RPM Global: Монголын өөдрөг төлөвт итгэлтэй байна 

2019-05-17 10:37

“RPMGlobal” компанийг монголчууд Рангэ эсвэл Рүнгэ гэх нэрээр нь сайн мэднэ. Тус компанийн хувьд манайд консалтингийн чиглэлээр амжилттай, тууштай ажиллаж буй дэлхийн хэмжээний компани юм. Ингээд тус компанийн Хойд Азийг хариуцсан захирал Ариэл Каотай компанийн хөгжил болон стратеги, салбарын цаашдын чиг хандлагын талаар ярилцлаа. 


Ярилцлагын эхэнд Та компанийнхаа талаар танилцуу­лахгүй юу? Мөн Та өөрийнхөө талаар товч танилцуулбал?

“RPMGlobal” компани нь уул уурхайн технологийн бүтээгдэхүүн болон зөвлөх үйлчилгээний чиглэлд 50 гаруй жилийн туршлагатай дэлхийн тэргүүлэх компани юм. Бид Австралийн хөрөнгийн биржид 2009 онд олон нийтэд хувьцаагаа гаргасан бөгөөд 13 улсад 23 салбартайгаар ажиллаж байна.  Монгол, Казахстан, Хятад зэрэг нийт 125 гаруй оронд уул уурхайн салбарын төсөл дээр нь ажилласан байдаг. 400 гаруй техникийн шинжээч болон 2000 гаруй тэргүүлэх мэргэжилтнүүдээс бүрдсэн манай дэлхийг хамарсан баг хамт олон уул уурхайн голлох бүс нутагт ажилладаг.  Тодруулбал дэлхийн өнцөг булан бүрт, уул уурхайн голлох бүсүүдэд хүрч ажилладгийн хувьд манай шинжээчид тухайн орны онцлог, соёл, нөхцөл байдлыг маш сайн ойлгож мэддэг.   

Манай компани хоёр төрлийн үйлчилгээ санал болгодог. Үүнд зөвлөх үйлчилгээ болон технологийн чиглэлийн буюу програм хангамж, уурхайн зураг төслийн үйлчилгээ багтана. Бидний хувьд зөвхөн уул уурхайн баялагт төвлөрч ажилладаг бөгөөд газрын тос, байгалийн хий зэрэг эрчим хүчний чиглэлд судалгаа хийдэггүй. Гэхдээ голлох бизнест маань нүүрсний судалгаа багтдаг. Бидний голчлон судалдаг түүхий эдүүдийн хувьд тэн хагасыг нь нүүрсний салбар, үлдсэн хэсгийг өнгөт металын салбар эзэлдэг. Үүнд графит, фосфат, поташ, болон зай хураагуурын түүхий эд болох лити, кобальт, никель, ванадий багтана. 

Бид хайгуулаас уурхайн хаалт хүртэлх бүх шатанд үйлчилгээ үзүүлдэг. Үүнд геологи хайгуулын зөвлөгөө, хайгуулын тооцоолол, олон улсын стандартаар /JORC/ NI 43-101/ нөөцийн тооцоолол хийх, уурхайн бүхий л судалгаануудыг /бүх шатны ТЭЗҮ, уурхайн төлөвлөгөө болон оновчлол, боломжит хөрөнгө оруулагч нарт зориулсан хараат бус техникийн дүн шинжилгээ/хамарсан үйлчилгээ санал болгодог. Гол ажил маань уурхайн операторуудад зориулж технологийн болон техникийн туслалцаа үзүүлэх явдал байдаг ч бид мөн дэлхийн санхүүгийн томоохон байгууллагууд, томоохон төсөлд хөрөнгө оруулагч банкуудтай хамтран ажилладаг. Тухайлбал J.P. Morgan, Morgan Stanley, HSBC, Credit Swiss, UBS, Хятадын банк болох CICC, Bank of China, ICBC, CCB, CMB-тэй хамтран ажилладаг. Нэг талаараа бид боломжит хөрөнгө оруулалтын төсөл хайж буй талд тухайн төсөлд дүн шинжилгээ хийж өгдөг бол нөгөө талаар мөн банкуудад тухайн төсөлд санхүүжилт олгох эсэхээ шийдэх үед хараат бус үнэлгээ хийж өгдөг юм. Манай компани банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалт хайж буй компани, уул уурхайн операторуудын аль алиных нь хувьд найдвартай зөвлөх гэсэн брэнд нэр хүндийг олж авч чадсан. 

