Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Шилдэгүүдээ тодруулсан “LOCAL MINING JOURNALISTS AWARDS-2019

Монголын уул уурхай, эдийн засгийн мэргэшсэн сэтгүүл The Mongolian Mining Journal сэтгүүлийн  дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ төв, орон нутгийн сэтгүүлчдийг уул уурхайн сэтгүүл зүйгээр мэргэшүүлэх сургалтыг 2010 онд Өмнөговь аймагт эхлүүлэн 2015 оноос “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төсөл болгон өргөжүүлсэн юм. Өнөөг хүртэлх хугацаанд энэхүү төсөлд 21 аймгийн 35 сэтгүүлч тогтмол хамрагдан нийтдээ 13  удаагийн цуврал сургалтыг зохион байгуулаад байна. Тав дахь жилийн ойгоо тэмдэглэж буй уг төслийн үнэ цэнийг өргөх үүднээс анх удаа уул уурхайн мэргэшсэн сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах LOCAL MINING JOURNALISTS AWARDS-2019 ёслолын ажиллагааг арваннэгдүгээр сарын 2-нд “Кемпински” зочид буудалд зохион байгууллаа.

“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн 2019 оны  сургалтын  онцлог  нь  The Mongolian Mining Journal сэтгүүл 21 аймгийг хамарсан төслийн мэдээллийн сүлжээндээ тулгуурлан, бие даан “Редакцын зарчим”-аар буюу менторшип хэлбэрээр  “Орон нутаг ба уул уурхай” төсөл хэрэгжүүллээ.  Мөн  “Оюутолгой” ХХК-тай хамтран “Уул уурхайн эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт сургалтыг амжилттай хэрэгжүүлсэн юм. Энэхүү хоёр төслийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим болон Канадын Бритиш Колумбын Их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхим (The University of British Columbia’s Graduate School of Journalism), олон улсын сэтгүүл зүйн салбарт бие даасан мэдээллийн судалгаа явуулдаг Global Reporting Centre  (GRC) байгууллагууд сэтгүүл зүйн арга зүйн  дэмжлэг үзүүллээ. 

Орон нутгийн сэтгүүлчид “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас зарласан сэтгүүл зүйн бүтээлийн удирдамжийн дагуу, редакцын шалгуур үзүүлэлтээр The Mongolian Mining Journal сэтгүүл болон www.mongolianminingjournal.com сайтад 2019 оны гуравдугаар сарын 25-наас бүтээлээ нийтлүүлж эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд нийт 80 гаруй нийтлэл, нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл бэлтгэн ирүүлэв.  Бүтээлүүд сонин, телевиз, сайтын төрлөөр нийт 6 номинацид нэр дэвшин өрсөлдөж,  Шилдэг сэтгүүлч, бүтээлийг тодруулсан юм.
“Уул уурхайн эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт төслийн сургалтын сэтгүүл зүйн бүтээлийн уралдаанд аравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд нийт 20 сэтгүүлч 32 бүтээл (нийтлэл, нэвтрүүлэг) ирүүлснийг Мэргэжлийн шүүгчдийн зөвлөл шалгарууллаа. Мэргэжлийн шүүгчдийн зөвлөлд МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн доктор, профессор, уул уурхайн салбарын хараат бус шинжээч, “Оюутолгой” ХХК-ийн хэвлэл мэдээллийн баг, The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакцын төлөөлөл багтсан.

Сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах LOCAL MINING JOURNALISTS AWARDS-2019 ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн нийт зочид, орон нутгийн сэтгүүлчдэд хандан  Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбат үг хэллээ. Ёслолын ажиллагаанд мөн Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хүндэт профессор, шинжлэх ухааны доктор Д.Дондов, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн Дэд захирал, шинжлэх ухааны доктор, профессор Б.Пүрэвтогтох, Монголын экспортлогчдын холбооны Ерөнхийлөгч, Техникийн ухааны доктор Д.Галсандорж, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх, доктор Д.Бат-Эрдэнэ, “Дат консалтинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Алгаа, Монголын Өрөмдлөгийн холбооны Гүйцэтгэх захирал, доктор профессор Ж,Цэвээнжав, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Д.Энхболд, “Оюутолгой” ХХК-ийн Хэвлэл мэдээлэл, байгууллагын харилцаа хариуцсан Тэргүүн зөвлөх Э.Лхагва, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч Б.Наранбаатар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн ЭТИС хөтөлбөрийн төлөөлөл зэрэг нэр хүндтэй зочид уригдан оролцлоо.

“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-ын  2010 онд эхлүүлсэн сэтгүүлчдийг чадавхжуулах сургалтын ач холбогдлыг үнэлэн дүгнэж,  2015-2018 онд Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхийн  эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын Ажлын алба, “Оюутолгой” компани зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлэхийн зэрэгцээ сэтгүүлчдийг уурхайн бодит үйл ажиллагаатай танилцах аяллыг “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, “Бороо гоулд” зэрэг компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин ажилласан юм. Мөн ХБНГУ-ын сэтгүүл зүйн шилдэг туршлагатай доктор багш нар  сонирхолтой, үр өгөөжтэй сургалт явуулж ирсэн билээ.

