Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Технологийн төлөөх  худалдааны “дайн”

Э.Оджаргал

Дэлхийн банкны улирал тутмын “Global Economic Prospects” тайлангийн зургаадугаар сарын дугаарт дэлхийн эдийн засгийн өсөлт 2019 онд 2.6%, 2020 онд 2.7%, 2021 онд 2.8%-д хүрнэ гэсэн таамаглал дэвшүүлжээ. Өнгөрсөн оны 3%-ийн өсөлтөөс саарна гэсэн таамаглалаа энэ онд хоёр дахь удаагаа шинэчлэн бууруулж буй нь энэ. Үүнээс өмнө Олон улсын Валютын сангаас (ОУВС) эдийн засгийн 3.5%-ийн өсөлтийн таамаглалаа эргэн харахад хүрч 3.3% болгож бууруулсан юм. 

  “Их хорь”-ийн уулзалтаар Америк-Хятад шийдэлд хүрэхгүй 

Бүтэн жил үргэлжилж буй худалдааны энэ маргаан дэлхийн зах зээлээс нэг их наяд ам.долларыг “салхинд хийсгэсэн” гэж хөрөнгийн шинжээчид тооцжээ. Энэ хугацаанд хоёр том гүрэн нэг нэгнээсээ үлэмж хамааралтай худалдааны гол бараа бүтээгдэхүүндээ импортын өндөр татвар харилцан ногдуулж, талууд буулт хийсэнгүй. Хурцадсан нөхцөл байдал өнөөдөр ч тодорхойгүй үргэлжилж байна. Сүүлд, тавдугаар сарын 10-нд АНУ-ын Засгийн газраас Хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулах импортын 10%-ийн татварыг 25% болгож нэмэгдүүлсэн бол хариуд нь Хятад энэ сарын 1-нээс АНУ-ын бараа бүтээгдэхүүнд 10%-25% татвар оноогоод байгаа юм. Одоо Осака хотноо ”Их хорь” орны Төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт эхэлж байна. Зургаадугаар сарын 26-27-нд болж буй уулзалтаар дэлхийн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, эрчим хүч, инноваци зэрэг найман бүлэг асуудлыг хэлэлцэх учиртай. Гэхдээ хэлэлцэх асуудлаас илүүтэй Дональд Трамп, Си Жинпин нарын уулзалт дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Дэлхийн хоёр том эдийн засгийн худалдааны маргаан   шийдэлд хүрнэ гэсэн хүлээлт бага байгааг тэмдэглэх хэрэгтэй. Энэхүү уулзалтаар тохиролцоонд хүрч чадахгүй бол Хятадын 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд импортын шинэ татвар оноохоо АНУ-ын Ерөнхийлөгч өмнө нь мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Хятадын бараанд бүхэлд нь татвар ногдуулна гэсэн үг. Мөн тус улсын  “Huawei” багтсан нийт 5 компанийн Америк дахь үйл ажиллагаанд хориг тавьж, хар жагсаалтад оруулсан юм. 

Хятадын газрын ховор металын салбарын зургаадугаар сард эхэлсэн өргөн цар хүрээтэй шинэчлэл нь Вашингтоны эсрэг хариу алхам гэж үзэх ажиглагчид цөөнгүй. Хятадын эрх баригчид энэ шинэчлэлээр газрын ховор металын экспортын шинэ бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд АНУ руу экспортоо хязгаарлаж, бүр зогсоож болзошгүй гэсэн таамгийг шинжээчид хэлж байна. Дэлхийн газрын ховор металын нийт нөөцийн 40 орчим хувийг эзэмшдэг Хятад нь олон улсын зах зээл дэх нийлүүлэлтийн 70 гаруй хувийг дангаар хангадаг. Тус улсын газрын ховор металын экспортоос АНУ-ын үйлдвэрлэлийн 80% хамаарч байгаа юм. Өнөөг хүртэл өрнөж буй хоёр улсын худалдааны маргааны нөхцөл байдлаас аль аль тал буулт хийх сонирхол бага байгааг харуулж байна. “Их хорь”-ийн уулзалтаар Америк, Хятад хэсэг хугацааны ойлголцолд хүрч болох ч оюуны өмч, технологи шилжүүлэх асуудал дээр гацах, сөргөлдөөн цаашид үргэлжлэх магадлалтай. 


