Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

РЖД-ийн Ерөнхийлөгч О.В.Белозёров төмөр замын төслүүдийн талаар Монголын талтай ярилцжээ 

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга О.В.Белозёровыг хүлээн авч уулзжээ. Тэрбээр Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН 2018 онд 25.8 сая тонн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоосныг онцлоод цаашид тус нийгэмлэгийн шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх болон бусад тулгамдсан асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхийн төлөө хичээн ажиллаж байгаагаа илэрхийлсэн байна. 

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан УБТЗ-аар тээвэрлэх ачаа тээврийн хэмжээ жил ирэх бүр нэмэгдэж байгаа энэ үед тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг онцолсон бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг 2030 он хүртэл шинэчлэх, хөгжүүлэх хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулан, дэмжүүлэхээр ажиллаж байгааг дуулгав. Үүнтэй холбогдуулан УБТЗ-ын төв коридорын зарим хэсгийг шинэчлэх эхний ээлжийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. Мөн Улаанбаатар төмөр замын акцизын асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн талаар ярилцсан байна.   

Түүнчлэн, талууд Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Зүүнбаян, баруун босоо коридор буюу Арцсуурь чиглэлийн төмөр замыг холбох Кызыл-Курагинотой чиглэлийн шинэ төмөр замын  төслүүдийг, төмөр замын төв коридорын шинэчлэлтэй хамтатган хэрэгжүүлэхээр ярилцаж, хэрэгжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулан, хамтарч ажиллахаар тохиролцжээ.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам