Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Н.Наранбаатар: Өмнөговь аймаг хариуцлагагүй уул уурхайтай тэмцэнэ

Өмнөговь аймаг уул уурхайн бүс нутаг. Уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой бэрхшээлтэй асуудлуудтай тулгарч байна. Уурхайн бүс нутгийн малчдын хувьд ундны ус, малын бэлчээр, амьдрах орчин хязгаарлагдмал болж олон сөрөг нөлөөг үзүүлж буй. Аймаг орон нутгийн зүгээс эдгээр асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа юм. Уул уурхайн асуудлаар Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатартай ярилцлаа.  

 

Аймгийн удирдлага энэ онд уул уурхайн үйл ажиллагаатай бүс нутгийн малчид руу чиглэсэн ямар ажил хийх төлөвлөгөөтэй байна вэ?
Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас (ИТХ) энэ оныг Өмнөговь аймгийн хэмжээнд “Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил” болгон зарласан. Өмнөговь аймгийн малын тоо толгой  сүүлийн жилүүдэд өсч байна. Өнгөрсөн онд 2.6 сая толгой мал тоологдсон бол энэ жил өсч 3 сая орчимд хүрэх байх. Гэвч орон нутагт малын бэлчээр хомсдож, худаг ус хүрэлцээгүй болж байна. 

2017 оноос хойш худаг гаргах ажлыг эрчимжүүлсэн. Энэ жил шинээр 30 худаг буюу сум бүрт шинээр 2 худаг гаргана. Мөн хуучин 30 худгийг засварлах бол мөн тооны худагт нарны автомат өргүүр суулгана. Ингэснээр нийт 90 орчим худаг шинээр гаргах бөгөөд жилийн эцэст бэлчээр нутгийн 50% нь худаг устай болох зорилттой.

Нөгөөтэйгүүр, уул уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор мал аж ахуй, бэлчээр худаг усанд сөрөг нөлөө үзүүлэх асуудал нэлээд яригдаж байна. Уул уурхайн үйл ажиллагаанд машин техник, тоног төхөөрөмж ашиглаж, тодорхой газарт олборлолт явуулна. Бүтээгдэхүүнээ борлуулахын тулд Улаанбаатар хот болоод БНХАУ руу тээвэрлэх болно. Үүнийг дагаад замын асуудал, нүүрс угаах, баяжуулах үйлдвэрлэлийг дагаад усны асуудал гарч ирнэ. Ийм байдал  Цогтцэций суманд хамгийн их мэдрэгдэж байна. Тоосжилт ихэсч ард иргэдийн эрүүл орчинд ажиллаж амьдрах эрх зөрчигдөж байна. Мөн малын бэлчээргүй болж байна. Орон нутгийн зүгээс арга хэмжээ авч тодорхой ажлуудыг хийдэг. Бодит үр дүнд хүрсэн ч байгаа, хэрэгжээгүй нь ч бий. Хамгийн их тоосжилттой Цагаан овоо багийг нүүлгэн шилжүүлэх ажлыг Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанид хариуцуулж, зарцуулах хөрөнгийг төсөвт суулгасан. “Тавантолгой” компаниас тодорхой хэмжээгээр хөрөнгө гаргаж Цогтцэций суманд шинэ суурьшлын бүс бий болгон хотхон байгуулж эхэлсэн.   Мөн шороон замаар тээвэр хийхгүй байх шаардлага тавьж байгаа. Зарим нь биелж байна. Хөрөнгө мөнгөний шалтгаанаар хэрэгжихгүй байгаа нь их. Орон нутгийн эрх хэмжээ хүрэхгүй асуудал ч бий. Аймгийн зүгээс  хууль тогтоомжийн хүрээнд ажиллаж байна. Өөрсдийн хэмжээнд шийдэж чадахгүй асуудлуудаа Засгийн газар, холбогдох яамдад тавьж, сайд удирдлагууд аймаг орон нутагт ажиллах үед танилцуулан шийдвэрлэдэг.

