Орхон аймаг “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг буруулах” дэд хөтөлбөртэй болов

2019-05-28 12:40

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын захирамжаар Засаг даргын орлогч С.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны долдугаар сард байгуулагдаж “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах” дэд хөтөлбөрийг нэг жилийн хугацаанд боловсруулсан бөгөөд тавдугаар сарын 22-нд АИТХ-ын тэргүүлэгчдийн 12 дугаар хуралдааны үеэр хэлэлцэж баталлаа.

Ажлын хэсэгт орон нутаг болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөгжлийн бодлогын газар, Байгаль орчны хэлтэс, Эмнэлэг сувиллын цогцолбор зэрэг албаны төлөөллүүд оролцсон юм. Энэхүү хөтөлбөр батлагдсантай холбогдуулан, Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн П.Энхсэлэнгэ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчны хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа нараас дараах тодруулга ярилцлагыг бэлтгэлээ.

П.Энхсэлэнгэ: 4 жилийн хугацаанд цагаан тоосны дэгдэлтийг багадаа 80%-иар бууруулах боломжтой

Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд хэчнээн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ?
“Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг буруулах” дэд хөтөлбөр нь таван зорилтын хүрээнд 17 арга хэмжээг хэрэгжүүлнэ. Нэгдүгээрт, цагаан тоосны дэгдэлтийг бууруулах, хоёрдугаарт байгаль орчин, хүний эрүүл мэндэд ямар хэмжээнд сөрөг нөлөөлөл үзүүлж байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй нарийн тогтоох юм. Мөн иргэдэд цагаан тоосны тухай зөв мэдээллийг хүргэх, Хангалын голын бохирдлыг бууруулах зэрэг зорилтыг дэвшүүлсэн.

Орхон аймагт Pm10 ширхэглэгтэй тоосыг хэмжих багаж байдаг. Гэвч цагаан тоос нь Pm2.5, түүнээс бага ширхэглэгтэй. Үүнийг хэмжих багаж нь өртөг өндөртэй байдаг. Хөтөлбөрийн хүрээнд нарийн ширхэглэгтэй тоосыг хэмжих багажны асуудлыг шийдвэрлэх үү?
Pm2.5-аас бага ширхэглэгтэй тоосонцорыг хэмжих багаж нэн шаардлагатай. Зөвхөн цагаан тоосны тухайд бус. Агаарын чанарын үзүүлэлтийг нарийн тогтоё гэвэл энэ төрлийн багаж хэрэгтэй. 2019 оны нэгдүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамтарсан ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилласан. Ажлын хэсэг 4 чиглэлийн хүрээнд 17 заалт бүхий зөвлөмжийг өгсөн. Үүнд, хүн амын эрүүл мэндийн чиглэлээр тоос, тоосонцрыг тодорхойлох PM10, PM2.5-ын суурийн харуулыг цагаан тоосны тархалтын бүс болох Говил, Баянцагаан баг, Жаргалант суманд байршуулах тухай тусгасан. Энэхүү зөвлөмж болон дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг дарга Д.Батлут “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т санал тавьсан. Суурин харуулуудыг байршуулснаар зүрх судасны өвчлөлийн гол шалтгаан нь PM2.5-тай тоосонцор болж байгаа эсэхийг нарийн тогтоох боломжтой болох юм.

Эрдэнэт хот, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөлөлд харилцан адилгүй байр суурьтай байсан. Зарим тохиолдолд өөр өөр мэдээлэлтэй, үл ойлголцох асуудал анзаарагдсан. Хөтөлбөр батлагдсанаар энэ асуудал шийдэгдэх үү?
Бид цаашид цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулахад нэгдсэн нэг ойлголттой, илүү системтэй, хамтарч ажиллах боломж үүгээр нээгдэж байгаа юм. Цагаан тоос дэд хөтөлбөр анх 2006 онд батлагдсан байдаг. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл төдийлөн үр дүнд хүрч чадаагүй. Энэ удаад батлагдсан хөтөлбөрийнхөө хүрээнд бид цагаан тоос нь хүний бие, байгаль орчинд сөрөг нөлөөтэй юу, нөлөөгүй юм уу гэдгийг эцсийн байдлаар тогтооно. Ингээд нэгдсэн нэг ойлголт, дүн шинжилгээтэй болсноор дараагийн ажлуудаа хэрэгжүүлэх юм.

Хөтөлбөр дөрвөн жилийн хугацаанд хэрэгжинэ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ хугацаанд цагаан тоосыг бүрэн дарах боломжтой гэх хариултыг өгч буй. Үнэхээр боломжтой юу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өнөөдрийн технологиороо ажиллаж байгаа тохиолдолд цагаан элс гарсаар байна. Өнөөдөр нэвтрүүлсэн урвалж холиж хаягдлын сан руу хаях энэ технологи нь хатуу гадаргууг бий болгож, цагаан тоосны дэгдэлтийг барих юм. Одоогийн байдлаар 500 га талбайг хучаад байгаа тухай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер П.Баянмөнх мэдэгдсэн. Мэргэжлийн хүмүүс энэ процессоо барьж ажиллавал цагаан тоосны дэгдэлтийг багадаа 80% хүртэл бууруулах боломжтой гэж үзэж байгаа.


О.Эрдэнэтуяа: Шинэ технологи нь далангийн зузаан, аюулгүй байдалд нөлөөлөхгүй

“Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг буруулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дөрвөн жилийн хугацаанд дөрвөн тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ санхүүжүүлнэ. Жилд нэг орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар байгаа?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нийт зардлыг санхүүжүүлэхээр болсон. Нийт дөрвөн тэрбум төгрөг гэж төсөвлөж байна. Энэ төсвөөр цагаан тоосны дэгдэлтийг дарахаас гадна харьяаллын бүсийн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, нөлөөллийн үнэлгээ, хуримтлалын үнэлгээ зэргийг хийлгүүлэх юм. Бид Эрүүл мэндийн яаманд Сөрөг нөлөөллийн үнэлгээ, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хуримтлалын үнэлгээг хийлгэхээр хүсэлтээ явуулсан. Энэ бүх үнэлгээ, үзлэг, шинжилгээг хөндлөнгийн байгууллага хийнэ. Бид бол зөвхөн санхүүжүүлнэ.  

Цагаан тоосыг дарах шинэ технологийн үр дүн хэр байна вэ?
2017 оны дүн мэдээгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хаягдлын санд 807.1 сая тонн цагаан элс хуримтлагдаад байсан. Хаягдлын сан нь 2033.1 га талбайг эзэлдэг. Үүний 1312 га талбай нь цагаан тоос дэгдэх голомт юм.  Бид цагаан тоосыг дарахад гурван технологийг зэрэг хэрэгжүүлж байгаа. Герман улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг ашиглан технологийн хаягдалтай шууд холин хаягдлын санд хаяж байна. Ингэснээр жижиг ширхэглэгүүдийг барьцалдуулж, ширхэглэгийг нь томруулж байгаа юм. Мөн хатуу гадаргууг бий болгож байна. Өөр нэг арга нь бодис цацах зориулалттай тусгай техникийг ашиглаж байна. Энэ нь хаягдлын сангийн хоолойгоор гарч буюу химийн урвалж хүрэхгүй, техник явах боломжгүй хэсгүүдэд химийн бодисыг цацаж, барьцалдуулах юм. Эдгээр технологийг ашиглан тавдугаар сарын 22-ны байдлаар 543 га талбайг хучаад байна. Ирэх жилийн өдийд бид цагаан тоосны голомтод бүсийн 80 орчим хувийг хучсан байх болно.

Энэ технологи нь далангийн зузаанд нөлөөлөх үү?
Өнөөдрийн байдлаар 70м зузаантай далан бий болоод байна. Жилд 1-1.2м далангийн зузаан нэмэгддэг. Өмнө нь хар шороогоор хучдаг байхад далангийн зузаанд нөлөөлдөг байсан. Цагаан тоосыг дарах хэдий ч хамрах хүрээ бага, далангийн ашиглалтад сөргөөр нөлөөлдөг байсан учир хар шороогоор хучихыг зогсоосон. Харин энэ технологи нь химийн урвалжийг ашиглаад хатуу төлөвт оруулж байгаа учир далангийн зузаанд нөлөөлөхгүй.

Цагаан тоосыг дарах зорилгоор олон туршилтыг явуулсан. Цементээр шууд хучих тухай яригдаж байсан. Гэсэн ч далан сэтлэх аюултай гэж үзээд больсон. Энэ технологи нь хатуу биет рүү шилжүүлж байгаа учир эрсдэл бий юу?
Дэлхийд тоосыг дардаг маш олон технологи бий. Гэхдээ зөвийг нь сонгохгүй бол даланд сөрөг нөлөөлөл үзүүлж байдаг. Саяхан Бразилд далан сэтэрсний улмаас 300 гаруй иргэн амь насаа алдсан эмгэнэлт явдал гарлаа. Манай аймаг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд харьяалагддаг. Тиймээс цементээр хучаад хатуу биет болговол далан сэтлэх аюултай. Хэсэг хугацаанд хатуу биет байгаад эргээд задардаг байх ёстой юм. Өнөөдөр бидний нэвтрүүлж байгаа технологи үүнд нийцэж байгаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цагаан тоосыг дарахад жилд 600-700 сая төгрөгийг зарцуулдаг байсан. Энэ технологийн өртөг хэр вэ?
Бид өмнөх жилүүдэд зарцуулдаг байсан төсөвт барихыг хичээж байгаа.

Өмнө Солонгосын “Монголиан хабо” компани “Цагаан тоосыг бордоо болгон ашиглах” тухай төслийг танилцуулж байсан. Энэ хэр боломжтой бол?
Тус компанийн цагаан тоос дарахад ашиглах KP20 гээд химийн урвалжийн дээжийг авч судалж байгаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хаягдлын сангийн нууранд хуримтлагдсан усыг эргүүлэн ашигладаг. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй усны 98%-ийг нуураасаа авдаг. Тиймээс технологид нөлөөлж байгаа эсэх, усыг бохирдуулж байгаа эсэхийг судалж байгаа. Ус бохирдвол үйлдвэрлэл зогсох эрсдэлтэй. Эхний байдлаар усанд бохирдуулах хүчин зүйл байхгүй ч, өртөг 20-30%-иар өндөр байсан.
 
