Баялгаас олсон орлогыг хөгжил болгох нөхцөл нь ил тод байдал

2019-10-14 11:27

 

Сүүлийн үед хариуцлагагүй уул уурхайн сөрөг нөлөөллийн талаар Монгол улс даяар хүчтэй яригдаж байна. Аймгийн Засаг дарга Д.Батсайханы орон нутагтаа байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоог эрс бууруулж буйа тухай мэдээлэл яг энэ үед иргэдийн анхаарлыг маш ихээр татна. Түүний хэлснээр 2016 оны наймдугаар сарын байдлаар нийт ашигт малтмалын 99 тусгай зөвшөөрөл, үүнээс ашиглалтын 9, хайгуулын 90 тусгай зөвшөөрөл аймагт бүртгэлтэй байжээ. Тэгвэл тусгай зөвшөөрлийн тоо энэ оны зургадугаар сарын 18-ны байдлаар 60 болж, 40%-иар буурсан.

Мөн 2016 оноос хойш 96 тусгай зөвшөөрлийн санал шинээр ирснийг буцааж, татгалзсан хариу өгсөн гэсэн үг. Ингээд 2016 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 135 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгочихоод байгаа. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоход аймгийн удирдлагын эрх мэдэл хүрдэггүй тал бий. Гэхдээ аймгийн зүгээс Уул уурхайгүй аймаг болох уриалга гарган, удаа дараа хүсэлт тавьсны хүчинд АМГТГазар орон нутгийн саналыг харгалзан үздэг болсон гэсэн юм. 

Энэ яриаг сонссон иргэд үнэхээр орон нутгийн саналыг үндэслэн тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож байгаа бол үлдсэн тусгай зөвшөөрлүүдийг нэн даруй цуцлуулж, уул уурхайгүй аймаг болох ёстой хэмээн бухимдаж,  маргаан ч их өрнөж байна. Иймд орон нутгийн саналыг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцалдаг эсэх талаар “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн, хуульч Н.Баярсайханаас тодрууллаа. Тэрбээр “Завхан аймаг нь уул уурхайгүй байсан ганцхан аймаг. Гэтэл өнөөдрийн байдлаар цөөнгүй лиценз олгогдчихсон хэдийнэ уул уурхайтай аймаг болчихсон байна. Уул уурхайн нөлөөллийн бүсэд байгаа иргэдийн олон эрх ч зөрчигдөөд эхэлчихсэн байна. Тиймээс сөрөг нөлөөллүүд улам ихсэхээс өмнө нутгийн иргэд яаралтай уул уурхайн талаар мэдлэг, мэдээлэлтэй болж чадавхжих шаардлагатай. 

Аймгийн Засаг даргын ярьснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо багассан байж магадгүй. Ингэж тоо багассанд аймгийн Засаг дарга, удирдлагуудын хүчин чармайлт ямар ч хамаагүй. Өөрөө хөөцөлдөөд тусгай зөвшөөрлийн тоог бууруулаад байгаа мэтээр иргэддээ мэдээлэл өгөх нь маш буруу. Сүүлийн үед тусгай зөвшөөрлийн тоо буурч байгаа нь  уул уурхайд хийгдэх хөрөнгө оруулалт эрс буурсан, хайгуулын зардал өссөн зэрэг олон хүчин зүйлээс  хамаараад тусгай зөвшөөрлүүд цуцлагдаж байгаа. Үүнд орон нутгийн оролцоо ямар ч хамааралгүй. 

Ер нь уул уурхайн компаниуд Эрдэс баялагийн зөвлөлөөр Техник, эдийн засгийн үндэслэлээ батлуулсан л бол уурхайн үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлдэг. Өөр ямар ч арга байхгүй. Би их олон аймгаар явж ажилладаг. Дорноговь аймгийн Засаг дарга мөн л би тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулсан гээд яриад явж байхтай таарч л байсан. Тиймээс иргэд маань орон нутгийн дарга нарын оролцоо тусгай зөвшөөрөл цуцлахад ямар ч хамааралгүйг ойлгож, уул уурхайн талаарх мэдлэгээ дээшлүүлж, богино хугацаанд илүү чадавхжих хэрэгтэй” гэв. 

