман авч алдагдлыг нөхөхөөр тусгажээ. 

Хамгийн сүүлд 2017 онд тогтворжуулалтын сангийн хөрөнгийг эдийн засгийн хүндрэлтэй үед хаман авч төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулж байсан билээ. 

2020 онд тус сангийн хуримтлал руу гар дүрж байгаа нь эдийн засгийн харьцангуй тааламжтай нөхцөлд дэндүү бодлогогүй шийдвэр юм. Сангийн яам төсвийн зардлыг өсгөхдөө өнгөрсөн тавдугаар сард батлагдсан 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд дурдсан зардлын хэмжээнээс даруй 675 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн оруулжээ. Мөнхүү тэнцвэржүүлсэн орлогыг яг энэ хэмжээгээр буюу 675 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн тооцсон нь бизнес, эдийн засгийн идэвхжил илүү сайн байгаатай холбон тайлбарлалаа.

Төсвийн хүрээний мэдэгдэлд хэрхэн тусгаж байв 
(05.30-нд батлагдсан)


 
Шинэчилсэн төсвийн хүрээний мэдэгдэл 

(2019.09.26-нд өргөн барьсан) /тэрбум төг/

Улсын нэгдсэн төсвийн төсөөлөл           2020                2021              2022
Тэнцвэржүүлсэн орлого                          11,797.8           12,826.7        13,773.6
Төсвийн зарлагын дээд хязгаар             13,872.6          14,089.7         14,502.4
Төсвийн алдагдал (ДНБ-д эзлэх хувь)       -2,074.7 (-5.1%) 1,262.9 (-2.8%) 728.9 (-1.4%)


Зарлагыг хэт хумихаар ард түмний маань амьдралд нөлөөлчих гээд байдаг тал бий гэж Сангийн сайд тайлбарласан удаатай. Ирэх сонгуулиар МАН дахин сонгогдох эсэхийг хэлэхэд эрт байгаа ч энэ удаад уг төсөв тэднийг аврахад чиглэх учиртай. Одоо уг төсөв ард түмний сэтгэлийг дэвтээх чадамжтай эсэхийг харах л үлдэж байна. Ардчилсан нам төр барих үедээ томоохон бонд босгож, түүгээрээ хот хөдөөгүй баахан зам тавьсан ч сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээж нулимстай хоцорсон. Монголчууд өртэй байх дургүй болохыг өмнөх УИХ-ын сонгууль баталсан. Тэгвэл энэ удаад МАН халгисан төсөвтэйгөөр сонгуульд нүүр тулж байгаа ч, өрийн асуудлыг олигтой шийдсэн зүйлгүйгээр ард түмэнтэйгээ эргэн золгож байна. “Дайран дээр давс” гэгчээр Саарал жагсаалтын асуудал гарч ирлээ. FATF байгууллагаас Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан (аравдугаар сарын 18-нд) нь эдийн засгийн хувьд таагүй мэдээлэл юм. Гэхдээ Сангийн яам төсвийн төслийг боловсруулахдаа энэ аюулыг урьдчилан тооцоолсон тул төсвийн төсөлд төдийлөн нөлөөлөхгүй гэж мэдэгдэж байна. 

Нүүрс, алтны өсөлт зэсийн бууралтыг хазаарлана

Уул уурхайн салбарын ирэх оны орлогыг 2019 оныхоос 194.5 тэрбум төгрөгөөр буюу 7 орчим хувиар нэмэгдүүлэн 3.2 их наяд төгрөг байхаар тооцжээ. 2020 онд нүүрсний экспортын хэмжээг 42 сая тонноор тогтоож орлогыг нь 1.5 их наяд төгрөг байхаар төсөвлөсөн нь биет хэмжээгээр ч, үнийн дүнгээр ч дээд амжилтыг бэлгэдсэн хэрэг (2019 оны төсөвт нүүрснээс 1.3 их наяд төгрөг төвлөрүүлнэ гэж тооцсон). Үүний хажуугаар Үндэсний аудитын газар нүүрсний экспортын биелэлтэд нэг л итгэлгүй байгаа янзтай хаширлан төр засагт анхааруулж нэг үзнэ. Харин  зэсийн хувьд   1.16 их наяд төгрөг төвлөрүүлнэ гэж тооцсон нь 2019 оныхоос 150 орчим тэрбум төгрөгөөр доошилсон дүн болж байна. Алтнаас орох орлогыг 2019 оныхтой харьцуулахад хоёр дахин нэмэгдүүлжээ. Мөн бусад түүхий эдийн татвар хураамж ч ирэх онд багагүй хэмжээгээр нэмэгдэнэ гэж тооцжээ. 

