Ц.Мөнхбаяр: Уул уурхайн орлогоор Баялгийн сан бүрдүүлэх нь зүйтэй

2019-10-17 10:41

Монгол Улсын эдийн засаг дахь уул уурхайн нөлөөлөл, иргэдийн ойлголт болоод орон нутгийн асуудлаар Сүхбаатар аймаг дахь эдийн засагч Ц.Мөнхбаяртай ярилцлаа.  

Монгол Улсын эдийн засгийг багагүй хувийг уул уурхайгаас орсон орлого эзэлж байгаа нь статистикаас харагдаж байна. Эдийн засагч хүний хувьд Та уул уурхайн талаар байр сууриа илэрхийлнэ үү?

Би энэ салбарын хүн биш учир зөвхөн эдийн засгийн үр өгөөж талаас нь ойлголтынхоо хэмжээнд хариулъя. Өнөөдөр бид нэг зүйлийг магтвал хэт дээшээ өргөөд, бас муулбал хэт харлуулдаг хандлагатай болсон. Аливаа зүйлийн эерэг талыг олж харж сурах шаардлага байна. Ингэж сураагүй болохоор уул уурхайн талаарх цэгцтэй ойлголтгүй, нэг хэсэг нь ашиглах зүйтэй гэхэд нөгөө хэсэг нь бүр хэрэггүй мэт ярьж байна. Эдийн засгийн үр өгөөжийн талаас тайлбарлахгүй бол үр дүнгүй юм шиг олон нийтэд сөргөөр ойлгож байна. Уул уурхайг зөв өнцгөөс нь харж, хариуцлагатай ашиглаж чадвал эдийн засагт үр өгөөжөө өгч байна. Цаашид ч өгнө.

Жишээ нь, Австрали улс уул уурхайн орон. Бас мал аж ахуй сайн хөгжсөн. аль ч салбараа оновчтой, зөв бодлогоор удирдаж байна. Энэ хоёр чиглэлийн хувьд Монгол Улстай төстэй. Канад улс байгалийн тогтолцоо сайтай. Мөн л уурхайтай. Маш зөв ашиглаж чаддаж байна. Швед улс гэхэд уул уурхайн орлогоор Хөгжлийн сан бий болгож, бусад сангуудад хөрөнгө оруулалт  хуваарилж үр ашигтай зарцуулж байна. Герман,Чех, Польш, Унгар, Орос гэх мэт орнууд бүгд л уул уурхай, газрын баялгаа үр ашигтай ашиглаж ирсэн.

Уул уурхай гэдэг бол байгалийн баялгийг өвөг дээдэс маань бидэнд уламжилж үлдээсэн олон зуун жилийн насжилттай зүйл.  Нэг ухвал 100% ашиглах нь зүйтэй гэж боддог. Харин нөхөн сэргээлтийг бүрэн хийх хэрэгтэй. Олон газар дутуу хагас ашиглаад самраад байж болохгүй. Баялгийн үр ашгаараа нэмүү өртөг шингээсэн, ажлын байр бий болгодог бусад салбарт хөрөнгө оруулах нь зүйтэй гэж би боддог. Урсгал зардал, тэтгэвэр тэтгэмжид зарцуулж болохгүй. Нөхөгдөхгүй баялаг учраас тэтгэвэр тэтгэмж, төсвийн цоорхойг нөхөх зорилгоор ашиглавал олон жилийн турш тогтвортой байлгах асуудал гарна. Нэмүү өртөг шингээсэн үйлдвэр байгуулах юм бол тэр үйлдвэрүүд урт хугацаанд цалин, тэтгэврийн нэмэгдлийг хангаад явна. Ийм учраас уул уурхайн салбараас орж буй орлогын экспортыг нэмэгдүүлэх болон импортыг орлох том үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулах замаар ажлын байрыг нэмэгдүүлж, инфляцийг бууруулах нь зөв гэж үзэж байна. 

