Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

“Петро Чайна Дачин Тамсаг” ХХК 100 километр  замыг хатуу хучилттай болгоно

Хоёр сарын өмнө тээвэрлэлтийн замыг хучих боломжгүй хэмээн хэлэлцээрийн үеэр мэдэгдэж байсан “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-тай Сүхбаатар аймгийн удирдлагууд цөөнгүй удаагийн уулзалт хийснээр 100 км замыг хатуу хучилттай болгох тохиролцоонд хүрчээ. Зам хучих ажлыг 2020-2022 онд багтаан гүйцэтгэхээр болсон байна. Тус компанийн тээвэрлэлт хийдэг замын 100 километр нь Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн компани, орон нутгийн удирдлагууд 4-5 удаа уулзан хэлэлцсэний үр дүнд хэд хэдэн  асуудлыг  шийдвэрлэжээ. 

“Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн тээвэрлэлт хийдэг замын хажуугаар гарсан 10-аад салаа замд байгалийн болон биологийн нөхөн сэргээлт хийж энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө орон нутагт хүлээлгэн өгөх, түүнчлэн 100 километр замыг хатуу хучилттай болгох ажлыг эхлэх хүртэл буюу 2020 оны зургадугаар сарын 1-нээс өмнө орон нутагт жил бүр 300 сая төгрөг өгч байхаар тохиролцсон байна. 

Тээвэрлэлтийн замыг хатуу хучилттай болгосноор нийгэм, эдийн засаг, байгаль орчинд нөлөөлөх эерэг үр дүн гарах нь тодорхой бөгөөд бэлчээр нь талхлагдаж байсан газар нутагт нөхөн сэргээлт хийгдэнэ.  Мөн зам дагаж хөгжил ирдгийн жишгээр орон нутагт өгөх үр өгөөж ихсэх, иргэдийн хөдөлгөөн ч намжих юм.

Өмнө нь орон нутгийн удирдлагууд тус компанитай хэлэлцээрийн ширээний ард суухдаа аймгийн зүгээс тавьсан шаардлагыг хүлээж авахгүй бол тээвэрлэлтийг зогсоох шийдвэрт хүрнэ гэдгээ мэдэгдэж байсан.