Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

С.Батжаргал:  Цагаан тоосны асуудлыг шийдвэрлэхэд дэд хөтөлбөрийг орон нутаг баталж, оролцож байгаа  нь анхны тохиолдол

- Уул уурхай нь хөгжлийн нэг тулгуур гэдгийг эрдэнэтчүүд мэддэг, хүлээн зөвшөөрдөг -

Орхон аймаг нь уул уурхайн үйлдвэрлэл даган хөгжсөн онцлогтой орон нутаг. Энэ ч үүднээс аймгийн уул уурхайн бодлого хэрэгжилт, хамтын ажиллагаа, тус салбарын  компаниуд орон нутгийн хөгжилд хэрхэн нөлөөлж байгаа тухай Орхон аймгийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч С.Батжаргалтай ярилцлаа.

Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг салгаж ойлгох аргагүй юм. Иймд үйлдвэртэй хамтран ажиллах бодлого чухал. Аймгийн зүгээс уул уурхайн чиглэлд ямар бодлого баримтлан ажиллаж байгаа вэ?

Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай  2017-2020 онд  Хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа. Гэрээний хүрээнд жил бүр хийх ажлын төлөвлөгөөг баталж, хөрөнгө оруулалтын ажлуудыг хамтран хэрэгжүүлдэг. Жилд 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийдэг. Өмнө нь гэрээ байгуулалт хэсэг хугацаанд завсардаж, Хамтын ажиллагааны хэлэлцээрээр явж байсныг 2017 оноос дахин гэрээ байгуулан ажиллаж байна. Гэрээ нь хүчин төгөлдөр албан ёсны бичиг баримт. Хуулийн өмнө хоёр тал хариуцлага хүлээх, гэрээнд заасан шаардлагыг биелүүлэх зэрэг олон давуу талтай. “Эрдэнэт үйлдвэр”  ТӨҮГ орон нутгийн төсөв бүрдүүлэлт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил,  Орхон аймгийн зүгээс “Эрдэнэт үйлдвэр”-ийг орон нутагт тогтвортой үйл ажиллагаа явуулахад хуулийн хүрээнд үзүүлэх дэмжлэг, үйлдвэрийн ажилчдад төрийн үйлчилгээг ойртуулах зэрэг зүйлийг Хамтын ажиллагааны гэрээнд заасан.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орон нутгийн төсвийн хэдэн хувийг бүрдүүлж байна вэ?

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ улсын төсвийн 20 гаруй хувь, Орхон аймгийн төсвийн 80 гаруй хувийг бүрдүүлдэг. Үлдсэн хувийг нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг бусад аж ахуйн нэгж, үйлдвэрүүд бүрдүүлж байна.

Та “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтарсан хэд хэдэн Ажлын хэсгийг ахалж ажилладаг. “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг буруулах” дэд хөтөлбөрийг боловсруулах Ажлын хэсгийг ахалж байна. Дэд хөтөлбөр батлагдсанаас хойш гурван сарын хугацаанд ямар ажлуудыг хэрэгжүүлж байгаа вэ?  

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн Монгол Улс, ОХУ-ын хамтарсан эзэмшил 49:51%-ийн асуудал яригдаж байх үед хамтарч ажиллахад нэлээн төвөгтэй. Заавал хоёр талтай ярьж тохиролцох асуудал үүсдэг байлаа. Харин өнөөдөр ТӨҮГ болсноор зөвхөн ганц эзэмшигч талтай ажил явуулахад хялбар болж байна. “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах” дэд хөтөлбөрийн хүрээнд 5 зорилт дэвшүүлэн ажлаа хэрэгжүүлээд эхэлсэн. Өмнө нь бол Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг баталсан байдаг. Цагаан тоосны асуудлыг шийдвэрлэхэд дэд хөтөлбөрийг орон нутаг баталж, оролцож байгаа тохиолдол анхных юм. Орон нутаг, үйлдвэр хоёр тусдаа өөр өөр тоо ярьдаг, өөр өөр судалгааны дүнг танилцуулдаг байсан. 2018 онд Орхон аймгийн Засаг даргын захирамжаар хамтарсан Ажлын хэсэг байгуулагдан “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг буруулах” дэд хөтөлбөрийг боловсруулж батлуулсан нь бидний зөрүүтэй мэдээллийг нэгтгэж чадсан юм. Энэ бол нэг том ажил. Өнөөдөр цагаан тоосыг дарах ажил эрчимтэй хийгдэж байна. Нөгөөтэйгүүр, иргэдийг мэдээллээр хангах, эмчилгээнд үзлэгт хамруулах гээд ажлууд үргэлжилнэ.  

Эрдэнэтчүүдийн уул уурхайн талаарх мэдлэг орон нутгийн онцлогоос хамаарч өөр байдаг. Энэ нь нэг давуу тал шүү.

