Хүнд  даалгавартай “Эрдэнэс Тавантолгой майнинг”   

2019-10-21 12:47

Г.Идэрхангай


Эрдэнэс Тавантолгой” ХК  охин компа­нитай болж, зохих ёсны өмч хөрөнгөө хуваарилж эхэлсэн нь олны анхаарлыг  татаж байна. “Сүүлд ургасан эвэр” гэдэг шиг шинээр байгуулагдаад буй “Эрдэнэс Тавантолгой майнинг”  олон улсын бирж дээр IPO гаргавал компанийн засаглал   сайжрахаас эхлээд Зүүн цанхийн хэсгийн уурхайн менежмент Баруун Цанхиасаа эрс ялгарах  нь тодорхой. Охин компанид  толгой компаниас нь илүү эрх мэдэл өгч, хөрөнгө татах боломжийг Засгийн газар долдугаар сарын 9-ний 296 дугаар тогтоолоороо олгосон билээ. 
Уг тогтоолын дагуу Тавантолгой ордын Зүүн цанхийн хэсэгт үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс Тавантолгой майнинг” компани байгуулагдаад сар хүрэхгүй хугацаа өнгөрч байгаа ч удирдлагын томилгоонуудаа богино хугацаанд хийж, аж ахуйн хэлбэрээ бүрдүүлэх   ажлаа шуурхайлж байна. “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд 600 гаруй, Улаанбаатар дахь төв оффист нь 200 гаруй хүн ажилладаг. Төв оффисын  тэргүүлэх мэргэжлийн 60 гаруй  ажилчдыг эхний ээлжинд охин компани руу татаж, дахин нэмж авах хүмүүсийн жагсаалт ч гарсан сурагтай. Үүнтэй зэрэгцэн   толгой компанийн Үйлдвэрчний эвлэлээс мэдэгдэл гаргаж, хөдөлмөрийн гэрээтэй ажилчдыг    шилжүүлэн авч байна хэмээн ундууцав.  

Энэхүү нөхцөл байдлыг  2015 онд хятад эзэнтэй “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-д ажилчдаа шахаад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг “цаасны” компани болгох гэсэнтэй адил үйлдэл хэмээн харьцуулж байна. Зөвхөн энэ байдал нь эцэг, охин компанийн  хооронд дотоод  үл ойлголцол удирдлагын түвшинд гэхээсээ ажилтан, албан хаагчдын дунд өрнөх шинжтэй. Гэхдээ шинэ баг хэрхэн ажиллахаас их зүйл хамаарна. Баруун, Зүүн цанхийн уурхай  хоёр өөр менежментээр явагдах энэ эгзэгтэй цаг үед компани хоорондын дотоод  ойлголцол юу юунаас чухал бөгөөд IPO гаргах хугацаа өдөр хоногоор ойртож буй, УИХ-ын сонгууль дөхсөн үед анхаарлаа онцгой хандуулах зүйл бол энэ.
 Нөгөө талаас улс төрийн шийдвэр талаасаа “Эрдэнэс Тавантолгой майнинг” компанийг байгуулахад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр харилцан ойлголцолд хүрсэн үү гэдэг тодорхойгүй. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга одоогоор IPO гаргах хэрэггүй, “Эрдэнэс Тавантолгой” компани олсон ашгаараа төмөр замаа тавьж, иргэдэд хувьцааг нь олго хэмээн гэдийж байсан нь саяхан. Харин салбарын сайд   IPO  гаргана  гэж итгэл төгс зүтгэж байгаа. 2019 ондоо багтааж IPO гаргана, тэгэхгүй бол УИХ-ын сонгуультай тулж, улс төржилт гаарахын хэрээр бүх  зүтгэл талаар болно гэдгээ Салбарын сайд удаа дараа хэлж байсан билээ.   
 Арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт ажлын үр дүнгээ  Засгийн газрын хуралдаанд танилцуулж, ирэх  оны хоёрдугаар сард IPO-гийн бэлтгэлээ бүрэн хангах үүргийг Х.Наранхүү гүйцэтгэх захиралтай “Эрдэнэс Тавантолгой майнинг” компанийн шинэ баг хүлээж байгаа. Энэ бол маш хэцүү даалгавар. Гэхдээ хэцүү гээд хойш суух эрх шинэ багийнханд байхгүй. Шинэ баг Х.Наранхүү захирлаас гадна зургаан дэд захирал, 16 хэлтэстэй. Удирдлагын маш том бүтэцтэй, эрх мэдэл томтой компани мэт  харагдаж байгаа боловч тэд одоогоор эцэг компанийхаа хажуу хавирганд түрээсийн жижигхэн өрөөнд   ширээ дүүрэн бичиг цаасны ажилдаа “дарагдан” сууцгааж байна. Учир нь Монголын стратегийн ач холбогдол бүхий хамгийн том нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч, хамгийн их ашиг орлоготой (2018 онд 800 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан) “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл хотын төвийн түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж ирсэн. Харин охин компанийн хувьд цаашид ийм байдалтай үйл ажиллагаа явуулах боломж муутай. Олон улсын хөрөнгийн зах дээр IPO гаргах гэж байгаа компанид  дэлхийн түвшний  соёлтой, ажил хэрэгч хөрөнгө оруулагчидтай өдөр тутамдаа уулзах тохилог өрөө, тав тухтай орчин нэн шаардлагатайг шинэ багийн гишүүд хэлж байна. 
“Эрдэнэс Тавантолгой майнинг” компани цаашид ямар ажлууд хийх вэ гэдэг сонирхолтой. “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас шилжүүлж авсан Зүүн цанхийн уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл дээрээ охин компани амжилттай сайн ажиллаж чадвал үлдсэн 7 тусгай зөвшөөрлийг үе шаттайгаар шилжүүлж авах ажил үргэлжлэх аж. Засгийн газрын тогтоолын  2.2-т “Тавантолгой нүүрсний ордын үнэ цэнийг цаашид үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдээс эхний ээлжинд MY-011943 дугаар бүхий Цанхийн зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн охин компанид эзэмшүүлэх” гэсэн өгүүлбэр бий. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр үлдээд байгаа Баруун цанхи, Бор тээг, Бортолгой зэрэг ашиглалтын 8 тусгай зөвшөөрөл  IPO хэрхэн гарахаас хамааран охин компани руу шилжих эрхийг нээж өгсөн гэсэн үг. Гэхдээ “хэлэхэд эрт байна” гэдэгчлэн Зүүн цанхийн уурхай дээр “Эрдэнэс Тавантолгой майнинг” компани ямар менежментээр, хэрхэн ажиллахыг ойрын хэдэн сарын ажлууд харуулах биз ээ. 
“Эрдэнэс Тавантолгой”-н нийт үйлдвэрлэлийн 60 гаруй хувь нь Зүүн цанхийн уурхайд явагддаг. Сайн чанарын коксжих нүүрсний 795 сая тонн нөөц энэ хэсэгт  бий. Үйл ажиллагаа нь  жигдэрсэн, үндэсний олборлогчдын хүчээр гол ажлуудаа нугалж байгаа ийм компани гадаадын хөрөнгийн биржийн бүх шаардлагыг хэр хангахаас цаашдын амжилт үргэлжилнэ. 
“Эрдэнэс Тавантолгой майнинг” компани нь  есдүгээр сард  багтан толгой компаниасаа  санхүү, балансаа салгаж, аравдугаар сарын 1-нээс бие даан ажиллах юм байна. Санхүү, дэд бүтэц, боловсон хүчин, менежмент, хууль эрх зүй, үйлдвэрлэлийн хувьд бүрэн бие даасан үйл ажиллагаа явуулж байж  л хөрөнгө татах учраас ойрын өдрүүдэд амжуулах ажил нь энэ. Түүнчлэн  IPO хийхийн тулд олон улсын  хөрөнгийн биржийн журмын дагуу 12 төрлийн зөвлөх үйлчилгээг “Эрдэнэс Тавантолгой майнинг” компани авах ёстой. u

Одоогоор санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. Салбарын сайдын хүчин чармайлтаар Тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь ач тусаа өгч, зөвлөх үйлчилгээний компаниа шууд сонгох боломжийг  бүрдүүлсэн. 
