Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Ц.Болорчимэг: Уул уурхайд ус агаар мэт хэрэгтэй зүйл бол ил тод, нээлттэй байдал 

“Өнөөгийн Баянхонгор” сонины эрхлэгч П.Санаадагва
 

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт бус болон иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт шалгалтыг тогтмол хийдэг. Уул уурхайтай холбоотой эдгээр хяналт шалгалт болоод цаг үеийн асуудлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн улсын байцаагч Ц.Болорчимэгтэй ярилцлаа.

2019 онд аймагт хичнээн уул уурхайн компани ажиллаж байна. Эдгээрт хэдэн удаагийн хяналт шалгалтыг хийгээд байна вэ?
Энэ онд бид 11 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгахаар төлөвлөсөн. Эдгээр аж ахуйн нэгжийг сонгож төлөвлөхдөө өмнөх жил үйл ажиллагаа явуулсан эсэх, одоо явуулж байгаа, цаашид явуулах эсэхийг хардаг. Энэ оны тухайд төлөвлөсөн газруудаас хоёр аж ахуйн нэгж хөрөнгө шийдвэрлэгдээгүй. Нэг аж ахуйн нэгж шүүхийн асуудалтай гэсэн шалтгаанаар ирээгүй. Бусад аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийгээд байна. Нөгөө талаар өмнөх жил үйл ажиллагаа явуулаагүй боловч, тусгай зөвшөөрлийг шинээр авч ирээд ажиллаж байгаа аж ахуйн нэгж байна. Ийм аж ахуйн нэгжийн тухайд хэдийгээр төлөвлөгөөнд тусгагдаагүй ч урьдчилсан сэргийлэх хяналт шалгалтыг хийсэн.

 
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, нөгөө талдаа дэвшилттэй эерэг зүйл юу байв?
Манай аймагт ажиллаж буй уул уурхайн аж ахуйн нэгжүүд бусад аймгуудын аж ахуйн нэгжүүдтэй харьцуулахад цар хүрээний хувьд дундаж. Хамгийн багадаа 20, дээд талдаа 100 гаруй ажилтантай байх жишээтэй. Бидний зүгээс энэ онд аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангаж ажиллах ёстой гэдгийг голлон анхааруулж ажиллалаа. Хэдийгээр ААН-ээс аюулгүйн ажиллагааны заавар, хангалтыг хийсэн ч гэсэн тухайн ажилтны хариуцлага, хандлагаас хамаарч алдаа, эндэгдэл гарах магадлалтай. Хяналт шалгалтаар бичиг баримтын зөрчил харьцангуй багассан нь харагдаж байна. Зарим тохиолдолд энэ төрлийн зөрчил нь ААН-ээс шалтгаалсан мэт харагдаж байгаа ч угтаа төрийн захиргааны төв байгууллагаас хамааралтай. Гэсэн хэдий ч хууль, эрх зүйн хүрээнд ААН-ын зөрчил гэж үзээд холбогдох арга хэмжээг аваад явж байна. 2017 онд гарсан Засгийн газрын 151 дүгээр тогтоолын хүрээнд гар аргаар олборлолт явуулж байсан иргэдийг тодорхой хэмжээний хүчин чадалтай механизмаар ашигт малтмал олборлохыг зөвшөөрсөн. Гэтэл тэдгээр иргэд өнөөдөр хүчин чадал хэтрүүлсэн механизм ашиглаж олборлолт явуулж журмын нөхцөл шаардлагыг зөрчиж байна. Энэ онд журам зөрчсөн есөн нөхөрлөлд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ аваад байна. Хариуцлагатай холбоотойгоор хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан эсэх, нөхөн сэргээлтийг журмын дагуу хийсэн зэргийг хардаг. Гэтэл нийгмийн хариуцлага гэдэг ойлголт олон нийтийн дунд их яригдах болсон. Тухайлбал, тухайн газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ААН сум орон нутагт хэр хэмжээний хандив өгсөн, нутгийн иргэдэд ямар дэмжлэг үзүүлсэн гэдгийг их ярих боллоо. 

