А.Түвшинбаяр: Өмнөговь аймгийн Политехник коллеж бүс нутагтаа аюулгүй ажиллагааны соёлыг түгээнэ

2019-10-29 13:56

 

 

 

 

 

 

Өмнөговь аймгийн Политехник коллежийн захирал А.Түвшинбаяртай ярилцлаа.

Энэ хичээлийн жилд танай сургуульд ямар мэргэжлээр хэдэн оюутан суралцаж байна вэ?

2019-2020 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн Политехник коллеж нь 800 орчим суралцагчтай үйл ажиллагаа явуулж байна. Ер нь жил ирэх тусам мэргэжлийн боловсролын сургалтын салбарыг сонгон суралцагчдын тоо эрс нэмэгдэж буй. Мэдээж үүнд олон хүчин зүйлс нөлөөлж байгаа. Улс даяар хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжилтэй ажилчдын эрэлт нэмэгдэж байна. Нөгөөтэйгүүр, ажил олгогчдын хувьд яг өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцэхүйц мэдлэг, ур чадвар, хандлага бүхий ажилчдыг зайлшгүй ажилд авдаг хэрэгцээ бий болсон нөхцөлд залуучууд маань сүүлийн жилүүдэд зөв сонголт хийдэг болжээ. Өмнөговь аймгийн Политехник коллеж нь энэ хичээлийн жилд 21 мэргэжлийн чиглэлээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 1 жил, 2,5 жил, 3 жилийн техникчийн ангитай.

2015 онд Өмнөговь аймаг “Оюутолгой” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээний хүрээнд танай сургуультай хамтран ажилладаг. Уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.

Энэхүү гэрээнд, ялангуяа орон нутгийн уугуул иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх заалт байдаг. Гэрээний хүрээнд “Оюутолгой” ХХК болон орон нутгийн удирдлагуудаас бүрдсэн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг нь мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг дэмждэг. Манай сургууль дээр “Оюутолгой” компанийн дэмжлэгтэй хоёр төрлийн сургалт явагддаг. Нэгдүгээрт, мэргэжил олгох буюу 1 жилийн сургалт юм. Энэ сургалт нь Австралийн сургалтын байгууллагын хөтөлбөрийг ижилсүүлэх байдлаар 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Тус сургалтыг Австралийн сертификаттай, Монголын гагнуурчны мэргэжлийн үнэмлэхтэй төгсдөг. Өнгөрсөн хугацаанд энэ хөтөлбөрөөр нийт 30 орчим залуучууд төгссөн байна. Үүний 50 орчим хувь нь “Оюутолгой” компанийн үйлдвэрлэлийн дадлагажуулагчийн хөтөлбөрт хамрагдан амжилттай суралцаад явж байна. Өмнөговь аймгийн Политехник коллежийн хувьд бол Оюутолгойн үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудын хэрэгцээ шаардлагыг хангахуйц бүтээгдэхүүн нийлүүлж байна гэж хэлж болно. Хоёрдугаарт, “Ажил хөдөлмөрт бэлтгэх” хөтөлбөр гэж байдаг. Уг хөтөлбөрийн гол онцлог нь орон нутгийн уугуул иргэдэд шаардлагатай шинэ ур чадварыг олгох юм. Ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад тулгуурлан мэргэжлийн чиглэлээ сонгож, 3 сарын хугацаатай явуулдаг юм. Өнгөрсөн хугацаанд 3 сарын энэ хөтөлбөрөөр бетон арматурчин, оосорлогч, дохиочин, оёдолчин, шат угсрагч гэсэн чиглэлээр хэд хэдэн удаагийн сургалтыг амжилттай явууллаа. “Ажил хөдөлмөрт бэлтгэх” хөтөлбөрийн хамгийн гол онцлог нь амьдрах ухааны хичээл ордог. Ажил олгогчид хамгийн гол нь хандлага сайтай ажилтан шаардлагатай байгаа тухай санал тавьдаг юм. Тиймээс 3 сарын энэ сургалтын эхний 1 сарын хичээл нь амьдрах ухааны хичээл, цаг баримтлах, стресс менежмент,  багаар ажиллах, харилцааны соёл, ажлын байран дээрх мэдээлэл дамжуулах зэрэг хичээлүүд ордог нь сургалтын гол онцлог юм. Энэ мэтчилэн “Оюутолгой” компани нь орон нутгийн мэргэжлийн сургалтын байгууллагыг чадавхжуулахад онцгой анхаарч ажилладаг. Мөн багш нарыг чадавхжуулах, материаллаг баазыг сайжруулах тал дээр дэмжлэг үзүүлдэг. Сүүлийн жилд бид олон улсын аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн ISO 45001 стандартыг нэвтрүүлэх ажил манай сургууль дээр эхлээд байна. Үүнд мөн Оюутолгойн сургалтын хэлтэс дэмжлэг үзүүлж байгаа юм. Түүнчлэн, 2010 онд “Оюутолгой” компанийн 2 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Автомашины засварчин, Гагнуурчин, Барилгын мужаан мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулах 1420 м.кв талбай бүхий орчин үеийн шаардлага хангасан дадлагын газрын өргөтгөлийн барилга баригдсан.  

