ABB: Уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн  бүтээмжийг нэмэгдүүлэх инновацийн боломж

2019-06-19 10:53

Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахын тулд уул уурхай, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт эрчим хүчний оновчтой шийдлийг нэвтрүүлэх нь улам бүр чухал болсоор байна. Ингээд Монголын уул уурхайн олборлох салбарт сүүлийн үеийн, шинэ тутам хөгжиж буй тэргүүн технологийг нэвтрүүлж байгаа туршлага болон бусад асуудлаар АББ Группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяртай ярилцлаа. Тус групп нь эрчим хүч, автоматжуулалтын инноваци, технологиор дэлхийд 130 гаруй жилийн туршлагатай, эрчим хүчний тэргүүлэгчдийн нэг гэдгийг салбарынхан андахгүй мэднэ.

Инноваци, оновчтой шийдлийн талаар ярихын өмнө манай улсын уул уурхайн технологийн одоогийн нөхцөл байдлыг Та мэргэжлийн хүний хувьд юу гэж хардаг талаар асууя? 
Манай орны зарим уурхай, баяжуулах үйлдвэрүүдийн хувьд ашиглагдаж байгаа олборлох, баяжуулах технологи, тоног төхөөрөмж хэт хуучирсан эсвэл уурхайн насжилтаас хамааран илүү гүнээс олборлолт хийх - зардал өсөх, олборлосон ашигт малтмалын доторх агууламж буурах гэх мэт хүндрэлүүдтэй нүүр тулж байна. Эдгээр хүчин зүйлс нь эцсийн бүтээгдэхүүний гарц болон зардал-өртгийг нэмэгдүүлж гаднаас олох валютын орлогыг бууруулж, өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна. 

Бүтээмжийг нэмэгдүүлэхэд юуг анхаарах вэ?
Гурван зүйлийг онцлон дурдмаар байна. Нэгд, гарцыг дээд хэмжээнд барих буюу материал, хүн хүч, эрчим хүч, түлшний зардлаар хэр ихийг олборлож, эцсийн бүтээгдэхүүн болгон гаргав гэдгийг авч үзнэ. Ижил зардал гаргаад гарцыг хамгийн их байлгах боломжийг эрэлхийлнэ гэсэн үг. Хоёрт, хэмнэлт буюу нэгж эцсийн бүтээгдэхүүнийг олборлон боловсруулахад зарцуулсан зардал. Энэ зардлыг чанарт нөлөөлөхгүйгээр хамгийн бага болгох бодит боломжийг эрэлхийлнэ. Гуравт, тооцоолоогүй сул зогсолтын алдагдлыг бууруулах. Зарим уурхайн компани маань аливаа шинэчлэлт хийхдээ хөрөнгө оруулалтын хүрэлцээгүй байдлаас шалтгаалан найдвартай байдлыг анхааралгүй, ашигт ажиллагаа муутай, хямд тоног төхөөрөмж сонгосноос шалтгаалан тооцоолоогүй сул зогсолтын алдагдал хүлээж байна. Энэ алдагдлыг сайн тооцоолж чадахгүй байгаад харамсдаг.   

Дэлхийн бусад орны боловсруулах салбарын хувьд ч мөн адил шийдэх шаардлагатай асуудал бий. Заримыг нь шийдээд явж байгаа. Манай улсын нөхцөлд хараахан өргөнөөр нэвтрээгүй байгаа ч цаашид “Аж үйлдвэрлэлийн IV хувьсгал /Industry 4.0/, эд юмсын интернет /IoT/” гэх мэт концепцийг бодитоор хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. 

АББ Групп технологийн чиглэлд манлайлагчийн хувьд гүний уурхайгаас өдөрт 100 мян.тн хүдэр тээвэрлэх хүчин чадал бүхий хатуу холбоосгүй (gearless) цахилгаан өргүүр (леботка), зөөврийн дэд өртөө (e-house), эрчим хүчний удирдлагын төвлөрсөн систем (EMS, DCS), тоног төхөөрөмжийг алсаас хянах утасгүй сүлжээний шийдэл (Tropos) зэрэг технологиудыг Монголын уул уурхайн хэрэглэгчдэд нэвтрүүлээд бодит хэмнэлт, технологийн дэвшлийг авчраад байна. 