Баянхонгор аймагт хичнээн нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
Хяналт шалгалт, тандалт судалгаагаар бол аймгийн хэмжээнд бүртгэгдсэн нөхөрлөл 40 орчим бий. Эдгээр нөхөрлөлийн ихэнх нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байна. Зарчмын хувьд нөхөрлөлүүд сумын засаг даргад өргөдөл гарган, сумаас аймгийн засаг даргад өргөдлийг уламжлан улмаар аймгийн Засаг дарга Ашигт малтмал газрын тосны газарт албан бичгээр хандана. Ашигт малтмал газрын тосноос бичил уурхайгаар үйл ажиллагаа эрхлэх эсэх талаар дүгнэлт ирсний дараа сум орон нутагтайгаа гэрээлж үйл ажиллагаа явуулах ёстой. Дээрх дүгнэлтийг үндэслэн сумын Засаг дарга нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулсан ч механизмын хүчин чадлыг хэтрүүлчихсэн зөрчил гарч байна.  

Баян-Овоо сумын Цагаан цахир хэмээх газар үйл ажиллагаа явуулж байгаа бичил уурхайчдын талаарх эерэг мэдээлэл сонсогдож байгаа. Тухайлбал, 2020 оны олимпын медалийг эдгээр бичил уурхайчдын олборлосон алтаар хийх тухай ярьж байсан. Эдгээр бичил уурхайчдын үйл ажиллагаанд хяналт, дүгнэлт хийсэн үү?

Таны асуусан бичил уурхайчид бол хуулийн хүрээнд байгуулагдсан бүртгэгдээгүй нөхөрлөл юм. Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо /ХАМОДХ/ ТББ-д гишүүнээр элссэн хэсэг бүлэг олборлогчид. Манай байгууллагаас жил бүр хяналт, шалтгалтыг хийдэг. Нэгэнт уул уурхайн маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа учраас Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтантай байх шаардлагыг тавьсан. Үүний үр дүнд Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоонд гишүүнчлэлтэй нөхөрлөлүүд нэг нэг Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтантай болсон. Аврах ангийн сургалтад жил бүр хамрагдаад явж байна. Гэсэн ч тухайн нөхөрлөлд байгаа бичил уурхайчид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж чадахгүй байгааг нуугаад яах вэ? 

Уул уурхайн үйл ажиллагаанаас болж эвдэрсэн газрын асуудлыг Баянхонгор аймаг өөрийн хэмжээнд цэгцлэх гэж үзсэн. Гэтэл бас хууль зөрчсөн гэх үндэслэлээр энэ ажил зогссон. Танай байгууллага үүнд ямар байр суурьтай баримталж байна вэ?

Эвдэрсэн газарт олборлолт явуулах замаар үйл ажиллагааны зардлыг нөхөж нөхөн сэргээлтээ хийх зарчмаар ажиллаж байсан явдал урьд жилүүдэд байсан. Мэргэжлийн хяналтын газраас нөхөн сэргээлт хийх нэрээр олборлолт явуулж болохгүй гэдгийг аймаг, орон нутгаас гаргасан холбогдох тогтоол журамд хориг тавих замаар байр сууриа илэрхийлж ирсэн. Ингэж ажилласны үр дүнд өнгөрсөн жилүүдэд хэд хэдэн аж ахуйн нэгж нөхөн сэргээлт нэрээр ажиллаж байсан бол энэ жил огт байхгүй. Тухайн үед нөхөн сэргээлт хийнэ гээд аймагтай гэрээ байгуулаад ажиллаж байсан газруудын зарим нь Цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсээд шийдвэрлэгдсэн бол одоо ч зарим ААН-ын үйл хэрэг үргэлжлээд холбогдох байгууллагаар явж байгаа. Энэ дээр тодруулж хэлэхэд аймаг, орон нутгаас нөхөн сэргээлтэд зориулж гаргах хөрөнгө санхүүгийн эх үүсвэр байхгүй учраас ААН-үүдэд олборлолт хийгээд тэндээсээ нөхөн сэргээлт хий гэдэг гэрээ хийчихсэн юм. Гэтэл хууль, эрх зүйн хүрээнд харвал энэ нь өөрөө хууль бус олборлолт болчихсон хэрэг. 

