Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Тавантолгойн уурхайн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг хэлэлцэв

 

“Тавантолгойн нүүрсний уурхайн бүс нутгийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайлангийн төсөл”-ийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Тайлангийн төслийн талаарх хэлэлцүүлэгт Өмнөговь аймгийн Даланзадгад хот, Ханбогд, Баян-Овоо, Цогтцэций сумын иргэд  хамрагдлаа. Уг үнэлгээг Засгийн газрын хүсэлтийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам,  Дэлхийн банкны санхүүжилттэй  хэрэгжиж буй  “Уул уурхай, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хийж буй юм. 

2012 онд Засгийн газрын зүгээс санаачлага гаргаж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, олон улсын сайн туршлага, Стратегийн болон Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний асуудлыг тус хуульд тусгаж өгсөн байдаг. Монгол улсад хийгдэж буй анхны хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ нь байгаль орчин, нийгмийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдэд Тавантолгойн уурхайгаас үзүүлэх хуримтлагдах нөлөөлөл болон тус бүс нутаг дахь бусад төсөл, үйл ажиллагаатай холбоотойгоор үүсэх хуримтлагдах нөлөөллөөс үзүүлэх нөлөөллийг үнэлэх явдал юм. Энэхүү нөлөөллийн үнэлгээг байгаль орчны үнэлгээний шилдэг туршлага, хамгааллын бодлогын дагуу хийжээ. Байгаль орчны болон нийгмийн чухал хэсгүүдийг сонгон агаарын чанар, усны нөөц, газар болон хөрсөн бүрхэвч, биологийн олон янз байдал, хүн амын эрүүл мэнд, нийгэм эдийн засаг зэрэг таван чиглэлд хуримтлагдах нөлөөллийн шинжилгээг хийсэн байна.

Олон нийтийн хэлэлцүүлгийн үеэр иргэд олон чухал асуудлыг хөндөж байлаа. Тухайлбал байгаль орчны сөрөг асуудлууд, уурхайн олборлолт, тээвэрлэлтээс үүдэх тоос, тоосжилт, бэлчээрийн доройтол, ундны усны чанар, хүрэлцээ, уул уурхайгаас үүдэлтэй хүний эрүүл мэндэд учирч байгаа хор хохирол, Цагаан овоо багийн иргэдийн нүүлгэн шилжүүлэлтийн нөхцөл байдал, өсөн нэмэгдэж байгаа хүн амын асуудал хэрхэн үнэлэгдэж тайланд тусгагддсан талаар асууж сонирхож, саналуудаа илэрхийллээ.