Трампын бодлого дэлхийн худалдааны дайны хүрээг тэлж байна

2019 он бол АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн өмнөх жил. Дональд Трампын амлалтаа хэрэгжүүлж, бодит үр дүн гаргах хариуцлагатай цаг үе. Тэрээр “Америкчууд бид хоёр жил гаруй хугацаанд эдийн засгийн урьд хожид байгаагүй гайхамшигтай өсөлтийг үзүүлж чадлаа” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчийн албанд томилогдсоноос хойших ажлаа дүгнэн хэлсэн юм. Ерөнхийлөгчид  дахин сонгогдохоор төлөвлөж байгаа түүний кампанит ажил энэ сарын 20-нд эхэлсэн бөгөөд Цагаан ордонд суух дараагийн дөрвөн жилийн эрхийг олгох гол шалгуур АНУ-ын эдийн засгийн үзүүлэлт байх нь тодорхой. “Ройтерс” агентлагаас явуулсан судалгааны үзүүлэлтээр америкчуудын 40% нь Трампын ажлыг дэмжжээ. Ерөнхийлөгчөөр сонгогдож байхдаа тэрээр АНУ-ын эдийн засгийн өсөлтийг 4-6%-д хүргэхээр амлаж байв. 

2018 онд дэлхийн хамгийн том эдийн засгийн өсөлт 3%-д хүрээгүй. Дэлхийн банкнаас АНУ-ын эдийн засгийн өсөлт энэ жил 2.5% болж саарах бол ирэх онд буурч 1.7%-д хүрнэ гэж таамаглаж байна.  Трампын эдийн засгийн өнөөгийн бодлого Хятад, Мексик,Турк, Европын холбоо, Канад зэрэг дэлхийн хэд хэдэн улстай худалдааны маргаанд хүргээд буй. АНУ-ын худалдааны дайн хүрээгээ тэлж БРИКС-ийн гишүүн орны нэг, дэлхийн гол үйлдвэрлэгч болж байгаа Энэтхэг улсыг хамрав. Гуравдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Энэтхэгийн ганд 25%, хөнгөн цагаанд 10%-ийн импортын татвар оноосон юм. Энэтхэг нийт гангийн бүтээгдэхүүнийхээ 4%(198.6 сая ам.доллар), хөнгөн цагааны 2 орчим хувийг (42.4 сая ам.доллар) АНУ руу экспортолдог. Тэгвэл АНУ-ын  28 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд үзүүлж байсан импортын хөнгөлөлттэй татвараа энэ сараас Нью Дели цуцалж, Вашингтонд хариу барилаа. 

Дэлхийн худалдааны байгууллагын тооцоолсноор, АНУ-ын бараа бүтээг­дэхүүнд ногдуулсан импортын шинэ татвараас 241 сая ам.долларын орлого Энэтхэгийн төсөвт орох аж. Тус улстай худалдааны маргаан хурцдаж байгаа энэ үед Вашингтон  Ираны эсрэг эдийн засгийн шинэ хориг тавилаа. Америкийн алсын удирдлагатай дрон онгоцыг устгасны хариу болгон тавьж байгаа хориг гэж Цагаан ордон тайлбарлажээ.   Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үеэсээ АНУ-д ашиггүй бүхий л гэрээ, хэлэлцээрээс гарна хэмээн мэдэгдэж байсан. Түүний ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан олон гэрээ хэлэлцээрийн нэг нь 2015 онд байгуулагдсан “Ираны цөмийн хэлэлцээр” юм.   Иран болон  “Энхийн зургаа” Орос, Хятад, Америк, Франц, Их Британи, Германы байгуулсан “Тегераны цөмийн асуудлаарх” олон улсын хэлэлцээрээс нэг талт байдлаар АНУ гарч байгаагаа өнгөрсөн онд  Трамп мэдэгдсэн билээ. Шинэ хоригийн   хариуд Иран хоёр ч томоохон мэдэгдэл хийлээ. 
Цөмийн хэлэлцээрээр хүлээж байгаа үүргээс үл хамааран Тегеран зургаадугаар сарын 27-ноос эхлэн ураны олборлолт, баяжуулалтаа нэмэгдүүлэх бол дэлхийн газрын тосны 19%-ийг дамжуулдаг Ормудын хоолойг хаана гэж “сүрдүүлэв”.

ОПЕК-ийн шийдвэр “Их хорь”-ийн үр дүнгээс шалтгаална

Газрын тосны томоохон үйлдвэрлэгч орон Ираны эсрэг АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээнээс үүдэж дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ тогтворгүй байна. Ердөө сарын өмнө Лондоны бирж дээр 70 ам.долларыг даваад байсан Брент маркийн газрын тосны баррель үнэ 64 ам.долларт бууж зургаадугаар сарыг үдэх бололтой. Газрын тосны ханш 60 ам.доллараас доош буух нь ОПЕК-ийн орнуудад ашиггүй. Ханшийг өсгөхийн тулд нийлүүлэлтээ танахыг чухалчилна. Дэлхийн газрын тосны нийт экспортын 40%-ийг хангадаг ОПЕК олборлолтоо бууруулах шийдвэрийг нэгдүгээр сард гаргасан юм. Хоногт 1.2 сая баррель газрын тос нийлүүлэлт танасан шийдвэр энэ сард дуусгавар болж байна. 

Ээлжит уулзалтын тов “Их хорь”-ийн орнуудын   дээд хэмжээ­ний чуулгантай   давхацсан тул долдугаар сарын 1-2-нд чуулахаар хойшлууллаа. Хэд хэдэн улстай АНУ-ын худалдааны маргаан хурцдаж буй одоогийн нөхцөл, үүнтэй холбоотой “Их хорь”-ийн дээд хэмжээний чуулганаас гарах үр дүнгээс хамаарч ОПЕК-ийн орнууд шийдвэрээ харзнаж байна. Хэрэв ОПЕК шийдвэрээ сунгаж чадахгүй бол газрын тосны үнэ 40 ам.доллараас доош 30 ам.доллар хүртэл буурах болно гэж ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов, Эрчим хүчний сайд Александр Новак нар мэдэгдэж, ийм байдалд ойрхон байгааг анхааруулжээ. Оросын төсвийн 80%-ийг газрын тосны экспорт бүрдүүлдэг. 2019 оны төсөвтөө газрын тосны үнийг 35-45 ам.доллар байхаар тусгасан. 

Энэ оны эхний улиралд газрын тосны экспортоос 29.1 тэрбум ам.долларын орлого олж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.1%-иар өсчээ.  

Орос VS Хятад

2018 онд Оросын ДНБ-ий 2.3%-ийн өсөлтийг “тийм ч муугүй”  гэж Ерөнхийлөгч В.В.Путин үнэлсэн юм. 2012 оноос хойших хамгийн сайн үзүүлэлт гэдгийг Эдийн засгийн сайд Максим Орешкин мэдэгдэв. Эдийн засгийн өсөлтийн хувьд энэ жил 1.3%-аас давахгүй гэсэн түүний таамаг Дэлхийн банкныхаас бараг зөрсөнгүй. Оросын ард иргэдийн асуултад Ерөнхийлөгч В.В.Путины хариулдаг уламжлалт “Шууд шугам” нэвтрүүлэг 17 дахь жилдээ зохион байгуулагдав. Энэ удаагийн шууд ярилцлага Путины нэр хүнд унаж байгаа үед  болсноороо онцлог. Хэдийгээр түүний PR-ыг өсгөх зорилготой байсан ч олон нийт Ерөнхийлөгчөөс үр дүн “нэхсэн” асуултууд Орос орны өнөөгийн эдийн засгийн бодит байдлыг харуулсан юм. Кремлийн тэргүүнд хаягласан ихэнх асуулт ард иргэдийн амьжиргааны түвшин доройтсонтой холбоотой байлаа. Иргэд цалин хөлсний түвшинд сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлж байсан юм. Путины дурдсан тоо баримтаар, 2017 оноос цалингийн доод хэмжээ 33 мянган рублиэс 45 мянга болж нэмэгдсэн бөгөөд зөвхөн өнгөрсөн тавдугаар сар гэхэд 2.8%-иар өсчээ. 