Арван жилийн түүхтэй “Эрдэнэс Тавантолгой” компанийн сүүлийн 3 жилийн түүхийг бүх чиглэлээр нь тайлан гаргаж англи хэл дээр боловсруулж зөвлөх компаниудад танилцуулахаас эхлээд бичиг цаасны ажил маш их гэдгийг шинэ багийн гишүүд нуусангүй.  Цаашид шил шилээ дарсан олон ажил хүлээж байгаа. Засгийн газрын 296 дугаар тогтоолын дагуу  “Эрдэнэс Тавантолгой майнинг”-ийн хувьцааг 100% эзэмших “Эрдэнэс Тавантолгой интернэшнл” компанийг оффшорын бүсэд байгуулах учиртай.  Улмаар оффшор компанийн хувьцааны 30%-ийг олон улсын хөрөнгийн зах зээлд борлуулах ажил бас бий. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой интернэшнл”-ийн ( компанийн нэрийг албан ёсоор тогтоогоогүй байна) хувьцааны 70%-ийг “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэмшиж, үлдсэн нь олон улсын хөрөнгө оруулагчдын мэдэлд очих юм. 
Монголоос анх хувийн хэвшлийн компаниуд, тодруулбал нүүрсний салбараас “Энержи Ресурс” компани 2010 онд Хонконгийн хөрөнгийн биржид гарахдаа оффшор бүсэд бүртгүүлсэн. Харин энэ удаад төрийн өмчит компани оффшор бүсэд бүртгүүлж олон улсын бирж  дээр гарах нь мөн анхны тохиолдол болно.  Энэ мэт  шинэ багийн хүч чадлыг сорих олон ажил бий. Монголын уул уурхайн салбарын өнгөрсөн арван жилийн түүхэнд таван Засгийн газар, таван Ерөнхий сайд Тавантолгой ордыг олон улсын биржид гаргах мөрөөдлөөр жигүүрлэн, хэдэн янзын менежмент боловсруулан ажиллаж байсан ч өнөөдрийг  хүртэл бүтэлтэй болсон нь үгүй. 
Шинээр байгуулагдсан “Эрдэнэс Тавантолгой майнинг” компанийг ямар хувь тавилан хүлээж байгааг ч таашгүй.  Хөрөнгө оруулагчид ч Монголын төрийг   Тавантолгой ордыг (Баруун, Зүүн цанхийн уурхайг хамтад нь) иж бүрнээр эдийн засгийн эргэлтэд оруулж, олон улсын хөрөнгийн бирж дээр IPO  босгоно гэсэн бодолтой өнөөдрийг хүртэл явж ирсэн. Тэд энэ удаад  охин компанид нь хэр итгэж ажиллахыг мөн л цаг хугацаа, улс төрийн нөхцөл байдал харуулна. Хууль тогтоох дээд байгууллага нь тарах дээрээ тулж байгаа өнөөдрийн энэ цаг үед хөрөнгө оруулагчид Тавантолгойн шинэ хөзрийг өөр өөрийнхөө дүгнэн харж буй биз ээ. 


 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 16 цаг 36 минутын өмнө
    Уул уурхай, эрүүл мэндийн тусламж, цэрэг хүчний байгууллага гээд  байнгын бэлэн байдалтай байж, шуурхай үйл ажиллагаа авч хэрэгжүүлдэг онцлог бүхий байгууллагуудын хувьд хөдөлгөөнт радио холбоо нь харилцаа холбооны хамгийн чухал хэрэгсэл нь болдог. Технологийн хөгжлийг даган хөдөлгөөнт радио холбооны хэрэглээ нь уламжлалт аналог системээс тоон радио систем рүү шилжих хандлага эрчимтэй өрнөж байна. “Ай Ти Зон” компанийн UC мэргэжилтэн Б.Мөнхзаяатай харилцаа холбооны дэвшилтэт технологи болох “Тоон радио холбоо”-ны талаар ярилцлаа. 
