Энэтхэгийн Элчин сайд М.П.Сингх Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцав 

2019-06-12 11:20

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан болон албаны бусад хүн Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын явцтай танилцав.

Төмөр замын ажлыг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр үндсэнд нь дуусгасан бол автозамын ажил 80 орчим хувьтай байна. Замыг ирэх есдүгээр сард багтаан хүлээн авахаар төлөвлөжээ. Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох 16.36 км автозамын бүтээн байгуулалтад Зам, тээврийн хөгжлийн төв, “Ай Си Ти Сайн Консалтинг”  компанийн түншлэлийн инженерүүд зөвлөхөөр,  Зэвсэгт хүчний ангиуд гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Төмөр зам, автозамаас гадна цахилгаан хангамжийн 110 КВ-ын дамжуулах агаарын шугам, дэд станцыг долоодугаар сарын нэгэн гэхэд хүлээлгэж өгөхөд бэлэн болжээ. “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл товлосон цаг хугацаандаа амжилттай хэрэгжинэ гэдэгт бүрэн итгэл төрлөө” гэж БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх хэлэв.  Мөн “Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд  чухал байр суурь эзлэх энэ төслийг  бүх талаар дэмжиж байгаа Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархлаа илэрхийлье. Богино хугацаанд ийм их ажил амжуулсныг нүдээр хараагүй бол итгэхгүй байлаа. Манай улсын хөрөнгө оруулалт үр дүнтэй байгаад талархаж байна” гэв.

Төмөр зам, автозам, цахилгаан дамжуулах шугамын ажилд орон нутгийн иргэд ч оролцож байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүд бетон зуурмаг, цемент, хайрга, бусад материал, ажилчдын хоол хүнс, бараа зэргийг нийлүүлж хувь нэмрээ оруулж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах хүмүүсийг орон нутгийн МСҮТ-д  сургаж бэлтгэх, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэх нийт хүний 30 хувийг нутгийн иргэдээс бүрдүүлэхээр Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй тохиролцсон тухай Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хэлэв.

БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нэмсэн, түүхэнд тэмдэглэгдэн үлдэх бүтээн байгуулалт юм. Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж 1.2 тэрбум ам.долларын импортыг орлох, стратегийн ач холбогдолтой үйлдвэр учир Монгол Улсын Засгийн газар ч онцгой анхаарал хандуулж байна. Үйлдвэрийн хотхоны бүтээн байгуулалтын ажлыг наймдугаар сараас эхлүүлэхээр Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаас шийдвэрлэсэн. Хотхон таван давхар барилгууд бүхий 550 айлын орон сууц, оффис-үйлчилгээний цогцолбор, дэд бүтэц, гадна тохижилт, ногоон байгууламж зэргээс бүрдэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 20 цаг 45 минутын өмнө
    Монгол Улсын эдийн засаг дахь уул уурхайн нөлөөлөл, иргэдийн ойлголт болоод орон нутгийн асуудлаар Сүхбаатар аймаг дахь эдийн засагч Ц.Мөнхбаяртай ярилцлаа. Монгол Улсын эдийн засгийг багагүй хувийг уул уурхайгаас орсон орлого эзэлж байгаа нь статистикаас харагдаж байна. Эдийн засагч хүний хувьд Та уул уурхайн талаар байр сууриа илэрхийлнэ үү? Би энэ салбарын хүн биш учир зөвхөн эдийн засгийн үр өгөөж талаас нь ойлголтынхоо хэмжээнд хариулъя. Өнөөдөр бид нэг зүйлийг магтвал хэт дээшээ өргөөд, бас муулбал хэт харлуулдаг хандлагатай болсон. Аливаа зүйлийн эерэг талыг олж харж сурах шаардлага байна. Ингэж сураагүй болохоор уул уурхайн талаарх цэгцтэй ойлголтгүй, нэг хэсэг нь ашиглах зүйтэй гэхэд нөгөө хэсэг нь бүр хэрэггүй мэт ярьж байна. Эдийн засгийн үр өгөөжийн талаас тайлбарлахгүй бол үр дүнгүй юм шиг олон нийтэд сөргөөр ойлгож байна. Уул уурхайг зөв өнцгөөс нь харж, хариуцлагатай ашиглаж чадвал эдийн засагт үр өгөөжөө өгч байна. Цаашид ч өгнө.
  • Уржигдар 13 цаг 34 минутад
    БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1939 оны 38 дугаар тогтоолоор тухайн үеийн Аж үйлдвэр, барилгын яамны дэргэд “Уул уурхай, ашигт малтмал трест” байгуулагдсанаар  Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсан түүхтэй. Геологийн алба тэр цагаас хойш өнөөдөр Монгол орны бие даасан салбар болтлоо хөгжиж нутаг дэвсгэрийг бүхэлд нь геологи, ашигт малтмал, тектоник, геоморфологи, геофизикийн зэрэг төрөл бүрийн геологийн судалгаанд хамруулсан байдаг. Эдгээр судалгааны үр дүнд Монгол орны ашигт малтмалын тархалтын ерөнхий зүй тогтлууд илэрч, 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1600 гаруй ордыг нээн илрүүлж олон арван томоохон ордуудыг нээн ажиллуулж байна. Монгол Улсад геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа томоохон ажлуудын нэг нь өнөөдөр  “Холидэй Инн” зочид буудалд эхэлсэн “Монголын геологи 80 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал юм.
  • Уржигдар 11 цаг 26 минутад
    Төмрийн хүдрийн үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт ордог “Рио Тинто” групп нь анх удаа юанийн төлбөрөөр худалдаа хийх гэрээ байгуулжээ. Гэрээ байгуулах ёслол Хятадын Шандун мужийн Рижао боомтод болсон байна. Энэхүү хамтын ажиллагааны эхлэл болгож тус улсын “Shanxi Gaoyi Steel” компани 10 мянган тонн 59.6%-ийн агууламжтай төмрийн баяжмал “Рио Тинто” группээс худалдан авчээ. Ийм худалдааны хэлэлцээрийг ихэвчлэн далайн боомтууд шууд трейдер компаниудтай байгуулдаг. Гэсэн хэдий ч “Рио Тинто” групп нь Хятадын харилцагч нартай худалдааны сувгаа өргөжүүлж, компаниудаар дамжуулан тус улсын төвийн бүс нутгийн гангийн үйлдвэрүүдэд шууд түүхий эд нийлүүлэхээр зорьж байна. 
  • Уржигдар 10 цаг 17 минутад
    Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Г.Амартүвшинтэй MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа. Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын албанд томилогдоод Та юунаас ажлаа эхлээд байна вэ? Миний бие энэ албанд томилогдон  ажил хүлээж аваад гурван сарын хугацаа өнгөрчээ. Гурван гол чиглэлээр ажиллаж байна. Нэгд, Хөгжлийн банкны журам, зээл олгох үйл ажиллагаа гэх мэт дотоод зохион байгуулалт, засаглалыг сайжруулах. Энэ хүрээнд зээлийн бодлого, журмыг шинэчиллээ. Компаниудын төсөл хэрэгжүүлэх зээлийн хүсэлтийг Хөгжлийн банк  удаадаг, зээлийн хүсэлт  хаачсан нь мэдэгдэхгүй байна гэсэн шүүмжлэл өмнө нь байсан юм билээ. Тиймээс одоо энэ үйл ажиллагааг илүү нээлттэй болгох үүднээс өөрчлөлт оруулсан юм. Хоёрт, зээлийн чанар. Хөгжлийн банкны өмнөх зээлийн асуудалтай холбоотой 6 хэргийг прокурорт шилжүүлсэн асуудал хоёр дахь чиглэлийн ажлын нэг хэсэг юм. 
  • 2019-10-15 13:59
    Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны эхний есөн сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрч 9.5%-иар өсчээ. Үүнд экспорт 5.9 тэрбум ам.доллар, импорт 4.6 тэрбум ам.долларыг эзэлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад экспорт 12.6%, импорт 5.7%-иар тус тус өслөө. Гадаад худалдаа 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарч өнгөрсөн оны мөн үеийнхээс 415.5 сая ам.доллараар нэмэгджээ. Нийт экспортод эзлэх эрдсийн экспортын хэмжээ 4.96 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 9.3%-иар нэмэгдсэн байна. Энэ дундаа нүүрсний экспорт орлогын дүнгээр тэргүүлж буй бол зэс хоёрдугаарт эрэмбэлэгдэв.