Барууны худалдааны хоригийн тухайд ОХУ нь 2014 оноос хойш 50 тэрбум ам.доллар алдсан бол харин америкчууд  17 тэрбум ам.доллараар хохирсон нь хоёр улсын худалдаа тийм ч их бишийг харуулж байна. Тиймээс Орос дотоодын зах зээлдээ найдаж, импортыг орлох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж  эхэлснээр бусад салбарын худалдааг идэвхжүүлэх, бодит орлого нэмэгдүүлж байгааг Путин тодотгосон. Одоо Осака хотноо АНУ, ОХУ-ын  Ерөнхийлөгч нар уулзаж байгаа ч харилцааг эерэгжүүлэх тодорхой ахиц гарна гэсэн хүлээлт Оросын талд байхгүй байна. Харин Америк, Хятадын худалдааны маргаан Орос, Хятадын харилцааг улам бэхжүүлж байгааг барууны ажиглагчид тэмдэглэж буй. Путин, Си Жинпин нар Хойд Солонгосын удирдагчтай уулзсан явдал талууд нэгдмэл гэдгээ АНУ-д харуулсан хэрэг. Аль аль   нь Америкийн “эмзэг цэг”. 

Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумын үеэр БНХАУ-ын дарга “Хэдийгээр бидний хооронд худалдааны тодорхой сөргөлцөл бий. Гэсэн ч өнөөдөр Хятад, Америк нь томоохон хөрөнгө оруулагч, өргөн цар хүрээтэй худалдааны нягт уялдаатай. Энэ худалдааны дайныг өдөөх сонирхол Хятадад ч, ялгаагүй Америкт ч байхгүй. Ерөнхийлөгч Трамп миний анд нөхөр, түүнд ч ийм сонирхол үгүй гэдэгт би итгэж байна” хэмээн мэдэгдсэн. Тэрээр Бээжин асуудалд нээлттэй хандаж, эвлэрэхэд бэлэн бөгөөд эсрэг тохиолдолд “эцсээ хүртэл явна” гэсэн давхар утга санааг илэрхийлсэн гэж ажиглагчид дүгнэж байна. Орос дахь түүний айлчлалд Хятадын  100 гаруй компанийн төлөөлөгч дагалдсан. Талууд эрчим хүчний чиглэл, тэр дундаа цөмийн салбарт хамтрах үлэмж дүнтэй хэлэлцээрүүдийг үзэглэсэн юм. Худалдааны нийт эргэлтээ 200 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж буй хоёр улс газрын тос, байгалийн хий, нүүрс, зэс, алтны томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн сацуу түүхий эд нийлүүлэх газрын тос, хийн хоолой, төмөр замаар холбогдох бүтээн байгуулалтыг өрнүүлж буй. Ашигт малтмалын арвин нөөцтэй Орос орон Хятадын зах зээл, тус улсын далайн худалдааны замыг ашиглан Ази-Номхон далайн орнуудад түүхий эд нийлүүлэхээр чармайж байна. Хөдөө аж ахуйд тулгуурласан  буурай улс өнгөрсөн 40 жил “гайхамшиг”-ийг үзүүлж аж үйлдвэрлэлийн хамгийн том зах, дэлхийн хоёр дахь том эдийн засаг болж өндийсөн. Лондоны эдийн засаг, бизнесийн төвийн судалгаагаар, 2030 онд дэлхийн хамгийн том эдийн засгаар Хятадыг тодорхойлж байна. Тус улс нь импортын хамгийн том түнш орон, дэлхийд тэргүүлэгч эдийн засаг АНУ-тай худалдааны маргаантай хэдий ч давуу тал бас бий. Хятадын юань дэлхийн санхүүгийн системд нэвтрээгүй  тул хамаарал багатай. “Их хорь”-ийн уулзалтын өмнө буюу зургаадугаар сарын 26-нд Хятадын Төв банк 20 тэрбум юанийн нэг сарын хугацаатай бонд, 10 тэрбум юань бүхий зургаан сарын хугацаатай бондыг Хонконгод арилжаалж эхэллээ. Гүйлгээнд нийлүүлэх юанийн хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засгийн сааралтаас сэргийлэх бодлого баримталж байна. Нөгөөтэйгүүр, нэг тэрбум гаруй хэрэглэгчтэй дотоодын асар том зах зээлтэй, эдийн засаг нь өөрөө хүчтэй улс. Хятадын Засгийн газар 2021 онд “дундаж хөгжилтэй нийгэм” байгуулахаар дотоодын эрэлт хэрэгцээгээ хангахад онцгой анхаарч байгаа юм. Одоо тус улсын экспортын гол бодлого нь өндөр үнэтэй технологийн бараа бүтээгдэхүүн. 