Мөн манай уул уурхайн салбарт хэрэгжүүлэх боломжтой хатуу холбоосгүй - роторны тээрэм, өндөр даралтын бутлагч бутлуур (HPGR), уурхайн автоматжуулалт удирдлагын нэгдсэн платформ (ABB Ability), бие даасан ухаалаг сүлжээ (micro grid), дижитал дэд өртөө, гүний уурхайн ухаалаг агааржуулалтын систем, цахилгаан болон хосолмол тэжээлт автосамосвал зэрэг технологиудыг нэрлэж болно.

Та сая “Аж үйлдвэрлэлийн IV хувьсгал”, “Эд юмсын интернет” гэсэн концепцийн талаар хэллээ. Тэгвэл Монголын уул уурхай, боловруулах үйлдвэрлэлийн салбар эдгээр шинэ хөгжилд хэр бэлтгэлтэй байна вэ? 
Уул уурхайн салбар нь хөрөнгө оруулалт их шаардсан, үйл ажиллагаа нь тасралтгүй явагдаж байх шаардлагатай, гол төлөв алслагдмал зайд оршдог гэх мэт онцлогтой салбар. Монголын уул уурхайн томоохон төслүүд болох Оюу Толгой, Эрдэнэт УБҮ, МАК, Энержи Ресурс, Ачит Ихт болон бусад төслүүдэд АББ Группийн эрчим хүч, үйлдвэрлэлийн автоматжуулалтын орчин үеийн шийдлүүд ашиглаж байгаа бөгөөд эдгээр хэрэглэгчид дараагийн шинэчлэлтэд тодорхой хэмжээнд бэлэн байх нь ойлгомжтой.байна. 

“Эд юмсын интернет” гэдгийг энгийнээр тайлбарлавал Улаанбаатар хотоос 500 км  алсад байгаа баяжуулах үйлдвэрийн өндөр хүчин чадалтай, нарийн технологи бүхий тээрмийг удирдах нарийн мэргэжлийн ажилтанг заавал үйлдвэр дээр авчрах бус, шаардлагатай үед дэлхийн нөгөө талд ажиллаж байгаа мэргэжилтнээс үүлэн (Cloud Base) болон виртуал бодит байдал (VR) зэрэг технологи ашиглан онлайнаар техникийн туслалцаа шууд авах боломжтой болох юм.   

Хөрөнгө, санхүү болон боловсон хүчний чадавхийн дутагдлаас шалтгаалан 30 жилийн өмнөх технологи ашиглаад явж байгаа олон тооны уурхай үйлдвэрийн газрууд байдгийг та бид мэднэ. Эдгээр аж ахуйн нэгжид технологийн дэвшил нэвтрүүлэхэд илүү хугацаа шаардлагатай бөгөөд өөрөөр хэлбэл тэд хоцорч байгаа нь үнэн. 

Танай компанийн туршлага ганцхан Монголд бус дэлхийн хэмжээнд яригдана. Бусад улс оронд хэрэгжүүлсэн онцлохуйц бүтээмж нэмэгдүүлсэн төслийн талаар сонирхуулахгүй юу? 
Өнгөрөгч оны сүүлээр Швед улсын Галиваре хоттой ойролцоо Болиден Айтик УБҮ-ийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцох боломж манай зарим уурхайн төлөөллүүдэд олдсон юм. Монголын цаг уурын нөхцөлтэй ойролцоо нөхцөлд ажилладаг энэхүү үйлдвэрийн үйл ажиллагааг бүрэн автоматжуулан, хатуу холбоосгүй буюу роторны тээрэм ашигласны үр дүнд 700 ажилтантайгаар, жилд 39 сая  тонн зэсийн хүдэр  боловсруулах боломжтой болсон байна. Энэ нь манай Эрдэнэт УБҮ-ээс 10 дахин бага хүн ажиллуулаад, илүү бүтээмжтэй ажилладаг гэсэн үг юм. Зөвхөн тоног төхөөрөмжийн шинэчлэлтээс гадна технологийн шинэчлэлт нь бүтээмжийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх боломж олгож байгааг харж болно. 


