Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Б. Ачитсан: Засгийн газрын  зүгээс төрийн бодлогоор дэмжиж, ажил ч урагштай  байна

Монгол Улсын Засгийн газар метан хийн салбарыг хөгжүүлэх зорилгоор хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд байна. Ашигт малтмал, газрын тосны газар, Австрали Улсын хөрөнгө оруулалттай “Жи Өү Эйч” ХХК-тай нүүрсний давхаргын метан хийн хайгуулыг эхлүүлэх Бүтээгдэхүүн хуваах анхны гэрээг (БХГ) байгуулсан. Энэ дагуу Номгон IX-р талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна. Нүүрсний давхаргад буй метан хий нь агаарт дэгдэн дэлхийн дулааралд нөлөөлж, азоны давхаргын цоорхойг нэмэгдүүлдэг хүлэмжийн хий юм. Агаарт дэгдэж хаягдал болж буй метан хийг эдийн засгийн эргэлтнд оруулах олон боломжууд нээгдэж байна. Энэ чиглэлээр  БХГ-г байгуулсан “Жи Өү Эйч” ХХК-ийн Ерөнхий менежер Б.Ачитсантай ярилцлаа.

“Жи Өү Эйч” ХХК Өмнөговь аймагт нүүрсний давхаргын метан хийн хайгуул, судалгааны ажлыг эхлүүлж байна. Судалгааны явц байдал ямар шатандаа явна вэ?

Австралийн хөрөнгө оруулалттай “Жи Өү Эйч” ХХК нь 2011 онд байгуулагдсан. Монгол Улсад нүүрсний давхаргын метан хий буюу байгалийн хийн хайгуул судалгааг сүүлийн хэдэн жил хийж байна. Нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын гэрээг Монгол Улсын Засгийн газартай  2018 оны есдүгээр сарын 18-нд байгуулсан. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт Номгон IX-р талбайд хайгуул судалгааны ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаад явж байна. Энэ хүрээнд түүх соёлын өв бүхий газруудын судалгаа, хайгуулын төлөвлөгөө батлуулах  ажлууд  хийгдэж байна. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлаа хийж дуусгаад орон нутгийн иргэдээс санал авч байгаа. Ханхонгор сумын Жаргалант, Хондот, Өгөөмөр багуудын иргэдтэй уулзалт хийж төслөө танилцуулсан. Байгаль орчны үнэлгээ хийсэн компанитайгаа хамтран ажиллаж  байна.

Хайгуул судалгааны ажил Өмнөговь аймгийн хэдэн сумыг хамарч байна вэ?

Цаанаас нь тогтоож өгсөн талбай нь Өмнөговь аймгийн 7 сумын нутаг дэвсгэрийг хамарч байна. Цогт-Овоо, Ханхонгор, Баян-Овоо, Цогт-Цэций, Манлай, Ханбогд, Номгон сум гэсэн маш том талбайг хамардаг. Төслийн хувьд газрын тос, хийн салбарын төсөл гэж ойлгож болно. Ашигт малтмалын бусад салбараас онцлогтой нь төрийн оролцоотой төсөл. Газрын тосны салбарыг анх хөгжүүлэх үүднээс Засгийн газраас газрын тосны хайгуул судалгаа ашиглалтын талбайг хувааж тогтоосон байдаг. 20 гаруй талбайг тогтоосны нэг нь Номгон IX.

Танай компани Монгол улсад нүүрсний давхаргын метан хийн анхны  БХГ-г байгуулсан. Газрын тосны салбараас гадна тусдаа салбар гэж ойлгож болох уу?

Газрын тосны салбар гээд ярьж байгаа ч хийн салбар гэж ойлгож болно. Монгол Улсын хувьд нүүрсний давхаргын метан хийн БХГ нь  урьд өмнө байгуулагдаагүй анхны гэрээ юм. Нүүрсний давхаргын метан хий нь уламжлалт бус газрын тос хийн салбар гэж яригддаг. Өмнөх газрын тосны тухай хуульд энэ тухай зохицуулалт байгаагүй. 2014 онд Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ баталсан. Үүний хүрээнд уламжлалт бус газрын тос, хийн тухай ойлголтыг оруулж өгөөд энэ салбарын зохицуулалтуудыг тусгаж өгсөн. Засгийн газрын  зүгээс төрийн бодлогоор дэмжиж, ажил ч урагштай  байна.