Худалдааны бус технологийн “дайн”

Азийн орнуудын аж үйлдвэрлэлийн хөгжил, технологийн дэвшлийг даган түүхий эдийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буй аварга зах зээл бий болж байна. Зөвхөн Хятадад сая хол давсан хүн амтай хот 100 гаруй бий.  Эдгээр хот  нь тус бүрдээ ашигт малтмал, аж үйлдвэрлэл, мэдээлэл технологи гэсэн өөр өөрийн ялгаатай эдийн засагт суурилдаг.  Нэгэн цагт “мөрөөдлийн” Америк орон л тэргүүлэх технологи болон инноваци, тэдгээрийн патентыг эзэмшиж, ертөнцийн бүхий л шинэ туршилт шинжилгээг хийж, хамгийн төгс зэвсгийг бүтээж, сансарт нисэх, гариг огторгуйг судлах боломж тэнд л бий гэсэн дэлхий нийтийн ойлголт хуучин цагт хоцорч байна. Орчин үеийн технологийн өрсөлдөөн дунд Азийн зах зээл тэлж, улс орнуудын хүн амын шилжин суурьших хөдөлгөөн, дэлхийн эдийн засгийг ч өөрчилж эхэллээ. Өнөөдөр хүчирхэг гүрнүүд худалдааны бус технологийн төлөө дайтаж байна. Хүн төрөлхтөн технологийн шинэ эринд шилжиж байна. 

2018 онд Хятадын технологийн компаниуд Азийн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйл байлаа. Японы эрдэмтэд ангараг гаригт амьдрал байгаа эсэхийг судлахаар цөмийн энергийн технологийг ашиглаж байна. Тус улсын аж үйлдвэр, боловсрол, эрүүл мэнд, үйлчилгээний салбарт хэдийнэ робот ажилчдыг “нэвтрүүлээд” байгаа юм. Хятадын “Huawei” компани дэлхийн 30 оронд 5G сүлжээний 46 арилжааны гэрээ байгуулснаа мэдэгдэв. Дэлхийн анхны 5G дуудлагыг хийж, сүлжээ дэмждэг төхөөрөмжөө хоёрдугаар сард олон улсад танилцуулсны дараа  тус компанийг АНУ хар жагсаалтдаа оруулсан юм. Сүүлд, Хятадын гар утас үйлдвэрлэгч  “Орро” компани  технологийн шинэ дэвшлээ Шанхайд болсон Олон улсын мобайл технологийн конгресс дээр танилцууллаа. Технологийн дэвшлээр Азийн орнуудаас Хятад, Өмнөд Солонгос, Япон, Сингапур зэрэг орнууд тэргүүлж явна. 

Өнөөдөр хүн төрөллхтөн сансар огторгуйг эзэгнэхээр онгоц бүтээж, ертөнцийг бүхлээр нь халаасандаа багтааж, бөмбөрцгийн аль ч хязгаараас хормын төдийд холбогдож, хэтэвчинд бус хийсвэр орон зайд мөнгөө хадгалж, үл үзэгдэх үүлэн системээр төлбөр тооцоо хийж, нар салхинаас энерги гаргаж байна. Технологийн шинэ эринд ашигт малтмал асар үнэ цэнтэй үүрэг гүйцэтгэх учиртай. Тэр дундаа зэс, алт, газрын ховор элемент, уран амин чухал түүхий эд байх юм. Байгалийн баялагтай Монгол Улсын хувьд дэлхийн зах зээл “дэргэд” ирж аж үйлдвэрлэл,  технологийн хөгжлөөр хурдаа авч буй Хятад, зүүн Азийн орнуудад ойр орших давуу тал бий.