Тэгвэл Завхан аймаг нь олборлох салбараас орлого олж байгаа эсэхийг мөн судаллаа. АМГТГ-ын 2019 оны есдүгээр сарын 3-ны өдрийн статистик мэдээллээр Завхан аймагт хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн тоо 58 байгаа бөгөөд үүний 10 нь ашиглалтын, 48 нь хайгуулын тусгай зөвшөөрөл байна. Энэхүү хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл нь нийт газар нутгийн 3.4%-ийг эзэлж байгаа бол аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 82.5 мянган шоо км юм. 
Орон нутгийн төсөвт ашигт малтмалын хайгуул, олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгжээс төвлөрүүлсэн барьцаа, албан татвар, хураамжийн орлогын 2018 оны тайланд дурдснаар:

Завхан аймаг нь өнгөрсөн онд 25 аж ахуйн нэгжээс нийт 734 сая 824.5 мянган төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн байгаа юм. Үүний 692 сая 405.8 мянган төгрөгийг “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-иас оруулжээ. Мөн хайгуул, олборлолт эрхэлдэг хоёр аж ахуйн нэгжээс 190.1 сая төгрөгийн хандив дэмжлэгийг авчээ. Одоогийн байдлаар 2019 оны олборлох салбараас аймагт төвлөрсөн татвар хураамжийн орлогын талаарх эхний хагас жилийн тайлан мэдээлэл гараагүй байна. Харин 2019 оны аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогын нэр төрөл, хэмжээг дараах байдлаар аймгийн ИТХ-аас баталжээ. 

Үүнд ус, рашааны нөөц ашигласны төлбөрт 250 сая төгрөг, газрын төлбөрт 140 сая төгрөг, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрт 12 сая төгрөгийг тус тус оруулахаар төлөвлөсөн бол аймгийн ИТХ-ын нэмэлт даалгавраар ус, рашааны нөөц ашигласны төлбөрт 30 сая төгрөгийг нэмж төвлөрүүлэхээр тооцжээ. 

