Эдийн засаг  “зэрэг нэмэхийн өмнө”

2019-07-05 09:51

The Mongolian Mining Journal /June 2019/

Б.Төгсбилэгт

Яг яаж нэмэх юм гэж үү? Валютын сангийн хөтөлбөрийг амжилттай давах замаар. 2010 оны есдүгээр сард “Bye Bye Standby” хөтөлбөр хэмээн MMJ-ийн дугаар гарч байлаа. Одоо яг ийм баярт мөч ирэхэд жилийн хугацаа үлдээд байгаа юм. Өөрөөр хэлбэл валютын нөөц нэмэгдэж, эдийн засгийн өсөлт 6-8% дээр тогтворжиж, өрийн хэмжээ буурч, төсвийн сахилга бат сайжирсан эдийн засаг болох учиртай. Гэхдээ Валютын сангийн зургаадугаар ээлжийн мөнгөний цуваа Монгол руу хөдлөх явц ихээхэн удаашралтай байгаа юм. Банкууд хөрөнгийн эх үүсвэрээ хуулийн хүрээнд нэмэгдүүлсэн эсэхэд хяналт шалгалт хийсний дараа орж ирнэ гэсэн хүлээлттэй байгаа. Угтаа дөрвөн сарын өмнө орж ирэх байсан мөнгөний цуваа хойшилсон нь оны эхээр өрнөсөн их улстөржилттэй ч холбоотой байж болох юм.

Ашигт малтмалын түүхий эдийн өсөлтийн мөчлөг тохиосон тул эрх баригчдад хоорондоо маргалдаж, ажил хаялт зарлах боломж олдсон. Хэрэв өсөлтийн мөчлөг тохиогоогүйсэн бол ямар ч хагарал талцал хийх сөхөө өгөхөөргүй байв. “Жаргал даахгүйн зовлон” гэх онцгүй үг бий. Дараагийн ээлжит улстөржилт ирэх сонгуулийн жилтэй холбоотойгоор айсуй. Хоёр том нам бие биенээ газар дор ортол муулж, залгуулаад олны танил урлаг соёлын эрхмүүд хоёр намын агуу сайхныг бахдан биширч байгаагаа зурагтаар илэрхийлцгээнэ. Тэр болтол жил хүрэхгүй хугацаа үлджээ. Үнэндээ 2020 он гармагц сонгуулийн шоу албан бусаар эхэлнэ. 

Валютын сангийн тусламжийн хөтөлбөрийн “хаалтын ажиллагаа” төдийлөн сайн хийгдэхгүй ч байж мэднэ гэсэн үг. Хөтөлбөрийн хүрээнд хийж чадаагүй, чадах шинжгүй байгаа нэг зүйл бол уул уурхайн хамаарлыг бууруулах ажил. Уул уурхайн экспортын өсөлт, эрдсийн ханшийн “цоройлт” хөтөлбөрийн хугацаанд тохиож буй нь Валютын сангийн тооцооллоос хол давсан эдийн засгийн өсөлтийг нөхцөлдүүлж байгаа билээ. Хэдий баярлууштай ч  эдийн засаг уул уурхайгаас улам л хамааралтай болоод байна. Эдийн засагчид, шинжээчид, бүхий л донор байгууллагынхан  уул уурхайгаас хараат байдлаа бууруулахыг учирлаж сануулна. Уул уурхайгаас хараат бус байхыг манай төр засаг төдийлөн дэмжихгүй байгаагаа ЖДҮ-ийн сангийн дуулианаар тодорхой харуулсан. ЖДҮ гэдэг нь манай улсын эдийн засгийг солонгоруулахад чиглэсэн галт тэрэгний цуваа, түүчээ байх учиртай билээ. Энэхүү галт тэрэгний цувааг замын дундаас хэсэг “дээрэмчид” ядах юмгүй цөлмөж орхисон нь УИХ-ын нэлээд гишүүн байлаа. Алдаагаа ухаарсан уу гэмээр ЖДҮ-ийн төсөл шинээр хүлээж авч өдөр шөнөгүй уртасгасан цагаар ажиллаж байгаа сурагтай. 

Валютын сангийн сургаал ёсоор төв банкны авдар дахь долларын нөөц, банкуудын өөрийн хөрөнгийн үзүүлэлт төлөвлөгөөт үр дүнд хүрэхгүй байгааг сануулж буй. 2019 онд хөтөлбөрийн хүрээнд өр бууруулах, валютын нөөц нэмэгдүүлэх, банкны тогтолцоог сайжруулахад чиглэж ажиллана. “Баяртай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” гээд ирэх онд сүр бараатайгаар шуугицгаасны дараа 2021 оноос эхлэн их өрүүд “Сайн уу” хэмээн ирцгээнэ.