Өөрөөр хэлбэл зэсийн орлого буурах төлөвтэй байгаа ч түүнийг нүүрсний орлогын өсөлт нөхнө гэж харж болно. Тэгэхээр нүүрс, зэс хоёр хамтдаа байхдаа хүчтэй гэж   уран сайхнаар тодорхойлж болно. Мөн алт болон бусад түүхий эдийн орлогын өсөлт нь уул уурхайн орлогыг нэмэгдүүлэхэд хүч хавсарна гэж харжээ. Тэгэхээр ирэх онд зэсийн орлогын бууралтад төдийлөн барайх зүйлгүй ажээ. Зэсийн орлого буурч буй шалтгаан нь 2020 оны ханшийн таамаг төдийгүй экспортын гарц сайнгүй байхтай холбоотой юм. 


Өөрөөр хэлбэл зэсийн экспорт ирэх онд 12.5%-иар буурах төлөвтэй байгаагийн сацуу дундаж үнэ 6000 мянган ам.долларын босгоос доош орохоор байгаа нь орлогын төлөвлөгөөг доогуур тооцоолох гол шалтгаан болжээ. Мөн “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой” компанийн уурхайнуудын хүдэр дэх зэсийн агуулга буурахаар  байгаа нь орлогын дүнг чангаах болсныг Сангийн яам учирлалаа.
Ингэснээр уул уурхайн салбарын орлого улсын төсвийн нийт орлогын 24.8%-ийг бүрдүүлнэ гэж харж байна. 


Төсвийн тогтворжуулалтын сан ба Ирээдүйн өв сан

Ирэх 2020 оны төсвийн төсөлд Төсвийн тогтворжуулалтын санд нийтдээ 125 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тогтсон. 2019 онд уг санд 322 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон бол ирэх онд уг хэмжээ 60%-иар танагдана гэсэн үг. Учир нь 2020 онд зэсийн тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд 6290.5 ам.доллар, харин зэсийн зах зээлийн үнийг 5991 ам.доллар буюу тэнцвэржүүлсэн үнээс 4.7%-иар багаар тогтоожээ. Тиймээс ирэх онд зэсээс Төсвийн тогтворжуулалтын санд хараад байх зүйлгүй болж хувирч байна. Гагцхүү нүүрснээс уг санд хөрөнгө орно гэж тооцжээ. Ирэх онд уул уурхайн орлогын гол хариуцлагыг нуруундаа үүрэх нүүрсний салбарыг төсөвт тооцоолохдоо, түүхий коксжих нүүрсний үнийн таамгийг 75 ам.доллар/тонн, баяжуулсан коксжих нүүрснийхийг 125 ам.доллар/тонн байхаар тусгалаа. Энэ нь 2019 оныхоос бууруулаагүй дүн юм. Харин Австралийн коксжих нүүрсний үнэ ирэх онд 150 ам.доллар/тонн болж буурна гэсэн таамгийг банк санхүүгийн байгууллагууд дэвшүүлээд эхэллээ. Учир нь Австрали, Хятадын коксжих нүүрсний үнэ буурах хандлага сүүлийн хэдэн сард хүчтэй ажиглагдаж эхэлсэн юм.  

Ирээдүйн өв сангийн хувьд нийтдээ 977 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тогтжээ. Энэ дундаа төрийн өмчит компаниудын ногдол ашгаар 155 тэрбум төгрөг (Эрдэнэт үйлдвэрээс 150 тэрбум төг, Монголросцветмет компаниас 5 тэрбум төгрөг), АМНАТ хэлбэрээр 792 тэрбум төгрөг, хүүгийн орлогоор 30 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлэхээр тооцлоо.


2020 он зээлийн төлбөргүй “амсхийх жил”

Сангийн яамны мэдээллээр 2021-2024 онд нийтдээ 2.9 тэрбум ам.долларын өр төлбөр төлөгдөхөөр хүлээгдэж байгаа юм. Харин 2020 онд ямар нэг гадаад өр төлбөрийн асуудал байхгүй. Эдгээр өндөр хүүтэй гадаад үнэт цаасны төлбөрийг эдийн засаг, төсөвт дарамт үүсгэхгүй байх өрийн менежментийг хэрэгжүүлнэ гэжээ. 