Уг тогтоолд мөн дурдсанаар сумдаас аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг мөн тодорхой заажээ. Аймаг нь 24 сумтай бөгөөд үүнээс хамгийн их орлогыг Дөрвөлжин сум оруулахаар байгаа. Энэ сум 2019 онд нийт 873 сая гаруй /873.010.000/ төгрөгийн орлогыг төвлөрүүлэх бөгөөд газрын төлбөрт 116.5 сая төгрөг харин ус ашигласны төлбөрт 238.7 сая төгрөгийг төвлөрүүлэхээр байна. Тухайн суманд уул уурхайн “Баян-Айраг эксплорэйшн” ХХК үйл ажиллагаа явуулдаг юм. Дээрх мэдээллүүдээс харахад аймагт олборлох салбараас чамгүй орлого ордог нь харагдаж байна. Харин энэ орлогыг хэрхэн зарцуулдаг талаар сонирхож үзэхэд Завхан аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд орон нутгийн төсвөөс 34 үйл ажиллагааг санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр тусгажээ.     Тухайлбал улс, аймгийн аварга малчин шалгаруулж хүндэтгэл үзүүлэхэд 60.0 сая төгрөг, цэрэг эргэх үйл ажиллагааг зохион байгуулахад 15.0 сая төгрөг, улс, бүс, аймгийн болон хилийн үзэсгэлэн худалдаанд бизнес эрхлэгчдийг дэмжиж оролцуулахад 30.0 сая төгрөг, ахмад настанд үзүүлэх нийгэм соёлын үйлчилгээг өргөжүүлэхэд 20.0 сая төгрөг гэх мэт үйл ажиллагаануудад зарцуулахаар баталсан байна.  Эндээс бүтээн байгуулалтын зардал тун хомс, зарцуулалтын талаарх мэдээлэл ч ил тод биш байгаа юм. Мөн орлогын зарцуулалтад тавих хяналт ч сул байна. Иймд баялгаа ашиглуулж, орон нутагт орлого орж л байгаа бол бид хөгжиж үлдэх ёстой. Мөн аймгийн дарга, удирдлагууд уул уурхайн талаарх үнэн бодит мэдээллээр иргэдээ хангаж, уул уурхайгаас орж буй орлогын зарцуулалтыг ил тод танилцуулдаг байх нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд томоохон ахиц болохыг үгүйсгэхгүй. 
 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 3 цаг 34 минутын өмнө
    Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилга гэдэг нь байгалийн баялгаас олж байгаа орлогыг олон нийтэд ил тод болгох, түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд төр хувийн хэвшил, иргэний нийгмийн тэгш оролцоо бүхий дэлхий нийтийн түншлэл юм. Уг санаачилгыг олон улсад 2003 оноос эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд одоогоор 55 улс нэгдээд байгаа юм. Монгол Улсын хувьд уг санаачилгад 2006 онд нэгдсэн бөгөөд шаардлагыг хангасан 9 орны тоонд багтдаг ажээ.
  • Өчигдөр 14 цаг 17 минутад
    Нүүрс олборлолт, борлуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд оролцсон “Жишиг үнэ ба АМНАТ” хэлэлцүүлэг өнөөдөр  /2021.10.25/ боллоо. Хэлэлцүүлэгт оролцогчид Сангийн яам нь сар бүр нүүрсний зах зээлийн жишиг үнийг тогтоохдоо, бодит бус, хөөсөрсөн үнэ тогтоож байна гэж үзээд, тус яаманд шаардлага хүргүүлэхээр боллоо. Тодруулбал, АМНАТ (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр)-ийг  2021 оны долдугаар сараас эхлэн зөвхөн жишиг үнээр тооцдог болсон бөгөөд энэ нь үндэслэлгүйгээр татвар төлөхөд хүргэж, татварын дарамтад оруулж, цаашлаад аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсооход хүргээд байна гэж уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрс олборлолт, борлуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд үзэж байгаа аж.   
  • 2021-10-22 15:49
    ОХУ-ын Гаалийн албаны мэдээллээр 2021 оны зургадугаар сард 2.85 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Харин мөн сард Монгол Улсын экспортолсон нүүрсний хэмжээ 652.6 мянган тонн байсныг Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн. Энэ дүнгээс харахад Монголын нүүрсний экспортоос 4 дахин илүү хэмжээний коксжих нүүрсийг Орос гадаад зах зээлд гаргаж байна. Энэ оны хоёрдугаар улирал гарсаар Монголын экспортын нүүрсний тээвэр 0 зогсоогүй сар гэж байсангүй. Энэ зуур Оросын  коксжих нүүрсний экспорт Хятад руу тогтмол нэмэгджээ. 
  • 2021-10-21 16:22
    Зам, тээврийн хөгжлийн яамнаас есдүгээр сарын 31-ний байдлаар Гашуунсухайт боомтоор 4.9 сая тонн нүүрс экспортолсон тухай мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.8 сая тонноор бага үзүүлэлт юм.  Харин Шивээхүрэн боомтоор дөрвөн сая тонн орчим буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 800 мянган тонноор бага нүүрс гаргажээ.
  • 2021-10-21 13:05
    Хөдөлмөрийн аюулгүй байдлын тэргүүн туршлага, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцдэг “Нэн тэргүүнд ХАБ-2021” бага хурал өнөөдөр /2021.10.21/ нээлтээ хийлээ. Өдгөө 10 дахь жилдээ зохион байгуулж буй уг хурлыг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан “Аюулгүй байдал ба цар тахал” уриан дор, танхим болон цахим хосолсон хэлбэрээр явуулж буйгаараа онцлог.