Уул уурхайгаа хөгжүүлэх “төрийн нийтийн төлөвлөгөө”

2019-09-25 10:00

The Mongolian Mining Journal /09.2019/

Б.Төгсбилэгт

Төрийн гурван өндөрлөгт Монгол Улсын засаглалын хамгийн том эрх мэдэл бий. Энэ утгаараа бүгд өөр өөрсдийн  мөрийг эдийн засгийн хамгийн чухал тулгуур болсон уул уурхайн салбарт үлдээхийг хүсдэг. Энэ үйл явцыг төр засгийн олон нийтэд зориулан боловсруулсан уул уурхайг хөгжүүлэх төлөвлөгөө гэж гоёчлон тайл­барлаж болох юм. Харин УИХ энэхүү  үйл явцыг “төрийн нийтийн төлөвлөгөө” гэж нэрийдэх байсан биз ээ. 

2019 ондоо багтаж ойрмогхон болж болзошгүй гэгдэх ээлжит бус сонгууль, ирэх оны ээлжит сонгуулийн үнэр ханхийхтэй зэрэгцэн төр засгийн үйлдэл илүү сүрлэг болж ирэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өнгөрсөн наймдугаар сарын 13-ны үйлдлээр нь оны онцлох гавшгайчаар шалгаруулж болохоор байлаа. Гавшгайч гэдгийн учир нь тэрээр хүсвэл ганцхан өдрийн дотор асуудлыг шийдэж болдгийг төрийн удааширсан тогтолцоотой энэ үед харуулж чадсан. Байгалийн нөөц газар болох үзэсгэлэнт Тост, Тосон бумбын нурууны ойролцоох “Сауд гоби коал транс” компанийн нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг цуцалсан тэр өдрөөс хойш Өмнөговь аймгийн Гурвантэс сумын цөөнгүй тусгай зөвшөөрөл цуцлагдсан, цаашид ч цуцлагдаж магадгүй байна. Ганцхан нүүрс төдийгүй Архангай аймаг дахь алтны тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан. Одоо Ноён уулын  орчмыг Улсын дархан цаазат газар болгохоор шийдмэг хөдөллөө. Энэ үйл явцыг Ерөнхий сайдын “зангараг” гэж нэрлэж болно. Ийнхүү олон нийтийн дунд түүнийг ихээхэн сайшаан хүлээж авах хандлага түгээмэл байна. Гэхдээ тэрбээр аль болох бүх талд тал алдахгүйг хичээнэ. Учир нь  зарим нэг хариуцлагатай компаниуд тусгай зөвшөөрөл  цуцлах давлагаанд хэлмэгдсэн байхыг үгүйсгэхгүй гэдгээ  наймдугаар сарын сүүлээр бизнесийнхэнтэй уулзахдаа хүлээн зөвшөөрсөн. Зарим бизнесийнхэн сайдыг шийдвэрээ эргэж хараасай гэж найдан хүлээх өдрүүдэд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын томоохон хурлууд “Coal Mongolia”, “Discover Mongolia” болж байгаагаараа өөрөө их онцлог. Хурлын үеэр Ашигт малтмал, газрын тосны газар сайдын шийдвэрийг дипломат байдлаар тайлбарлах гэж багагүй хүчин чармайлт гаргана. 

Тост, Тосонбумбын ойролцоох “Сауд гоби коал транс”-ын тусгай зөвшөөрлийг цуцалсан явдал нь үнэн хэрэгтээ уул уурхайн салбарт “нийгмийн зөвшөөрөл” (social licence) авах тухай ойлголт ямар чухал болохыг харууллаа. Учир нь энэхүү уурхай нь нутгийн иргэд  төдийгүй байгаль орчны хамгаалал талаасаа ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Тусгай зөвшөөрөл олгохдоо нутгийн иргэдийн эрх ашиг, байгаль орчны онцлогийг харгалзалгүй шууд олгодог байдал  эргээд бүх талд хор уршгаа тарьдаг нь харагдана. Тэгэхээр   болж өнгөрсөн асуудал нь төрийн тогтолцооны гажигтай шууд холбоотой. Гэхдээ  яг энэ цаг үед зарим улстөрчдөд нийгэмд оноо авах томоохон боломж олгож таарав. Энэ удаад ганцхан компанийг онилсон юм шиг харагдахыг хүсээгүй учир Засгийн газрыг Гурвантэс сумын бусад хэд хэдэн тусгай зөвшөөрлийг цуцлахад хүргэжээ. Байгаль орчинд хортой нөлөө үзүүлсэн үндэслэлээр цуцлагдсан тусгай зөвшөөрлүүдийн зарим нь огт үйл ажиллагаа явагдаагүй талбайг ч хамарсан нь хачирхалтай. Тэгэхээр Ашигт малтмал, газрын тосны газар удахгүй зарим тусгай зөвшөөрлийг “зүгээр л андуурчихаж” гэсэн үндэслэлээр эргүүлэн сэргээж магадгүй л юм. 