Ханбогд сумын нутагт орших Хайрхан баг буюу Цагаан хад орчмын бүс нутгийг хэрхэн хөгжүүлэх  вэ?
Цагаан хад бүс орчмын газар, нүүрсний зам, Гашуунсухайт боомт асуудал дагуулдаг “халуун цэг” гэж хэлж болно. Гашуунсухайт боомт 1992 онд нээгдсэнээс хойш олигтой засвар, бүтээн байгуулалт хийгдээгүй өнөөг хүрлээ. 2018 онд Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Хятадын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Замын-Үүд, Гашуунсухайт боомтыг шинэчилнэ. Энэ ажлыг Сангийн яамны дэргэдэх “Хөгжлийн хөтөч” төслөөс хэрэгжүүлэх юм. Одоо яаман дээр сонгон шалгаруулалт хийгээд дуусч байна. Гүйцэтгэгч компанийг сонгосноор энэ жил Гашуунсухайт боомтыг шинэчлэх ажил эхэлнэ. Шинэчлэлээр, шалганы барилга, орц гарц, ажилчдын орон сууц гээд цогц бүтээн байгуулалтад нийт 60 орчим тэрбум төгрөг зарцуулна. Мөн Ханбогд сумын Хайрхан багт нийгмийн үйлчилгээ, орон сууцны барилгын ажил хийгдэнэ. 

Цагаан хадны бүс нутаг, тэр дундаа нүүрсний ачиж буулгах талбай нэлээд замбараагүй. Гаалийн байгууллагад шалган нэвтрүүлэх ажлыг сайжруулах, Мэргэжлийн хяналтын байгууллага, авто тээврийн байгууллагууд нүүрс тээврийн жолооч нарын аюулгүй байдал, эрүүл мэнд хөдөлмөрийн харилцаа, жолооч нарын нийгмийн асуудлыг шийдэх үүрэг чиглэлүүд өгсөн. 

Энэ дагуу тээврийн компаниуд ажилчдын нийгмийн асуудалд анхаарах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, аюулгүй тээврийн хэрэгслээр үйлчилгээ хийх үүрэг хүлээсэн. Гашуунсухайтын 250 км авто замаар 14 мянга орчим машин тээвэрт явж байна. Эдгээр машинд олон улсын тээвэр хийх зөвшөөрлийг Авто тээврийн үндэсний төвөөс олгодог. С зөвшөөрөл замбараагүй олгогдсоны улмаас олон тооны машин энэ замаар тээвэр хийж байна. Үүнийг хязгаарлах, бууруулах чиглэл өгснөөр зөвшөөрлүүд ил тод буюу цахимаар олгогддог болсон. Удахгүй үр дүн гарна гэж бодож байна.

Утаагүй түлш үйлдвэрлэх зорилгоор Тавантолгой уурхайгаас Улаанбаатар руу хүнд даацын машинууд нүүрс тээвэрлэж Цогтцэций сумаас хойших шороон замыг сүйтгэж байна. Тухайн бүс нутаг дахь малчдын амьдрах орчинд олон сөрөг нөлөөлөл үзүүлж буй. Хот хоорондын хатуу хучилттай замаар тээвэр хийж зам эвдрэх шалтгаан болж байна. Аймаг орон нутаг энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
Засгийн газрын шийдвэрээр түүхий нүүрс нийслэл рүү оруулахыг хориглож, үүнтэй холбоотойгоор хот хоорондын замаар нүүрс тээвэрлэж түлшний үйлдвэрийг хангах зорилттой. Цогтцэций сумаас хот хоорондын төв зам хүртэлх 59.6 км шороон замаар тээвэр хийж маш их тоосжилт үүсгэж, байгаль орчин сүйтгэх асуудал  байгаа юм. 