Миний хувьд анх 2008 онд RPMGlobal-д орсон. Одоо Хятадын Бээжин дэх салбарт ажилладаг. Зөвлөх үйлчилгээний салбарт бизнесийн стратеги, бизнес хөгжил, бүртгэлийн менежмент,  маркетингийн чиглэлээр мэргэшсэн. Одоогоор хариуцсан бүсийнхээ салбаруудын бизнесийн стратегийг тодорхойлж, салбаруудын бизнесийн тогтвортой өсөлтийг хангах төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллах, багийнхаа мэргэжлийн чадавхийг дээшлүүлж, компанийн брэнд нэр хүндийг бүс нутгийн зах зээлд нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулж ажиллаж байна. Миний хувьд компанийн хойд Азийг хариуцсан захирлаар ажиллаж байгаадаа маш сэтгэл дүүрэн явдаг. Учир нь энэ ажил маань уг бизнесийг илүү сайн ойлгож, том зургаар харах боломж олгодог. 

RPMGlobal-ын гишүүн гэдгээрээ би ихээхэн бахархдаг төдийгүй дэлхий даяарх гайхамшигт баг хамт олонтойгоо ажилладгаа азтай хэрэг гэж боддог. 

Монголд сүүлд хэрэгжүүлсэн төслүүдийнхээ талаар танилцуулбал?
Монгол улс дахь салбар RPMGlobal LLC нь 2010 оны эхээр Улаанбаатарт бүртгүүлж байгуулагдсан. Салбарын уналтын үед ч энэ салбар Монголд үлдсэн цөөн компаниудын нэг болж байсан. RPMGlobal-ын бүрэн эзэмшдэг энэ салбар маань манай үйлчлүүлэгчдийн Монгол дахь төсөлд дэлхийн түвшний зөвлөх үйлчилгээг хүргэж бүрэн чадна. Энэ салбарыг Монголд 18 жилээс илүү хугацаанд ажиллаж буй олон улсын шилдэг геологич Rodney Graham удирдан явуулдаг бөгөөд энэ хүн бол RPM-ийн ахлах менежрүүдийн нэг.  Улаанбаатарын салбарт геологич, уул уурхайн инженер, байгаль орчны чиглэлийн өндөр чадвартай мэргэжилтнүүдээс бүрдсэн чадварлаг Монгол хамт олон ажилладаг. Манай дотоодын баг зөвхөн Монголын төсөл дээр ажиллаад зогсохгүй дэлхийн бусад төслийн ажилд оролцдог нь тэднийг улам илүү туршлагажуулдаг. 

Сүүлийн арван жилд бид Монголд 50 гаруй металын төсөл, 20 гаруй нүүрсний төсөл дээр ажиллалаа. 

Үүнд Баян-Уулын алт, зэсийн төслийн геологийн үнэлгээ, Чулуут ураны нөөцийн тооцоолол, Эрдэнэт зэс, молибденийн төслийн JORC нөөцийн тайлан, Багануурын нүүрсний уурхайн судалгаа, Тавантолгой ордын техникийн дүн шинжилгээ, Саусгоби компанийн ордын JORC нөөцийн тайлан, Шивээ-Овоогийн геологийн үнэлгээ болон бусад ажил багтана. Эрдэнэ Ресурс компани бидэнтэй урт хугацаанд хамтран ажилласаар ирсэн. Тус компанийн Зуун Мод молибденийн төсөл, Алтан нар болон Баянхөндийн алтны төслүүдийн нөөцийн тооцоолол болон эдийн засгийн урьдчилсан үнэлгээг хийж өгсөн. Сүүлийн хоёр төслийн хувьд Монголд сүүлийн таван жилийн хугацаанд нээгдсэн хамгийн гайхалтай ордуудын тоонд орж байгаа шүү дээ. 

Манай Монгол дахь салбартай холбогдвол бид таныг уриалгахан хүлээж авч, танай байгууллагын төсөлд яг тохируулсан байдлаар үйлчилгээгээ хүргэх болно. 