Дөрвөн жил төлбөр төлж, их дээд сургуульд суралцаж төгсөөд ажилгүй залуус олон бий. Танай сургууль нас харгалзахгүй элсэлт авдаг гэсэн. Суралцахад таатай ямар ямар давуу талтай вэ?

Манай Политехник коллеж, юуны түрүүнд байршлын давуу талтай гэж хэлж болно. Энэ бүс нутагт уул уурхайн томоохон компаниуд үйл ажиллагаа явуулж байна. “Оюутолгой” компани, түүний туслан гүйцэтгэгч компаниуд нь гадны хөрөнгө оруулалттай томоохон аж ахуй нэгжүүд байдаг. Тиймээс сүүлийн жилүүдэд бусад аймгуудаас Өмнөговь аймгийн Политехник коллежийг зорьж ирэх суралцагчдын тоо эрс нэмэгдэж байна. Үүнээс гадна бас нэг онцлог бол ажил олгогчдын захиалгат сургалтуудыг манай сургууль амжилттай хэрэгжүүлж байна. Энэ дундаас ”Жи Си Ар” ХХК-ийг онцолмоор байна. Тус компани нь Өмнөговийн 60 залууг 3 төрлийн мэргэжлээр сургаж 100% ажлын байраар хангасан байгаа юм. Мөн өнгөрсөн онд “Үйлдвэрлэл ур чадварт-Ур чадвар үйлдвэрлэлд” гэсэн төслийг улсын хэмжээнд 7 сургуульд хэрэгжүүлсэн. Ажил олгогчдын хэрэгцээ шаардлага болон бүс нутаг, орон нутгийн хөгжлийн бодлого хөтөлбөртэй уялдуулан манай сургууль шинэ ангиудыг нээн хичээллүүлдэг. Ойрын төлөвлөгөөнд, ногоон байгууламж, нөхөн сэргээлт, тэр дундаа ойжуулалт, өрмийн оператор гэх мэт тухайн ажлын байран дээр шаардлагатай байгаа мэргэжлийн чиглэлээр анги нээж, элсэлт авч, бэлтгэх зорилготой. Ер нь орон нутагт нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил зохион байгуулагддаг. Ажлын байрны нээлттэй өдөрлөг болдог. Гэхдээ шаардлагатай байгаа ажлын байр, тухайн ажлын байранд тэнцэх хүмүүсийн тоог  харьцуулах юм бол хангалтгүй дүн харагддаг. Өөрөөр хэлбэл, ажил олгогчид шаардлагатай тэр ур чадварыг иргэд маань шинээр эзэмшихгүйгээр ажилд ороход хүндрэлтэй болсон. Тийм учраас сургалтын байгууллагад зайлшгүй суралцах ёстой юм. Улс орон даяар мэргэжилтэй ажилчдын эрэлт хэрэгцээ нэмэгдэж, мэргэжлийн боловсролын үнэ цэн, нэр хүндийг өсгөх тал дээр онцгой анхаарал хандуулж, 2019 оны нэгдүгээр сараас эхэлж, сар бүр 100 мянган төгрөгний стипендийг олгодог болсон.