Үүнээс үүдэн малчдаас гомдол их ирж байна. Засгийн газрын концессоор  сумаас төв хүртэл зам тавих төлөвлөгөөтэй. 2016 онд шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл энэ замыг тавьж дуусгалгүй дундаа ороод ажил нь зогссон. Орон нутгийн зүгээс шаардлага тавьж байна. Засгийн газрын Концессын гэрээ байгуулах тендерийн  шалгаруулах явцад үүссэн маргаан шүүх хууль хяналтын байгууллагуудад хүрч ажил нь зогссон. Харин энэ  асуудал 2018 оны сүүлчээр шийдэгдсэн юм. Энэ хавраас ажил нь явж эхэлсэн. Зам барих компанийн удирдлагуудтай орон нутгийн зүгээс байнга уулзаж, ажлын явцыг хянаж шалгаж байна. Нийт 60 орчим км замыг гурван компанид хариуцуулж нэгэн зэрэг ажиллаж байгаа бөгөөд ажил саатсан, зогссон зүйл байхгүй. Төлөвлөгөөгөөр оны эцэст хүлээлгэж өгөх юм.

Тавантолгойн бүлэг ордод төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, хувийн хэвшлийн  “Энержи Ресурс”, орон нутгийн “Тавантолгой” компаниуд олборлолт хийж байна. Орд газрын орчимд тоосжилт маш их. Уурхайн олборлох явцад гарч байгаа тоосонцор, дээрээс нь тээвэрлэлт гээд үндсэн гол тоосны эх үүсвэр юм. “Энержи Ресурс” компани өөрийн хөрөнгөөр уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл авто зам тавьсан. Харин “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой” компаниудын хоёр уурхай хатуу хучилттай зам байхгүй, 10 гаруй км газар шороогоор явж авто замтай холбогддог. Энэ нь маш их тоос үүсгэж байгаа юм. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компанид зам тавих үүрэг чиглэлийг Монгол Улсын Ерөнхий сайд 2017 онд аймагт  ирэхдээ өгч байсан. Хэрэгжээгүй өнөөг хүрлээ. Компаниас орон нутагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулахдаа хатуу хучилттай зам барина гэж тусгасан ч хийгдээгүй л байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайгаас Цогтцэций сум хүртэлх 12 км орчим шороон замаар ажилчид ирж очдог явдал ч тоос бий болгож байгаа юм. 

Гэтэл одоо Цогтцэций сумаас хоёр тийш нүүрс тээвэрлэж эхэллээ. Нэг нь утаагүй түлш бий болгох зорилгоор Улаанбаатар хот руу, нөгөөх нь Говьсүмбэр рүү нүүрс тээвэрлэж байна. Хоёулаа л шороогоор явж байгаа юм.

Үүнээс гадна Улаанбаатарын зам маш их эвдрэлтэй болсон. Замыг үндсэндээ хүнд даацын машинууд эвдэж сүйтгэж байна. Уг замын стандарт хийц нь анхнаасаа зорчигч тээвэрлэхэд зориулсан. Зам эвдэрсний улмаас аваар ослын тоо нэмэгдэж байна. Засгийн газрын түвшинд энэ асуудлыг сайн мэдэж байгаа. Зам тээвэр хөгжлийн сайд хэд хэдэн удаа Өмнөговь аймагт ажилласан. ЗТХЯ-аас Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн зам засварын ажлын төсвийг баталж, компаниудыг сонгон шалгаруулж одоо засварын ажлыг хийж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн зам тавих ажил дуусч байна. Гашуунсухайт боомт чиглэлийн авто замын тухайд, нэлээд эвдрэлтэй осол аваар байнга гардаг. Энэ замын засварт шаардлагатай хөрөнгө мөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани шийдээд, энэ хавраас эхэлсэн ажил нь ерөнхийдөө дуусч байна. Харин Говьсүмбэр чиглэлийн замаар “Страто” компани нүүрс тээвэр хийж байгаа юм. Говьсүмбэрт нүүрс угаах үйлдвэр байгуулан тэнд орон нутгийн “Тавантолгой” компани нүүрс угааж экспортод гаргах зорилттой ажил эхэлсэн. Энэ замын хувьд Өмнөговь аймгаас Цогтцэций сумаар дамжин  Дундговь, Говьсүмбэр гэсэн гурван аймгийн 6 сумын нутгаар дайрах юм. Одоогоор эдгээр чиглэлд сайжруулсан зам ч байхгүй. Баг, сум, аймаг орон нутгаас энэ чиглэлд маршрут  тогтоож, дэмжсэн, зөвшөөрсөн зүйл байхгүй. Олон аймаг сумаар дайрч байгаа учраас Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар маршрут тогтоосон юм билээ. Ер нь бол замын трасс тогтоолоо гэж үзэхэд аймаг орон нутагтай зөвшилцөж, тэрхүү трассын дагуу хатуу хучилттай замаар тээвэр хийх  ёстой. Хууль дүрэм журмаа харвал ийм л байна. 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам зогсонги байдалтай, өнөөгийн байдлаар эхлээгүй байна. “Монголын төмөр зам” компанийн охин компани болох “Тавантолгой төмөр зам” байгуулж энэ төслийг үргэлжлүүлнэ гэсэн шийдвэр Засгийн газраас гарсан. Хөрөнгө санхүүгийн асуудлаа шийдвэл энэ зам явах байх. Мөн Тавантолгой уурхайгаас Зүүнбаян хүртэлх 414.6 км төмөр зам тавих ажил Дорноговь талаасаа эхлээд явж байна.