Өнөөдөр Баянхонгор аймагт нөхөн сэргээлт  ер нь ямар хэмжээнд хийгдэж байгаа вэ?

Нөхөн сэргээлийн асуудлыг 2006 оноос хойш ярьж, шаарддаг болсны үндсэн дээр өнөөдөр уул уурхайн аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлтийг төлөвлөгөөнд туссаны дагуу жил жилдээ хийдэг болсон. Ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, үнэлгээ дүгнэлт өгдөг, дараа жил нь ажиллах эсэхийг яаманд ярьдаг болсон учраас Аж ахуйн нэгжүүд хариуцлагажиж энэ ажлыг сайн хийдэг болсон. Биологийн нөхөн сэргээлтийн хувьд ААН-үүд тухайн орон нутгийнхаа хөрс, цаг агаарт тохирох ургамлыг сонгож чадахгүй байна. Гарал үүсэл тодорхойгүй, эсвэл гадны үр авчирч тарьдаг. Тухайн жилдээ хашиж хамгаалаад услаад ургаж байгаа боловч дараа жилээс нь ургахгүй байх жишээтэй. Гэтэл зарим талбай анхнаасаа сайр байсан гэдэг тохиолдол бас байна. Үнэхээр тийм газар байсан бол сум орон нутгийн зүгээс биологийн нөхөн сэргээлт хийх зардлаараа өөр газар мод, бут сөөг тариулах саналыг гаргах замаар дүйцүүлэн хамгаалах ажлыг бас хийж байна. 

Галуут, Заг сумдад тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулж, улстөрчид хүртэл оролцох хэмжээнд анхаарал татаж байсан. Эдгээр уурхайн үйл ажиллагаа одоо ямар шатандаа байгаа вэ?

Галуут сумын Их тойруу хэмээх газарт Гачуурт ХХК-ийн, Заг сумын Их булаг хэмээх газарт Централь Эшиа майнинг ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай байсан. Централь Эшиа майнинг ХХК нь нэрээ сольж Аурам металс ХХК нэртэй болсон. Энд үүссэн гол бэрхшээл нь Галуут сумын хувьд гол устай ойрхон, Заг сумын тухайд хадлангийн газар, булагтай гэсэн шалтгаанаар эсэргүүцэлтэй тулсан. Одоо бол аль аль нь олборлолт явуулаагүй зогссон. 

Баян-Овоо суманд үйл ажиллагаа явуулж буй Наран мандал ХХК-ийн талбайд цианит асгарч хоёр хүн хордсон тухай яригдсан. Дараа нь тус компаниас хордоогүй гэсэн шинжилгээний хариу гарсныг хэлсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

Хяналт шалгалтаар ажиллах үеэр тэсэлгээнээс үүссэн доргилтоос болж нэг товчлуур ажиллаж цианитын уусмал хальсан явдал гарсан. Урьд нь үзээгүй болон иргэдийн ойлголтоор бол газраар нэг асгараад, аймшигт нөхцөл үүссэн мэтээр ойлгосон. Буруу мэдээлэл маш их явсан. Газар дээр бол тухайн баяжуулах үйлдвэрийн шугам байгууламж дотроо хальсан. Үүнийг тухайн ажилтан мэдээлж, арга хэмжээ авсан. Нөгөө талаар компанийн зүгээс аюулгүйн ажиллагааны заавар зөвлөмжийг өгсөн. Ажилтан ч тэр талаар мэдээлэл сайтай, ямар арга хэмжээ авахаа мэддэг байсан. Мөн хорт бодисын хэмжээг заагч багажийг хүртэл зүүсэн байсан. Тухайн үед энэ багажанд дохио илрээгүй. Хордсон байж болзошгүй хоёр хүний шинжилгээг лаборторид хийлгэсэн.

Таны хувьд уул уурхайн хяналтыг аймаг, орон нутагтаа олон жил хийсэн туршлагатай хүний хувьд энэ салбарт цаашид ямар зохицуулалт, ажил арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой гэж хардаг вэ. Манай уул уурхайн салбарт өнөөдрийг хүртэл иргэд аж ахуйн нэгжийн хооронд, ААН төрийн байгууллага, улстөрчид хоорондын зөрчил явсаар байна шүү дээ?