"УУЛ УУРХАЙН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨЛӨЛ" төслийн ШИЛДЭГҮҮД:

ГРАН ПРИ-ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ-ээр Өмнөговь аймгийн www.melmii.mn видео сайтын эрхлэгч С.Сумьяагийн “Уул уурхайн салбар дахь төрийн бодлого-орон нутгийн хөгжилд” нэвтрүүлгээр,

НЭГДҮГЭЭР БАЙР-т Дорнод аймгийн “Агар” студийн сэтгүүлч Э.Отгонтуяа “Хууль хэрэгжихийг хүлээх зуур” нийтлэлээр,

ХОЁРДУГААР БАЙР-т Дархан-Уул аймгийн “Дархан” телевизийн сэтгүүлч Л.Отгонбаатар “Бичил уурхай бидэнд хэрэгтэй байна” нэвтрүүлгээр,


ГУРАВДУГААР БАЙР-т Ховд аймгийн khovdtimes.mn cайтын эрхлэгч Ж.Саруул “Хөшөөтийн уурхайн ил ба далд асуудлыг хөндөхүй” нийтлэлээр,


 

ТУСГАЙ БАЙР-т Баянхонгор аймгийн khongor.mn сайтын эрхлэгч Б.Чинбат “Хар дагуулсан алтны мөрөөр” цуврал сурвалжлагаар,

- Өмнөговь аймгийн “Алтанговь” телевизийн сэтгүүлч Н.Энхцэцэг “Зам дагасан тарчлаан” нэвтрүүлгээр,

- Ховд аймгийн “Ховд” телевизийн сэтгүүлч С.Жавзандуламын “Хөгжилд тэмүүлсэн он жилүүд” нэвтрүүлгээр тус тус шалгарсан тул  Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.




 
 "ОРОН НУТАГ БА УУЛ УУРХАЙ" мэдээллийн сүлжээ төслийн ШИЛДЭГҮҮД:

ГРАН ПРИ-ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ-ээр Сүхбаатар аймгийн “Сүхбаатарын өнгө” сонины эрхлэгч Д.Улаанхүүхэн “Сүхбаатар аймаг хариуцлагатай уул уурхайг дэмжиж ажиллана”, “Уул уурхайн орлогоор баялгийн санг бүрдүүлэх нь зүйтэй” зэрэг ярилцлага, сурвалжлага, бэлтгэсэн мэдээгээр,

Сонины ШИЛДЭГ БҮТЭЭЛ-ээр Баянхонгор аймгийн “Өнөөгийн Баянхонгор” сонины эрхлэгч П.Санаадагва “Хариуцлагатай уул уурхай мэргэжлийн байхаас эхэлнэ”, “Уул уурхайд ус агаар мэт хэрэгтэй зүйл бол ил тод, нээлттэй байдал” зэрэг нийтлэл, ярилцлагаар,

Сайтын ШИЛДЭГ БҮТЭЭЛ-ээр Дорноговь аймгийн “Д” медиа группын “Өнөөгийн Дорноговь” сонины сэтгүүлч П.Нямцэцэг “Урссан устай холбоотой “урсгаж” болохгүй сургамж”, “Эко хэлхээ” компанийн жонш баяжуулах үйлдвэрийн хүнцэлийн агууламж стандартаас их гарчээ” зэрэг нийтлэл, ярилцлагаар,

 

Сайтын “ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ”-ээр Өмнөговь аймгийн gobimedia.mn сайтын эрхлэгч Ч.Сумъяа “Метан хийн эрин зуун айсуй”, “Метан хийг олборлох нь Монгол улс, тэр дундаа Өмнөговь аймгийн хувьд чухал”, “Говьчуудад усгүй болох аюул ойрхон ирсэн” зэрэг нийтлэл, ярилцлагаар,

 

Сонины “ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ”-ээр Архангай аймгийн “Архангайн толь” сонины сэтгүүлч Х.Цэвэгмид “Нуклер Энержи Монголиа” компани ураны хайгуулын үйл ажиллагаагаа сэргээх үү?”, “Засгийн газраас хайгуул хийх саналууд ирдэг ч бид зөвшөөрдөггүй” зэрэг , сурвалжлага, ярилцлагаар,

 

Телевизийн “ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ-ээр -Орхон аймгийн Эрдэнэт хотын ETV HD телевизийн сэтгүүлч Б.Гантуяа “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах дэд хөтөлбөртэй болов”, “Эрдэнэт үйлдвэр”-ийн усны алдагдлын асуудлыг хэлэлцэв” зэрэг мэдээ, сурвалжлагаар тус тус шалгарсан тул Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнасан юм.