Байгалийн баялаг төрийн өмч үү, нийтийн өмч үү?

2019-09-12 10:32

The Mongolian Mining Journal /Aug.2019/

Г.Идэрхангай

Үндсэн хуулийн байгалийн баялгийг ашиглахтай холбоотой нэгдүгээр бүлгийн заалтаас болж монголчуудын нэг хэсэг нь хөлжиж, нэг хэсэг нь ядуурсан тухай  тайлбар их явдаг.  Улстөрийн эрх мэдэлд шунаж, ашигт малтмалын томоохон ордуудад эзэн суух шалтаан нь Үндсэн хуультай холбоотой  гэх өрөөсгөл, эцэс төгсгөлгүй маргаан дунд зуны  нарлаг өдрүүд улиран одов. Байгалийн баялгийг өмчилсөн  өнөө алдарт “30 гэр бүл”-ийг  ч мөнхүү Үндсэн хууль л “төрүүлжээ”.  

Үндсэн хуулийн 6.1-ийн “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 6.2-ын  “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн заалт маш сайн зохицуулалт, үүнийг огт хөндөх хэрэггүй хэмээн мэргэжлийн хуульчид, эрдэмтэн мэргэд учирлаж байгаа. Харин улс төрийн намууд  өөрчлөх ёстой, тэр тусмаа “Нийтийн өмч, ”Ард түмний өмч”, “Ард түмний дундын өмч”, “Улсын өмч” гэсэн янз бүрийн хувилбарууд дэвшүүлж, дор бүрнээ байр сууриа хамгаалан мэтгэлзэх аж.  Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ирэх есдүгээр сард  багтаагаад УИХ-аар батлах бололтой. Одоогоор олон хувилбар дотроос “төрийн өмч”, “нийтийн өмч” гэдэг дээрээ илүү төвлөрч, зарчмын шийдэл гаргах болов уу. УИХ-ын гишүүн Д.Лүндээ­жанцан тэргүүтэй 62 гишүүний өргөн барьсан төслөөр бол “байгалийн баялаг төрийн өмч мөн” гэсэн томъёоллоо хадгалан “Төрөөс байга­лийн баял­гийг ашиг­лах­даа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгж­лийг хангах зарчмыг барим­тална” гэсэн нэмэлт тодотголтой орж ирж байна. 

Хөгжлийн зөв чиг баримжаагаа тодорхойл­сон, хоёрдмол утгагүй, шууд жинтэй буухаар заалт гэвэл энэ. Хэрэгжүүлэхдээ яг энэ зарчмаар хадгалж чадвал  үр өгөөж нь аяндаа гарах байх. “Тун боломжийн заалт шүү” хэмээн Д.Лүндээжанцан дарга учирласаар байна. Харин газрын хэвлийн баялгийг төрийн биш, нийтийн өмч болгох саналаа Ерөнхийлөгчийн зүгээс илэрхийлээд  Байгалийн баялгийн сангийн зохицуулалттай холбоотой нэлээд хэдэн өгүүлбэрийг нэмж оруулжээ. “Нийтийн өмч” (Public property) гэж юу вэ?. Хуулийн тайлбар, эрх зүйн ухагдахууныг төдийлөн мэддэггүй эгэл хүмүүст бол нийтээрээ эзэмших юм байна, хамтдаа хүртэх юм байна л гэж ойлгогдоно. Социалист нийгмийн үед аливаа өмч хөрөнгө “нийтийн” гэсэн  нэр устай байсан ба хариуцлагыг хамтаараа үүрдэг ч  асуудал гарахад “эзэн бие” нь олддоггүй сул талтай  байв. Тийм  учраас “нийтийн өмч” гэж заачихаад зохицуулалтыг нь тусгахгүй бол Үндсэн хууль хол явахгүй. Ерөнхийлөгч хуулийн төсөлд тусгасан саналаа амилуулъя гэвэл Нийтийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журмыг тусгай хуулиар маш сайн зохицуулах шаардлагатай. 

“Байгалийн баялаг бол одоогийн болон ирээдүйн монголчуудын өмч. Хүний бүтээгээгүй байгалийн баялгийг үйлдвэр, эд хөрөнгөтэй адилтган хувьчлалд оруулсан олон жилийн алдаа засагдана. Нийтийн өмч гэснээр иргэдийн хяналт сайжирна. “Төрийн өмч” гэсэн үгээс болж иргэд хянаж чадахгүй Оюутолгойгоо гадныханд тавиад туучихсан” хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хуулийн төслөө хамгаалж  байр сууриа илэрхийлэв. Түүний үгээр бол УИХ цаашид Оюутолгой шиг гадны хөрөнгө оруулалттай томоохон төсөлтэй төр гэрээ хийхгүй аж. Энэ  хувилбараа илүү бататгах зорилгоор Үндсэн хуульд бас “Онцгой ач холбогдол бүхий газрын хэвлийн баялгийг төр хамтран ашиглах тохиолдолд гарах зардлыг хөрөнгө оруулагч тал хариуцах бөгөөд татварын дараах ашгийн 51-ээс доошгүй хувь нь Монгол Улсын төрд ногдоно” гэсэн заалт. Хуулиар тусгаж өгөх ёстой заалтыг ийнхүү Үндсэн хуульд шургуулж, ашгийн хуваарлилтын хувь хэмжээг тоон утгаар нь шууд өгснийг буруутгаж буй нь ч бий, зөвтгөж байгаа нь ч байна. “Үндсэн хуулийн ирээдүйн хямрал эндээс эхлэх вий” хэмээн салбарын сайд  болгоомжлов. Дэндүү хашир гэмээр энэ заалт Ашигт малтмалын тухай хуулийн нэг заалтаас үүдэлтэй. Тодруулбал,  “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд  ашиглах гэрээгээр тодорхойлно” гэснийг маш   ноцтой заалт хэмээн үздэг хүмүүс бий. 

Эцэс төгсгөлгүй  маргааны эхлэлийг тавьсан энэ 34%-иараа Монголын төр “Оюутолгой” компанитай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Уг нь бол хуулийн дагуу л хийгдсэн ажил. Яагаад гэвэл хуулиа Монголын төр өөрөө баталж, өөрөө  хэрэгжүүлж байгаа. Угтаа тухайн ордын нийт нөөцийн үнэлгээний 34% биш, зөвхөн ордыг эзэмшигчээс оруулсан 34% гэсэн нь маш олон ордоо хөрөнгө оруулагчдад алдахад хүргэсэн гэх яриа бий.  Тиймдээ ч хайгуулын ажлаар тогтоогдсон ордын ашиглалтын 50-иас доошгүй хувийг төр эзэмших ёстой гэх байр суурь олон жилийн өмнөөс сонсогдож эхэлсэн бөгөөд эдүгээ Ерөнхийлөгч “өлгөж аван” Үндсэн хуульдаа тусгаад байгаа нь энэ билээ. 
Ганцхан Оюутолгой ч биш ашигт малтмалын хэд хэдэн томоохон ордоо энэхүү 34%-иас болж, гадныханд алдсан хэмээн иргэний нийгмийнхэн төв талбайдаа тугаа намируулан жагсдаг билээ. 

Сүүлийн нэг жилийн дотор  стратегийн ач холбогдол бүхий ордуудыг “нийгэмчлэх” бодлого хүчтэй өрнөж байна. Баялгийн сан байгуулах томоохон зорилт тавьсан “Эрдэнэс Монгол” компани  стратегийн 4 ордын тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй. Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий 39 ордтой ба түүнээс ердөө дөрөв нь л “Эрдэнэс Монгол”-д харъяалагддаг гэсэн үг. Стратегийн “ач холбогдолгүй” Салхитын мөнгөний ордыг ч Баялгийн сангийн орлогыг бүрдүүлэгч болгохоор төр хүчээр “Эрдэнэс Монгол”-д өглөө. “Нийтийн өмч” ийнхүү маш хурдан  хэлбэр дүрсээ олж байна. Баялгийн сан байгуулж, орлогын дахин хуваарилах боломжийг Үндсэн хуулиар нээж өгөх гэж байгаа ч  өнөөдөр жагсаалтад байгаа 39 ордыг хэрхэн ашиглах зарчмын бодлого алга. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналаа тусгаж байгаа зарим намуудын байр суурь тун сонирхолтой ч гэмээр эсвэл бүр гаж ч гэмээр. Тэдний дундаас томоохон ордыг ашиглах асуудлаар цаашдаа ард түмний санал асуулга явуулж, байгалийн баялгийг ард түмний дундын өмч гэж хуульчилъя гэсэн МАХН-ын байр суурь. Хэрэв ашигт малтмалын ордуудыг ашиглах бүртээ ард түмнээсээ санал асуугаад байвал баялаг тойрсон хэрүүл маргаан, улс төржилт, хоосон мэдэмхийрэл дийлдэхээ болино. Тэгээд ч томоохон ордоо ашиглах нь төрийн бодлого болохоос эгэл  ардын  мэдэх хүрээний асуудал биш. 2015 онд  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгой, Тавантолгой төслөө хөдөлгөх үү, эс хөдөлгөх үү гэсэн хоёр асуултын аль нэгийг сонго хэмээн ард түмэндээ мессеж илгээж санал асуулга явуулж байсан. Ихэнх нь энэ хоёр төслийн цаад нарийн учрыг  сайн мэдээгүй байж “том төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийн хямралаас гаръя” гэх хэт ерөнхий хариултыг  өгч  байлаа. Засгийн тэргүүн ч ард түмнээсээ санал авчихлаа гээд маадгар байж билээ.    

1992 оны Үндсэн хууль түүхэн үүргээ гүйцэтгэж чадсан гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Харин Үндсэн хуульд төрийн эрх мэдлийн хуваарилалт буюу эрх зүйт төрийн суурь зохицуулалт учир дутагдалтай. Тиймдээ ч хоёрхон жилийн настай Засгийн газар байгуулагдаж,  шүүх засаглал бие даасан байдлаа алдсан. Гэтэл зөвхөн засаглалын асуудалтай холбоотой Үндсэн хуулийн гуравдугаар бүлгээс хальж, байгалийн баялгийн  зохицуулалтыг тусгасан нэгдүгээр бүлэгт нам, эвслүүд ийнхүү хамаг анхаарал, оюун бодлоо чилээж маргалдсаар. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ олонхиороо хүч түрэн батлах уу, ард түмнээрээ хэлэлцүүлэх үү гэдэг торгон ирмэг дээр ирж байна. УИХ-ын ээлжит бус чуулган есдүгээр сарын 1-нд завсарлана. Завсарлахаасаа өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгахаар төлөвлөжээ.

Хуулийн төсөл батлагдах хугацаа ойртох тусам улс төрийн нам бүлгүүд тодорхой зөвшилцөлд хүрэхээр хичээж байгаа нь харагдаж байна. Тухайлбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо наймдугаар сарын 27-ны өдөр хуралдаж, өмнөх өдөр нь МАН-ын бүлгээс гарсан хуулийн төслийн саналыг хэлэлцэн байгалийн баялаг “төрийн өмч” гэснийг “төрийн, нийтийн өмч” гэж өөрчлөхөөр болов. Тиймээс энэ санал байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн дэмжлэгээр “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн, нийтийн өмч мөн” хэмээн өөрчлөгдөж буй юм. УИХ-ын намрын нэгдсэн хуралдаанд энэ өөрчлөлтийг  хэр дэмжиж, батлах нь л үлдэж байх шиг байна. 
 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 7 цаг 33 минутын өмнө
    “Зогсолтгүй хүч-Шантаршгүй зүтгэл” (Unstoppable Effort. Extreme support) уриатайгаар  үйл ажиллагаа явуулдаг “ЗаМайн Сервисиз” ХХК нь 2010 оноос хойш “Customer Appreciation Day” /Харилцагчдын хүндэтгэлийн өдөр/-ийг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээг тус компанийн зүгээс  есдүгээр сарын 13-нд “Скай ресорт” цогцолборт зохион байгуулсан юм. Хүндэтгэлийн өдөрлөгт “ЗаМайн Сервисиз” ХХК-ийн хөрөнгө оруулагч компаниуд, харилцагч байгууллагууд, банк санхүүгийн салбарын  370 орчим төлөөлөл болон “Хитачи констракшн машинери”, “Марубени” корпорацийн уул уурхайн хэлтсийн менежерүүд уригдан иржээ.   
  • Өчигдөр 15 цаг 46 минутад
    Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт бус болон иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт шалгалтыг тогтмол хийдэг. Уул уурхайтай холбоотой эдгээр хяналт шалгалт болоод цаг үеийн асуудлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн улсын байцаагч Ц.Болорчимэгтэй ярилцлаа. 2019 онд аймагт хичнээн уул уурхайн компани ажиллаж байна. Эдгээрт хэдэн удаагийн хяналт шалгалтыг хийгээд байна вэ? Энэ онд бид 11 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгахаар төлөвлөсөн. Эдгээр аж ахуйн нэгжийг сонгож төлөвлөхдөө өмнөх жил үйл ажиллагаа явуулсан эсэх, одоо явуулж байгаа, цаашид явуулах эсэхийг хардаг.
  • Өчигдөр 10 цаг 58 минутад
    2016 оны хоёрдугаар хагасаас эхлэн эрдсийн зах зээлд “урь” орж эхэлсэн бол одоо илүүтэй “хүйтрэх” шинжтэй болж ирж байна. Гэхдээ энэ бүхэн нь АНУ-Хятадын худалдааны дайнтай ихээхэн холбоотой. АНУ, Хятад дор бүрнээ дотоодын бизнесүүдийг хамгаалах оролдлого хийж байгаа ч тэдний тулааны нөлөө бусад голлох эдийн засгуудад муугаар нөлөөлж, улмаар дэлхийн эдийн засаг, түүхий эдийн зах зээлийг доош татаж байна. Нөгөөтэйгүүр эрдсийн зах зээлийн бууралтын мөчлөг эхэллээ гэж дүгнэх нь хэтэрхий эрт байгааг энд сануулья. Тухайлбал зэсийн хувьд бууралттай   ч урт хугацааны төлөв нь тун өөдрөг хэвээр. Гэхдээ яг одоогоор алтнаас бусад эрдсийн хувьд бууралттай тулгарч байна. Эрдэс тус бүрээр байдал ямар байгааг авч үзье.
  • 2019-09-13 14:06
    Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Баянхонгор аймаг дахь Алт сорьцлох хяналтын лаборатори 10 гаруй иргэн, гурван аж ахуйн нэгжээс 80 орчим кг алт авч Монголбанкинд тушаажээ. Тус лаборатори нь нийтдээ 90 орчим алтан гулдмай хэвлэн гаргаж, химийн сорьцын шинжилгээ хийсэн байна. Тэгвэл энэ оны есдүгээр сарын байдлаар 450 орчим кг алт Монголбанкинд тушаасан бөгөөд нийт 390 орчим алтан гулдмайг хэвлэж, сорьцын шинжилгээ хийсэн аж. Энэ хэмжээ ирэх хоёр сарын хугацаанд өсөх хандлагатай байна.
  • 2019-09-12 17:44
    Оны эхний найман сарын байдлаар Монгол улсын нүүрсний экспорт 25 сая тоннд хүрсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд 5.2%-иар өссөн үзүүлэлттэй байна. Сарын дүнгээр авч үзвэл, өнгөрсөн наймдугаар сард 4 сая 125 мянган тонн нүүрсний экспорт хийж түүхэн дээд амжилт тогтоолоо. Харин мөнгөн дүнгийн хувьд 15.6%-ийн өсөлттэй буюу 2.135 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Гэхдээ энэ онд нүүрсний экспорт 42 сая тонн байхаар улсын төсөвт тооцож буй төлөвлөгөө биелэхэд хүндрэлтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, оны эхний найман сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.5 тэрбум ам.долларт хүрч 11.9%-иар өсчээ. Үүнд экспорт 5.4 тэрбум ам.доллар, импорт 4.1 тэрбум ам.долларыг эзэлсэн байна. Тодруулбал, экспорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.3%, импорт 7.6%-иар тус тус өслөө.