Монголын уул уурхайн салбарынхан танай компанийг Рүнгэ/Рангэ гэдэг нэрээр нь андахгүй мэднэ. Гэхдээ яагаад нэрээ сольсон юм бэ?
Сайхан асуулт байна. RPM гэдэг нь Runge, Pincock Allen & Holt, болон Minarco-MineConsult үгийн товчлол бөгөөд компанийн үүсэл 1968 онд тавигдаж байсан. Runge нь уул уурхайн програм хангамж нэвтрүүлдэг бол Pincock Allen & Holt нь Америкт уул уурхайн зөвлөх үйлчилгээ хүргэдэг. Харин Minarco-MineConsult-ын тухайд Ази, Номхон далайн бүс нутагт хөрөнгө оруулалтын банк, уул уурхайн бусад хөрөнгө оруулагч нарт хараат бус зөвлөхөөр ажилладаг. RPMGlobal-ын хэмжээнд нийтдээ уул уурхайн 14 мянга гаруй судалгаа шинжилгээ хийсэн бөгөөд Хонконгийн бирж дэх уул уурхайн холбогдолтой нийт IPO-ийн 75%, Австралийн нүүрсний үйлдвэрлэлийн 90% нь манай компанийн програм хангамжид түшиглэж хийгддэг. 

Компанийн цар хүрээ дэлхийн хэмжээнд нэмэгдэхийн хэрээр RPMGlobal гэж нэрийдэхээр шийдвэрлэсэн. Тийм ээ, манай компанийг хүмүүс Рангэ гэдэг нэрээр нь сайн мэдэх ч RPM Global гэж хэн болох талаар сайн мэдэхгүй байж мэдэх юм. Гэхдээ нэр нь өөрчлөгдсөн болохоос баг хамт олон, компани нь яг хэвээрээ шүү дээ. 

Бидний баг хамт олон яг хэвээрээ байгаа гэдгийг дахин хэлэхийг хүсч байна. Монголын баг хамт олон энд ажиллаад 5-7 жил, зарим нь байгуулагдсан цагаас нь хойш ажиллаж байгаа хүмүүс бий. Сүүлийн жилүүдийн өсөлт бууралтын аль ч үед манай хамт олон дотоодын зах зээлд үйлчилгээгээ сайн хүргэхээр тогтвортой ажилласаар ирсэн. 

Энэ нь мөн бид Монголын байгалийн баялгийн салбарын боломж бололцоонд итгэл үнэмшилтэй байгаагийн нэгэн илрэл юм. Сүүлийн хэдэн жилд Монголын уул уурхайн салбарт өсөлт бууралтын аль аль нь тохиож байсны сацуу бодлогын шинжтэй өөрчлөлтүүд ч байсан. Гэхдээ Засгийн газар өмнөх алдаан дээрээ суралцан асуудлыг залруулахаар шаргуу ажиллаж байгаа нь салбарынхан болон хөрөнгө оруулагчдад эерэг төлөвийг тодруулж байна.  Бид төрийн өмчийн болон салбарын эрчмийг бэхжүүлж байдаг жижиг, дунд хувийн компаниудаас бүрдсэн дотоодын болон дэлхийн үйлчлүүлэгч нартайгаа нягт хамтран ажиллаж байгаа, цаашид ч ажилласаар байх болно. 

Монголын уул уурхайн салбар нүүрс болон зэсийн салбараас ихээхэн хамааралтай байдаг шүү дээ. Тэгэхээр та эдгээр түүхий эдийн зах зээлд хэр итгэлтэй байна вэ? Мөн зай хураагуурын түүхий эдийн тухайд?
Нэлээд том асуулт байна. Гэхдээ эхний хоёр түүхий эдийн хувьд товч хариулахад аль аль нь Монголын төдийгүй дэлхийн хувьд чухал түүхий эд гэж ойлгодог. Зэсийн хувьд салбар салбарт өргөн хэрэглэгддэг учир цаашид зэсийн эрэлт дэлхий даяар явагдаж буй хотжилт, дэд бүтцийн өргөтгөл, үйлдвэрлэлийн өсөлтөөр нэмэгдсээр байх болно. Сэргээгдэх эрчим хүчний салбарт зэс илүү их шаардлагатай болох нь яриангүй. Хятад улсад агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр “Хөх тэнгэр” хөтөлбөр хэрэгжүүлэх болсон нь зэсийн эрэлтийг нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ гэж харж байна. Үүний шууд нөлөө нь зэс метал илүү их шаарддаг цахилгаан машины борлуулалт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх болно. Бид саяхан БНАКонго улсад хэрэгжүүлж буй Айвенхоу Майнз-ын Kamoa Kakula зэсийн төсөлд Хятадын төрийн өмчийн Citic Metals компанид хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад нь зориулж техникийн дүн шинжилгээ хийж өгсөн. Citic Metals нь Айвенхоу-ийн нийт хувьцааны 19.9%-ийг эзэмшиж байгаа нь урт хугацаандаа зэс зах зээлд маш сайн тоглогч байх болно гэдгийн нэгэн дохио юм.  