 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 13 цаг 53 минутад
    Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газраас хөл хорио тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өвчний тархалтаас сэргийлэх талаар амжилттай боловч хөл хорионы сөрөг нөлөөнөөс уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт буурах, худалдааны салбарын идэвх сулрах, аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээний салбар орлогогүй болоход хүрч, улмаар бусад салбаруудад нөлөөлж байна. Энэ  гинжин холбоогоор банкны салбарт ч тодорхойгүй байдал, эрсдэл, сөрөг нөлөөг үзүүлж байгаа. Монголбанкны судалгаагаар коронавирусын нөлөөлөлд 54 мянган зээлдэгчийн 3.5 их наяд төгрөгийн зээл өртөж байгаа гэсэн тооцоо бий. Манай улсын хувьд санхүүгийн зах зээлийн 90 орчим хувийг банкны систем бүрдүүлдэг. Иргэд, аж ахуйн нэгж хямралд өртөн орлогогүй болж, зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүссэнээр банкуудын өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа буурч, эрсдэлийн сангаа нэмэгдүүлэх шаардлагатай тулгарна.
  • Уржигдар 13 цаг 52 минутад
    Монгол Улсын парламент  2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний пүрэв гарагийн хуралдаанаараа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан тодотголтой Үндсэн хуулиа баталснаас хойш 2000 онд анх удаа “гар хүрч”, “дордох”-ын хэмээгддэг 7 заалтад оруулсан нь цаг хугацааны эрхээр багагүй маргаан дагуулж ирсэн юм. Энэхүү 7 заалтаас зургаад нь нэмэлт, өөрчлөлт хийснээр Үндсэн хуулийн өнгө төрх багагүй сайжирсан юм. Хоёр удаа нийгмээрээ хэлэлцэж, гурав дахь удаагийн хэлэлцүүлгээ парламентын хуралдаанд гуравхан цагийн дотор хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөдөр /2020 оны тавдугаар сарын 25/ 12.00 цагт буюу 17-р жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхэлж байна.
  • Уржигдар 13 цаг 00 минутад
    “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг тус уурхай дээр зохион байгуулж, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудалтай танилцан, хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Дөлгөөн уурхайн олборлолтын зардлыг бууруулах чиглэлээр тооцоо судалгаа хийж, танилцуулах, компанийн худалдан авалтын сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд нээлттэй зарлахыг компанийн удирдлагуудад чиглэл болгосон байна. Мөн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай арга хэмжээг ирэх саруудад авахаар болжээ. 
  • 2020-05-22 14:01
    Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн өргөмжлөх үйл ажиллагааг 19 дахь жилдээ анх удаа /тавдугаар сарын 20/ цахим хэлбэрээр зохион байгууллаа. Цахим арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин  “2020 он бол бид бүхний хувьд туйлын өндөр сорилттой жил болж байна. Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч, Монголын хөгжлийг  түүчээлж байгаа та бүхэнд ТОП 100 ААН-д эрэмбэлэгдсэнд МҮХАҮТ-ын зүгээс халуун баяр хүргэж, эдийн засгийн сорилыг төр засагтай хамтран хамтдаа даван туулъя” хэмээн уриалав. ТОП-100 аж ахуйг эрэмбэлэхдээ Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэл, Үндэсний статистикийн хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтарсан Ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилжээ.
  • 2020-05-21 14:53
    Засгийн газар шинэ коронавирусээс үүдэн эрсдэлд орсон  эдийн засгийг аврахаар гуравдугаар сарын сүүлээр дуугарч эхэлсэн нь 5.1 их наяд төгрөгийн багц хөтөлбөр байв. Үүнийг нь дөрөвдүгээр сарын 9-нд УИХ-ын чуулганаар “амь оруулан” баталлаа. 5.1 их наяд төгрөгийн   хөтөлбөр   яг хэрхэн эдийн засгийг аврах эсэх нь одоо ч тодорхой биш байгаа юм. Үүнээс хавьгүй эрт буюу гуравдугаар сарын 11-нд Монголбанк бодлогын хүүгээ буулгаж, төд удалгүй арилжааны банкуудыг “захиргаадаж”  хэрэглээний зээл  төлөлтийн  хугацааг сунгахыг хүчлэх болсон. Улмаар дөрөвдүгээр сарын 13-нд төв банк бодлогын хүүгээ дахин бууруулав. Гол асуулт нь эдийн засгийн төлөв бүрхэг байгаа нь иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж,  улмаар худалдаа, үйлчилгээний салбарын борлуулалтад шууд нөлөөлнө.  Энэхүү нөхцөл байдал эдийн засгаа сэргээхээр оролдож байгаа Хятадад ихээхэн тод илэрч байна.