2018 оны дүнгээр, Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр ашигт малтмалын 3000 гаруй тусгай зөвшөөрөл нийт 8.7 сая га газар хамарч байсан. Энэ нь манай орны газар нутгийн 5.5%-тай тэнцэж байгаа юм. Манай улс уул уурхайн бодлогод ямар ашигт малтмалаа эхэлж ашиглавал зохилтой, түүнээс Баялгийн сан хэрхэн бүрдүүлэх, хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрхэн санхүүжүүлэх талаарх дэс дараатай нарийн төлөвлөгөө хэрэгтэй. Тавантолгой, Оюутолгой гэх мэт томоохон төслүүдэд хувь эзэмшиж оролцох уу, зөвхөн татвар явах уу, иргэн бүрт эзэмшүүлэх үү гэх зэрэг олон хувилбараас маш оновчтойг нь сонгох шаардлага байна. Бүх тохиолдолд хувь эзэмшинэ гэвэл тэр хэмжээгээр хөрөнгө оруулах хэрэг гарна. Хэрэв иргэдэд хувьцаа эзэмшүүлсэн тохиолдолд эхний 5-10 жилд авахгүй, зарахгүй гэсэн хатуу гэрээ хийгээд ашиглавал зөв байх. Ингэж томоохон ордуудад зохицуулалт яаралтай хийхгүй бол биднийг бужигнаж байх хугацаанд импортолж буй талууд болон нийгмийн цөөнх өндөр ашиг хүртэж, нийт иргэд баялаггүй үлдэх аюултай. 

Тиймээс л нийгмийн олонх нь бухимдаж “зохицуулаач, цэгцлээч” гээд байгаа юм. Гэтэл зохицуулах сонирхолтой нэг хэсэг байхад, албаар будилуулж цаг хожиж байгаа нөгөө хэсэг хүмүүс байх шиг байна. Хариуцлагатай уул уурхай гэдэг дотроо бүх асуудлаа багтааж, ойлгож шийдвэрлэж байвал зөв юм шиг санагддаг. Аймаг, суманд уул уурхай ашиглахаар нэгэнт шийдвэрлэсэн бол түүний гэрээ хэлцлийг мэргэжлийн байгууллагууд нь шударгаар хяналт тавих шаардлагатай. Хяналт тавина гэж хэн дуртай нь самарч болохгүй. Орон нутгийн удирдлага наадам, ой тэмдэглэнэ энэ тэр гэж гэрээнд тусгаагүй мөнгө гуйж очоод байвал цаад хүнийг ч ажил хийлгэхгүй, гэрээний биелэлтийг тооцоход ч хүндрэлтэй болгож байна. Гэрээндээ тодорхой тусгаж, тэр дагуу л явах ёстой. Гэрээнд тусаагүй асуудлыг гэнэт санаанд нь оронгуут гаргаж тавьдаг байж болохгүй. Эхний жил ажлаа юунаас эхлэх, дараа жил нь зам тавих уу, хатуу хучилттай болгох уу гэх мэтээр нарийн гэрээндээ тусгаж, хэрэгжилтэд нь төрийн мэргэжлийн байгууллагууд ашиг сонирхлын зөрчилгүйгээр хяналт тавихад цаашаа асуудалгүй мөрдөгдөөд явна. Тэгэхгүйгээр очсон нэг нь жижиг сажиг зүйлд хууртагдаж, хүндээ хөнгөнөөс өгөөд байхаар л асуудлууд үүсээд байгаа байх. Олон түмэн ч хяналтад итгэхгүй болж байна. 

Уул уурхайтай холбоотой маргааныг хэвлэл мэдээллийн хэрэгслээс харж байхад, 10-20 жил ашиглаад нөхөн сэргээлт хийхгүй байгаа компаниудтай хариуцлага тооцохоос өөр аргагүй. Уул ус, ургамал, ан амьтан, мал, нутгийн иргэдэд их хохирол учруулж байна. Үүнд БОАЖЯ хяналт тавиж, нөхөн сэргээлт хийлгэдэг хатуу зарчмаар ажиллах хэрэгтэй. Төрийн төмөр нүүрийг энд л харуулах нь зөв гэж боддог.

