Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ҮСХ: Зэсийн экспорт 4.5%-иар буурлаа

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны эхний есөн сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрч 9.5%-иар өсчээ. Үүнд экспорт 5.9 тэрбум ам.доллар, импорт 4.6 тэрбум ам.долларыг эзэлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад экспорт 12.6%, импорт 5.7%-иар тус тус өслөө. Гадаад худалдаа 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарч өнгөрсөн оны мөн үеийнхээс 415.5 сая ам.доллараар нэмэгджээ.

Нийт экспортод эзлэх эрдсийн экспортын хэмжээ 4.96 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 9.3%-иар нэмэгдсэн байна. Энэ дундаа нүүрсний экспорт орлогын дүнгээр тэргүүлж буй бол зэс хоёрдугаарт эрэмбэлэгдэв.

Оны эхний есөн сарын байдлаар Монгол улсын нүүрсний экспорт 28.7 сая тонн буюу 2.439 орчим тэрбум ам.доллартай тэнцэж, жингийн хувьд 5%-иар,  мөнгөн дүнгийн хувьд 14.3%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Сарын дүнгээр авч үзвэл, өнгөрсөн есдүгээр сард 3.7 сая тонн нүүрсний экспорт хийсэн нь өмнөх наймдугаар сарынхаас 10 орчим хувиар буурсан дүн болж байна.

Зэсийн баяжмалын экспортын тухайд оны эхний есөн сарын байдлаар нийтдээ 1 сая 66 мянган тоннд хүрч, мөнгөн дүнгээр 1.42 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад жингээр 0.6%-иар, үнийн дүнгийн хувьд 4.5%-иар тус тус буурсан байна. Цэвэр зэсийн хувьд экспортын хэмжээ 7.45 орчим мянган тоннд хүрч, мөнгөн дүнгээр 43.4 орчим сая ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд 25.9%-иар, үнийн дүнгээр 33.4%-иар тус тус буурсан дүн юм.

Төмрийн хүдрийн тухайд оны эхний есөн сард экспорт жингээр 6.13 сая тоннд хүрсэн нь 15.4%-ийн өсөлтийг, үнийн дүнгээр 422 сая ам.долларт хүрсэн нь 75.7%-ийн өсөлтийг харууллаа.

Боловсруулаагүй болон хагас боловсруулсан алтны экспорт мөн хугацаанд 7.5 тонн буюу 344 сая ам.доллартай тэнцсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад жингийн хувьд 2.2 дахин, үнийн дүнгийн хувьд 2.4 дахин өссөн дүнтэй гарчээ. Гэхдээ Монголбанкны мэдээллээр, оны эхний есөн сарын хугацаанд Төв банкны алт худалдан авалт 11.2 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 3.1 тонноор буюу 22%-иар буурсан байгаа юм.

Түүхий газрын тосны экспорт 4.84 сая баррельд хүрч, 271.7 сая ам.доллартай тэнцжээ. Ингэснээр жингийн хувьд 0.6% өссөн ч, үнийн дүнгийн хувьд 14%-иар буурсан дүнтэй гарсан байна.  

Жоншны хүдэр, баяжмалын тухайд оны эхний есөн сард 500 мянган тонныг гадагш нийлүүлж, 155 сая ам.доллартай тэнцсэнээр жингийн хувьд 45.1%, орлогын тухайд 34%-иар тус тус нэмэгджээ.

Цайрын хүдэр, баяжмалын экспортыг авч үзвэл, мөн хугацаанд нийтдээ 100.7 мянган тоннд бүтээгдэхүүн нийлүүлж, 145 сая ам.долларын орлого олсон нь жингийн хувьд 9.2%-иар өссөн ч үнийн дүнгийн хувьд 5.5%-иар буурлаа.

Молибденийн баяжмалын экспорт оны эхний есөн сард 4.2 мянган тоннд хүрч 37.1 сая ам.долларт хүрснээр жингээр 4.5%-иар буурсан ч орлогын хувьд 3.1%-иар нэмэгджээ.

Хар тугалгын хүдэр, баяжмалын экспортын хувьд оны эхний есөн сарын хугацаанд 17.6 орчим мянган тонн бүтээгдэхүүн нийлүүлж, 38 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь жингийн хувьд 16.4%, орлогын дүнгээр 0.8%-иар тус тус өссөнийг илтгэнэ.

Гянтболдын экспортын тухайд 490.6 тоннд хүрч 4.79 сая ам.долларын орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд 7%-иар өссөн бол, үнийн дүнгийн хувьд 5.4%-иар буурсан дүнтэй гарлаа.

 

Б.Төгс