Нүүрсний хувьд дэлхийн хамгийн гол эрчим хүч болох газрын тосны дараа орох хоёр дахь гол түлш, мөн цахилгааны хамгийн том эх үүсвэр учир эрэлт цаашид тогтвортой байх болов уу гэж харж байна. Хятад нь дэлхийн нүүрсний нийт хэрэглээний 50 гаруй хувь, дэлхийн нүүрсний үйлдвэрлэлийн 50 орчим хувийг бүрдүүлдэг. Хэдийгээр дээр дурдсан агаарын бохирдлын эсрэг хөтөлбөр хэрэгжихийн сацуу тус улсын эдийн засгийн өсөлт удааширч буй ч нүүрс нь эрчим хүчнийх нь гол эх үүсвэр хэвээр байх болно. Тэгэхээр Хятад цаашид 7-8 жилийн өмнөх шиг огцом өсөлттэй байхгүй ч тус улсад нүүрсний эрэлт сайн байх болов уу гэж бодож байна. Мөн бусад хөгжингүй орны хувьд ч нүүрс нь хамгийн хямд эрчим хүчний эх үүсвэр болдог. 

Зай хураагуурын эрдэс түүхий эдийн хувьд Хятад улс 2025 он гэхэд цахилгаан машины үйлдвэрлэлийг дотоод шаталтат хөдөлгүүр бүхий уламжлалт машинаас илүү олноор үйлдвэрлэдэг болохоор ажиллаж буй нь ирээдүйн сайн төлөвийг илтгэнэ.   

Гэхдээ нэг зүйлийг тэмдэглэхэд Хятадын бодлогоос үл хамааран дэлхий нийтийн эрэлт хэвээр байх болно. Тухайлбал Энэтхэгийн эдийн засаг өсч, хотжилт эрчимтэй явагдахын хэрээр зах зээл нь улам томорч импорт өсөх дүр зураг харагдана. Гэхдээ Хятад Монголын нүүрсний бизнест цаашид нэлээд идэвхтэй сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Тухайлбал Хятадын нүүрсний чиглэлийн манай нэгэн үйлчлүүлэгч Монголд нэлээд том төсөлтэй боловч шинэ боломжуудыг мөн эрэлхийлсээр л байна. Монголд хөрөнгө оруулахыг хүсч буй маш олон хөрөнгө оруулагч бий. Гэхдээ улс төрийн бодлого илүү их тогтвортой болохыг хүлээж байна. 

Та Монголын зах зээлд ямар үйлчилгээ нэвтрүүлж ажиллаж буй талаараа дэлгэрүүлэхгүй юу?
Манай зөвлөх үйлчилгээ нь уул уурхайн мөчлөгийн хамгийн эхний үе шатнаас эхэлдэг. Нөөцийн тооцоололд бид JORC болон NI 43-101 олон улсын стандартаар тайлагнах талд бид батлагдсан туршлагатай төдийгүй дотоодын баг хамт олон маань Монголын стандарт, мөн Орос, Хятадын стандартад өргөн туршлагатай. Тэгэхээр хайгуулын компаниуд санхүүжилт эрэлхийлэхдээ өөрсдийн хүссэн ангиллаар судалгаа хийлгэхээр бидэнд ханддаг. Зөвлөх үйлчилгээний хувьд бид хайгуулын хөтөлбөр бэлтгэх болон хайгуулын параметр гаргахад тусалдаг. Ихэнх уул уурхайн төсөлд эхний шатанд өрөмдлөг, хайгуулын судалгаа хийхэд эсвэл төслийг цаашид урагшлуулахад санхүүжилт зайлшгүй шаардлагатай болдог.  Санхүүжүүлэгч байгууллагын тухайд төслийг үнэлэхэд зориулж судалгаа шинжилгээ хийлгэхийг шаарддаг. Манай компани тэр бүх техникийн судалгаануудыг хийж өгч, чухамдаа тухайн төслийн онцлогийг тодруулж, үнэ цэнийг нь өсгөхөд тусалж чадна. Үүнд уурхайн судалгаанууд, эдийн засгийн урьдчилсан үнэлгээ зэргийг нэрлэж болно. Төслийн эдийн засгийн үнэлгээний эхний үе шатнаас дараагийн үе шатанд уурхайн олборлолт ашиглалтын төлөвлөгөөг гаргадаг. Энэ хэсэгт тухайн уурхайг ил аргаар эсвэл далд уурхайн байдлаар олборлох эсэхийг шийддэг. Үүний дараагийн үе шат бол урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах. 