Энэ зуур төсвийн алдагдлыг нөхөхөөр гадаад зээлийн цуваа айсуй. Засгийн газар төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор ямар нэгэн дотоод бонд гаргахгүй байхаар шийдсэн гэж сайрхаж байна. Гэвч Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу Төсвийн тогтворжуулалтын сангаас нийтдээ 478.8 тэрбум төгрөг гарган алдагдлыг нөхөхөд ашиглахаар тусгажээ. 2017 онд   амаргүй нөхцөл байдалтай золгосон учраас уг сангийн мөнгийг ашиглаж байсан билээ. Тэгвэл энэ удаад нөхцөл байдал тийм ч хүнд биш  хэдий ч уг сангийн мөнгийг зарцуулж байгаа нь төсвийн үрэлгэн зардлын үр дүн гэж дүгнэж болохоор байна.  

Алдагдлыг санхүүжүүлэх үлдсэн эх үүсвэр болох Засгийн газрын зээлийн шугамаар ирэх онд 2.56 их наяд төгрөг орж ирнэ гэж төсөвт тусгажээ. Үүнд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 1.267 их наяд төгрөг, гадаадын төслийн зээлээр 1.296 их наяд төгрөг орж ирнэ гэсэн тооцоолол багтана. 

Ирэх онд дотоод бондын төлбөрт 263 тэрбум төгрөг, гадаадын төслийн зээлийн үндсэн төлбөрт 705 тэрбум төгрөг төлөхөөр байна. Мөн  гадаад дотоод зээлийн хүүгийн төлбөрт 959.8 тэрбум төгрөг төлөхөөр байгаа нь төсвийн орлогын 10%-тай тэнцэж байгаа юм. 

Засгийн  газрын гадаад үнэт цаасны үлдэгдэл 
/сая.ам.доллар/

Гадаад үнэт цаас    Дүн             Купон        Төлөгдөх огноо

1. “Мазаалай”        500$            10.875%      2021.04.06
2. “Чингис”             1.000$         5.125%        2022.12.05
3. “Гэрэгэ”              800$            5.625%        2023.04.26
4. “Хуралдай”        600$            8.750%        2024.03.09

 

Орон нутгийн хөгжлийн сангийн орлогыг 44 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ

Ирэх онд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд (ОНХНС) 188.4 тэрбум төгрөг хуваарилахаар тогтсон байна. Үүний дийлэнх нь АМНАТ-өөс буюу 64.7 тэрбум төгрөг, 24.8 тэрбум төгрөг нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр, 35.9 тэрбум нь АМНАТ-ийн орлогоос улсын чанартай томоохон төсөл хэрэгжүүлэгчийн төлсөн АМНАТ-ийг хассан зөрүүний 10%-ийн төлбөрөөс бүрдэх юм. Мөн 11.9 тэрбум төгрөг нь Газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 30%-иас бүрдэнэ. Энэ дундаа АМНАТ-ийн зөрүүний 10%, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50% зэрэг нь орон нутгийн орлогын шинэ эх үүсвэр болж байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр 50% байсныг 100% болгож байгаа нь хувь нэмэгдүүлсэн эх үүсвэр гэж Сангийн яам тайлбарлалаа. 


 
Сангийн яам ирэх онд төсвийн алдагдлыг санхүүжүүлэхээр дотоодын өндөр хүүтэй бонд гаргахгүй, орлогын хувьд итгэлтэй байж болно гэж мэдэгдэж байна. Гэхдээ ирэх онд АНУ-Хятадын худалдааны дайны болзошгүй үр дүн, Евро бүсийн эдийн засгийн тогтворгүй байдал үүсэх болон бусад эрсдлээс үүдэн түүхий эдийн ханшийн өөрчлөлт нь Монгол Улсын эдийн засгийг хялбархан ганхуулна гэдгийг олон улсын санхүүгийн байгууллагуудаас санууллаа. 

ОУВС өрийн хэмжээ өндөр байгаа төдийгүй эрдсийн экспортоос хэт хамааралтай байгааг анхааруулдаг.
Эдийн засаг тэлж байна. Гэхдээ эдийн засгийн өсөлтийн ард иргэд рүү чиглэсэн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Дэлхийн банкны Ахлах эдийн засагч Жийн Паскаль Нгану онцолсон юм. Нөгөөтэйгүүр хөдөө аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох байдлыг нэмэгдүүлэх сорилт тулгарч байгааг бас онцолж буй юм. 

