Төмөр замын ямар төслүүдэд Оросын тал хамтрах сонирхолтой вэ?

2019-09-04 16:15

Гэрэл зургийн эх сурвалж: gazeta.ru

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин есдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа.  Өнөөгийн байдлаар Монгол, Оросын талын хувь оролцоотой аж ахуйн ганц нэгж “Улаанбаатар төмөр зам” ХНН бөгөөд шинээр барих төмөр замын төслүүдэд Оросын тал хамтрах талаар хаалттай хуралдаанаар санал солилцсон байна.

Айлчлалын үр дүнгийн талаар хоёр улсын Төрийн тэргүүн нар мэдээлэл хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч “ОХУ-ын Засгийн газраас бидний хүсч байгаа 100 тэрбум рублийн экспортын зээлийг "Улаанбаатар төмөр зам" хамтын нийгэмлэгийн дүрмийн санг нэмэх, Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барихад авах сонирхлоо Монголын тал илэрхийллээ. 2018 оны зургаадугаар сард Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Транзит тээврийн гэрээ нь энэхүү боломжийг бидэнд нээсэн билээ. Бид Алс Дорнодын Зарубина боомтыг эзэмшдэг ОХУ-ын Беско компанитай хамтран ажиллахаар тохиролцож, шинээр терминал барих урьдчилсан ТЭЗҮ-ийг хийж дуусгаад байна” гэж мэдэгдсэн юм.     

Монголд шинээр баригдах төмөр замын төслүүдэд хамтран ажиллах талаар Оросын талтай санал солилцсон тухай Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Хойд хилээс урд хил хүрэх чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын суурь бүтцийг янзлах, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх, мөн боловсон хүчнийг бэлтгэх дадлагажуулахад анхаарах талаар шинэчлэх асуудлыг ярилцсан. Мөн шинэ төмөр замын асуудлаар хэд хэдэн санал солилцсон. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замд оросын тал оролцох, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын рельс төмрийн Оросын талаас нийлүүлэх болоод мэргэжлийн туслалцаа мэдлэг үзүүлэх, цаашлаад Арцсууриас нааш татах Олон Овоот чиглэлийн төмөр замд хамтран ажиллах, Кызыл-Курагино чиглэлийн төмөр замтай холбох талаар нэлээд яриа хийгдлээ” хэмээн айлчлалын үеэр МҮОНТ-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Эргэн сануулахад, 2014 оны есдүгээр сарын 3-нд Монгол Улсад хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын үр дүнд байгуулсан хэлэлцээрт төмөр замын тодорхой ганц чиглэл туссан нь “Салхит-Эрдэнэт салбар төмөр замын шугамыг баруун хойд чиглэлд үргэлжлүүлэн Монгол Улс, ОХУ-ын хилд хүргэж, ОХУ руу төмөр замын шинэ гарц нээх, улмаар ОХУ-ын Тува улсын Кызылтэй холбосноор Оросын уул уурхайн бүтээгдэхүүнийг Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д гаргах шинэ зам бий болгох” тухай тэмдэглэгдсэн байдаг.

2016 оны арванхоёрдугаар сарын 13-нд анх Монгол Улсын Засгийн газар 50-100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл ОХУ-аас хүссэн тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны XX хуралдааны протоколд тэмдэглэгдсэн байдаг. Тухайн үед зээлийн хөрөнгийн зарцуулалт тодорхойгүй шалтгаанаар Оросын тал татгалзсан тухай мэдээлэл цацагдаж байсан. Энэ тухай Монгол Улсад ОХУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов “Багагүй хугацаанд яригдаж байгаа Орос улсаас олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг Монгол улс төмөр замын дэд бүтэц, Улаанбаатар хотын ДЦС-ын шинэчлэлд зориулна гэсэн тодорхой санал тавьсан. Одоогоор хоёр улсын Сангийн яам энэ асуудлыг хамтран судалж байна” хэмээн 2018 онд MMJ сэтгүүлд өгсөн ярилцлагдаа дурдаж байв.

2018 оны зургаадугаар сарын 8-нд Улаанбаатар хотноо зохиогдсон “Монгол-Оросын санаачилга 2018” арга хэмжээний хүрээнд “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээврийн нөхцөлийн тухай” хэлэлцээрийг Монгол, Оросын Засгийн газар хооронд үзэглэх ёслол болсон билээ. Хоёр улс харилцан дамжин өнгөрөх тээвэрт ННТ-аас 66.4%, чингэлэг тээвэрт 52%-ийн хөнгөлөлт үзүүлэх бөгөөд хөнгөлөлттэй тарифыг 25 жил тогтвортой байлгахаар хэлэлцээрт тусгасан юм.