RPMGlobal нь олон улсын зах зээл болон олон улсын хөрөнгийн биржид компаниудыг хувьцаа гаргахад нь туслах тухайд өргөн туршлагатай. Санхүүжилт шаардлагатай боловч бирж дээр хувьцаагаа арилжаалах сонирхолгүй бол бид тухайн төсөлд банкны ТЭЗҮ хийж өгдөг.  Товчхондоо бид технологи, техник, санхүүгийн талбарт аль алинд нь ижил байдлаар зөвлөх үйлчилгээ үзүүлдэг гэж хэлж болно.  

Бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгуул­лагуудаас танай компани юугаараа ялгаатай эсвэл давуу талтай вэ?
Өмнө нь дурдсанчлан бидний нэг давуу тал бол санхүүгийн зах зээлтэй маш ойр ажилладаг явдал юм. Бид голдуу дэлхийн томоохон банкуудтай харилцаатай ажилладаг. Монголд бол бид Голомт банктай төслийн хөрөнгө оруулалтад нь хараат бус техникийн зөвлөхөөр ажилладаг. Санхүүгийн зах зээлтэй ихээхэн ойр ажилладгийн хувьд бид олон улсын томоохон банкуудын дунд нэр хүнд сайтай байдаг. Тэд манай брэндийг чанартай тайлан бэлддэг гэдгийг мэднэ. Хараат бус, ямар нэгэн нөлөөлөл ороогүй гэдгийг мэднэ. Учир нь бид үргэлж гуравдагч өнцгөөс асуудлыг харж, хараат бус байдлаар тайлан бэлддэг. Тиймээс банк, төсөл хэрэгжүүлэгч нар бидний судалгаа, үнэлгээнд итгэдэг.  

Мөн бид дэлхий даяар байгаа салбаруудаа нэгэн жигд байдлаар ашиглаж ажилладаг. Монголын төслийн судалгаанд бид дан ганц Монголын багийг ажиллуулахаас гадна бусад орны багийг хамтруулдаг. Тэдгээр нь Хятад, Австрали, Америкийн зөвлөхүүд байж болно. Тухайн төслийн онцлог, минералоги, уул уурхайн аргачлал, бүс нутгийн ажлын байдлаас хамааран ажиллах багийг бүрдүүлдэг. Ингэснээр тухайн төслийг аль болох олон талаас нь, бүтэн зургаар нь харж ажилладаг гэх үү дээ. ЖОРК, Канадын стандартаар нөөцийн тооцоолол хийгдэх үед Монголын баг компанийн олон улсын багтай хамтран ажилладаг. “RPM Global”-ийн хувьд салбар салбарын хооронд ямар нэгэн өрсөлдөөн байдаггүй. Бид нэг баг хамт олон болж ажилладаг. Энэ бол компанийн хэрхэн ажилладаг жишиг туршлага юм. 

Дэлхийн багийн нэг хэсэг болж Монголд ажилласнаас хойш бид хараат бусаар ажиллаж ирсэн маань бидний ажил гүйцэтгэлийн чанарын баталгаа болж ирсэн. Салбарын хэмжээнд олж авсан брэнд нэр хүнд маань бидний хувьд ихээхэн чухал. Үүнээс гадна, бусад зөвлөх компанийг бодвол уурхайн төлөвлөлт, үйл ажиллагааны эдийн засгийн төлөвлөлт шийдэл зэрэг технологийн бүтээгдэхүүн байдаг нь манай техникийн судалгааг илүү үр ашигтай болгодгоороо давуу талтай. Энэ нь эргээд манай үйлчлүүлэгчдийн төслүүдэд илүү их үнэ цэнэ бий болгож, биднийг бусдаас ихээхэн ялгаж өгдөг. 