2020 оны эдийн засгийн өсөлт энэ оныхоос саарч 6%-д хүрэхээр байна. Энэ нь уул уурхайн салбарын өсөлт буурахтай холбоотой. Учир нь ирэх онд Оюутолгойн хүдэр дэх алтны агуулгаас гадна  бусад эрдсийн экспортын ханш буурах хандлагатайг Монголбанк анхааруулав. 
Эдийн засаг томрох тусам өсөлтийн эрчмийг хадгалахад илүү зүтгэл шаардах болно. Эдийн засгийн тоон үзүүлэлтүүд сайжирсан боловч өрийн асуудлыг дахин санхүүжүүлэх зарчмаар шийдэхээс өөр дорвитой шийдэл үгүй  нь эдийн засгийн чадавхийг сулруулж байна. Эцсийн дүндээ гадаад зээл, тусламжийг зөвхөн төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулж буй нь төсвийн зарцуулалтыг илүү үр ашигтай болгох зайлшгүй шаардлагыг бий болгож байна.

Ирэх онд Гашуунсухайт боомтын шинэчлэлээр нэвтрэлтийн хэмжээ хоёр дахин нэмэгдэх боломжтой болно гэж харж байна. Гэхдээ мэргэжилтнүүд нэвтрүүлэх хэмжээг нэмэгдүүлэхэд дэд бүтцийн шинэчлэл гэхээсээ илүүтэй хоёр улсын төрийн түвшний хэлэлцээр голлох үүрэгтэйг анхааруулсаар байгаа билээ. Үндэсний аудитын газар гааль, татварын шинэчлэл дунд, урт хугацаандаа өгөөжөө өгөхөөр байгааг тэмдэглэсэн. 

Ирэх оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол бэрхшээл хоёр улсын хоорондын худалдааны дайн, санхүүгийн зах зээлийн эмзэг байдал, Хятадын өсөлтийн сааралт, Брексит зэрэг бодлогын тодорхойгүй байдлыг Сангийн яам нэрлэлээ.
2020 оны төсвийг сонгуулийн жилийн баяр хөөртэй төсөв гэж егөөдөж болно. Хүн бүр хангалуун байхыг хүсдэг. Ард түмнээ сонгуулийн жил хангалуун байлгахыг МАН хүссэн нь бүх зүйлээс тод харагдана. Гэхдээ төсвийн бодлого нь ганцхан жилд зориулагдах бус цаашдын жилүүдэд төсөвт үүсэх хүндрэлийг угтаж шийдэхэд чиглэх учиртай.

Гэвч Засгийн газар энэ удаад төсвийн зарлагыг хумих бус нэмэгдүүлэх бүхий л боломжийг алдалгүй ашиглалаа. МАН эрх барих дөрвөн жилийнхээ эхний үеийг эдийн засаг ямар муу байгааг илэрхийлж, АН-д тунирхаж өнгөрөөсөн бол одоо харин бүх зүйлийг гоё сайхан болж байгаа мэтээр ойлгуулах чадварт суралцжээ. Яг энэ үед 2020 оны төсөв мэндлэх нь байна.  
 

