Д.Батсайхан:Завхан аймаг бичил уурхайг дэмжихгүй 

2019-09-04 12:30

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхантай  ярилцлаа.

Завхан аймагт одоогийн байдлаар уул уурхайн ашиглалтын болон хайгуулын хичнээн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр хэрэгжиж байна вэ?
Завхан аймаг бол төв суурингаас алслагдсан, эдийн засгийн хувьд хөдөө аж ахуй зонхилсон аймаг. Аймгийн хоёр дахь салбар нь аялал жуулчлал. Бид аймгийг уул уурхайгаас ангид байлгах зорилт тавин ажиллаж байна. Тиймээс аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд уул уурхайн тусгай зөвшөөрлийн тоог эрс бууруулж  байгаа юм. 2016 оны наймдугаар сарын байдлаар нийт 99, үүнээс ашиглалтын 9,  хайгуулын 90 тусгай зөвшөөрөл аймагт бүртгэлтэй байсан. Энэ асуудлаар аймгийн ИТХ хэлэлцэж, засаг даргын зүгээс уриалга гарган “уул уурхайгүй аймаг” болох зорилтыг дэвшүүлсэн юм. Зорилтоо олон нийтэд танилцуулсан. Энэ оны зургадугаар  сарын 18-ны байдлаар тусгай зөвшөөрлийн  тоо  60  болж, 2016 оны мөн үетэй харьцуулбал 40%-иар буураад байна. 2016 оноос хойш 96 тусгай зөвшөөрлийн санал ирснийг аймгийн удирдлагад буцаасан. Татгалзсан хариу өгсөн гэсэн үг. Нийтдээ 135 тусгай зөвшөөрөл хүчингүй болсон. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоход аймгийн удирдлагын эрх мэдэл хүрдэггүй тал бас бий.

Аймгаас санал авсны дараа тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ) олгодог. Гэхдээ аймгийн зүгээс уриалга гарган удаа дараа хүсэлт тавьсны хүчинд АМГТГ-т орон нутгийн саналыг харгалзаж үздэг болсон. Нэгэнт олгогдсон тусгай зөвшөөрлийг аймаг биш, сум л цуцлах эрхтэй. Учир нь, уул уурхайн ашиглалтын төлөвлөгөөг сумын Засаг дарга баталдаг. Аймгийн Засаг даргын хувьд энэ төлөвлөгөөг батлахгүй байх чиглэл өгсөн. Үүний дагуу холбогдох хүмүүс ажиллаж байна. Эцсийн дүндээ уул уурхайн компаниуд сумын даргыг шүүхэд өгдөг л дөө. Шүүхийн шатанд яваа олон асуудал манай аймагт бий. Гэхдээ уул уурхайтай холбоотой асуудал хэдий хүнд боловч бид үр дүнд хүрч л байна.

Одоогоор аймгийн хэмжээнд хэдэн уурхай ажиллаж байна вэ? Тэдний нөхцөл байдал ямар байгаа талаар товч мэдээлэл өгөх боломжтой юу?

Өдгөө ажиллаж буй ганц уурхай нь “Баян-Айраг” компанийх юм. Тус компани нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, орон нутагтай хамтран ажиллах, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах талаар аймгийн зүгээс тодорхой шаардлага тавин ажиллаж байна. “Баян-Айраг” компани 2014 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Аймгийн одоогийн бодлогод, тус компанийн үйл ажиллагааг зогсоох хууль эрх зүйн үндэс байхгүй.

Аймгийн засаг дарга тусгай зөвшөөрлийг хүлээж авахгүй байх нь хууль зөрчсөн үйлдэл болох уу?

Аймгийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг хүлээж авахгүй байх нь хууль зөрчиж буй үйлдэл болно. Завхан бол онцлогтой аймаг. Халхын 13 их хутагтын 10 нь энэ нутаг оронд төрж өссөн. Түүх, дурсгал, хувилгаадын нутаг, арвин баялаг түүх соёлтой. Харамсалтай нь зам барих болсноор түүх дурсгалын олон дурсгал эвдэгдэж байна. Ийм нөхцөлд уул уурхайн үйл ажиллагааг дэмжинэ гэж ярих хэцүү. Газар нутгаа орон нутгийн тусгай хамгаалалтад авах нэг боломж бий. 2016 оноос сумдын Засаг дарга нарт үүрэг өгч аймгийн нийт газар нутгийн 36%-ийг улс болон орон нутгийн тусгай хамгаалалтад аваад байна. Өөрөөр хэлбэл, тусгай хамгаалалтад авсан талбай уул уурхайгаас ангид болж байгаа хэрэг. Бэлчээрийн зориулалттай газар нутагт тусгай зөвшөөрөл олгодоггүй. Иймээс “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд “Бэлчээр ашиглалтын журам”-ыг малчдаараа хэлэлцүүлэн баталсан. Тиймээс бэлчээрийг гэрээгээр ашиглуулж байна. Энд ч мөн уул уурхайн тусгай зөвшөөрөл олгогдохгүй.

Хувиараа ашигт малтмал олборлогчид буюу “нинжа” нар байгаль орчныг ихээхэн сүйтгэдэг. Завхан аймгийн хувьд бичил уурхай эрхлэгчдийн нөхцөл байдал ямар байна вэ?

Завхан аймагт бичил уурхайн ямар нэгэн гэрээ байгуулдаггүй. Байгуулах хүсэлт цөөнгүй ирдэг. Аймгийн зүгээс бичил уурхайг дэмжихгүй гэдгээ анхнаас нь тодорхой илэрхийлж ирсэн. Уул уурхайн компанийн ашигласан талбайд бичил уурхайчдыг оруулах нөхцөл боломж байдаг бол дэмжинэ. 2016 оны намар Очирваань хайрханы төрийн тахилга болох үеэр бичил уурхайчид Ургамал, Завханмандал суманд олноороо орж ирж байсан ч цагдаа, хүчний байгууллагуудтай хамтран  үйл ажиллагааг нь таслан зогсоосон.

Та бүхэн иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?

Эрх зүйн талаасаа бол хамтран ажиллаж байна. Гэхдээ аймгийн иргэний нийгмийн байгууллагууд үндсэн ажлаа хийхгүй байна гэж хардаг. Сумдын дарга нар шүүхэд дуудагдаад байгаа энэ нөхцөлд тэдний эрх ашгийг хамгаалах талаар ажиллах хэрэгтэй. Уул уурхайн тусгай зөвшөөрлийн асуудлыг ард түмнээрээ хэлэлцүүлдэг зохицуулалт чухал байна.