Ирэх жилээс 200 мянган төгрөг болж нэмэгдэнэ гэсэн сайхан мэдээтэй. Эцэг эхчүүд, ялангуяа сурагч дүү нар маань ирээдүйд 4 жилийн дараа эзэмших мэргэжлээр тухайн орон нутагт, суманд ажлын байр байгаа эсэх талаар сайтар судлах хэрэгтэй. 4 жил гэдэг цаг хугацаа, асар их хөрөнгө мөнгө зарцуулаад төгсөхөд тухайн мэргэжлээр хөдөлмөрийн зах зээлд ямар ч орон зай байдаггүй. Тиймээс их дээд сургууль төгссөн залуус ажилд орохын тулд мэргэжлийн боловсролын сургуульд богино хугацааны сургалтад сууж байна. Энэ юуг харуулж байна вэ гэхээр хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжилтэй ажилчдын л эрэлт хэрэгцээ их байна. Нэгэнт мэргэжилтэй ажилчдын эрэлт хэрэгцээ байгаа бол заавал 4 жил сурч хөрөнгө мөнгөө үрэх шаардлагагүй. Мэргэжлийн боловсролын байгууллагад суралцаж хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнээд амьдралд хүрэлцэхүйц, баталгаатай цалин хангамж бүхий ажилд орох юм.

Манай сургуульд суралцагчдын хувьд дэлхийн хэмжээний тоног төхөөрөмж материаллаг бааз бүхий аж ахуй нэгжүүдэд дадлагаа хийх боломжтой. Коллежийн материаллаг бааз улсын хэмжээнд жишиг болохуйц гэж хэлж болно. 2018 оны арванхоёрдугаар сард улсын хэмжээнд жишиг болохуйц гагнуурын байртай болсон бөгөөд Гагнуурын чадамжийн төв гэж нэрлэж байгаа юм. Түүнээс гадна байгууллагын үйл ажиллагааг дэмжиж маш олон төсөл хөтөлбөр хэрэгждэг. Тэр дундаа Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн GIZ-ийн төслийг онцолж хэлмээр байна. Энэ төслийн хүрээнд манай коллежийн мэргэжлийн багш нар бүгд Герман улсад мэргэжил дээшлүүлсэн. Мөн материаллаг баазыг хангахад онцгой анхаардаг төсөл юм. Төслийн хүрээнд манай сургууль дээр Германы мэргэжлийн зөвлөхүүд ажилласан. Энэ жилээс Германы үйлдвэрлэлийн механикийн зөвлөх ажиллах гэж байна. Австралийн Засгийн газраас дэмжлэг үзүүлж, хоёр дахь жилдээ Австралийн сайн дурын ажилтан манай сургуульд менежментийн зөвлөхөөр ажиллаж байна. 2020 он гармагц Австралиас Англи хэлний багш ирнэ. Энэ мэтчилэн гадны төсөл хөтөлбөрүүд байгууллагын менежментийг сайжруулах чиглэлээр онцгой анхаарал хандуулдаг зэрэг давуу талтай.

Уул уурхайн компаниудад зөвхөн уул уурхайн мэргэжлээр хязгаарлагдахгүй туслан гүйцэтгэгч үйлчилгээний компаниудад танай төгсөгчид бас ажилладаг байх аа. Төгсөгчдөө хөдөлмөрийн зах зээлд зуучлах ажил зохион байгуулж байна уу?

