Монголын геологичид чуулж байна

2019-10-16 13:34

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1939 оны 38 дугаар тогтоолоор тухайн үеийн Аж үйлдвэр, барилгын яамны дэргэд “Уул уурхай, ашигт малтмал трест” байгуулагдсанаар  Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсан түүхтэй. Геологийн алба тэр цагаас хойш өнөөдөр Монгол орны бие даасан салбар болтлоо хөгжиж нутаг дэвсгэрийг бүхэлд нь геологи, ашигт малтмал, тектоник, геоморфологи, геофизикийн зэрэг төрөл бүрийн геологийн судалгаанд хамруулсан байдаг. Эдгээр судалгааны үр дүнд Монгол орны ашигт малтмалын тархалтын ерөнхий зүй тогтлууд илэрч, 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1600 гаруй ордыг нээн илрүүлж олон арван томоохон ордуудыг нээн ажиллуулж байна.

Монгол Улсад геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа томоохон ажлуудын нэг нь өнөөдөр  “Холидэй Инн” зочид буудалд эхэлсэн “Монголын геологи 80 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал юм.  Хоёр өдөр үргэлжлэх тус хуралд ОХУ, БНЧехУ, Ардчилсан Солонгос Улс, Бүгд найрамдах Солонгос Улс, Япон зэрэг орны эрдэмтэн судлаачид, Монголын геологийн үе үеийн төлөөлөл оролцож байна.

Монгол Улсын Засгийн газраас Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, геологи хайгуулын салбарыг хөгжүүлж, эрдэс баялгийн санг тасралтгүй нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлын цар хүрээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр томоохон ажлууд хийгдэж байгаа юм.  Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал оролцож үг хэлэхдэээ, сүүлийн жилүүдэд геологийн салбарт Япон, Канад, Австрали, Франц, Солонгос зэрэг орны геологийн байгууллагуудтай хамтран төрөл бүрийн геологийн судалгааны болон хайгуулын төслийн хэрэгжүүлэн хамтран ажиллаж байгааг онцлон дурдлаа.

Хурлын эхэнд “Монголын геологийн алба 80 жилд” сэдвээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын илтгэгчид дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм. Тус илтгэлд дурдсанаар геологийн салбарын түүхэн замналыг судлаачид геологийн албаны үндэс суурь тавигдсан үе /1939-1957/, геологийн албаны эрчимтэй хөгжлийн үе /1957-1990/, эдийн засгийн нээлттэй системд шилжсэн өнөө цаг /1990 оноос хойш/ хэмээн хувааж үзжээ.

Монгол Улсад геологийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн цагаас хойш улсын хэмжээнд 3000 гаруй геологич ажиллаж, өнөөгийн байдлаар 1:200000 геологийн зураглалаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг, 1:50000 зураглал, ерөнхий эрлийн ажлаар нутаг дэвсгэрийн 40 гаруй хувийг бүрхсэн, мөн 80 орчим төрлийн ашигт малтмалын 2100 гаруй орд, 90 гаруй төрлийн ашигт малтмалын  10000 орчим илрэл, олон тооны эрдэсжсэн цэг, бусад геофизик, геохимийн ажлуудыг илрүүлжээ.  “Монгол орны геологийн дээд боловсрол, түүхэн замнал, өнөө ба ирээдүй” сэдэвт    сонирхолтой илтгэлд дэлгэрэнгүй дурдсан юм.

Хурлын үеэр “Монгол орны ураны металлогени”, “Хойд, Төв ба Зүүн Азийн геологийн зургийн атлас”, “Төв Азийн ороген бүсийн Монголын хэсгийн палеозойн субдукцийн системүүдийн геодинамик” илтгэлүүд тавигдах юм. Харин маргаашийн хуралдаанд “Монгол орон дахь Палео-Азийн далайн гарал үүсэл ба түүний суурин дээр хэлбэржсэн эх газрын тухай товч ойлголт”, “Монгол орны Өмнөд Хангайн нурууны хожуу дөрөвдөгчийн нуурын тунадасны эртний орчны сэргээн босголт ба тектоник үр нөлөө” зэрэг сэдвээр илтгэх аж.