  
Эцсийн бүтээгдэхүүний үнэд эрчим хүчний зардал ихэнх хувийг эзэлдэг. Тэгвэл энэ зардлыг хэрхэн бууруулан, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх талаар таны бодол?
2015 оны арваннэгдүгээр сард УИХ-аас “Эрчим хүчний хэмнэлтийн тухай” хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын хэмжээнд бүх аж ахуйн нэгж энэ хуулийн дагуу өөрийн цахилгааны хэрэглээндээ хяналт тавих шаардлага үүссэн. Хэдийгээр хуулийг бүгд даган мөрдөн ёстой боловч энэ хууль нь аж ахуйн нэгжүүдэд зарим давуу тал олгосон. Тухайлбал тухайн компани эрчим хүчээ хэмнэснээр зардлаа хэмнээд зогсохгүй хэмнэлтийн тайлангаа гаргаж урамшуулал хүртэл авах боломжтой болсон. Гэтэл уг хуулийн хэрэгжилтийг хэрхэн мөрдөх талаар аж ахуйн нэгжүүд тэр бүр нэгдсэн ойлголтонд хүрээгүйгээс хэмнэлтийн арга хэмжээ авсан тохиолдол цөөн байна. 

Бас нэг тоо дурдахад 2017 оны байдлаар улсын хэмжээнд эрчим хүчний хэрэглээ 6.08 тэрбум кВт.цаг байсан нь өмнөх оныхоос 6.1%-ийн өсөлттэй гарсан. Гэтэл бид өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангаж чадахгүйгээс шалтгаалан оросоос 1.5 тэрбум кВт.цаг эрчим хүч өндөр үнээр импортлон авсан байна. Тэгэхээр бидэнд эрчим хүчний хэмнэлт ямар чухал гэдэг нь эндээс харагдана. 

Үүнтэй холбогдуулан хэлэхэд Монгол Улсын нийт үйлдвэрлэсэн эрчим хүчний (1151 МВт) 18%-ийг манай хуучирсан тоног төхөөрөмжүүдтэй станцуудын дотоод хэрэгцээ хэрэгцээ эзэлдэг. Үүнийг хэмнэх бүрэн боломжтой. Энэхүү дотоод хэрэглээний ихэнхийг зарцуулдаг цахилгаан хөдөлгүүрүүдийг оновчтой удирдлагатай болгон, эрчим хүчний хэмнэлттэй, ашигт үйлийн коэффициент өндөртэй цахилгаан хөдөлгүүр ашигласнаар 207 МВт-аар хэмжигдэж буй дотоод хэрэгцээг 124 МВт болтол бууруулах буюу 82 МВт-ын хэмнэлтийн боломж харагдаж байгаа биз.  Энэ бол бараг л нэг шинэ цахилгаан станцтай болсны дайтай хэмнэлт болно.  Гэтэл бид ашигт үйлийн коэффициент багатай 70, 80-аад оны технологи бүхий Орос, Хятад хөдөлгүүрүүд хэрэглэсээр, нэмж худалдан авсаар байна.
 