Нутгийн иргэдтэй уулзалт хийж санал авч байхад ямар асуудлыг хөндөж байна. Орон нутгийн иргэд уул уурхайн сөрөг нөлөөлөлд их өртөж байгаа учраас хайгуул гэхээр байгаль орчин, нутаг, ус, бэлчээр сүйтгэх нь гэсэн болгоомжлол бий?

Иргэдтэй уулзалт хийх үед төрөл бүрийн асуулт асууж байна. Ашигт малтмалын салбар, хайгуул гэхээр иргэд  байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх байх гэсэн эргэлзээ байна. Уул уурхайн олборлолт, нүүрс тээвэрлэлттэй холбоотой маш их тоос босч иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байгаа учраас их болгоомжтой хандаж байна.  Манай төсөл ямар ач холбогдолтой, байгаль орчин, нийгэм эдийн засаг, төрийн бодлоготой яаж уялдаж байгаа талаар мэдээлэл хийлээ. Энэ төсөл маань агаар, орчны бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлэхүйц ач холбогдолтой төсөл.

Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол улс тэр дундаа Өмнөговь аймагт ямар үр ашигтай гэж тооцоолж байна? Төслийн үр дүн, цаашдын ирээдүйг хэрхэн харж байна вэ?

Төслийн хувьд хайгуул, ашиглалтын хоёр үе шаттай. Хайгуулын үе шат нь гэрээ байгуулснаас хойш 10 жилийн хугацаанд хийгдэнэ. Хэрвээ хайгуулын ажил амжилттай явагдаж  нөөц тогтоогдвол ашиглалтын үе шат эхэлнэ. Үндсэндээ 40 орчим жилийн настай төсөл байх боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ хайгуулаас бүх зүйл шалтгаалах учраас одоохондоо ашиглалтын тухай ярихад эрт. Энэ төслийн нийгэм эдийн засагт үзүүлэх давуу талууд гэдэг талаас нь яривал метан хийн хэрэглээ маш их бий болж байна. Зөвхөн дулаан цахилгаан гэхээс гадна газар тариалан, бордоо үйлдвэрлэл, дэд бүтцийн маш олон салбарт хэрэглэгддэг. Нөгөөтэйгүүр энэ нь эрчим хүчний цэвэр эх үүсвэр гэж ойлгож болно. Зөвхөн Улаанбаатар гэлтгүй төв суурин газруудад тулгамдаад байгаа агаар, орчны бохирдолтой тэмцэх бас нэг том эх үүсвэр нээгдэж байгаа. Бид ямар төсөөлөлтэй байна гэхээр метан хийн маш их хэмжээний нөөц тогтоогдвол дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй экспортын зах зээлд ч анхаарах ёстой.

Урд хөршид нүүрсний станцуудаа хааж, хязгаар тогтоож байгаа нь хийн эрэлт хэрэгцээ асар хурдацтайгаар нэмэгдэх боломжийг бий болгож байна шүү дээ?

БНХАУ гэлтгүй Зүүн өмнөд Азийн орон, Солонгос, Япон зэрэг байгалийн хийн том том хэрэглэгч улсууд бий. Тиймээс гадаад зах зээлд гарах үүд хаалга нээгдэх юм. Мөн агаарын бохирдолтой тэмцэх боломж гарч ирнэ. Төсөл цаашаа хэрэгжвэл ажлын байр нэмэгдэх, шинээр бий болох зэрэг нийгэмд хэрэгцээтэй давуу талууд байгаа. Яг одоогийн байдлаар ихэнх газрын тос хийн компанид гадаадаас ажиллах хүч авах шаардлага тулгардаг. Яагаад гэхээр газрын тосны салбар маш том тоног төхөөрөмжүүдийг ашигладаг. Хайгуул нь газрын гадаргаас доош 4000м хүртэл үргэлжилдэг. Манай төслийн хувьд 1000м хүртэл гүнд хайгуулын ажил хийгдэнэ. Дотоодын хүн хүч ашиглаж, хүний нөөц тоног төхөөрөмжийг авч ажиллуулна. Манай компанийн хайгуул судалгааны хувьд хайгуулын төлөвлөгөө гарчихсан. Энэ жил чичирхийллийн судалгаа хийх, 1-2 цооног өрөмдөх гэсэн ерөнхий төлөвлөгөө гарна.

Ярилцсанд баярлалаа