Дашрамд дурдахад, манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5.8%, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 13.8%-ийг нүүрсний салбар бүрдүүлж байна. Сүүлийн 10 жилд манай улс 323.5 сая тонн нүүрс олборлож, 216.4 сая тонн нүүрс экспортолжээ.  Монгол орны нүүрсний эрэл хайгуулын ажлын үр дүнд 160 орд, 345 илрэлийг нээн илрүүлж, антрацит, чулуун нүүрс, хүрэн нүүрсний 32.6 тэрбум тонн нөөц баялгийг баталгаажуулсан талаар ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн илтгэгч М.Очирбат онцолж байна.

Нүүрсний ордууд нь геологийн цаг хугацааны хувьд дөрвөн үндсэн цаг үед үүссэн байна. Карбон, перм, юрын настай нүүрсний ордууд нь царцдасын шахагдалтай холбоотой үүсч, хөгжсөн хотгорт хуримтлагдсан байдаг бол цэрдийн настай ордууд нь царцдасын тэлэлттэй холбоотой сав газарт хуримтлагдсан гэдгийг тэрээр мөн илтгэлдээ дурдлаа.

Мөн “Монгол орны газрын ховор элементийн хүдэржилтийн онцлог ба магматизмын шүтэлцээ” илтгэлд  дэлхийн хэмжээнд газрын ховор элементийн нөөц баялгийн талаар дурдагдав. Одоогийн байдлаар газрын ховор элементийн орд 34 оронд 80 орчим мэдэгдээд байгаагаас үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүн гаргаж байгаа нь 8-10 оронд төвлөрөөд байна. Америкийн  Геологийн албаны ашигт малтмалын нээлттэй мэдээллийн сангаас харахад 2018 оны 12 дугаар сарын байдлаар дэлхийн газрын ховор элементийн нийт нөөц 120 сая тонн байна. Үүнээс Хятад улс 36.7%, Бразил 18.3%, Вьетнам 18.3% тус тус тэргүүлж байгаа аж. Харин бүтээгдэхүүний хувьд дэлхийн хэмжээнд нийт 170 мянган тонн газрын ховор элемент үйлдвэрлэж байгаагаас Хятад улс 120 мянган тонн буюу 70.6%, Австрали 20 мянган тонн буюу 11.8%, Америк 15 мянган  тонн буюу 8.8% гаргаж байгаа аж.

Г.Идэр
 
       