Ер нь 3 сарын сургалт, 1 жилийн сургалтын төгсөгчдийн дийлэнх нь ажилтай болж байна. 15 төгсөгч маань “Оюутолгой” компанийн сургалтын хөтөлбөрт хамрагдан ажилд орно. Богино хугацааны сургалтын төгсөгчид маань ч бас Оюутолгойн туслан гүйцэтгэгч компаниудад ажилд ороод явж байна. Тухайлбал,  “Жи Си Ар” компанийн захиалгаар 11 гагнуурчин бэлтгэж 100% ажилд орсон. Энэ зун маш амжилттай төслийг хэрэгжүүллээ. “Ур чадвар үйлдвэрлэлд” гэсэн төслийн хүрээнд 97 залуу суралцсанаас одоогийн байдлаар 60 орчим нь төгсч, үүнээс 31 нь “Жи Си Ар” компанид ажилд ороод буй. Мөн оёдлын анги, цахилгааны техникч, ХАБЭА техникчийн мэргэжлээр төгсөгчид 100% ажлын байраар хангагдаж байна. Томоохон туслан гүйцэтгэгч “Саппорт сервис Монголиа” ХХК нь Оюутолгой кэмпийн талбар дээрх бүх үйлчилгээг хариуцдаг. Манай сургууль үйлчилгээний ажилтны 3 сарын сургалт хийж тус компанид 10 залууг бэлтгэн ажилд оруулсан.

Залуу захирлын хувьд сургуулийнхаа ирээдүйг хэрхэн харж байна?

Манай сургууль олон улсын ISO 45001 стандартыг нэвтрүүлэх ажил эхэлсэн. Тун удахгүй олон улсын аудитаар баталгаажилтаа хийлгэх гэж байна. Энэ стандартыг нэвтрүүлснээр ажил олгогчдод ийм стандартыг хангасан байгууллага гэдгээ зарлаж байгаа юм. Нөгөөтэйгүүр, манай төгсөгчдийн ажлын байртай болох боломж улам бүр нэмэгдэх ач холбогдолтой. Цаашлаад энэ бүс нутаг орон нутгийн хэмжээнд аюулгүй ажиллагааны соёлыг түгээгч байгууллага болохыг манай сургууль зорьж байгаа юм. Миний хувьд, энэ сургуулийн захирлаар 3 дахь жилдээ ажиллаж байна. Салбарт хэрэгжиж байгаа маш олон бодлогын хөтөлбөрүүд байдаг. Тухайн бодлогын хөтөлбөрүүдтэй сургуулийнхаа стратеги төлөвлөгөөг уялдуулах, мөн орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулах хэрэгцээ шаардлага гарч ирж байна. Ирэх он жилүүдэд манай бүс нутагт ямар бүтээн байгуулалт хийгдэх, тэнд ямар ажлын байрууд шаардлагатай, хөдөлмөрийн зах зээл дээр ямар мэргэжилтэй ажилтныг илүүд үзэж байна гэх мэт бүх мэдээллийг урьдчилж харах нь их чухал. Ингэснээр шаардлагатай мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх юм. Бэлтгэнэ гэдэг нь материаллаг бааз, багшлах боловсон хүчнээ бэлтгэх, үүний дараа тухайн мэргэжлээр шинээр анги нээх боломжтой болдог. Тиймээс техник технологийн өөрчлөлт шинэчлэлт богино хугацаанд хувьсан өөрчлөгдөж байгаа энэ цаг үед ч гэсэн сургалтын байгууллага хоцрохгүй байх хэрэгтэй. Хэрвээ хоцорвол сургалтын байгууллагын тоног төхөөрөмж хоцрогддог. Гэтэл ажлын талбар дээр огт өөр орчин, дэвшилтэд техник, технологи байх юм бол бидний бэлтгэсэн бүтээгдэхүүн бол хэрэгцээ шаардлага хангахгүй болж хувирна гэсэн үг.