  • 2019-11-07 16:35
    Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн (China International Import Expo, CIIE) Шанхай хотноо арваннэгдүгээр сарын 5-нд нээгдсэн бөгөөд таван өдрийн турш үргэлжлэх юм. Энэхүү үзэсгэлэн нь 2018 оноос зохион байгуулагдах болсон билээ. Энэ жилийн үзэсгэлэнг нээж БНХАУ-ын дарга Си Жинпин үг хэлж, 2020 оны нэгдүгээр сараас Хятад улсад бизнесийн орчныг сайжруулах, зах зээлийн бүх оролцогчдын бизнес эрхлэх аюулгүй байдлыг хангах тухай төрийн шинэ бодлого хэрэгжинэ гэдгийг онцолсон байна. Тус улсын Засгийн газраас баталсан энэхүү бодлогын баримт бичигт Хятад болон гадаадын компаниудад ижил тэгш эрх, боломж олгохоор тусгасныг тодотгожээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд бизнесийн орчныг таатай болгох, нэн түрүүнд дотоодын зах зээлд өндөр технологийг нэвтрүүлэхээр зорьж буй. Хятадын эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйл инновацийг хөгжүүлэх хэмээн тус улсын эрх баригчид тодорхойлж байна.
  • 2019-11-06 15:36
    Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын хүрээнд УИХ, Засгийн газраас 2010-2018 онд “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг”, “Өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх баримт бичиг” , “Тавантолгойн цахилгаан станц барих” төсөл зэрэг хэд хэдэн бодлогын баримт бичиг гаргаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар цахилгаан станц барьж 2023 онд ашиглалтад оруулахаар тусгасан. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниуд өөрсдийн санаачилгаар цахилгаан станц байгуулах төсөл боловсруулснаа Засгийн газрын  ээлжит бус хуралдаанд /10.31/хуралдаанд танилцуулав.
  • 2019-11-06 14:57
    Оросын Забайкалийн хязгаар дахь зэсийн Быстринскийн уулыг баяжуулах үйлдвэр нь 2020 онд IPO гаргахаар төлөвлөж буйг “Норникель” компанийн санхүүгийн зах зээл хариуцсан Дэд ерөнхийлөгч Алексей Захаров мэдэгджээ. IPO гаргах ажлын талаарх илүү нарийн мэдээлэл энэ оны эцсээр тодорхой болох аж. Урьдчилсан байдлаар, Москва,  Лондон, Шанхай, Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар судалж байна. Ирэх оны сүүлч гэхэд Быстринскийн УБҮ нь бүрэн хүчин чадалдаа хүрэх учир IPO гаргах тохиромжтой гэж компани үзэж байна. Тус үйлдвэрийн бүтээн байгуулалт 2013 онд эхэлсэн бөгөөд 2017 онд эхний ээлж ашиглалтад орсон юм. Бүрэн хүчин чадлаар, жилд 260 мянган тонн зэсийн баяжмал, 2.9 сая тонн төмрийн хүдэр болоод 252 мянган унц алтны агуулга бүхий баяжмал тус тус үйлдвэрлэнэ. Бүтээгдэхүүнээ Хятад, Япон, Өмнөд Солонгосын зах зээлд экспортлох зорилттой. 
  • 2019-11-06 14:27
    Монголын уул уурхай, эдийн засгийн мэргэшсэн сэтгүүл The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ төв, орон нутгийн сэтгүүлчдийг уул уурхайн сэтгүүл зүйгээр мэргэшүүлэх сургалтыг 2010 онд Өмнөговь аймагт эхлүүлэн 2015 оноос “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төсөл болгон өргөжүүлсэн юм. Өнөөг хүртэлх хугацаанд энэхүү төсөлд 21 аймгийн 35 сэтгүүлч тогтмол хамрагдан нийтдээ 13 удаагийн цуврал сургалтыг зохион байгуулаад байна. Тав дахь жилийн ойгоо тэмдэглэж буй уг төслийн үнэ цэнийг өргөх үүднээс анх удаа уул уурхайн мэргэшсэн сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах LOCAL MINING JOURNALISTS AWARDS-2019 ёслолын ажиллагааг арваннэгдүгээр сарын 2-нд “Кемпински” зочид буудалд зохион байгууллаа.