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 15 цаг 44 минутын өмнө
    Уул уурхай, эрүүл мэндийн тусламж, цэрэг хүчний байгууллага гээд  байнгын бэлэн байдалтай байж, шуурхай үйл ажиллагаа авч хэрэгжүүлдэг онцлог бүхий байгууллагуудын хувьд хөдөлгөөнт радио холбоо нь харилцаа холбооны хамгийн чухал хэрэгсэл нь болдог. Технологийн хөгжлийг даган хөдөлгөөнт радио холбооны хэрэглээ нь уламжлалт аналог системээс тоон радио систем рүү шилжих хандлага эрчимтэй өрнөж байна. “Ай Ти Зон” компанийн UC мэргэжилтэн Б.Мөнхзаяатай харилцаа холбооны дэвшилтэт технологи болох “Тоон радио холбоо”-ны талаар ярилцлаа. 
  • 2019-11-07 16:35
    Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн (China International Import Expo, CIIE) Шанхай хотноо арваннэгдүгээр сарын 5-нд нээгдсэн бөгөөд таван өдрийн турш үргэлжлэх юм. Энэхүү үзэсгэлэн нь 2018 оноос зохион байгуулагдах болсон билээ. Энэ жилийн үзэсгэлэнг нээж БНХАУ-ын дарга Си Жинпин үг хэлж, 2020 оны нэгдүгээр сараас Хятад улсад бизнесийн орчныг сайжруулах, зах зээлийн бүх оролцогчдын бизнес эрхлэх аюулгүй байдлыг хангах тухай төрийн шинэ бодлого хэрэгжинэ гэдгийг онцолсон байна. Тус улсын Засгийн газраас баталсан энэхүү бодлогын баримт бичигт Хятад болон гадаадын компаниудад ижил тэгш эрх, боломж олгохоор тусгасныг тодотгожээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд бизнесийн орчныг таатай болгох, нэн түрүүнд дотоодын зах зээлд өндөр технологийг нэвтрүүлэхээр зорьж буй. Хятадын эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйл инновацийг хөгжүүлэх хэмээн тус улсын эрх баригчид тодорхойлж байна.
  • 2019-11-06 15:36
    Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын хүрээнд УИХ, Засгийн газраас 2010-2018 онд “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг”, “Өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх баримт бичиг” , “Тавантолгойн цахилгаан станц барих” төсөл зэрэг хэд хэдэн бодлогын баримт бичиг гаргаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар цахилгаан станц барьж 2023 онд ашиглалтад оруулахаар тусгасан. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниуд өөрсдийн санаачилгаар цахилгаан станц байгуулах төсөл боловсруулснаа Засгийн газрын  ээлжит бус хуралдаанд /10.31/хуралдаанд танилцуулав.
  • 2019-11-06 14:57
    Оросын Забайкалийн хязгаар дахь зэсийн Быстринскийн уулыг баяжуулах үйлдвэр нь 2020 онд IPO гаргахаар төлөвлөж буйг “Норникель” компанийн санхүүгийн зах зээл хариуцсан Дэд ерөнхийлөгч Алексей Захаров мэдэгджээ. IPO гаргах ажлын талаарх илүү нарийн мэдээлэл энэ оны эцсээр тодорхой болох аж. Урьдчилсан байдлаар, Москва,  Лондон, Шанхай, Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар судалж байна. Ирэх оны сүүлч гэхэд Быстринскийн УБҮ нь бүрэн хүчин чадалдаа хүрэх учир IPO гаргах тохиромжтой гэж компани үзэж байна. Тус үйлдвэрийн бүтээн байгуулалт 2013 онд эхэлсэн бөгөөд 2017 онд эхний ээлж ашиглалтад орсон юм. Бүрэн хүчин чадлаар, жилд 260 мянган тонн зэсийн баяжмал, 2.9 сая тонн төмрийн хүдэр болоод 252 мянган унц алтны агуулга бүхий баяжмал тус тус үйлдвэрлэнэ. Бүтээгдэхүүнээ Хятад, Япон, Өмнөд Солонгосын зах зээлд экспортлох зорилттой. 
  • 2019-11-06 14:27
    Монголын уул уурхай, эдийн засгийн мэргэшсэн сэтгүүл The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ төв, орон нутгийн сэтгүүлчдийг уул уурхайн сэтгүүл зүйгээр мэргэшүүлэх сургалтыг 2010 онд Өмнөговь аймагт эхлүүлэн 2015 оноос “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төсөл болгон өргөжүүлсэн юм. Өнөөг хүртэлх хугацаанд энэхүү төсөлд 21 аймгийн 35 сэтгүүлч тогтмол хамрагдан нийтдээ 13 удаагийн цуврал сургалтыг зохион байгуулаад байна. Тав дахь жилийн ойгоо тэмдэглэж буй уг төслийн үнэ цэнийг өргөх үүднээс анх удаа уул уурхайн мэргэшсэн сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах LOCAL MINING JOURNALISTS AWARDS-2019 ёслолын ажиллагааг арваннэгдүгээр сарын 2-нд “Кемпински” зочид буудалд зохион байгууллаа.