Хариуцлагатай уул уурхай хөгжүүлж чадсан улсын туршлагаас харахад, манайд уул уурхайгаа зөв ашиглах боломж бүрэн байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох тогтолцооны талаар Та ямар бодлолтой байна вэ?

Өмнөх онуудад замбараагүй олгосон тусгай зөвшөөрлийн балаг дуусахгүй байна л даа. Гадаа дугаарлаж зогсоод тусгай зөвшөөрөл авдаг байсан цаг үе бас бий. Компанийн талаар ямар ч судалгаагүйгээр тусгай зөвшөөрлийг олноор олгосон. Уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмжгүй компаниуд тусгай зөвшөөрлөө хэсэгчлэн худалдах, бусдад эзэмшүүлэх зүй бус асуудлууд дэлгэрсэн юм. Газрын төлбөр төлөхийн тулд нэг булангаас нь нэг компаниар ухуулдаг, нөгөө талаас нь өөр хүнээр ухуулдаг байсан. Ингэхээр уул уурхайн нэгдсэн төлөвлөгөө, байгал орчны нөхөн сэргээлтийн асуудлууд тэр чигтээ алдагддаг. Тийм учраас анхны тусгай зөвшөөрөл олголтоосоо эхлээд компаниудын хүчин чадал, туршлага зэргийг харгалзаж олгож байх шаардлагатай.

Манай улсын эдийн засагт эзэлж байгаа уул уурхайн орлого жил ирэх тусам өссөн нь үзүүлэлттэй байна. Энэ салбарын орлого өсч байгаа нь эдийн засаг тэлэх боломжид тодорхой хэмжээгээр нөлөөлж байх шиг?

2017 оны үзүүлэлтээр Монгол Улсын экспортын нийт орлого 6.2 тэрбум ам.доллар байсан. Үүний 5.6 тэрбумыг нь уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. ДНБ-ний 22, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 74, экспортын 90, гадаадын хөрөнгө оруулалтын 72%-ийг уул уурхай салбар бүрдүүлж буй нь  өндөр үзүүлэлт юм. 

2019 оны нэгдүгээр улирлын байдлаар манай улсын эдийн засаг 8.6%-иар өсчээ. Өнөөдрийн ханшаар 7.9 их наяд төгрөг юм. Мөн хугацаанд ДНБ 36.6%-иар өссөний 14.4% нь уул уурхайд ногдож буй. Энэ онд уул уурхай хамгийн өндөр өсөлттэй явж байна. Өндөр өсөлтийн цаана дэг журам сахиулах, хууль дүрэм биелүүлэх зарчмууд байх ёстой. Түүнээс биш уул уурхайг ашиглахгүй гэсэн асуудал байх ёсгүй. Гагцхүү зөв, зохистой, дэс дараалалтай ашиглах  учиртай. Ашиглаж чадах мэргэжлийн компаниуд тусгай зөвшөөрөл авах нь зүйтэй. Техник төхөөрөмжтэй, санхүүгийн боломжтой, дадлага туршлагатай  хариуцлагатай компаниудад өгдөг байх хэрэгтэй. “Цүнх” барьсан компанийн ажилтнуудад тусгай зөвшөөрөл олгосноор энэ олон хүндрэл, асуудлууд бий болж байна. Үүнийг олон нийт ялгаж салгаж ойлгохгүй, маргаан дагуулаад байгаа юм. “Цүнхтэй” компаниуд гэрээ байгуулж дараагийн хүнд шилжүүлж, тэдгээр нь хүний тусгай зөвшөөрөл учраас хайр гамгүй ханддаг. 

Энэ хариуцлагагүй байдлыг дагаад уул уурхай дахь ажиллах хүчинтэй холбоотой асуудал гарч ирдэг. Хангалттай хэмжээний цалин олгодоггүй, илүү цагаар ажиллуулдаг, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй гэх мэт асуудал яригдсаар л байна?

Цалин хөлстэй холбож ярихаар уул уурхайн компаниуд хэр зэрэг үр ашигтай ажилладаг вэ гэдэг асуулт гарч ирнэ. Мэдээж, өндөр үр ашигтай ажиллаж байгаа том компаниуд бий. Геологийн ажлыг сайн хийсэн компаниуд үр дүн өндөртэй ажиллаж байгаа болов уу. Харин геологийн ажил хийгээгүй компаниуд тооцоогүй учраас алдагдал хүлээдэг. Ухаад байхаар ашиг олоод байгаа юм шиг харагддаг. Ажилчдын цалин хөлсийг тавьж чадахгүйд хүрдэг. Тиймээс мэргэжлийн ажиллах хүчнүүд хариуцлагатай компани руу явдаг. 

Дараагийн бэрхшээл бол хүнд хортой нөхцөлд (уул уурхай, ШТС гэх мэт) ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлсийг дэлхийн жишгээр харгалзах нь зүйтэй байх. Тоосжилт ихтэй иргэдийн дотор эрхтэн өвчилнө. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа иргэд гэнэтийн ослын шимтгэл арай өндөр байдаг ч тэтгэврийн даатгалын шимтгэл нь хэвийн нөхцөлд ажилладаг иргэдийнхтэй адилхан байдаг юм байна. Адилхан байж болохгүй. Хэвийн нөхцөлөөр таван жилийн өмнө тэтгэвэр авч байгаа юм чинь энэ хугацааны санг хүнд нөхцөлд ажиллуулж байгаа компаниуд бүрдүүлэх нь зөв байх. Иргэдийн хувьд ар гэр, үр хүүхдүүдээ тэжээгээд, зээлээ төлж байвал гэсэн сэтгэлээр ажиллаад байна. Энэ байдал, хандлага нь алсдаа манай улсын эрүүл мэнд, нийгмийн даатгалын санд нэлээд том ачаа үүрүүлж болзошгүй. Тийм учраас эртнээс судлаж шийдвэрлэхэп анхаарах нь зүйтэй. 

Хариуцлагатай уул уурхай хөгжүүлэхийн тулд хатуу зарчмууд мөрдөх болох нь ээ. Ялангуяа, холбогдох хууль тогтоомжийн заалт, хэрэгжилт бодитой байхгүй бол Засгийн газар эрсдэл үүрэх нь?

Хариуцлагатай уул уурхай гэдэгт зөвшөөрөл олгох үйл явц, гэрээ, хил гааль, татвар хураамж, орон нутгийн оролцоо гээд бүх зүйлээ багтааж, түүнийгээ  баримтлах хэрэгтэй. Гэтэл гадны 100%-ийн хөрөнгө оруулалттай  компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, олборлож, борлуулж буй баялаг нь Монголынх. Түүнийг хэрхэн үнэлж, цэгнэж, тохирох гэдэгт асуудал байна гэж хардаг. Энэ бүхнийг хуулийн дагуу гэрээндээ тодорхой тусгасан тохиолдолд асуудал гарахгүй. Бас харилцан үр ашигтай байх ёстой. Тиймээс бид уул уурхайн асуудалд зөв хамтран ажиллах хэрэгтэй юм. Хариуцлагатайг нь сонгож, хариуцлагагүйг нь явуулах ёстой гэж боддог. 

Монгол Улсын эдийн засаг тэлж байгаа эсэхийг олон хүн сонирхдог. Орлогоо зүй зохистой зарцуулах тал дээр Та ямар байр суурьтай байдаг вэ?

2018 онд Монгол Улсын ДНБ 32.3 их наяд төгрөгт хүрсэн. Үүний 7.6 их наяд төгрөг буюу 23.5%-ийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. ДНБ-ний өсөлт 7.2%-иар өссөн. Уул уурхай 5.7%-ийн өсөлттэй байна. Үүнээс харахад эдийн засаг өсөлттэй байгаа юм. Тэлж байгаа нь үнэн. Сүүлийн хоёр жилд Засгийн газар дотооддоо өндөр хүүтэй үнэт цаас гаргахгүйгээр орлогоор төсөвөө бүрдүүлээд ажиллаж байна. Энэ бол эдийн засагт гарч байгаа сайн үзэгдэл юм. Өмнө нь дотооддоо өндөр хүүтэй бонд гаргаж, “гал унтраах” маягаар зарцуулдаг байсан. Уул уурхайн баялгаар нөөцийн сангаа нэмэгдүүлж, сангаасаа томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж, түүндээ олон нийтийн хувьцааг багтаан Хяналтын зөвлөлийг ил тод ажиллуулбал ямар ч Засгийн газар солигдсон, хэн ч ирээд “попорсон” эрсдэлгүй гэж боддог. 

