Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Рио Тинто”: Далд уурхайн зардал 1.9 хүртэлх тэрбум доллараар нэмэгдэнэ

Оюутолгой төслийг удирдан хэрэгжүүлж буй “Рио Тинто” групп далд уурхайг ашиглалтад оруулах хугацаа 2022 оны тавдугаар сараас 2023 оны дунд үеийн хооронд болсон тухай өнөөдөр мэдэгдлээ. Энэ нь анх тооцоолж байснаас 16-30 сараар хойшлуулж байна гэсэн үг. Уг шалтгаан нь уул хөрсний нөхцөл ихээхэн хүндрэлтэй байгаагаас үүдэлтэй гэж тайлбарлажээ. Гэхдээ төслийн ашиглалтад орох хугацаа, зардлын талаарх эцсийн тооцооллыг ирэх оны хоёрдугаар хагаст гаргах юм байна. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал анх тооцоолж байсан 5.3 тэрбум ам.доллараас давж 6.5 -7.2 тэрбум ам.долларт хэлбэлзэх бөгөөд өргөтгөл шатны төслийн хөрөнгө оруулалт 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж мэдэгдэв.

Далд уурхайн бүтээн байгуулалтын явц геологийн тогтцын хүндрэлтэй байдлаас үүдэн хойшлох нь өнгөрсөн оны аравдугаар сард хийсэн “Туркойз Хилл Ресурс”-ийн мэдэгдлээс угтаа тодорхой болоод байсан юм. Тухайн үед тус компани далд уурхайн олборлолт өмнө нь тооцоолж байсан 2021 оны нэгдүгээр улиралд бус, 2021 оны гуравдугаар улиралд байхаар хойшилсон тухай мэдээлж байсан билээ. Гэхдээ далд уурхайн хөрөнгө оруулалтын зардал болох 5.3 тэрбум ам.долларын хэмжээ нэмэгдэх шаардлагагүй гэж тайлбарлаж байв. Улмаар хэдэн сарын дараа буюу энэ оны хоёрдугаар сард тус компани уурхайн тооцоолол дээр “Рио Тинто”-той хамтран ажиллаж байгаа бөгөөд уурхайн ашиглалтад орох хугацааг 2021 оны гуравдугаар улирлаас ч хойшлох магадлалтай болсныг мэдэгдэж байсан юм. Шинжээчдийн хувьд Рио Тинто-гийн хагас жилийн тайлангийн үеэр илүү тодорхой мэдээлэл гарах болов уу гэсэн хүлээлттэй байлаа.

Харин өнөөдөр “Рио Тинто” групп далд уурхайн ашиглалтад орох хугацаа, зардлын тооцооллын талаар нэлээд тоймтой мэдэгдэл хийж байна. Өөрөөр хэлбэл далд уурхайн ашиглалтад орох хугацаа багагүй хойшилсны сацуу хөрөнгө оруулалтын зардал ч нэмэгдэхээр байгаа нь тодорхой боллоо.

Энэхүү мэдэгдэлд “Рио Тинто” шинээр баригдахаар төлөвлөсөн Тавантолгойн цахилгаан станцын талаар огт мэдэгдээгүй байна. Шинжээчдийн тооцоолж буйгаар уг цахилгаан станцын төсөв 1-1.5 тэрбум ам.доллар байх төлөвтэй. Хэрэв энэ зардлыг төслийн хөрөнгө оруулалт дээр нэмж тооцвол далд уурхайн нийт төсөв 7 тэрбум хол давсан ам.долларт хүрнэ гэдгийг гадаадын хэвлэлүүдэд онцолжээ.

“Рио Тинто”-гийн зүгээс Оюутолгойн ашиглалтад орох хугацаа хойшилсныг аль ч мега төслийн хувьд тохиолдож болох үзэгдэл гэж “тайвшруулсны” сацуу төслийн хугацаа хойшлох, зардал нэмэгдэх явдлыг аль болох бууруулахын төлөө ажиллах болно гэжээ.  

Ирэх наймдугаар сард “Рио Тинто”-гийн энэ оны хагас жилийн тайланг мэдээлэхтэй зэрэгцэн төслийн талаарх илүү дэлгэрэнгүй танилцуулга хийх төлөвтэй байна.  Энэ онд далд уурхайн бүтээн байгуулалтын ажил ихээхэн урагштай байгаа талаар компанийн Өсөлт, инновацийн группын захирал Стивен Макинтош мэдэгджээ. Түүний хэлснээр, уурхайн уул хөрсний тогтоц тооцоолж байснаас илүү ярвигтай байгаа учир уурхайн төлөвлөлтийг дахин хянаж, хэд хэдэн хувилбарыг авч үзэж буй аж. Ийм томоохон төсөлд хугацаа хойшлох нь ховор үзэгдэл биш бөгөөд төслийг хамгийн өгөөжтэй байдлаар хэрэгжүүлэх зөв арга замыг эрэлхийлэхэд тус компани голлон төвлөрч ажиллаж байгаагаа илэрхийлсэн байна.

Багагүй хугацаагаар хойшлоод буй хоёрдугаар босоо амны ажлыг энэ оны аравдугаар сард дуусгах төлөвтэй байгаа. Мөн босоо ам 3 болон 4-ийн ажил амжилттай урагшилж байна. Далд уурхайг ашиглалтад оруулж үйлдвэрлэл оргил үедээ хүрэхэд Оюутолгойгоос жилдээ 550 мянган тонн зэс олборлож, дэлхийн гурав дахь том зэсийн уурхай болох юм.

Зэсийн хувьд цэвэр, байгальд ээлтэй технологийн гол орц болохын хэрээр эрэлт өсч, тэр хэрээр Оюутолгой төслийн ирээдүйг бататгаж байгаа юм.

УИХ төслийн гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэн шийдвэр гаргахаар төлөвлөж буй энэ үед “Рио Тинто”-гийн энэхүү мэдэгдэл илүү амаргүй нөхцөл байдал үүсгэж болзошгүй байна. Учир нь төслийн зардал нэмэгдэх нь Монголын талд оногдох зээлийн хэмжээг нэмэгдүүлж, тэр хэрээр ногдол ашиг авах хугацаа хойшлуулах эрсдэл үүсгээд байгаа юм.

 

Б.Төгс