Өмнөговь аймагт уул уурхайн компаниуд орон нутагтай гэрээ байгуулан ажилладаг. Тэрхүү гэрээнд ард иргэдийн амьдралд “наалдсан” байгаль орчинд ээлтэй ямар ажлууд тусгагдсан байдаг вэ?
Ашигт малтмалын тухай хуулиар уул уурхайн ашиглалт, олборлолт хийж байгаа компаниуд орон нутагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллах ёстой. Ингэхдээ стратегийн орд газарт  үйл ажиллагаа явуулдаг компаниуд аймагтай гэрээ байгуулах үүрэгтэй. Бусад нь сумтайгаа хамтын ажиллагааны гэрээ байгуулах юм. Өнөөдрийн байдлаар манай аймгийн хэмжээнд 8 уурхай  тогтмол олборлолт, үйл ажиллагаа явуулж байгаа. Зүүн талын уурхайнууд хамтын ажиллагааны гэрээг байгуулан тухайн орон нутагт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажилладаг. Харин баруун талын уурхайнуудын хувьд орон нутагтай хамтын ажиллагааны гэрээг хожуу байгуулсан. Хамгийн сүүлд “Монголын алт” компани, үүнээс өмнө “Саусгоби сэндс”, “Өсөх зоос” компаниудтай байгууллаа. Харин “Чинхуа Мак” компанитай гэрээ байгуулаагүй байна. “Терра Энержи” компани Ноён сумтай, Баруун нарангийн уурхайн “Энержи Ресурс” компани Ханхонгор сумтай тус тус гэрээ байгуулсан юм. Харин сүүлийн үед шуугианд өртөөд байгаа “Southgobi Coal Trans” компанийн тухайд орон нутагтай гэрээ байгуулаагүй. Тус компани энэ жилээс олборлох үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнуудтай холбоотой малчид иргэдээс   гомдол  нэлээд  ирж байгаа. Ялангуяа, “Southgobi Coal trans” компанийн уурхай нь Тост, Тосон бумбын нуруу болоод Хөвд хуршуутын гол булаг шандтай ойролцоо учир байгаль орчинд нөлөөлөх талаасаа сумын ард иргэд эрс эсэргүүцэж байгаа юм. Тус  компани 2011 онд хайгуулын тусгай зөвшөөрлийг “Саусгоби Сэндс” компаниас худалдан авч, 2015 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байдаг. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг холбогдох газруудаас зөвшөөрөл авч ажлаа эхэлсэн учир хуулиараа уурхай нээх, үйл ажиллагаа явуулах эрх орон нутагтай ямар ч холбоогүй юм. Тэгэхээр орон нутгийн, сум, аймгийн санал тэдэнд нөлөөлөх хууль эрх зүйн орчин байхгүй гэсэн үг. Тиймээс уурхай эхлүүлэхэд нь орон нутаг зөвшөөрөхгүй байх, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, менежментийн төлөвлөгөөг нь баталж өгөхөд нь бид оролцохгүйгээс болж энд тэнд гэнэт уурхайнууд нээгддэг. Холбогдох зөвшөөрлүүдээ бүгдийг нь авсан байдаг. Гэтэл нөгөө талаасаа үүнийг малчид иргэд эсэргүүцэх асуудлууд их байна. Орон нутгаас авч байгаа хамгийн том зөвшөөрөл бол тухайн багийн Иргэдийн нийтийн хурлын (ИНХ) зөвшөөрөл буюу дэмжлэг байдаг. Дэмжсэн байдаг тул түүнээс улбаалаад бүх зөвшөөрлөө авдаг. “Southgobi Coal Trans” компанийн тухайд зарим багийн ИНХ-ын тогтоол нь хуурамч, хууль бус гэх мэдээллийг бид хуулийн байгууллагаар шалгуулж одоо прокурор дээр шалгаж байна. Хэрэв хуурамч гэдгийг тогтоож, багийн ИНХ-ын тогтоол хүчингүй болвол энэ компанийн үйл ажиллагааг зогсооно. Аймагт одоо үйл ажиллагаа, олборлолтоо явуулж байгаа 8 уурхай хангалттай бий. Орон нутгийн төсөв эндээс  бүрдэж байна. 