Сүхбаатар аймгийн эдийн засгийн хэдэн хувь уул уурхай салбараас бүрдэж байна вэ?

Манай аймгийн ДНБ 2016 онд 330.2 тэрбум, 2017 онд 413.7 тэрбум, 2018 онд 501.2 тэрбум болж өсөж байна. Энэ дотор уул уурхай 2016 онд 94,5 тэрбум, 2017 онд 175,3 тэрбум, 2018 онд 177,7 тэрбум буюу 35,5 хувийг эзэлж байна. Энэ үзүүлэлт бол улсын дунджаас арай өндөр. Гэхдээ бид уул уурхайгаас бүх зүйлээ хамааралтай болгож бас болохгүй. Тиймээс хөдөө аж ахуй, мал аж ахуй, барилга, бусад үйлдвэрлэлийн салбар жигд хөгжүүлэхгүй бол уул уурхайн бүтээгдүүний үнэ ханш буурахад аймгийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Эдийн засгаа тэтгэх олон мөчиртэй байх ёстой. Бүх салбараа эзэнтэй болгох шаардлагатай. Уул уурхайд харьцангуй цөөн хүн ажилладаг. Цөөн хүн ажилладаг салбартаа хэт анхаарахаас илүүтэй олон хүн ажилладаг хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбаруудаа анхаарч өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь зүйтэй.

Аж үйлдвэрийн гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс Сүхбаатар аймагт сүүлийн жилүүдэд хамгийн их өсөлттэй нь төмрийн хүдрийн баяжмал юм. 2017 онд 102 мянган тонн, 2018 онд 116 мянган тонн олборлосон байна. Цайрын баяжмал тухайд 2017 онд 82.7 мянган тонн, 2018 онд 87.9 мянган тонн олборложээ. 2017, 2018 онд дэлхийн зах зээл дээр цайрын баяжмалын үнэ тогтвортой байсан нь аймгийн эдийн засагт эерэгээр нөлөөлсөн.  2017 онд Сүхбаатар  аймгийн ДНБ-ний 80.3% буюу 197 тэрбум төгрөгийн орлогыг цайрын баяжмалын экспортоос бүрдүүлсэн бол 2018 онд 209 тэрбум буюу 73.2%-ийг бүрдүүлсэн байна. Нийт мөнгөн дүн өсч байгаа учраас бид орлогоороо бусад салбаруудаа, гэхдээ цэвэр хувийн хэвшлийнхнээ сайн дэмжих ёстой.