Цаг гарган ярилцсанд баярлалаа
 
 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 11 цаг 55 минутын өмнө
    Төсөл санаачлагчийг төлөөлж, “Эрдэнэс-тавантолгой” ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэлх хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг энэ оны аравдугаар сарын 21-ний өдөр зарлаж, 90 хоногийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.
  • 14 цаг 9 минутын өмнө
    “Баян зам” тээвэрчдийн холбооноос өнөөдөр /2021.10.20/ мэдээлэл хийж, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг иргэдэд буруу мэдээлэл өгсөн гэх үндэслэлээр шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ. Төрийн тогтворгүй үйл ажиллагаанаас үүдэн нүүрс тээврийн үйл ажиллагаа зогссон гэж үзээд тус холбооны 2000 тээвэрчдийг  шланзтай нь хотод авчирна гэлээ. “Баян зам” тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү: -Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл хийхдээ хэд хэдэн баримтаар тээвэрчдийг, тээвэрчдийн холбоог гүжирдлээ. Тодруулбал, “Баянзүрх” тээвэрчдийн холбоо нь тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах ёстой атлаа бизнес хийж байна гэж ярьсан. Мөн энэ холбоонд 100 гаруй компани байдаг байтал 31 компани гэсэн. Холбоог замын хураамжаа өг, үгүй бол тээвэрт явуулахгүй гэж дарамталдаг гэлээ. Ийм буруу мэдээлэл хийж, нэр төрд халдсан гэх үндэслэлээр өнөөдөр /2021.10.20/ түүнийг шүүхэд өгч байна.
  • 14 цаг 26 минутын өмнө
    Лондоны металын бирж дээр өчигдөр (2021.10.19) нэг тонн зэсийн шууд худалдааны үнэ 7.2%-иар өсч 11299.5 ам.долларт хүрснээр шинэ дээд амжилт тогтоосон байна. Мөн Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр 10572 ам.доллар/тонн-д хүрсэн нь тус биржийн түүхэн дэх хамгийн өндөр ханшаар тэмдэглэгдлээ. Хаалтын ханшийн тухайд Лондоны металын бирж дээр өчигдөр зэсийн шууд худалдааны үнэ 10652 ам.доллар/тонн, гурван сарын гэрээт үнэ 10270 ам.доллар/тонн-оор тогтжээ. Ханш өсөхөд зэсийн нийлүүлэлт буурч буй мэдээлэл нөлөөлсөн байна.
  • 16 цаг 19 минутын өмнө
    Уул уурхайн салбарын төрийн зохицуулалтын нэгэн хэлбэр болгон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг байгуулахаар зэхэж байна. Холбогдох хуулийн төслийг УУХҮЯ цахим хуудастаа нийтлэн танилцуулжээ. Эрдэс баялгийн бирж хэмээн өмнөх хэлэлцүүлгүүдийн үеэр нэрлэж байсан боловч хуулийн танилцуулгад Уул уурхайн бүтээгдэхүүний бирж хэмээн нэрийг нь өөрчлөв. Уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засгийн зонхилох салбар болоод удаж байна. Сүүлийн 15 жилд уул уурхайн салбарын улсын төсөвт төвлөрүүлэх орлого тогтвортой нэмэгдсээр ирсэн. 2021 оны эхний долоон сарын гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 32.5%-ийг бүрдүүлж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг байгуулах шаардлага, үндсэн зорилгыг улсын эдийн засагт үзүүлж байгаа салбарын үр өгөөжийг улам нэмэгдүүлэх, салбарын орлогыг ил тод болгох, уул уурхайн экспортын бүтээгдэхүүний стандартыг хангах юм.
  • Уржигдар 10 цаг 48 минутад
    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэх, хүний аюулгүй байдлын соёлыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ” (Хөдөлмөрийн аюулгүй байдал) бага хурал нь “Аюулгүй байдал ба Ковид-19” уриан дор 2021 оны 10-р сарын 21, 22-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдах гэж байна.