Улсын төсөвт ихээхэн хэмжээний татвар орлого төвлөрүүлж байна. Аймагт одоо нэмж уурхай ашиглах зөвшөөрөл өгөхгүй гэсэн бодлого шийдвэртэй байдаг. Тэгтэл салбарын яамнаас уурхай нээх зөвшөөрөл өгдөг ийм зөрчилдсөн асуудал их гарч байна. Аливаа уурхайн үйл ажиллагааг шууд зогсоох эрх аймагт байхгүй. Ганцхан Мэргэжлийн хяналтын улсын байцаагч  эрхтэй. Тиймээс “Southgobi Coal trans” компанийн уурхайтай холбоотой хяналт шалгалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн. Нийт 31 зүйл заалт бүхий албан шаардлага гаргаж компанид өгсөн. Хуулийнхаа дагуу тодорхой хугацаа өгөгдөх ёстой бөгөөд зургадугаар сарын 20 хүртэл энэхүү 31 зүйл заалт бүхий албан шаардлагыг хэрэгжүүлэх үүрэгтэй.

Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа аймгийн Мэргэжлийн хяналтын газар л энэ хууль зөрчсөн үйл ажиллагааг хуулийн дагуу, хуулийн үндэслэлтэй зогсоох шийдвэр гаргадаг юм. Тэгэхээр бидний хувьд “Southgobi Coal Trans” компанийн явуулж байгаа үйл ажиллагааг шалгах зорилгоор аймгийн Засаг даргын захирамж гараад Онцгой, Тагнуул, Мэргэжлийн хяналтын газар гээд холбогдох бүх шатны байгууллагууд  газар дээр нь  хяналт шалгалтыг хуулийн дагуу хийнэ.

Уул уурхайн асуудлаар Та бид хоёр ярилцаж байна. Мэдээж үүнд уул уурхайд ашиглаж байгаа усны талаар хөндөхгүй байж болохгүй нь. Эргэж сэргэхдээ хэдэн мянган жил болдог газрын гүний усыг уул уурхайд хэрэглэх нь зөв үү? 

Өмнөговь аймгийн хувьд уул уурхайн үйл ажиллагаа явуулахад мэдээж ус хэрэгтэй болно. Говьд нуур цөөрөм байхгүй учраас гүний усыг 100%  ашиглаж байна. Жишээлбэл, Оюутолгой гүний хоолойн сав газраас усаа ашигладаг. Тавантолгойн бүлэг орд газрын компаниуд Наймантын хөндийгөөс ус ашиглаж байна. Нарийнсухайт мөн л газрын гүний усыг ашиглаж байгаа. Хөдөөгүүр малчид иргэдтэй уулзаад явж байхад хамгийн их яригддаг асуудал бол ус. Булаг шанд ширгэж, зарим ойрхон гар худгийн ус татарч, түвшин доошилж байна гэж малчид ярьж байна. Энэ бол бодитой. Сүүлийн үед худгийн компаниудын дунд тендер зарлахад бараг шалгаруулалтад оролцохоо больсон нь анзаарагддаг. Хий өрөмдөөд “шаталт” үүсээд байгаа юм. Аймгийн хэмжээнд нийт 90 гаруй худаг гаргаж байгаа ч төдийлөн шинээр ус гарахгүй, их зардал гарч байна. Тэгэхээр цөлжилт бий болж байна. Болдогсон бол уул уурхайд хэрэглэж байгаа гүний усны худгуудыг хаамаар л байна. Тэгтэл өнөөдөр үндэсний хэмжээний томоохон мега төслүүд, бүтээн байгуулалтууд улс орны эдийн засаг төсвийг Өмнөговь аймгаас бүрдүүлж байгаа учраас зогсоож болохгүй байна л даа. Тодорхой хэмжээгээр ашиглаад явж байна. Өнгөрсөн оны зургадугаар сард ЗДТГ-аас боловсруулж аймгийн ИТХ-аар баталсан тогтоолоор 2020 оноос эхлээд хоногт 100 метр кубээс дээш ус хэрэглэдэг уурхайнуудыг шинээр нээхийг хориглосон шийдвэр гарсан. Одоо нэгэнт эхэлсэн уурхайнуудын хувьд хязгаарлаж зогсоох боломжгүй. Өөрөөр хэлбэл 2020 оноос хойш шинээр нээх баяжуулах үйлдвэр угаах үйлдвэрт хэрэглэх усыг аймгийн ИТХ-ын тогтоолоор хязгаарласан гэж ойлгож болно. Өнгөрсөн жил аймагтаа усны зөвлөгөөнийг зохион байгуулж  УИХ-ын гишүүд, салбарын сайд нарыг урьж оролцуулсан.Энэ зөвлөгөөн дээр аймаг орон нутаг олон асуудлууд тавьсан. 

Усны талаар олон талаас нь ярилцсан. Усны хэрэглээн дээр аймгийн зүгээс хамгийн их зовинож явдаг. Манай аймагт Усны сав газрын захиргаа үйл ажиллагаагаа явуулдаг. Доктор н. Чандманийн  ярьж байгаагаар цаашдаа ийм байдлаар уурхайнууд ус  ашиглаад явах юм бол говийн ус, тэр дундаа байгаль орчинд аюул нүүрлэнэ. Усны бүх судлаачид үүнтэй санал нийлж байгаа. Өөр гарц шийдэл судлахыг тэд зөвлөж байна. Уул уурхайд ашиглаж байгаа усны хэрэглээг болж өгвөл зогсоох, болдоггүй юм бол  зөв зохистой хэрэглэх, улмаар ногоон байгууламж нэмэгдүүлэх, нөхөн сэргээх ажлуудыг эрчимтэй хийх хэрэгтэй юм. Ер нь гарц хайж, олон л талас  судалж,   ус татах асуудлыг шийдэхгүй бол үнэхээр хэцүү болно. БНХАУ-ын  Баяннуур аймаг, Урдын дунд хошуунд нүүрс угаах том үйлдвэр байдаг. Бүгд асар их ус ашиглаж  байна. Ногоон байгууламжуудыг өндөр хэмжээнд хийж байна. Тэр бүгдэд ус их хэрэглэнэ. Эдгээрийг судлаад үзэхээр, Хатан голоос  усаа татаж хэрэглэж байдаг. Ганц урд хөрш гэлгүй маш олон оронд гол мөрнөөсөө салаалуулж усаа татаж уул уурхайдаа ашиглаж байна. Энэ талаар манай улсын 2-3 эрдэмтэн хэд хэдэн төсөл хийсэн байдаг юм билээ. Нэгт нь “Хэрлэн говь” төсөл бөгөөд Хэрлэн голоос Говьсүмбэрээр дамжуулан Өмнөговь руу татах. Дараагийнх нь Орхон голоос Онги руу нийлүүлэх “Орхон говь” төслийн судалгаа нь хийгдсэн байдаг. Бас нэг судалгаа нь Улаанбаатар хотоос гарч байгаа саарал усыг нааш нь хоолой тавьж татах хувилбар юм. Оюутолгойд түшиглэн Зэс боловсруулах үйлдвэр байгуулах тухай Засгийн газрын тогтоол өнгөрсөн жил гарсан. Гол мөрнөөс татах гадаадын улс орнуудын туршлагыг судалж БОАЖЯ-нд танилцуулах чиг үүрэг өгсөн асуудал бас бий. Аймгийн зүгээс ч гэсэн аль болох яаралтай гүний усны хэрэглээг багасгах, болж өгвөл зогсоож эдгээр төслийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх туйлын шаардлагатай байгаа юм. Өнөөдөр тодорхой төсөл сонгож  тодорхой тооцоо төсөв алга.