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (119.225.81.203)
    Эдийн засгийн өсөлт нь хасах руугаа орж байсныг ямар ч байсан тогтоогоод бүр нэмэгдүүлчихлээ. Бий болсон тодорхой эерэг үр дүнг үнэлж чаддаг байх хэрэгтэй.
    2019 оны 11 сарын 19 | Хариулах
  • Төгөлдөр (202.179.16.99)
    Манай улс 2020 онд ямар ч байсан дампуурахгүй гэсэн үг үү?
    2019 оны 11 сарын 15 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 15 цаг 1 минутын өмнө
    Монголбанкны алт худалдан авалт 2019 онд 15.2 тонн болж буурсан ч  он гарсаар есдүгээр сарын 22-ны байдлаар 15 тоннд хүрээд байна. Энэ онд алт худалдан авалт 2018 оны хэмжээнд хүрэх эсвэл давах хүлээлттэй байгаа юм. Өнгөрсөн 2018 онд төв банкны алт худалдан авалт 22 тонн хүрч дээд амжилт тогтоосон. Харин нүүрсний экспорт долдугаар сараас эхлэн өсч цаашид тогтворжих хандлагатай байна. Монголын эдийн засаг оны эхний хагаст маш хүнд байдлыг даван туулсан бол долдугаар сараас эхлэн эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж эхэлсэн байна. Энэ тухай Монголбанк (2020.09.23) “Ханшийн тогтвортой байдал” сэдэвт уулзалтын үеэр мэдээллээ. Америк долларын ханш долдугаар сард 20.81 төгрөгөөр чангарсан нь сарын дүнгээр энэ оны хамгийн их өсөлт болсон ч төгрөгийн ам.доллартай харьцах ханш найм, есдүгээр сараас харьцангуй тогтворжиж эхэллээ. Монголбанкнаас зарласан ханшаар нэг ам.доллар (2020.09.22-нд) 2,854 төгрөгтэй тэнцэж байна.
  • 17 цаг 54 минутын өмнө
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлтэй холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгохоор шийдвэрлэв. Инженерийн нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж, ажлаа энэ онд багтаан эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Шаардагдах хөрөнгийг зураг төслийн магадлал хийсэн дүнгээр “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлэх юм. Дээрх хоёр чиглэлийг холбосноор төмөр замын гол магистраль шугамтай шууд холбогдоно. Үүний зэрэгцээ Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суварга, Адуунчулуун, Чандгана, Талбулаг, Хөөт зэрэг зэс, нүүрс, вольфрам, цайр, жоншны ордыг ашигласнаар экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонн болж, төмөр замаар тээвэрлэх ачаа 3.5 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байна.
  • 22 цаг 58 минутын өмнө
    Монголын нутгаар дайруулан байгуулахаар “Сибирийн хүч 2” хоолойн төслийн яриа хэлэлцээр хоёр улсын Засгийн газрын түвшинд өрнөж байна. 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд Москвад хийсэн айлчлалаар Засгийн газар Оросын “Газпром” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэж байсан бол үүнээс хойш талуудын төлөөлөл багтсан Ажлын хэсэг гарч, төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах Монгол, Оросын хамтарсан компанийг байгуулав. Дараагийн шатанд “Эрдэнэс Монгол” болон “Газпром” компани хооронд нууцлалын гэрээ байгуулж, харилцан мэдээлэл солилцох, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ажиллана гэдгийг Монголын төрийн өмчит компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү (2020.09.02) мэдэгдлээ.
  • 2020-09-21 11:03
    Заамарын хөндийд үйл ажиллагаа явуулж байгаа Тосонгийн үйлдвэрийн нөхөн сэргээлт Монголдоо жишиг гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Хүний гараар бүтээгдсэн анхны цэнгэг устай хиймэл нуурыг 16 га талбайд байгуулж, 5.5 км урттай дөрвөн тусдаа ойн төгөл энд бий болжээ. Тосон Заамар шороон Заамар боллоо хэмээн яригддаг байсан үе бий. Тэгвэл “Ногоон Заамар” болох цаг айсуй гэдгийг Тосонгийн уурхайн нөхөн сэргээлтээс бэлхнээ харж болно. Уурхайн үйлдвэрлэлийн хамгийн том үр дүн нь  нөхөн сэргээлт.  Тиймдээ ч “Монполимет” групп нөхөн сэргээлтийг  олон улсын жишиг стандартын дагуу бодит утгаар нь хийж буйг газар дээр нь очиж танилцсан хүмүүс  үнэлдэг.  Энэ удаагийн зочид нь “Вагнер Ази”-ийхан байлаа. Учир нь, “Монполимет”, “Вагнер Ази” компанийн хамтын ажиллагааны  20 жилийн ой тохиож байна.
  • 2020-09-18 17:13
    “Дэлхийн эдийн засгийн чуулган”-аас (World Economic Forum /WEF/) Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь кобальтын олборлолтод хөдөлмөрийн нөхцөл, хүний эрхийг сайжруулах шаардлагатай тухай “Уул уурхайг аюулгүй, шударга болгох нь: БНАКонго дахь гар аргаар кобальт олборлолт” тайлан гаргажээ. Кобальт нь цахилгаан машин болон ухаалаг гар утас, зөөврийн компьютерын зай хураагуурын үйлдвэрлэлд үндсэн чухал түүхий эд болдог. Энэхүү тайланд дурдсанаар дэлхийн кобальтын хэрэглээ 2030 он гэхэд одоогийнхоос 4 дахин нэмэгдэх хандлагатай ажээ. Одоогийн байдлаар дэлхийн нийт кобальтийн нийлүүлэлтийн 70% нь БНАКонго улсад ногдож байна. Харин тус улсын нийт олборлолтын 30 хүртэлх хувь нь бичил уурхайгаас эх үүсвэртэй юм. Гэвч Конго дахь кобальтын бичил уурхайнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн шударга үнэлэмж орхигдох байдал түгээмэл байна. Ийм нөхцөлд дэлхийн кобальтийн нийлүүлэлтийн сүлжээнд олборлолтыг хариуцлагатай болгоход бэрхшээл учрах нь гарцаагүй юм.