Энэ үеэр уул уурхайн мөчлөгтэй холбоотойгоор эрдсийн үнэ буурч эхэлбэл асуудал бүр хүндрэх болно. Зээлжих зэрэглэлийг тогтоодог Мүүдиз агентлагаас энэ сард гаргасан нийтлэлд Хятадын нүүрсний хэрэглээ буурч байгаа нь Монголын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулжээ. Мөн уул уурхайн томоохон төслүүд дэх хөрөнгө оруулалтын тодорхойгүй байдал болон олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнэ буурах дарамтууд   Монгол Улсад нэмэлт сорилтуудыг бий болгож байна гэж өгүүлжээ.  

Энэ удаагийн дугаарт эрдсийн ханшийн төлөвийн талаар орууллаа. Уул уурхайн түүхий эдийн зах зээл Монголын эдийн засагт нэлээд ахиухан боломж олгосоор хэдэн жилийн нүүр үзэж байна. Цаашид энэ байдал үргэлжлэх эсэх нь их гүрнүүдийн шийдвэр, геополитикийн зөрчилдөөнөөс шууд хамаарна. 

Зах зээлийн ханш нэг хэрэг. Гол нь дотооддоо асуудалгүй байх нь ихээхэн чухал нөлөөтэйг Мүүдиз анхааруулжээ. Тодруулбал одоогийн эрх баригчдын ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд бодлогоо хэрэгжүүлэх цаашдын хандлага, мөн  уул уурхайн томоохон төслүүдэд хийгдэх гадаадын хөрөнгө оруулалтад хандах хандлага нь зээлжих зэрэглэлийн үнэлгээнд голлон нөлөөлөхөөр байна. 

Энэ нь цаагуураа Оюутолгой төсөлд хандах эрх баригчдын хандлагыг тодруулж байгаа хэрэг. Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах Ажлын хэсэг угтаа дүгнэлтээ гаргаад одоо түүнийг нь УИХ-аар хэлэлцүүлэх л үлдээд байна. Харин Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг эхэлсэн нь Ажлын хэсгийн дүгнэлтийг авч үзэх ажлыг түр намжаагаад байна. Ажлын хэсгийнхэн төслийн өргөтгөл шатны гэрээг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаад байгаа билээ. Харин Оюутолгойн зүгээс гэрээг өөрчлөх боломжгүйг дуулгаад буй. Нэгэнт Цагаансуварга зэрэг хөрөнгө оруулалтын дараагийн төслүүдийг урагшлуулахгүй гацааж буй энэ үед Оюутолгой төслийг ганхуулах нь томоохон эрсдэл авчрах нь дамжиггүй. Заримдаа асуудлын шийдэл нь шийдэх гээд байгаа асуудлаасаа ч дор зүйл авчирч мэднэ гэсэн үг бий. Нөгөөтэйгүүр Оюутолгой төслийн далд уурхайн ашиглалтад орох хугацаа аль хэдийнэ хойшлоод буйг санах хэрэгтэй. Энэ бүхэн нь эдийн засгийн төлөв байдалд нөлөөлнө. Багагүй хөрөнгө оруулалт татаж мэдэх байсан Тавантолгойн IPO-ийг сонгуулийн дараа болгож хойшлуулж магадгүй хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар аль хэдийнэ зарлачихсан.

Валютын сангийн хөтөлбөрийн дараа шинэ зээл авах замаар их өрүүдийг дарах нь бараг тодорхой болоод байна. Үүний хажуугаар гадаад валютын нөөц  болон “хөрөнгө оруулалт” нэмэгдүүлэх ажил Засгийн газрын толгойны өвчин болно.  Сангийн яамны тооцоолж буйгаар Засгийн газрын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр 2018 онд 18,941.2 тэрбум төгрөг гарсан бол энэ онд 20,739.6 тэрбум төгрөг, 2020 онд 22,089.1 тэрбум төгрөг, 2021 онд 22,910.5 тэрбум төгрөг, 2022 онд 23,869.2 тэрбум төгрөгт хүрнэ гэж үзэж байна.