Орхон аймаг өөрөө үйлдвэр дагаж хөгжиж ирсэн орон нутаг учир иргэдийн энэ талын мэдлэг сайн. Уул уурхайг хүлээн зөвшөөрдөг. Хөгжлийн нэг тулгуур гэдгийг мэддэг. Ганц маргаантай, бухимдалтай ханддаг асуудал нь цагаан тоос. Орон нутаг эхний алхмаа хийгээд эхэлсэн. Ажиллаж байгаа уурхай учир цагаан тоосны дэгдэлтийг хамгийн бага түвшинд барихад Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран ажиллана.

Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орон нутагт 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийхээр тусгасан тухай Та дурдлаа. Энэ дагуу ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

Орхон аймаг дамжин өнгөрөх бүс. Үүнийг бид ашиглах ёстой. Манай аймгаар дамжин өнгөрч байгаа жуулчдын урсгалыг түр зогсоох үүднээс “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”-гийн ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Сүүлийн хоёр жилийн хөрөнгө оруулалтыг энэхүү ажилд зарцуулж байна. Өнөөгийн байдлаар, тухайн талбайд дэд бүтцийн ажлууд дуусч, эхнээсээ тохижилт хийж эхлээд байгаа юм. Үүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж байна. Энэ онд 500 сая төгрөгийн тоног төхөөрөмж, тоглоомын дэмжлэгийг ЕБС, цэцэрлэгүүдэд үзүүлсэн. Мөн мөнгөн дүнгээр хэмжигдэх боломжгүй олон ажлыг аймаг, үйлдвэр хоёр хамтран хийж байгаа юм. Жишээлбэл, орон нутгийн компаниудыг дэмжин ажиллах нь хамтын ажиллагааны нэг хэлбэр шүү.

Уурхай хаагдах цагт Орхон аймгийн иргэд яах ёстой вэ? Хэдий 40 жилийн дараах асуудал ч өнөөдрөөс бэлтгэлээ хангах, ялангуяа аймгийн удирдлагууд 4 биш 40 жилийн ирээдүйн хөгжлийг харах учиртай болов уу?  

Уул уурхай бол шавхдаг нөөц баялаг. Нэг хэсэг дуусахгүй мэт л явсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нөөцөө дахин тодорхойлж цаашид 60 жил ажиллах боломжтой гэж мэдээлж байгаа. Хэдий тийм ч өнөөдөр уурхай хаагдсаны дараа яах ёстой вэ гэдэг бодлогыг баримталж ажиллах ёстой нь зөв. Үүний эхлэл бол “Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк” юм.  Энэ паркийг түшиглэн бизнес санааг хөгжүүлэх, үйлдвэрлэлийг бойжуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Өнөөдөр тус паркийн дэргэд “Электрод”-ын үйлдвэр ажиллаж байна. 2018-2019 оны эхний хагас жилд 800 сая төгрөгийн борлуулалт хийсэн. Мөн Хүнд металын лабораторийг байгуулж гэрчилгээгээ авсан. Энэ мэтчилэн боломжууд бий. Бодлогын баримт бичгийг боловсруулах, батлахдаа үйлдвэрээс хараат бус эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор олон ажлуудыг төлөвлөсний нэг нь энэ жишээ юм. Нөгөө талаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд хаалтын менежментийг бодлогоор давхар хэрэгжүүлж явах учиртай. Энэ асуудлаар ч аймгийн удирдлагуудтай нээлттэй ярилцдаг. Үйлдвэр хаагдлаа ч бие даан үйл ажиллагаа явуулах боломжтой дулааны цахилгаан станц, Засвар механикийн завод, Сэлэнгэ амралтын бааз, Соёл, урлаг, спортын цогцолбор гэх мэт нийгмийн болон туслах цехүүд бий.  Эдгээрийн үйл ажиллагааг өргөжүүлэх, улсын төсөвт болоод орон нутагт үр өгөөжийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой  гэж хардаг.  

Та өөрөө инженер хүн. Уурхайчидтай хамт ажиллаж явсан нэгэн. Ажил хөдөлмөрийг нь хэрхэн үнэлж, үздэг Та өөрийн байр суурийг илэрхийлнэ үү?

Уурхайчид бол баялаг бүтээгчид. Ялангуяа Монгол Улсын эдийн засгийг босгох гэж буй энэ хүнд үед хамгийн чухал хүмүүс. Энэ ч утгаараа уурхайчдын улс орны хөгжилд оруулж буй нөлөө асар өндөр. Энэ цаг үед хамгийн үүрэг, хариуцлага өндөр хүмүүсийн тоонд зүй ёсоор орох учиртай. Уурхайчдынхаа ажил хөдөлмөрт нь амжилт, амьдралд нь аз жаргал хүсье.

Ярилцсан танд баярлалаа.