Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Уул уурхайн компаниуд аймагт бүртгэгдсэнээр орон нутгийн хөгжилд нөлөөлнө

Сүхбаатар аймгийн төсөвт 2018 онд нийт 3.2 тэрбум төгрөг төвлөрснөөс 1.8 тэрбумыг уул уурхайн татварын орлого бүрдүүлсэн байна. Өнөөгийн байдлаар аймгийн хэмжээнд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 28 компани бий. Тус компаниуд орон нутагт төлөх ёстой татвараа хуулийн хүрээнд төвлөрүүлж буй бөгөөд уул уурхайн татварын орлого жил ирэх бүр өсөлттэй байгааг Сүхбаатар аймгийн Татварын газраас мэдээллээ. Цаашид уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудыг аймагт бүртгэлтэй болох саналыг орон нутгийн зүгээс тавьж байна.

Сүхбаатар аймгийн нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг ч орон нутагт бүртгэлгүй томоохон компанийн нэг “ЭМ ЭЛ Цахиурт Овоо” юм. Тус компанийн удирдлагуудтай аймгийн Татварын хэлтсийн төлөөлөл уулзаж, орон нутагт бүртгэлтэй болох санал тавьсан бөгөөд одоогоор хэлэлцээрийн түвшинд явж буй аж.

“Улаанбаатар хотод бүртгэлтэй учраас орон нутагт төлөх татвараа алдана гэсэн үг биш. Бүртгэл нь орон нутагт биш ч уул уурхайн компаниуд тухайн аймагт төлөх ёстой татвараа төлж байгаа. Компаниуд орон нутагт бүртгэлтэй болсноор татвар нэмэгдэх нөхцөл бий болох эрх зүйн үндэс байхгүй. Харин орон нутагт бүртгэлтэй болсноор тухайн аймаг хяналтдаа байлгах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, орон нутгийн  мэргэжлийн байгууллагуудын хийсэн хяналт шалгалтын актаар гарсан хүү, торгууль аймгийн орлого болох, ажиллах хүчийг орон нутгаас түлхүү авах, тээвэрлэлт хийдэг тээврийн хэрэгслүүдийг тухайн аймгийн дугаартай болгох тал дээр ч хянах боломжтой” гэдгийг Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн дарга хэлж байлаа.

Уул уурхайн бүх компани тухайн орон нутагт бүртгэлтэй байж, оффисын барилгаа барих, түрээслэх зэргээр аймгийг илүүтэй түшиглэж ажиллавал барилга байшин, ажлын байр нэмэгдэнэ. Түүнчлэн, орон нутгийн иргэдийн худалдан авалт сайжрахаас гадна төвлөрөл нэмэгдэх, бизнесийн орчин бүрдэх боломж ч бий болно гэж судлаач, эдийн засагчид үзэж байна. Нийгмийн хариуцлага, ёс зүйн хүрээнд компанийн бизнесийн үндэс үйл ажиллагаа болсон уул уурхайн олборлолт явуулж байгаа тухайн аймаг, орон нутагт бүртгүүлж, боломжтой бүх талаараа хамтран ажиллах нь алсын хараатай бодлого байх давуу талтай юм.