Ярилцсанд баярлалаа. 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 15 цаг 7 минутын өмнө
    Уул уурхай, эрүүл мэндийн тусламж, цэрэг хүчний байгууллага гээд  байнгын бэлэн байдалтай байж, шуурхай үйл ажиллагаа авч хэрэгжүүлдэг онцлог бүхий байгууллагуудын хувьд хөдөлгөөнт радио холбоо нь харилцаа холбооны хамгийн чухал хэрэгсэл нь болдог. Технологийн хөгжлийг даган хөдөлгөөнт радио холбооны хэрэглээ нь уламжлалт аналог системээс тоон радио систем рүү шилжих хандлага эрчимтэй өрнөж байна. “Ай Ти Зон” компанийн UC мэргэжилтэн Б.Мөнхзаяатай харилцаа холбооны дэвшилтэт технологи болох “Тоон радио холбоо”-ны талаар ярилцлаа. 
  • 2019-11-07 16:35
    Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн (China International Import Expo, CIIE) Шанхай хотноо арваннэгдүгээр сарын 5-нд нээгдсэн бөгөөд таван өдрийн турш үргэлжлэх юм. Энэхүү үзэсгэлэн нь 2018 оноос зохион байгуулагдах болсон билээ. Энэ жилийн үзэсгэлэнг нээж БНХАУ-ын дарга Си Жинпин үг хэлж, 2020 оны нэгдүгээр сараас Хятад улсад бизнесийн орчныг сайжруулах, зах зээлийн бүх оролцогчдын бизнес эрхлэх аюулгүй байдлыг хангах тухай төрийн шинэ бодлого хэрэгжинэ гэдгийг онцолсон байна. Тус улсын Засгийн газраас баталсан энэхүү бодлогын баримт бичигт Хятад болон гадаадын компаниудад ижил тэгш эрх, боломж олгохоор тусгасныг тодотгожээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд бизнесийн орчныг таатай болгох, нэн түрүүнд дотоодын зах зээлд өндөр технологийг нэвтрүүлэхээр зорьж буй. Хятадын эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйл инновацийг хөгжүүлэх хэмээн тус улсын эрх баригчид тодорхойлж байна.
  • 2019-11-06 15:36
    Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын хүрээнд УИХ, Засгийн газраас 2010-2018 онд “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг”, “Өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх баримт бичиг” , “Тавантолгойн цахилгаан станц барих” төсөл зэрэг хэд хэдэн бодлогын баримт бичиг гаргаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар цахилгаан станц барьж 2023 онд ашиглалтад оруулахаар тусгасан. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниуд өөрсдийн санаачилгаар цахилгаан станц байгуулах төсөл боловсруулснаа Засгийн газрын  ээлжит бус хуралдаанд /10.31/хуралдаанд танилцуулав.
  • 2019-11-06 14:57
    Оросын Забайкалийн хязгаар дахь зэсийн Быстринскийн уулыг баяжуулах үйлдвэр нь 2020 онд IPO гаргахаар төлөвлөж буйг “Норникель” компанийн санхүүгийн зах зээл хариуцсан Дэд ерөнхийлөгч Алексей Захаров мэдэгджээ. IPO гаргах ажлын талаарх илүү нарийн мэдээлэл энэ оны эцсээр тодорхой болох аж. Урьдчилсан байдлаар, Москва,  Лондон, Шанхай, Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар судалж байна. Ирэх оны сүүлч гэхэд Быстринскийн УБҮ нь бүрэн хүчин чадалдаа хүрэх учир IPO гаргах тохиромжтой гэж компани үзэж байна. Тус үйлдвэрийн бүтээн байгуулалт 2013 онд эхэлсэн бөгөөд 2017 онд эхний ээлж ашиглалтад орсон юм. Бүрэн хүчин чадлаар, жилд 260 мянган тонн зэсийн баяжмал, 2.9 сая тонн төмрийн хүдэр болоод 252 мянган унц алтны агуулга бүхий баяжмал тус тус үйлдвэрлэнэ. Бүтээгдэхүүнээ Хятад, Япон, Өмнөд Солонгосын зах зээлд экспортлох зорилттой. 
  • 2019-11-06 14:27
    Монголын уул уурхай, эдийн засгийн мэргэшсэн сэтгүүл The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ төв, орон нутгийн сэтгүүлчдийг уул уурхайн сэтгүүл зүйгээр мэргэшүүлэх сургалтыг 2010 онд Өмнөговь аймагт эхлүүлэн 2015 оноос “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төсөл болгон өргөжүүлсэн юм. Өнөөг хүртэлх хугацаанд энэхүү төсөлд 21 аймгийн 35 сэтгүүлч тогтмол хамрагдан нийтдээ 13 удаагийн цуврал сургалтыг зохион байгуулаад байна. Тав дахь жилийн ойгоо тэмдэглэж буй уг төслийн үнэ цэнийг өргөх үүднээс анх удаа уул уурхайн мэргэшсэн сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах LOCAL MINING JOURNALISTS AWARDS-2019 ёслолын ажиллагааг арваннэгдүгээр сарын 2-нд “Кемпински” зочид буудалд зохион байгууллаа.