Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Хөшөөт тосгоны нүүлгэн шилжүүлэлтийн гэрээ хийж байна

Ховд аймгийн Хөшөөтийн уурхайн дэргэдэх Хөшөөт тосгоны иргэдийг нүүлгэн шилжүүлэх гэрээ хийгдээд дуусах шатандаа явж байна. Тус тосгонд нийт 174 айл оршин суудаг бөгөөд эдгээр айлтай “МоЭнКо” компани нүүлгэн шилжүүлэлтийн гэрээ хийж, гэрээний хүрээнд өрх бүрт 8 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болсон бөгөөд гэрээ хийгдээд дуусмагц үнийн дүнгийн 50 хувь нь иргэдийн дансанд орж, улмаар айлуудыг нүүлгэн шилжүүлж байгаа юм. Айлууд түрүүчээсээ илүү гэр, зарим бараа таваараа өөрсдийн эзэмшлийн хашаандаа нүүлгээд эхэлжээ. Хөшөөт багийн даргийн мэдээлж байгаагаар 10 гаруй айл зарим гэр, эд хогшлоо нүүлгэж буулгасан байна.  

Одоогийн байдлаар шинэ тосгоны бүтээн байгуулалтын ажил хийгдээд дууссан бөгөөд зөвхөн тог цахилгааны ажил хүлээлгэн өгөх дутуу байгаа ажээ. Ийнхүү тосгоны нүүлгэн шилжүүлэлтийг 10 дугаар сарын 10-30-ны хооронд хийж дуусгахаар ажиллаж байгаа гэнэ.. Мөн гэрээг яаралтай хийж ажлыг шуурхайлахгүй бол хүйтрэх төлөвтэй байгаа бөгөөд хэрэв хүйтрээд, цас орчихвол айл өрхүүд нүүхэд хүндрэлтэй болно. Тиймээс хүйтрэхээс өмнө нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг хийх, яаравчлах шаардлагатай байгаа ажээ.  

Шинэ тосгоны бүтээн байгуулалтад “МоЭнКо” компанийн зүгээс 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, 150 хүний хүчин чадалтай Соёлын төв, халуун ус, уурын зуух, гүний худаг, ус түгээх байрууд, дулааны шугам сүлжээ, хувийн сууцтай байсан айлуудад нийт 15 айлын хувийн сууц, 111 айлын 900 м2 талбай бүхий хашаа зэргийг барьж байгуулж өгч байгаа юм. Харин аймгийн төсвөөс Багийн төвийн захиргааны барилга, тог цахилгааны өргөтгөлийн шугам зэргийг шийдвэрлэжээ. Нийт дүнгээр уг тосгоны бүтээн байгуулалтад компанийн зүгээс нийтдээ 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. 

Түүнчлэн уурхайн нөлөөлөлд өртөж байгаа малчин өрхүүдийн асуудал хөндөгдөж ирсэн бөгөөд малчин өрхүүдэд олгох нөхөн олговрын асуудалтай холбоотой ажлыг ирэх жилээс хийхийг МоЭнКо компаний зүгээс аймгийн удирдлагуудад уламжилсан байна. Учир нь энэ жилийн хувьд тосгоны иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд ихээхэн зардал гарч байгаа учир малчин өрхүүдийн асуудлыг дараа жилээс авч хэлэлцэхээр тохиролцжээ. Энэ хүрээнд он гараад малчин өрхүүдийн судалгааг хийх юм байна.