2018 оны зургаадугаар сарын 29-нд УИХ-ын чуулганаар “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”- ын баримт бичгийг батлах тухай УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төсөл батлагдсан. Нэмэлт өөрчлөлтөөр төмөр замын бодлогод Эрдэнэт-Арцсуурь, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын хоёр чиглэлийг нэмж тусгасан. Ингэснээр “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын  II шатанд баригдах Нарийнсухайт-Шивээхүрэн 45.5км, Тавантолгой- Гашуусухайт 267км, Хөөт-Тамсагбулаг-Нөмрөг 380км, Хөөт –Бичигт 200 км   зэрэг 900  км дээр нэмээд Эрдэнэт-Арцсуурь 780км болон Зүүнбаян-Ханги 280км  нийтдээ 1900 орчим км зам болж өөрчлөгдсөн юм.

2019 оны тавдугаар сарын 24-нд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцсон юм. Энэхүү чиглэлд төмөр замын шавыг хоёр дахь удаагаа тавьж буй. Тодруулбал, 2011 онд “Шинэ төмөр зам” төслийг Дорноговь аймгаас эхлүүлэхээр болж Сайншанд сумын нутагт “Хар тойром” хэмээх  газар төслийн шав тавих ёслол болж байсан билээ. Монгол Улсын “Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын I үе шатанд нийт 1100 орчим км барихад Тавантолгой-Зүүнбаян чиглэл туссан.    

ОХУ-ын Төрийн тэргүүний энэ удаагийн айлчлалын хүрээнд нийт 10 баримт бичгийг талууд үзэглэв.

1.    Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ

2.    Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр

3.    Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр

4.    Монгол Улсад цэрэг техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчилгээг сунгах тухай Засгийн газар хоорондын протокол

5.    Монгол-Оросын улсын хил дээрх Хиагт-Алтанбулаг олон улсын авто замын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын протокол

6.    Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2020-2024 оны төлөвлөгөө

7.    Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар ОХУ-ын "Росгеологи" ХН-ийн ТӨК хоорондын хэлэлцээр

8.  "Монгол шуудан" хувьцаат компани ОХУ-ын "Орос шуудан" холбооны төрийн нэгдсэн үйлдвэр хоорондын стратегийн хамтын ажиллагааны нэгдсэн хэлэлцээр

9.    “Эрдэнэс Монгол” ХХК ОХУ-ын “Россети” олон нийтэд нээлттэй ХН хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

10.  "Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК" ХХК болон ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр

Бэлтгэсэн Э.Од

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 14 цаг 31 минутын өмнө
    Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон 43 гишүүний 27 буюу 62.8% нь дэмжсэн. Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 42 гишүүний 26 буюу 61.9% дэмжив.
  • 19 цаг 44 минутын өмнө
    “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “Зам дагасан тарчлаан”  нэвтрүүлгээр  амжилттай оролцон ТУСГАЙ  БАЙР хүртэв.  
  • Уржигдар 16 цаг 22 минутад
    Монголбанкны Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал дан ганц Монгол Улс “Саарал жагсаалтад” орсонтой холбоотой бус бөгөөд арилжааны банк татан буугдсан, банк, санхүүгийн салбарт сахилга бат алдагдсан, Төв банкны үйл ажиллагааны тайлан хангалттай үнэлэгдээгүй зэрэг олон шалтгаантай гэлээ. Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээлэл, саналыг ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцсэн гээд, цаашид эдийн засагт донсолгоо үүсэхээс сэргийлэхийн тулд УИХ-ын удирдлага, холбогдох байнгын хороод анхаарч ажиллах ёстой гэдгийг ч тэмдэглэлээ.
  • Уржигдар 14 цаг 51 минутад
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад гэрээг Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. УИХ-ын Ажлын хэсгийн боловсруулсан “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” уг тогтоолын төсөл батлагдсанаар "Рио Тинто"-той ширээний ард сууж хэлэлцээр хийх ажилд томоохон алхам боллоо. Уг батлагдсан тогтоолд найман чиглэлийг тусгасан бөгөөд төсөл дэх Засгийн газрын эзэмшлийг нэмэлт роялти руу шилжүүлэх хувилбарыг судлах асуудал орсон нь анхаарал татаж байна. Учир нь Засгийн газар төсөл дэх 34%-ийн эзэмшлээ зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж буй. Уг зээл нь 6.5% дээр нэмэх нь LIBOR нөхцөлтэй буюу бараг 10%-ийн хүүтэй учир 2041 он хүртэл Монголын тал эзэмшлийн хувиасаа ямар ч ногдол ашиг хүртэхгүй гэсэн судалгааг УИХ-ын Ажлын хэсэг танилцуулаад байгаа юм.
  • Уржигдар 10 цаг 49 минутад
    Ховд аймгийн www.khovdtimes.mn cайтын эрхлэгч Ж.САРУУЛ  “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “ХӨШӨӨТИЙН УУРХАЙН ИЛ БА ДАЛД АСУУДЛЫГ ХӨНДӨХҮЙ” нийтлэлээр  амжилттай оролцон ГУРАВДУГААР  БАЙР хүртлээ.