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Өчигдөр 14 цаг 27 минутад
    Монгол Улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 80 жил, газрын тосны инженер бэлтгэж эхэлсний 25 жилийн ой энэ жил тохиож байна. Уг ойг угтан  салбарын яам Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхлээд байгаа бөгөөд тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Хэдхэн хоногийн өмнө   салбарын яамны зүгээс газрын тосны ашиглалт, олборлолт, экспортын үйл ажиллагаа эрхэлдэг шилдэг компаниудыг тодруулан өргөмжилсөн. Тэгвэл энэ сарын 21-нд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулиас “Газрын тос 2020” эрдэм шинжилгээ, онол практикийн XXVI хурлыг зохион байгуулахаар болжээ.
  • Уржигдар 11 цаг 38 минутад
    Дэлхий дахины амьдралын хэмнэл орвонгоороо өөрчлөгдөж, хүн төрөлхтний хөгжил олон сорилттой тулгарсан  2020 он улирч байна. Ирээдүйд асар их үр дагавар дагуулах олон үйл явдлын эхлэл тавигдсан энэ оныг  халдварт вирусын хамт дэлхий нийт угтсан юм. Коронавирус  дэгдсэнээр  улс орнууд хорио цээрийн дэглэмд  шилжиж, эдийн засаг, худалдаа үйлдвэрлэл, аялал жуулчлал, ложистик, зар сурталчилгаа, спорт, соёл урлагийн гээд бүхий л салбар асар их алдагдал хүлээж байна.  Сорилт, бэрхшээл Монголыг ч тойроогүй. Цар тахлын бодит аюултай нүүр тулсан улс орнуудын иргэдээ хамгаалсан, эдийн засгаа идэвхжүүлсэн туршлага бүр Монгол Улсыг алдаа гаргахаас сэргийлж, оновчтой бодлого хэрэгжүүлэх зүг чиг болох учиртай.
  • 2021-01-15 19:10
    Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн талбайд үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэх ёслол (2021.01.15) болов.Дэлхий дахинд дэгдсэн цар тахлын хүнд цаг үед Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газрууд,  холбогдох төрийн байгууллага, орон нутгийн дэмжлэгтэйгээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх (ТМЗ) “Инженерс Индиа Лимитэд” компанийн инженерүүд хүчээ дайчлан, хамтран ажилласны үр дүнд өнөөдөр үйлдвэрийн технологийн бус байгууламжуудын барилга-угсралтын ажлыг эхлүүлж байгааг төсөл хэрэгжүүлэгчид онцолсон байна. Өнөөдрийн ёслолын арга хэмжээнд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх биечлэн оролцжээ.   
  • 2021-01-14 18:32
    Уул уурхайн ажилчдын ээлж солих зохион байгуулалттай арга хэмжээний хүрээнд ажилчдаас PCR шинжилгээ авах ажиллагааг Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран 01 дүгээр сарын 16-ны өдөр эхлүүлэх боллоо. Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабаас Нийслэлийн эрүүл мэндийн газрын шинжилгээ авах цэгүүдэд аж ахуйн нэгжүүдийг хуваарилж байна. Шинжилгээ өгөх хуваарийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны вэб сайтын “Мэдээ мэдээлэл” цонхны “Шуурхай штаб мэдээлэл”  хэсэгт өнөөдөр, 01 дүгээр сарын 14-ний өдөр байршуулах тул аж ахуйн нэгжүүд орон нутгаас ирж шинжилгээнд хамрагдан ээлжинд гарах ажилчдаа Улаанбаатарт ирүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллана уу. Үүний тулд аймгуудын Онцгой комиссын цахим хаягаар тухайн орон нутгаас ирэх ажилчдынхаа мэдээлэл бүхий аж ахуйн нэгжийн албан хүсэлтийг хүргүүлж өөрийн ажилчныг тодорхойлж өгөх шаардлагатай байна.  
  • 2021-01-14 18:17
    ОХУ-ын гадаад валютын нөөцийн бүтцэд анх удаа алтны хувь хэмжээ ам.долларыг давжээ. Тодруулбал, тус улсын Төв банкны тайлангаар, нийт нөөцийн 23%-ийг алт (128.5 тэрбум ам.доллартай тэнцэнэ) бүрдүүлж еврогийн дараа оржээ. Харин 124.6 тэрбум америк доллар нь нийт нөөцийн 22% болж буурсан байна. 2018 онд нийт нөөцийн 44%-ийг америк доллар бүрдүүлж байжээ. Энэхүү өөрчлөлт нь Оросын эдийн засгийг америк доллараас үл хамаарах, хоёр улсын харилцаа муудаж буй нөхцөлд АНУ-ын хориг арга хэмжээнд өртөмтгий байдлыг бууруулах гэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бодлогын нэг хэсэг хэмээн шинжээчид тайлбарлаж байгаа юм. 2020 оны арванхоёрдугаар 25-ны байдлаар, тус улсын гадаад валютын нийт нөөц 592.4 тэрбум ам.доллартай тэнцэж байв.