Улс орны эдийн засаг сайжрах төлөвтэй байгаа ч нийт гадаад өрийн хэмжээ багагүй өссөн болохыг харж болно. Хэдийгээр ДНБ-тэй харьцуулсан дүнгээр өр буурч байгаа гэж мэдээлдэг ч нийт дүнгээрээ бол буурах биш харин ч өссөөр байгаа нь харагдана. Монголбанкны мэдээллээр энэ оны эхний улирлын байдлаар улсын нийт гадаад өр 29.5 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь урьд хожид байгаагүй томоохон өрийн хэмжээ болохыг Хонконгод төвтэй CEIC Data  байгууллага мэдээлжээ. Харин ДНБ-д харьцуулсан дүнгээр Монгол  Улсын нийт гадаад өрийн хувь хэмжээ өнгөрсөн онд 220.7%-д хүрсэн нь 2017 онд уг үзүүлэлт 240.5%-тай тэнцсэнтэй харьцуулахад багагүй буурчээ. Ийнхүү өрийн бодит хэмжээ өссөөр байгааг анхаарах хэрэгтэй. Энэ дундаа Засгийн газар, төв банкинд хамаарах өр нэмэгдсээр байна. MMJ энэ удаагийн дугаартаа өрийн нөхцөл байдлыг хөндлөө. 

Өрийн хэмжээ буурч буйг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй (ДНБ) харьцуулсан дүнгээр тайлбарладаг. Үнэхээр ч цаашид ДНБ өсөлттэй байх сайхан дүр зураг байна. Гэвч ДНБ-ийн өсөлт болон бодит хэмжээ нь манай улсын авдарт байгаа бэлэн мөнгөний хэмжээг илэрхийлэхгүй. Энэ нь бодит утгаараа өр төлөх чадварыг төлөөлөхгүйг анхаарах хэрэгтэй. 

Сэтгүүлч Э.Оджаргалын бэлтгэсэн дэлхийн эдийн засгийн шинэ хандлага,  нөхцөл байдлын талаарх нийтлэлээс эдийн засгийн хөгжил хэрхэн өрнөж буйг  том зургаар харж болно. Монгол Улс уул уурхайн төслүүдээ хэрэгжүүлж чадалгүй маргалдсаар байх зуур, эдийн засгийн шинэ хөгжил, шинэ хандлага хэрхэн түрэн орж байгааг мэдэж болно.  

Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний улирлын байдлаар 8.6%-тай гарсан нь донор байгууллагуудын таамгаас давсан дүнтэй байна. Сангийн яам  өсөлтийг 8%-тай байхаар тооцсон. Улсын нийт экспорт эхний таван сарын байдлаар 13%-иар өссөн бөгөөд үүнд эрдсийн, тэр дундаа нүүрс, алтны экспортын өсөлт голлон нөлөөлжээ. Улсын эдийн засгийн өсөлт сайн гарч байгаа ч тэр нь гагцхүү уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ханшийн өсөлтөөс үүдэлтэй билээ. Яг жинхэнэ Засгийн газрын хийх ажлууд ар араасаа хүлээгдэж байгааг донор байгууллагууд сануулж байна. Энэ дунд хамгийн их анхаарах зүйл нь гадаад өрийн дарамтыг бууруулах, төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн орлогын уул уурхайн салбарын хамаарлыг бууруулах, тэтгэврийн сангийн алдагдал хурдацтайгаар нэмэгдэж буйг хазаарлах ажлууд багтаж байна. 

Сангийн яам цаашид төсвийн орлого багагүй нэмэгдэх тооцооллыг хийгээд буй. 2020 оны сонгуулийн жилд төсвийн зардал огцом нэмэгдэхийг эс тооцвол цаашид төсвийн зардал тэгтлээ их нэмэгдэхгүй ажээ. Гэхдээ энэ бүх төсөөлөл нь одоогийн томоохон төслүүдийн хэрэгжилт хэвийн явагдах нөхцөлд, басхүү эрдсийн зах зээлийн тогтвортой байдлаас хамаарна. Засгийн газарт одоо “улсын баатар” болж тоглох хэсэгхэн хугацаа үлдээд байгаа тул аль болох гоё тоонуудыг иргэдэд ухуулахыг хүсч байгаа. Гоё тоонууд ард иргэдийн амьдралд наалдаж өгөхгүй байгаа төдийгүй энэхүү үзүүлэлтүүд  хялбархан доошилж болохыг шинжээчид анхааруулаад буй юм. Гоё тоонуудыг унагачихгүй байх боломж нь улстөржилтөө багасгаж, хөрөнгө оруулалт татах боломжийг хувийн хэвшилд олгох явдал. 

