Coal Mongolia: Хятадын коксжих нүүрсний импортын хэмжээ тогтвортой хадгалагдана

2019-09-06 12:47

Нүүрсний худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлийн олон улсын хурал болох “Coal Mongolia ес дэх жилдээ “Өрсөлдөөнд манлайлъя” уриан дор болж (09.05-06) байна. Хурлын үеэр “Монгол нүүрс ассоциаци”-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал манай улсын нүүрсний экспорт цаашид хэмжээнээс илүүтэй чанарт анхаарах цаг болсныг санууллаа.

Одоогийн байдлаар Монголын нүүрсний экспортын дийлэнхийг түүхий буюу боловсруулаагүй бүтээгдэхүүн эзэлж байгаа нь үнэ өрсөлдөхүйц хэмжээнд очихгүй байгаа нэг шалтгаан болж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлснээр энэ оны эхний долоон сарын байдлаар боловсруулсан нүүрсний экспорт нийт нүүрсний экспортын 17%-ийг эзэлсэн байна.

Монголын нүүрсний салбарын тэргүүлэх тоглогчдын нэг “Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл хурлын үеэр Монголын нүүрсний салбар Хятад болон барууны орнуудтай харьцуулахад олборлолтын өртөг багатай нь давуу тал ч гэлээ бүтээгдэхүүнээ зах зээлд хүргэж өгөх зардал нь харин хавьгүй илүү байгаа нь сул тал болж байгааг тэмдэглэлээ. Мөн тэрбээр гуравдагч зах зээлд хүрэхэд хүндрэлтэй нь манай сул тал болдог ч энэ сул талаа хэрхэн давуу тал болгох тухайд анхаарч ажиллах. Өөрөөр хэлбэл Хятадын хойд хэсгийн зах зээлд байр сууриа бататгах нь эхний чухал зорилт болохыг онцоллоо. Үүний дараагаар гуравдагч зах зээлд хүрэх ажилдаа анхаарах нь илүү зохистой ажээ.

Транзит тээврийн хувьд хоёр хөрш манай улсад хөнгөлөлт санал болгож байгаа ч хоёр улсын дотоодын төмөр замын тээвэр ихээхэн ачаалал өндөртэй байгаа юм. Мөн транзит хөнгөлөлттэйгөөр манай улсын нүүрс гуравдагч зах зээлд хүрэх мөрөөдөл нь зөвхөн коксжих нүүрсний зах зээлийн оргил үед л боломжтой ажээ. Мэдээж зах зээл үргэлж оргил түвшинд хадгалагдаад байхгүйг хүн бүр мэднэ. Тэгэхээр илүү бодитой зах зээл нь Хятад гэдэг нь яриангүй болж байна. Гэвч Хятад руу чиглэсэн нүүрсний төмөр зам одоог хэр нь үгүйлэгдсэн хэвээр. Энэ тухай салбарын сайд Д.Сумъяабазар хурлын нээлтийн үеэр “Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх “Тавантолгой төмөр зам” компанийг төрийн өмчийн оролцоотой байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн... Энэхүү ажлын эхний ээлжийн санхүүжилтийн асуудал шийдэгдээд байгаа бөгөөд зам барилгын ажил төлөвлөгөөний дагуу өрнөж эхлээд байна.” гэж мэдэгдсэн юм.

Хурлын хоёр дахь өдөр дэд бүтцийн асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцэнэ. “Coal Mongolia хурлын бас нэг сонирхолтой хэсэг нь бодлого шийдвэр, дэд бүтцийн асуудлаас гадна нүүрсний зах зээлийн төлөв байдлын талаарх хэлэлцүүлэг байдаг. Энэ удаагийн хуралд Хятадын “Today Think Tank Energy байгууллага (хамтран зохион байгуулагч) болон “S&P Global Platts”-ын төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.

Today Think Tank Energy”-ийн Ерөнхийлөгч Xue Wenlin “Хятадын коксжих нүүрсний зах зээлийн шинжилгээ, 2019-2020 оны төлөв” сэдэвт илтгэлдээ тус улсын коксжих нүүрсний импорт ойрын хугацаанд 70 сая тонноос хэтрэхгүй болов уу гэж үзэж байгаагаа тэмдэглэлээ. АНУ-Хятадын худалдааны дайны нөлөөгөөр голлох түүхий эдийн импорт буурч магадгүйг анхаарууллаа. Хятад улс нь Австралийн коксжих нүүрсийг худалдан авах хэмжээгээ бууруулж буй нь улс төрийн шинжтэй байж болох юм. Одоогоор Австралийн нүүрсний импортын хувьд хязгаарлах бодлого хэвээр үргэлжилж байгааг хэллээ. Харин Монголын нүүрсний импортын хувьд ямар нэг хязгаарлах бодлого ажиглагдаагүй байна. Мөн тэрбээр Хятадын Засгийн газрын хувьд тус улсын нүүрсний экспортод квот тавьдаг ч импортод квот тавьдаггүй. Харин оны эхний хагаст импорт багагүй өссөн дүн гарвал оны хоёрдугаар хагаст тодорхой хязгаарлалт хийдэг болохыг тайлбарлалаа.

Энэ оны эхний хагасын байдлаар Хятадын коксжих нүүрсний импорт 36.3 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 гаруй хувиар нэмэгдчихээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор зарим нэг далайн боомтуудад нүүрсний импортыг хязгаарлах бодлого долдугаар сараас эхлэн хэрэгжиж эхлээд байгаа юм. Гэхдээ энэхүү бодлого газрын боомтуудад ажиглагдаагүй ч он дуусах хүртэл худалдан авалт буурч болзошгүйг салбарын төлөөллүүд үгүйсгэхгүй байна.

Монгол улсын хувьд энэ онд Хятадын коксжих нүүрсний импортод тэргүүлэх улсын байранд зогсоод байгаа нь Австралийн нүүрсний импорт буурах болсонтой холбоотой. Өөрөөр хэлбэл Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадвар дээшлээгүй хэвээр бөгөөд хүчтэй өрсөлдөгчидтэй нүүр тулахад ямар ч бэлтгэлгүй байгааг салбарынхан илэрхийлэв. Цаашид Хятадын коксжих нүүрсний импорт тогтвортой хадгалагдах нөхцөлд манай улс илүү байгальд ээлтэй, өртөг багатай тээврийн шийдэл болох төмөр замаа цаг алдалгүй ашиглалтад оруулах шаардлагатай байгаа юм. Нөгөөтэйгүүр хил гаалийн зохицуулалт болон худалдааны бусад олон асуудлыг дээд түвшинд шийдвэрлэх шаардлагатай байгааг Монголын нүүрсний салбарын гол төлөөллүүд анхааруулж байна.

 

Б.Төгс

 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 8 цаг 44 минутын өмнө
    Монголбанкны Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал дан ганц Монгол Улс “Саарал жагсаалтад” орсонтой холбоотой бус бөгөөд арилжааны банк татан буугдсан, банк, санхүүгийн салбарт сахилга бат алдагдсан, Төв банкны үйл ажиллагааны тайлан хангалттай үнэлэгдээгүй зэрэг олон шалтгаантай гэлээ. Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээлэл, саналыг ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцсэн гээд, цаашид эдийн засагт донсолгоо үүсэхээс сэргийлэхийн тулд УИХ-ын удирдлага, холбогдох байнгын хороод анхаарч ажиллах ёстой гэдгийг ч тэмдэглэлээ.
  • 10 цаг 15 минутын өмнө
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад гэрээг Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. УИХ-ын Ажлын хэсгийн боловсруулсан “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” уг тогтоолын төсөл батлагдсанаар "Рио Тинто"-той ширээний ард сууж хэлэлцээр хийх ажилд томоохон алхам боллоо. Уг батлагдсан тогтоолд найман чиглэлийг тусгасан бөгөөд төсөл дэх Засгийн газрын эзэмшлийг нэмэлт роялти руу шилжүүлэх хувилбарыг судлах асуудал орсон нь анхаарал татаж байна. Учир нь Засгийн газар төсөл дэх 34%-ийн эзэмшлээ зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж буй. Уг зээл нь 6.5% дээр нэмэх нь LIBOR нөхцөлтэй буюу бараг 10%-ийн хүүтэй учир 2041 он хүртэл Монголын тал эзэмшлийн хувиасаа ямар ч ногдол ашиг хүртэхгүй гэсэн судалгааг УИХ-ын Ажлын хэсэг танилцуулаад байгаа юм.
  • 14 цаг 17 минутын өмнө
    Ховд аймгийн www.khovdtimes.mn cайтын эрхлэгч Ж.САРУУЛ  “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “ХӨШӨӨТИЙН УУРХАЙН ИЛ БА ДАЛД АСУУДЛЫГ ХӨНДӨХҮЙ” нийтлэлээр  амжилттай оролцон ГУРАВДУГААР  БАЙР хүртлээ.  
  • Уржигдар 10 цаг 43 минутад
    “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн  “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “БИЧИЛ УУРХАЙ БИДЭНД ХЭРЭГТЭЙ БАЙНА”  нэвтрүүлгээр  амжилттай оролцон ХОЁРДУГААР  БАЙР хүртлээ. 
  • 2019-11-19 14:28
    Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 27, 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн “Удирдамж батлах тухай” 94, 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 99, 2015 оны тавдугаар сарын 15-ны өдрийн “Эрх олгох тухай” 123 дугаар захирамжуудыг тус тус гаргажээ.