“ЗаМайн Сервисиз” ХХК  уул уурхайн троллей автосамосвалыг танилцууллаа

2019-06-05 14:06

“Зогсолтгүй хүч-Шантаршгүй зүтгэл” (Unstoppable Effort. Extreme support) уриатайгаар  үйл ажиллагаа явуулдаг “ЗаМайн Сервисиз” ХХК-иас “Цахилгаан экскаватор ба Троллей автосамосвал” сургалт-семинарыг өчигдөр “Корпорэйт Конвэйшн Төв”-д зохион байгууллаа. Уг семинарт тус компанийн харилцагчид болох “Эрдэнэс Тавантолгой”, “Хишиг Арвин Индустриал”, “Шарын гол”, “Багануур” зэрэг компанийн инженер техникийн ажилтнууд, мэргэжлийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн байв.

“ЗаМайн Сервисиз” компанийн Гүйцэтгэх захирал Хироаки Такизава  сургалт-семинарыг нээж үг хэлсний дараа энэхүү арга хэмжээний үндсэн илтгэлүүд  тавигдлаа. Семинарын эхэнд тус компанийн Сервис менежер Д.Бархасбадь “Троллей автосамосвал” сэдвээр илтгэхдээ олон сонирхолтой мэдээллийг өгсөн юм. Троллей систем нь зөвхөн Хитачид байдаг бөгөөд эд ангиуд нь найдвартай ажиллагаа, сайн чанарын гэдгээрээ ихээхэн танигджээ. Түүнчлэн троллей болон дизель горимын хоорондох шилжилт хялбар байдаг тухай илтгэгч өгүүллээ. Горим хоорондын шилжилтийн үед хойд дугуйнд гулгалт болон огцом эргэлт үүсгэлгүйгээр алгуурхнаар шилжих боломжтой аж. Энэ нь кабин болон машинд үзүүлэх нөлөөллийг бууруулж, дугуйн элэгдлийг багасгадаг байна. 

Энэ хэсэгт  221 тонны даацтай, 56 км/ц  хурдлах чадвартай EH4000AC-3 автосамосвалын талаарх мэдээлэл сонирхол татаж байв. Тус автосамосвал нь  EX5600-6 экскаватортой сайн хосолж ажилладаг аж. Автосамосвалын өрсөлдөх чадварын талаар илтгэгч дурдахдаа тэвш нь ижил төрлийн автосамосвалаас нам учир уурхайд өндөр бүтээмжийг бий болгодог хэмээн онцоллоо. Түүнчлэн Хитачигийн дотоод  AC-IGBT хөтлөгч систем нь тус автосамосвалыг шинэлэг болгодог байна. 

Тээвэрлэлтийн үеийн аюулгүй, жигд ажиллагааг хангах зорилгоор EH4000AC-3 автосамосвал нь Хитачи жолоодлого удирдлагын системтэй байдаг гэсэн мэдээллийг мөн илтгэгч өглөө. Тус систем нь гулсалтын эсрэг, донсолгоо багасгах, шарвалтын эсрэг үндсэн хэсгүүдтэй. Тухайлбал,  гулсалтын эсрэг систем нь хальтиргаа, гулгаа ихтэй зам дээр, уг систем нь хойд дугуйн гулгалт эсвэл түгжилт мэдэрвэл захын дамжуулагчийн мушгилтын хүчийг багасган тээврийн хэрэгслийг тогтвортой байдалд оруулдаг хэмээн энгийнээр тайлбарлаж болох аж. 

Сургалт семинарын үеэр “Хитачи троллей автосамосвал гэж юу вэ?” гэсэн асуултад хариулт өгсөн олон шинэлэг мэдээлэл  зочдын анхаарлыг татаж байсан. Ерөнхийдөө бол  уул уурхайн троллей автосамосвал нь дизель-цахилгаан хосолсон хөдөлгүүртэй хүнд даацын тээврийн хэрэгсэл юм. Илтгэгч нар  энэхүү техникийн давуу тал, онцлог, хүчин чадлын талаар видео хэлбэрээр танилцуулсан нь илүү үр өгөөжтэй болсон гэж хэлж болно. 

Хитачигийн  мэргэжилтнүүдийн хэлж буйгаар троллей системийг идэвхжүүлэх үед дизель хөдөлгүүрээс захын дамжуулагч руу очих хүч дамжуулах анги салж, агаарын контакт холбогддог ба инвертороор дамжин мотор луу цахилгаан энергийг дамжуулдаг аж. 
2017 оны гуравдугаар сарын байдлаар Турк улсад EH4000AC-3 загварын 10,  Замби улсад 74, Өмнөд Африкт 37 ширхэг  нийт 121 ширхэг троллей автосамосвал  ажиллаж байгаа юм байна.

Сургалт-семинарын дараагийн хэсэг нь бүх төрлийн цахилгаанжсан уул уурхайн талаарх мэдээлэлд чиглэсэн. “АВВ Финланд” компанийн Худалдааны менежер Конста Кайнулайнен  “Ойрын ирээдүйд хосолмол хайбрид тэжээлт ЦТХ (HEVs) 488-ийн (mild) хайбрид, хүчтэй хайбрид, гаднаас цэнэглэдэг ЦТХ (HEVs), цэвэр зайн тэжээлт ЦТХ(BEVs) зэрэг ногоон тээврийн хэрэгслийн зах зээлд давамгайлах болно” хэмээн ярилаа. Судалгаагаар 2028 он гэхэд дэлхийн уул уурхайн хэрэглээнд 30’000 гаруй (9 тэрбум долларын үнэ бүхий) ЦТХ ашиглагдахаар харагдаж байгаа аж. 

“Атлас Копко”, “Сандвик”  зэрэг компаниуд дугуйт ачигч, өрмийн машин болон бусад уул уурхайн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэх үндсэн шугамууд дээрээ зайн тэжээлт ЦТХ үйлдвэрлэх шугамуудыг нэмэх хөгжүүлэлтийн ажил хийж буй.  Эрчим хүч хадгалах зай хураагуур технологийн дэвшлийн хувьд литиумын батерейг хөгжүүлэх боломж нээлттэй  гэдгийг тэрээр танилцуулгадаа дурдлаа. Уул уурхайг яагаад цахилгаанжуулах шаардлагатай вэ гэсэн асуулт үргэлж  тавигддаг. Уул уурхайн салбарт зардлаа хэмнэж, бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд цахилгаан эрчим хүчний хангамж нь уул уурхайн салбарт тулгарч буй хамгийн том хүндрэлүүдийн нэг юм.
Эрчим хүчний болон үйл ажиллагааны (агааржуулалт, засвар үйлчилгээ, түлшний) хэмнэлт, агаарын чанар  нь уул уурхайн уул уурхайн үйл ажиллагаа явуулахад чухал ач холбогдолтой хэмээн илтгэгч онцоллоо.

Сургалт-семинарын дараагийн хэсэг нь ЗаМайн Сервисиз” компанийн  Худалдаа, маркетингийн менежер Ц.Чинзоригийн “Electric Excavators and EX5600-6LD Excavator” сэдвээр  үргэлжиллээ. Одоогоор  8 улсад 84 ширхэг HITACHI EX5600-6 экскаваторын нийлүүлэгдээд байгаа аж. Уг семинарт  уригдан ирсэн Японы Хитачи  үйлдвэрийн төлөөлөгчид оролцогчдын асуултад шинэлэг мэдээлэл агуулсан дэлгэрэнгүй хариултуудыг  өгч байлаа.  Ялангуяа оролцогчдын зүгээс Монголын уул уурхайн нөхцөлд троллей автосамосвал хэр тохиромжтой вэ гэсэн асуултыг түлхүү тавьж байсан бөгөөд  түлшинд хэмнэлттэй, цахилгаанаар ажилладаг дэлхийн нэр хүндтэй эдгээр техник уурхайн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой хэмээн хариулж байсан.  

“ЗаМайн Сервиз” ХХК нь “Марубени” корпораци болон “Таванбогд” группын хамтын хөрөнгө оруулалттай бөгөөд 2010 оны гуравдугаар сараас “Хитачи констракшн машинери” корпорацийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж эхэлжээ. Хитачи брэндийн хүнд машин механизм нь дэлхийн уул уурхайн салбарт япон чанар, техникийн баталгаат засвар үйлчилгээгээрээ хэдийнэ танигдсан юм. Эдүгээ дэлхийн экскаваторын зах зээлийн тэргүүлэгч байранд, автосамосвалын зах зээлд нэгэнтээ хүчтэй өрсөлдөгч болж чаджээ.  