Нэг үеэ бодвол эдийн засаг сайжирч хямралын ард гарсан гэж үзэж болно. 2016 онд ердөө 1.2%-ийн өсөлттэй байсан эдийн засаг одоо 6%-ийн өсөлтийг ч тоохоо больсон байна. Энэ бол яах аргагүй амжилт. Гэхдээ эдийн засгийн суурь нөхцөл байдал хэвийн болох хүртэл хэтэрхий хол байгааг санах хэрэгтэй. Ирэх онд Валютын сангийн тусламжийн хөтөлбөр дуусч шинэ засаг бие даан ажиллах цаг холгүй байна. Гэхдээ дараагийн Засгийн газрын жилүүдэд өрийн зохицуулалт хийх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүндхэн даваа тулгарна. Одоогийн Засгийн газрын хувьд бий болгосон гоё тоонуудыг хадгалж хамгаалах, их улстөржилтөд ниргүүлэхгүй байх ажил үлдсэн. Санаа амрах болоогүй. 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2020-05-29 14:56
    Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны аравдугаар сард орсноор нийт 4 шууд хэрэгжилтийн зөвлөмж дээр 6 үүрэг даалгавар авсан. Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг, Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд, хувийн хэвшил болон мэргэжлийн холбоодын хамтарсан ажлын хэсгүүд ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах чиглэлээр эрчимтэй ажиллаж, төлөвлөгөөнд тусгасан ажлуудтай холбоотой тайланг ФАТФ-ын Ази, Номхон Далай бүс хариуцсан хамтарсан бүлэгт цаг тухайд нь хүргүүлж ажиллалаа.
  • 2020-05-25 13:53
    Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газраас хөл хорио тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өвчний тархалтаас сэргийлэх талаар амжилттай боловч хөл хорионы сөрөг нөлөөнөөс уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт буурах, худалдааны салбарын идэвх сулрах, аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээний салбар орлогогүй болоход хүрч, улмаар бусад салбаруудад нөлөөлж байна. Энэ  гинжин холбоогоор банкны салбарт ч тодорхойгүй байдал, эрсдэл, сөрөг нөлөөг үзүүлж байгаа. Монголбанкны судалгаагаар коронавирусын нөлөөлөлд 54 мянган зээлдэгчийн 3.5 их наяд төгрөгийн зээл өртөж байгаа гэсэн тооцоо бий. Манай улсын хувьд санхүүгийн зах зээлийн 90 орчим хувийг банкны систем бүрдүүлдэг. Иргэд, аж ахуйн нэгж хямралд өртөн орлогогүй болж, зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүссэнээр банкуудын өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа буурч, эрсдэлийн сангаа нэмэгдүүлэх шаардлагатай тулгарна.
  • 2020-05-25 13:52
    Монгол Улсын парламент  2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний пүрэв гарагийн хуралдаанаараа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан тодотголтой Үндсэн хуулиа баталснаас хойш 2000 онд анх удаа “гар хүрч”, “дордох”-ын хэмээгддэг 7 заалтад оруулсан нь цаг хугацааны эрхээр багагүй маргаан дагуулж ирсэн юм. Энэхүү 7 заалтаас зургаад нь нэмэлт, өөрчлөлт хийснээр Үндсэн хуулийн өнгө төрх багагүй сайжирсан юм. Хоёр удаа нийгмээрээ хэлэлцэж, гурав дахь удаагийн хэлэлцүүлгээ парламентын хуралдаанд гуравхан цагийн дотор хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөдөр /2020 оны тавдугаар сарын 25/ 12.00 цагт буюу 17-р жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхэлж байна.
  • 2020-05-25 13:00
    “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг тус уурхай дээр зохион байгуулж, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудалтай танилцан, хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Дөлгөөн уурхайн олборлолтын зардлыг бууруулах чиглэлээр тооцоо судалгаа хийж, танилцуулах, компанийн худалдан авалтын сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд нээлттэй зарлахыг компанийн удирдлагуудад чиглэл болгосон байна. Мөн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай арга хэмжээг ирэх саруудад авахаар болжээ. 
  • 2020-05-22 14:01
    Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн өргөмжлөх үйл ажиллагааг 19 дахь жилдээ анх удаа /тавдугаар сарын 20/ цахим хэлбэрээр зохион байгууллаа. Цахим арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин  “2020 он бол бид бүхний хувьд туйлын өндөр сорилттой жил болж байна. Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч, Монголын хөгжлийг  түүчээлж байгаа та бүхэнд ТОП 100 ААН-д эрэмбэлэгдсэнд МҮХАҮТ-ын зүгээс халуун баяр хүргэж, эдийн засгийн сорилыг төр засагтай хамтран хамтдаа даван туулъя” хэмээн уриалав. ТОП-100 аж ахуйг эрэмбэлэхдээ Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэл, Үндэсний статистикийн хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтарсан Ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилжээ.