Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Уул уурхайн  7 компанид 54 сая төгрөгийн торгууль ноогдуулжээ 

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2019 оны эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг уул уурхайн аж ахуйн нэгж, бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоор бэлтгэсэн иргэд, нөхөрлөлүүдэд хийж гүйцэтгэжээ.

Сэлэнгэ аймгийн Баянгол, Сайхан, Хүдэр сумдад ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан 7 аж ахуй нэгж нь Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хуульд заасан зарим заалтыг зөрчин үйл ажиллагаа явуулж байсныг хяналт шалгалтаар илэрсэн  тул Зөрчлийн тухай хуулийн дагуу  54 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авч ажиллажээ.

Мөн Сэлэнгэ аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс 2019 оны 5 дугаар сарын 8-14-ний өдрүүдэд Мандал, Баянгол, Ерөө сумын нутгуудад хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтанд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 8  аж ахуй нэгж, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоор гэрээ байгуулсан 16 нөхөрлөл хамрагдсан байна. 

Баянгол сумын нутаг Урт булаг гэх газарт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Тайхаржин майнинг” ХХК нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүйгээр үйл ажиллагаа явуулж байсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу 10 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авлаа.  Мөн Урт булаг гэх газар Баянгол сумын Засаг даргатай Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулан ажиллаж байгаа “Баян өгөөж Хараа” нөхөрлөл нь журамд заасан техник тоног төхөөрөмжийг хэтрүүлсэн, тусгай хэрэгцээний талбайгаас хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан зөрчилд Баянгол сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Бумцэнд зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж. 

Хяналт шалгалтаар Ерөө сумын Харгана гэх газарт иргэн О, Бугант тосгоны Агуйт гэх газарт иргэн О нар бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам зөрчин хууль бусаар ашигт малтмал олборлосон байсан бөгөөд уг зөрчилд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна. 

Хяналт шалгалтанд хамрагдсан аж ахуй нэгжүүдээс “Ганбаттулга” ХХК, “Шарнарст” ХХК, “Тайхаржин майнинг” ХХК-иуд болон Ерөө сумын Ялбаг гэх газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон Ялбагийн гол нөхөрлөл зэрэг хэд хэдэн аж ахуй нэгж нөхөрлөлүүд байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ сайн биелүүлж ажиллаж байгааг холбогдох албаны хүмүүс мэдээллээ.