Г.Идэр
 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 13 цаг 53 минутад
    Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газраас хөл хорио тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өвчний тархалтаас сэргийлэх талаар амжилттай боловч хөл хорионы сөрөг нөлөөнөөс уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт буурах, худалдааны салбарын идэвх сулрах, аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээний салбар орлогогүй болоход хүрч, улмаар бусад салбаруудад нөлөөлж байна. Энэ  гинжин холбоогоор банкны салбарт ч тодорхойгүй байдал, эрсдэл, сөрөг нөлөөг үзүүлж байгаа. Монголбанкны судалгаагаар коронавирусын нөлөөлөлд 54 мянган зээлдэгчийн 3.5 их наяд төгрөгийн зээл өртөж байгаа гэсэн тооцоо бий. Манай улсын хувьд санхүүгийн зах зээлийн 90 орчим хувийг банкны систем бүрдүүлдэг. Иргэд, аж ахуйн нэгж хямралд өртөн орлогогүй болж, зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүссэнээр банкуудын өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа буурч, эрсдэлийн сангаа нэмэгдүүлэх шаардлагатай тулгарна.
  • Уржигдар 13 цаг 52 минутад
    Монгол Улсын парламент  2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний пүрэв гарагийн хуралдаанаараа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан тодотголтой Үндсэн хуулиа баталснаас хойш 2000 онд анх удаа “гар хүрч”, “дордох”-ын хэмээгддэг 7 заалтад оруулсан нь цаг хугацааны эрхээр багагүй маргаан дагуулж ирсэн юм. Энэхүү 7 заалтаас зургаад нь нэмэлт, өөрчлөлт хийснээр Үндсэн хуулийн өнгө төрх багагүй сайжирсан юм. Хоёр удаа нийгмээрээ хэлэлцэж, гурав дахь удаагийн хэлэлцүүлгээ парламентын хуралдаанд гуравхан цагийн дотор хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөдөр /2020 оны тавдугаар сарын 25/ 12.00 цагт буюу 17-р жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхэлж байна.
  • Уржигдар 13 цаг 00 минутад
    “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг тус уурхай дээр зохион байгуулж, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудалтай танилцан, хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Дөлгөөн уурхайн олборлолтын зардлыг бууруулах чиглэлээр тооцоо судалгаа хийж, танилцуулах, компанийн худалдан авалтын сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд нээлттэй зарлахыг компанийн удирдлагуудад чиглэл болгосон байна. Мөн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай арга хэмжээг ирэх саруудад авахаар болжээ. 
  • 2020-05-22 14:01
    Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн өргөмжлөх үйл ажиллагааг 19 дахь жилдээ анх удаа /тавдугаар сарын 20/ цахим хэлбэрээр зохион байгууллаа. Цахим арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин  “2020 он бол бид бүхний хувьд туйлын өндөр сорилттой жил болж байна. Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч, Монголын хөгжлийг  түүчээлж байгаа та бүхэнд ТОП 100 ААН-д эрэмбэлэгдсэнд МҮХАҮТ-ын зүгээс халуун баяр хүргэж, эдийн засгийн сорилыг төр засагтай хамтран хамтдаа даван туулъя” хэмээн уриалав. ТОП-100 аж ахуйг эрэмбэлэхдээ Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэл, Үндэсний статистикийн хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтарсан Ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилжээ.
  • 2020-05-21 14:53
    Засгийн газар шинэ коронавирусээс үүдэн эрсдэлд орсон  эдийн засгийг аврахаар гуравдугаар сарын сүүлээр дуугарч эхэлсэн нь 5.1 их наяд төгрөгийн багц хөтөлбөр байв. Үүнийг нь дөрөвдүгээр сарын 9-нд УИХ-ын чуулганаар “амь оруулан” баталлаа. 5.1 их наяд төгрөгийн   хөтөлбөр   яг хэрхэн эдийн засгийг аврах эсэх нь одоо ч тодорхой биш байгаа юм. Үүнээс хавьгүй эрт буюу гуравдугаар сарын 11-нд Монголбанк бодлогын хүүгээ буулгаж, төд удалгүй арилжааны банкуудыг “захиргаадаж”  хэрэглээний зээл  төлөлтийн  хугацааг сунгахыг хүчлэх болсон. Улмаар дөрөвдүгээр сарын 13-нд төв банк бодлогын хүүгээ дахин бууруулав. Гол асуулт нь эдийн засгийн төлөв бүрхэг байгаа нь иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж,  улмаар худалдаа, үйлчилгээний салбарын борлуулалтад шууд нөлөөлнө.  Энэхүү нөхцөл байдал эдийн засгаа сэргээхээр оролдож байгаа Хятадад ихээхэн тод илэрч байна.