Орон нутагт үйл ажиллагаа явуулах гэж байгаа ААН өөрсдийгөө болоод үйл ажиллагаагаа нутгийн иргэдэд ил тод тайлагнаж, танилцуулахгүй байна. Тухайн ААН үйл ажиллагаагаа нарийн танилцуулах хэрэгтэй. Орон нутгийн төрийн байгууллага, удирдлагуудтай ч ААН-үүд сайн харьцахгүй байна. Тэгэхээр тусгай зөвшөөрлөө авсан бол хаа хаанаа илэн далангүй, ил тод явах шаардлага тулгарч байна. Нөгөө талаар төрийн ажилд улстөрчдийн буруу үг, үйлдэл их нөлөөлж, эргээд төрийн нэр хүндийг унагах явдал байна. Иргэдтэй уулзалт хийж, тэдний санал хүсэлтийг сонсоод эргээд гомдлыг арилгаж барагдуулж байна гээд “Би наад уурхайг чинь зогсоож өгнө” гээд хэлчихдэг. Гэтэл улстөрчийн хэлсэн үгээр тусгай зөвшөөрөл цуцлагдах уу, үйл ажиллагаа зогсох уу гэдэг өөр асуудал. Бид хуультай. Хуулиа л харна. Түүнээс биш хэн нэгэн дарга, улсөрчийн үг хууль биш. Тэр хүн ч хуульд захирагдаж явах ёстой. Тэгэхээр манай улстөрчид иргэдэд хэлэхдээ хуулийн үндэслэлийг нь шалгуулая. Тодруулаад хариугаа хэлэе гэж ярьдаг болмоор байна. Дараагийн нэг асуудал бол хуулийг иргэдэд маш сайн сурталчилж, таниулах шаардлага байна. Зөвхөн Мэргэжлийн хяналтын газарт энэ асуудлыг хариуцуулж болохгүй. Мэдээж хэрэг бид хяналт шалгалтын явцад хуулиа сурталчилах ажлыг хийж байна. Хэлээд яриад явахаар иргэд хяналтын байгууллага энэ ажлыг, бодлогын мэргэжилтэн үүнийг хариуцдаг юм уу гэж ойлгодог. Хуулийг иргэдэд таниулснаар нэг талаасаа төрийн чиг үүрэг, тухайн асуудалтай холбоотой хуулийн ойлголтыг иргэд авахаас гадна, эргээд иргэдийг өөрсдийг нь хамгаалахад чухал ач холбогдолтой. 

Төрийн байгууллагын хяналт шалгалттай зэрэгцэн иргэний нийгмийн байгууллагууд уул уурхайн асуудлаар байр сууриа илэрхийлж, тэр нь заримдаа хурц тэмцлийн шинжтэй болох болсон. Иргэний нийгмийн байгууллагатай та бүхэн ямар байдлаар хамтран ажиллаж байна.

Зарим талаар Мэргэжлийн хяналтын газарт хүрч очоогүй, хяналт шалгалт хийгдээгүй газарт Иргэний нийгмийн байгууллагууд хүрч ажлаад зөрчил илрүүлж байна. Иргэний нийгмийн байгууллагын ийм төрлийн мэдээллүүд зарим үед үнэнтэй нийцдэг. Зарим тохиолдолд нийцэхгүй байх нь ч бий. Тухайлбал, манай энд хууль бусаар ухаад байна гэсэн мэдээлэл ирнэ. Очоод үзэхээр тусгай зөвшөөрлөө авчихсан байдаг. Энэ тохиолдолд үйл ажиллагаанд нь хууль бус зүйл байна уу гэдгийг тодруулах шаардлагатай. Ийм чиглэлд хамтран ажиллах тохиолдол байдаг. Нөгөө талдаа Иргэний нийгмийн байгууллагууд Мэргэжлийн хяналтын газрыг хардаж, сэрдэх хандлага их бий. Гэтэл манай байгууллага зөвшөөрөл өгдөг байгууллага биш шүү дээ. Тиймээс хэн хэнийгээ хүндэлж, зорилгоо нэгтгэж байж үр дүнд хүрнэ гэж хувьдаа хардаг юм.

Танд баярлалаа.