Хэмнэлт хийх боломж тийм ч хол биш сонсогдож байна. Эрчим хүчний хэмнэлтийг хэрхэн хийх талаар илүү дэлгэрүүлнэ үү? 
Цахилгаан хөдөлгүүрийг анх асаахад даруй ердийн ачааллаас 3-7 дахин их чадал шаарддаг. Мөн ихэнх тохиолдол хөдөлгүүрийг сонгохдоо жирийн үед авдаг ачааллаас нь өндрөөр буюу манайхны хэлж заншснаар запастай сонгосон байдаг. Асалтын өндөр гүйдлийг давах, хувьсах зарцуулалттай хэрэглээн дээр хөдөлгүүрийг уян хатан удирдахын тулд давтамж хувиргагчийг ашиглаж байна. Ингэснээр эрчим хүчний хэмнэлтээс гадна хөрөнгө оруулалтын зардал багасах, тоног төхөөрөмжийн элэгдлийг бууруулж насжилтыг уртасгах, эрчим хүчний сүлжээнд савлалт бага үүсгэх гэсэн олон давуу талыг хэрэглэгчид авчирдаг. 

Мөн энэ жилээс уул уурхайн хэрэглэгчдэд мөрдөх чадлын тариф нэмэгдсэнтэй холбогдуулан дээр дурдсанчлан эрчим хүчний зардлаа бууруулах шийдэл бэлхнээ байна гэсэн үг юм. 

Монголын хамгийн том электролитийн зэсийн үйлдвэрлэл эрхэлдэг Ачит Ихт ХХК-д хэрэгжүүлсэн томоохон төслийг энд онцолъё. Учир нь Ачит Ихт үйлдвэр өөрсдийн хэрэглэдэг өндөр хүчдэлийн, их чадлын 3 насосыг дээр дурдсан уян хатан удирдлагатай болгосноор эрчим хүчийг үлэмж хэмжээгээр хэмнэн, хөрөнгө оруулалтын зардлаа анх тооцоолсноос хоёр дахин бага буюу 1.5 жилд эргүүлэн олж авсан сайн жишээ байна.
  
Танай компанийн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ирээдүй рүү чиглэсэн бүтээгдэхүүн шийдлийн талаар уншигчдад сонирхуулбал?
АББ Групп гүний уурхайн олборлолт, ачилт, тээвэрлэлтэд ашиглах боломжтой бүрэн болон хосолмол (hybrid) цахилгаан хөдөлгүүртэй болон хүнд механизмын шийдлийг нэвтрүүлээд байна. 

Энэхүү шийдэл нь түлшний зардлыг бууруулахын зэрэгцээ гүний уурхайн олборлолтын үйл ажиллагаанд хамгийн чухал анхаарах ёстой хүчин зүйл болох агааржуулалтын асуудалд уламжлалт шийдэлтэй харьцуулахад үлэмж хэмжээний давуу талыг хэрэглгчдэд авчирах юм. 
Мөн ил уурхайн автосамосвалыг хосолмол тэжээлтэй болгох төслийг Шведийн эрчим хүчний агентлаг, Eitech (цахилгааны дэд бүтцийн чиглэлд), Катерпиллар, Пон Тоног Төхөөрөмж зэрэг компаниудтай хамтран Шведийн Болиден Айтик УБҮ-т амжилттай хэрэгжүүлээд байна. 
Төслийн үр дүнд ил уурхайн автосамосвалын тээвэрлэх замд 700 м  цахилгааны шугам байрлуулсан бөгөөд ингэснээр ачаа тээвэрлэлтийн хурдыг нэмэгдүүлж, жилдээ түлшний зардал 40% буюу 830 шоо метр дизель хэмнэх боломж олгож байгаа юм. 

Судалгаагаар, 2040 он гэхэд нэг ч уурхай дээр уламжлалт шийдэл буюу дотоод шаталтат хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгсэл ашиглагдахгүй бөгөөд энэхүү зах зээлийн чиг хандлагыг АББ Групп тэргүүлэн ажиллаж байгааг дурдахад таатай байна. 

Ярилцсанд баярлалаа. 


 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 11 цаг 31 минутын өмнө
    Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт бус болон иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт шалгалтыг тогтмол хийдэг. Уул уурхайтай холбоотой эдгээр хяналт шалгалт болоод цаг үеийн асуудлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн улсын байцаагч Ц.Болорчимэгтэй ярилцлаа. 2019 онд аймагт хичнээн уул уурхайн компани ажиллаж байна. Эдгээрт хэдэн удаагийн хяналт шалгалтыг хийгээд байна вэ? Энэ онд бид 11 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгахаар төлөвлөсөн. Эдгээр аж ахуйн нэгжийг сонгож төлөвлөхдөө өмнөх жил үйл ажиллагаа явуулсан эсэх, одоо явуулж байгаа, цаашид явуулах эсэхийг хардаг.
  • 16 цаг 19 минутын өмнө
    2016 оны хоёрдугаар хагасаас эхлэн эрдсийн зах зээлд “урь” орж эхэлсэн бол одоо илүүтэй “хүйтрэх” шинжтэй болж ирж байна. Гэхдээ энэ бүхэн нь АНУ-Хятадын худалдааны дайнтай ихээхэн холбоотой. АНУ, Хятад дор бүрнээ дотоодын бизнесүүдийг хамгаалах оролдлого хийж байгаа ч тэдний тулааны нөлөө бусад голлох эдийн засгуудад муугаар нөлөөлж, улмаар дэлхийн эдийн засаг, түүхий эдийн зах зээлийг доош татаж байна. Нөгөөтэйгүүр эрдсийн зах зээлийн бууралтын мөчлөг эхэллээ гэж дүгнэх нь хэтэрхий эрт байгааг энд сануулья. Тухайлбал зэсийн хувьд бууралттай   ч урт хугацааны төлөв нь тун өөдрөг хэвээр. Гэхдээ яг одоогоор алтнаас бусад эрдсийн хувьд бууралттай тулгарч байна. Эрдэс тус бүрээр байдал ямар байгааг авч үзье.
  • 2019-09-13 14:06
    Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Баянхонгор аймаг дахь Алт сорьцлох хяналтын лаборатори 10 гаруй иргэн, гурван аж ахуйн нэгжээс 80 орчим кг алт авч Монголбанкинд тушаажээ. Тус лаборатори нь нийтдээ 90 орчим алтан гулдмай хэвлэн гаргаж, химийн сорьцын шинжилгээ хийсэн байна. Тэгвэл энэ оны есдүгээр сарын байдлаар 450 орчим кг алт Монголбанкинд тушаасан бөгөөд нийт 390 орчим алтан гулдмайг хэвлэж, сорьцын шинжилгээ хийсэн аж. Энэ хэмжээ ирэх хоёр сарын хугацаанд өсөх хандлагатай байна.
  • 2019-09-12 17:44
    Оны эхний найман сарын байдлаар Монгол улсын нүүрсний экспорт 25 сая тоннд хүрсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд 5.2%-иар өссөн үзүүлэлттэй байна. Сарын дүнгээр авч үзвэл, өнгөрсөн наймдугаар сард 4 сая 125 мянган тонн нүүрсний экспорт хийж түүхэн дээд амжилт тогтоолоо. Харин мөнгөн дүнгийн хувьд 15.6%-ийн өсөлттэй буюу 2.135 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Гэхдээ энэ онд нүүрсний экспорт 42 сая тонн байхаар улсын төсөвт тооцож буй төлөвлөгөө биелэхэд хүндрэлтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, оны эхний найман сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.5 тэрбум ам.долларт хүрч 11.9%-иар өсчээ. Үүнд экспорт 5.4 тэрбум ам.доллар, импорт 4.1 тэрбум ам.долларыг эзэлсэн байна. Тодруулбал, экспорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.3%, импорт 7.6%-иар тус тус өслөө.
  • 2019-09-12 13:59
    Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга О.В.Белозёровыг хүлээн авч уулзжээ. Талууд Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Зүүнбаян, баруун босоо коридор буюу Арцсуурь чиглэлийн төмөр замыг холбох Кызыл-Курагинотой чиглэлийн шинэ төмөр замын  төслүүдийг, төмөр замын төв коридорын шинэчлэлтэй хамтатган хэрэгжүүлэхээр ярилцаж, хэрэгжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулан, хамтарч ажиллахаар тохиролцжээ.