Эргэн санавал 2016 онд Тост, Тосон бумбын хамгаалалтын газрыг 896.5 мянган га-гаар УИХ баталсан байдаг ч 2017 онд хилийн  заагийг тогтоохдоо 153 мянгаар хорогдуулан баталсан. Тухайн үед Засгийн газар  байгалийн экосистемийн онгон дагшин байдлын  индикатор амьтан болох цоохор ирвэсийг тэрхүү газар нутагт амьдардгийг мартаж орхижээ. Эсвэл зүгээр л ирвэсийг өөр нутаг руу нүүчихсэн гэж найдсан байж болох юм. Харин гэнэтхэн санаж сая наймдугаар сарын 14-нд хамгаалалтын бүсийг буцаагаад 153 мянган га-гаар өргөтгөн батлав. Гэхдээ санахдаа зүгээр чимээгүйхэн бус сүр дуулиантай ёслол төгөлдөр байхыг хүссэн нь сүүлийн сард өрнөсөн үйл явдлаар илэрхийлэгдэнэ. Төр засгийнхан хэрхэн ажлаа хийдэг нь тодорхой харагдана. Асуудлыг  дордуулж, улам дордуулж дараа нь засах нь улстөрчдөд баатар болох, үгүйдээ гэхэд хийсэн ажилтай харагдах боломж олгодог. Энэ бүхнээс Засгийн газрын уялдаа холбоо муудаж, төрийн үйл ажиллагаанд тогтолцооны гажиг газар авч, тэр нь уул уурхайн салбарыг муухай харагдуулах үндэс болж буй нь тодорхой ойлгогдоно. 

Ерөнхий сайдын нэгэн компаниас үүдэн бусад аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлүүдийг багцаар нь  зоримог  цуцалсныг  үндэсний уурхайчдыг хясан боох алхам гэж шүүмжлэх хүмүүс байгаа ч илүү санаа зовниулсан асуудал нь хөрөнгө оруулагчдыг үргээх вий гэсэн болгоомжлол. Гэхдээ сайд хариуцлагагүй уул уурхайтай тэмцэж, харин хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж ярихаа мартдаггүй. У.Хүрэлсүх сайдын алхам томоохон уурхайчдын үйл ажиллагаанд хал балгүй өнгөрсөн учир улсын нүүрсний экспортод төдийлөн нөлөөлөхгүй. Гагцхүү Засгийн газрыг томоохон нөхөн төлбөрт унагаж мэдэх юм. Энэ аюулыг Засгийн газар эерүүлэн тайлбарлахдаа хууль зөрчигсдөд нөхөн төлбөр гэж ярих үндэслэл үгүй агаад харин нөхөн сэргээлт  хийх үүргээс нь тэднийг чөлөөлөхгүй  гэж хатуухан мэдэгдэж байна. Энэ мэдэгдлийг бататгах нэг заалт салбарын хуульд бий. Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл цуцлах тухай заахдаа “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэх тайлбарыг өгүүлжээ. Энэ өөрчлөлтийг өнгөрсөн тавдугаар сарын 2-нд хуульд оруулсан юм. Тэгэхээр тус заалтаар Засгийн газар нөхөн төлбөрт унах аюулаас аврагдах ажээ. Харин энэ тохиолдолд тусгай зөвшөөрөл аваад томоохон зээл, санхүүжилтээр үйл ажиллагаагаа эхэлсэн үндэсний компаниуд хүндхэн байдалд орж, цаашид уул уурхайтай холбоотой чанаргүй зээлийг багагүй өсгөөд асуудал тэгсгээд намжих бололтой. 

Магадгүй эсрэгээр компаниуд шүүхэд ялж нөхөн төлбөр авах тохиолдолд Засгийн газрыг багагүй сандаргана. Саяхны тод жишээ болох Канадын “Хан Ресурс”-ын нөхөн төлбөрийн асуудлыг бонд босгон байж төлсөн түүх бий. “Хан Ресурс” гадаадын хөрөнгө оруулалттай компани учир Канадад жил бүр болдог салбарын томоохон арга хэмжээ   PDAC  (2016 оны Канадын хайгуулч, олборлогчдын чуулган)-д Засгийн газрын төлөөлөл  очихдоо хүссэн ч хүсээгүй ч хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална гэж Канадын талд учирласан удаатай. 
Үндэсний хөрөнгө оруулагчдад тэгж бөхөлзөх шаардлагагүй Засгийн газар энэ удаад  сэтгэл амар суугаа нь дамжиггүй.  Энэ зуур ард түмэн уул уурхайн компаниудыг жигшин зэвүүцэж, харин ажлаа анхнаасаа хүн шиг хийгээгүй Засгийн газар, төрийн агентлаг огт гэмгүй үлдэж байгаа дүр зураг харагдаж байна. 

Ерөнхий сайд ийнхүү хариуцлагатай уул уурхайг мандуулах зүгт манлайлан давхиж байгаа бол Ерөнхийлөгч Х.Бат­тулга “тэнцвэржүүлэлт”-ийн зарчмыг уул уур­хайн салбарт баримталж, хэрэг­жүүлж ч байна. АНУ-д айлчилж, тус улсын төрийн тэргүүн Трамптай гар барьж, стратегийн түншлэлийн гэрээ үзэглэж, Монгол ноос, ноолуурыг АНУ руу гаргах үүдийг өргөтгөсөн тэрбээр залгуулаад есдүгээр сарын эхээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг эх орондоо урьж, хоёр улсын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг хугацаагүйгээр байгуулав. Үүний дараа  Оросын  Дорнын эдийн засгийн чуулганд оролцохдоо тэрбээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзаж Монголын коксжих нүүрсийг тус улс руу экспортлохыг санал болгоод амжсан. Ерөнхийлөгч Оросын Зарубино боомт дээр баригдах нүүрсний терминалын төслөөр улам зоригжоод буйгаа Абэд илэрхийлсэн хэрэг. Гэхдээ түүний чин хүсэл бол нүүрс гэхээсээ илүүтэй Монголын бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн зах зээлийг тэлэх, тэнцвэржүүлэх явдал юм. u

Иймээс түүнийг “тэнцвэржүүлэгч” Ерөнхийлөгч хэмээн цоллож болох юм. Үнэн гэвэл түүний “тэнцвэржүүлэх” зарчимд эдийн засгийн үр ашиг, зах зээлийн бодит боломжийн тухай ойлголтыг орхигдуулсан байдаг. 

Ерөнхийлөгч ОХУ-ын Владивостокт Монгол Улсын худалдааны  төлөөлөгчийн газрыг байгуулахаар тохиролцсон. Түүний хувьд өмнөх Ерөнхийлөгчийг бодвол уран цэцэн ярихдаа муу гэж шүүмжлүүлдэг ч Путинтай ая эвээ ололцохдоо илүү чадварлагаараа давуу талтай. Путин Монголоор дайруулан хийн хоолой тавих, хоёр улсын төмөр замыг шинэ чиглэлд холбох асуудлыг цухалзуулах болсон нь ч Х.Баттулга Ерөнхийлөгчийн зүтгэл хэмээн нийгмийн зарим хэсэг шагшин магтаж байна. 

Засгийн газар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замыг “Эрдэнэс Тавантолгой”-н 2018 оны борлуулалтын ашгаар эхлүүлсэн. Оросын талаас  Монголд олгох 100 тэрбум рублийн (ойролцоогоор 1.56 тэрбум ам.доллар) зээл шийдэгдвэл төмөр замын дэд бүтцийн санхүүжилтэд ихээхэн түлхэц болно. Ерөнхийлөгч 2017 оны сонгуульд ялахаасаа өмнө “Хэрэв надад мөнгө хангалттай олгосон бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж л орхих байсан” гэж тайлбарласан удаатай. Тэгвэл энэ удаад Засгийн газар ганцаардаж, мартагдаад байсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг сэргээхээр сэтгэл шулуудсанаа ахин дахин зарлаж байгаа. Гэхдээ ажил нэг л удаашралтай байгаа нь үнэн. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийг нь нүүрсний урьдчилгаа төлбөрөөр ч босгох боломжтой гэж дуулдана. Чалко-гийн их өрийн тухай саяхны гунигт түүхийг Засгийн газар санахыг огт хүсэхгүй байгаа бололтой. Ямар ч байсан одоогийн хэрэгжиж буй хоёр чиглэлийн төмөр замын төсөл Ерөнхийлөгчийн таалалд нийцэж байгаа болов уу гэж найднам.

Ерөнхийлөгчийн бодлого Монголын экспорт, гадаад худалдааг тэнцвэртэй болгоход чиглэж байгаа ч түүний зорилгыг Путины “шүтэн бишрэгч” хэмээн мушгих байдал зарим хүмүүсийн дунд байгаа нь нууц биш. Нэг асуудал бол түүний зорилт биелэхэд багагүй хугацаа хэрэгтэй. Тэрбээр албан үүргээ үнэхээр сайн биелүүлсэн үү үгүй юу гэдэгтээ 2021 онд ард түмэнд   дүнгээ тавиулна. Гэхдээ тооцоо судалгаагаар бол ОХУ-аар дамжуулан  нүүрс экспортлох  үйл явц түүний төр жолоодож байгаа дөрвөн жилд биелэх магадлал багатай.  Иймд Ерөнхийлөгч ажлынхаа үр шимийг харахын тулд сонгуульд дахин   ялахаар эрмэлзэнэ. Мэдээж энэ хугацаанд Ерөнхийлөгч коксжих нүүрсний үнэ 2008, 2011 оны үе шиг өсөөсэй гэж залбирахаа мартаж болохгүй. Эс бөгөөс нүүрсний үнийн уналт түүний хүчин зүтгэлийг хялбархан ганхуулж мэднэ.

Хууль тогтоох үүрэгтэй УИХ энэ хооронд алдсан нэр хүндээ сэргээхээр чамгүй оролдож байна. Урьд хожид байгаагүй хамгийн нэр хүнд муутай УИХ болоод буй нь гишүүдийн хувьд томоохон сорилт болжээ. 2016 онд сонгуульд ялсан нам ирэх жил дүнгээ тавиулна. УИХ-ыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Оюутолгойг шийдэх гэсэн хоёр үндсэн ажил хүлээж байгаа  харагдана. Үндсэн хуульд МАН байгалийн баялгийг тодорхойлохдоо “төрийн нийтийн өмч” гэсэн ойлгоход хэцүүхэн нэр томъёог оруулж иржээ. УИХ-ын гишүүд энэ нэр томъёог ойлгомжтой, оновчтой мэтээр тайлбарлахыг хэрэндээ л хичээх ажээ. Иймэрхүү нэршил Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд (2 дугаар бүлгийн IV зүйлд) “Төрийн нийтийн зориулалттай өмч” гэж орсон нь бий. Энэ нэр томъёог илүү товч байдлаар Үндсэн хуульд МАН оруулахыг хүссэн бололтой.  

Магадгүй дараагийн сонгуулиар огт өөр хүмүүс сонгогдвол уг нэр томъёог зөв тайлбарлах, ойлгох гишүүн олдохгүйд    хүрвэл гайхах зүйлгүй биз ээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг Ард түмний санал асуулгаар   шийдвэрлэхээр болж байна. Хэрэв олон нийтээс   “үгүй” гэсэн санал гарвал УИХ-ын хүч хөдөлмөр шууд л салхинд хийснэ. Тэгэхээр УИХ хийсэн ажилтай болж харагдах нөөц хувилбараар Оюутолгой төслийн Дубайн гэрээг өөрчлөх эсвэл цуцлах ажил тодроод байгаа. Гэхдээ ганцхан зүйл тодорхой байгаа нь Олон улсын валютын сангийн хөтөлбөр дуусах хараахан болоогүй. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилт, санхүүжилт орж ирж дуусаагүй байхад УИХ  Дубайн  гэрээг тийм ч амархан цуцлахгүй болов уу. Энэ зуур ОУВС зэс, алтны үлэмж төслийн хөрөнгө оруулалт цаашид Монгол Улсын эдийн засгийн төлөвийг сайжруулна гэж  мэдэгдэхээ ердөө ч мартахгүй байх ажээ. МАН-ын үед эрдсийн ханш өсч таардаг  нь   эдийн засгийн өсөлтийг өөрсдөө байгуулсан мэтээр тайлбарлах боломжийг тэдэнд  олгодог. Гэсэн ч зэсийн үнэ дэлхийн зах зээлд төсөвт тусгасан үнээс даруй 8%-иар буюу тонн тутамдаа 500 орчим ам.доллараар буураад байхад нүүрсний үнэ ч дэлхийн зах зээлд доошлох шинжтэй болж ирлээ.  Агуу их улстөрчдөд маань 2020 оны сонгууль тулж ирэхэд  яаж ийгээд ялалт л байгуулах тухай ганцхан эрх ашиг үйлчилнэ. “Юун Оюутолгой, юун Үндсэн хууль, надад сонгуулийн ялалт л хэрэгтэй”. 
 

Сэтгэгдэл (1)

  • зочин
    Сонгуулийн ялалтыг дээрх хоёр том асуудал болон уурхайг хянах бодлого дээр ухарч харийн хөрөнгө оруулагчдыг хамгаалах байр суурь бататгах намд АНУ-д Эскроу банканд эх нь хадагалагддаг санал авах хар хайрцаг хийгээд өгнө шүү дээ.
    2019 оны 09 сарын 25 | Хариулах
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 5 цаг 47 минутын өмнө
    Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 27, 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн “Удирдамж батлах тухай” 94, 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 99, 2015 оны тавдугаар сарын 15-ны өдрийн “Эрх олгох тухай” 123 дугаар захирамжуудыг тус тус гаргажээ.
  • 9 цаг 1 минутын өмнө
    “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн  “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “ХУУЛЬ ХЭРЭГЖИХИЙГ ХҮЛЭЭХ ЗУУР” нийтлэлээр  амжилттай оролцон НЭГДҮГЭЭР БАЙР хүртлээ.  
  • 9 цаг 22 минутын өмнө
    Шинэ Дели хотноо Монгол нүүрс ассоциаци, Энэтхэгийн нүүрс баяжуулалтын нийгэмлэгтэй хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулжээ. Хамтын ажиллагааны хүрээнд, нүүрс баяжуулах, боловсруулах, цэвэр технологи нэвтрүүлэх, харилцан туршлага солилцох, инженерүүдийг чадавхижуулах, Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн зах зээлд экспортлох боломжийг судлах юм. Энэтхэг улс жилд 1 тэрбум тонн нүүрс хэрэглэж байна. Үүнээс 50 сая тонн нь коксжих нүүрс бөгөөд 80 гаруй хувийг импортолдог аж. Цаашдаа кокс, гангийн хэрэглээ ихээхэн нэмэгдэх төлөвтэй. Энд Монголын нүүрсний орон зай байж болно хэмээн Энэтхэгийн талаас сонирхож байгаа аж.
  • Өчигдөр 16 цаг 08 минутад
    “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад  “УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ТӨРИЙН БОДЛОГО-ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД” нэвтрүүлгээр  амжилттай оролцон ГРАН ПРИ-ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ-ээр тодорлоо. 
  • Өчигдөр 16 цаг 02 минутад
    УУХҮЯ болон Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслөөс хамтран “Хариуцлагатай бичил уурхай” форум өнөөдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулсан юм. Энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсад бичил уурхайг зохион байгуулах, албажуулах, байгаль орчинд хал багатай бичил уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оролцогч талуудын хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан Тогтвортой бичил уурхай төсөл (ТБУТ) хаагдаж буйтай холбоотойгоор болсон юм.