Цаашид говьд хариуцлагатай уул уурхай хөгжүүлэхэд ямар бодлого барьж ажиллах вэ?
Өмнөговь аймгийн төсвийн 60, 70 орчим хувийг уул уурхайн компаниудын төлсөн татвараас бүрдүүлж байна. Нөгөөтэйгүүр, аймаг дахь уул уурхайгаас улсын төсөвт орж байгаа асар их хөрөнгөөс Өмнөговь руу хуваарилах саналыг орон нутгаас Засгийн газар, УИХ-ын түвшинд тавьдаг. Эргээд бэлчээр усжуулах, байгаль орчныг нөхөн сэргээх, зам тавих ажилд зарцуулмаар байна гэдэг хүсэлт  тавьдаг. Аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын НӨАТ, АМНАТ, тусгай зөвшөөрлийн төлбөр, аж ахуй нэгжийн татварууд бүгд улсын төсөвт орж байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50%-ийг орон нутагт өгч байгаа юм. Орон нутагт уул уурхайгаас орж ирж байгаа хөрөнгийг аль болох иргэд малчдын амьдрал ахуйд хэрэгтэй худаг ус гаргах, зам талбай тавих ажлуудад зарцуулдаг. 

Уул уурхайг хариуцлагатай байлгахын тулд нөхөн сэргээлт хийх ажилд онцгой анхаарах, компаниудыг орон нутагтай гэрээ байгуулж иргэдийг ажилтай болгох, орон нутгаас ханган нийлүүлэлт хийх, орон нутгийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаж байна. Хариуцлагагүй компаниуд бас бий. Ийм уурхайнууд үйл ажиллагаа явуулах шаардлагагүй. Аль болох үйл ажиллагааг нь зогсооно. Тухайлбал, Номгон сумын Буурын хярд “Булаг сүүж майнинг” компани үйл ажиллагаагаа аймагт мэдэгдэлгүй эхлүүлсэн. Малчид иргэдийн өгсөн мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар газар дээр нь шалгалт хийж үйл ажиллагааг нь түр зогсоосон. Тус компани үйл ажиллагаа явуулах бүх зөвшөөрлүүдээ авч, байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээ батлуулан ажлаа эхэлсэн байгаа юм. УУХҮЯ-наас Ажлын хэсэг   ирж уурхай нээх зөвшөөрөл олгосон байна. Аймгийн удирдлагуудтай Ажлын хэсэг уулзаагүй. Гэтэл шинээр нээсэн уурхай нь олон хууль дүрэм зөрчсөн нь тодорхой байна билээ. Багийн ИТХ нь ирц нь хүрээгүй, албан ёсны хурал биш байтал  хурлын дарга  гарын үсэг зурж, тамгаа дарсан. Үүнийг нь үндэслээд “Булаг сүүж майнинг” компани холбогдох яамдаас үйл ажиллагааны зөвшөөрлүүдээ авсан байсан. Энэ мэтчилэн хариуцлагагүй, орон нутагтай огт харьцаагүй, хамтарч ажилладаггүй, гэрээ байгуулаагүй, аймгаас зохих зөвшөөрлүүд аваагүй аж ахуй нэгжүүд байгаа нэг жишээ энэ. Цаашдаа аймаг ийм уул уурхайн үйл ажиллагаанд хатуу хандаж малчид, иргэд, төрийн бус байгууллагуудтай хамтран байгаль орчноо хамгаалах, нутаг усаа хамгаалахад нэгдмэл байр суурьтай байж ажиллах болно.

Ярилцсан Танд баярлалаа.