Танай компанийн үйлчлүүлэгчдийн дунд ямар томоохон компаниуд багтдаг вэ?
Бүх үйлчлүүлэгч маань RPM-ийн бизнесийн амжилтад чухал үүрэгтэй байдаг. Манай компанийн үйлчлүүлэгчдийн хүрээнд олон олон компани багтдаг бөгөөд тэдний дунд дэлхийг хамарсан хэмжээний томоохон компаниуд ч бий. Тухайлбал BHP, Рио Тинто, Вале, Глэнкор зэрэг ашигт малтмалын тэргүүлэх компаниуд багтдаг. Мөн түүхий эдийн тэргүүлэгчид болох Yancoal, Adani, Barrick, Anglo American, Freeport McMoRan, CMOC, MMG, уул уурхайн голлох операторууд болох  Мицүи, Иточу, Сумимото зэрэг компанийг нэрлэж болно. Бид мөн олон улсын томоохон банк, хөрөнгө оруулалтын байгууллагуудтай хараат бус техникийн туслалцаа үзүүлэх талд хамтран ажилладаг (JP Morgan, Morgan Stanley, HSBC, UBS, BMO) тухай дээр дурдсан. Хятадын дотоодын үйлчлүүлэгчдэд хилийн чанад дахь худалдааны хэлцэл болон төсөл хөгжүүлэлтэд нь зориулж хөрөнгө босгоход нь бид мөн хамтран ажилладаг. Тухайлбал Yancoal, Citic Metals, CMOC, Wanbao, Shandong Gold, China Gold зэрэг компани үүнд багтана. Өнгөрсөн хугацаанд бид Монголын дотоодын үйлчлүүлэгч нартайгаа нягт хамтран ажилласаар ирсэн. Цаашид Монголын уул уурхайн компаниудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэн ажиллах болно.  

Та компанийнхаа Монгол дахь салбарын ирээдүйг хэрхэн харж байна вэ?
Бид Монголын ирээдүйн төлөвт ихээхэн өөдрөг бодолтой байна. Монголд хөрөнгө оруулах сонирхол маш их байна. Бидэнд дотоод болон хилийн чанадаас алт, графит, нүүрсний төслийн талаар урам төрүүлэм саналууд ирж байсан. Дотоодын компаниудын хувьд төслүүддээ олон улсын ЖОРК стандартаар нөөцийн тайлан хийлгэх эсвэл урьдчилсан ТЭЗҮ хийлгэх талаар санал ирүүлж байна. Энэ бүхэн нь Монголын зах зээлд итгэл дүүрэн байх сэтгэгдэл төрүүлж байгаагийн зэрэгцээ энэ нь сүүлийн зургаан сарын хөрөнгө оруулалтын өсөн нэмэгдэж буй үзүүлэлтээр улам батлагдаж байна. Бид дотоодын үйлчлүүлэгч нартайгаа төслүүдийнх нь хөгжилд хамтран ажиллахдаа таатай байх болно. 

Монголын салбарын бидэн рүү хандах хандалт улам нэмэгдэж байна. Хэрэв Монголын дэд бүтэц илүү сайжрах юм бол төлөв байдал хавьгүй илүү сайжирна гэж боддог.  Дэд бүтцээ хөгжүүлэх нь Монголын хувьд маш чухал. Мэдээллийн технологийн салбарт ч мөн адил хөгжил ихээхэн шаардлагатай. Учир нь Австрали болон бусад уул уурхайгаа хөгжүүлсэн томоохон орнууд хиймэл оюун ухааныг уул уурхайн технологийн хөгжилтэй хослуулж байгаа нь салбарын хөгжлийн дараагийн давлагаа болох болов уу гэж харж байна. RPMGlobal-ын Enterprise систем нь нээлттэй платформ дээр тулгуурласан бөгөөд аль ч системтэй чөлөөтэй холбогдож ажилладаг тэргүүлэх дижитал платформ төдийгүй энэ нь уул уурхайн өртгийн сүлжээнд шийдвэр гаргах үйл явцыг илүү үр өгөөжтэй болгоно. Бид Монголын уул уурхайн салбарынхантай эрчимтэй хам­тарч ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. Мөн цаашид танай улсын зах зээлд уул уурхайн програм хангамжийн үйлчилгээгээ нэвтрүүлж ажиллахыг хүсч байна. 

Танайх ямар шинэ үйлчилгээ нэвтрүүлж байна вэ?
Бид Монголын банк, санхүүгийн байгууллагуудтай уул уурхайн төсөлд хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад нь хамтран ажиллахдаа таатай байх болно. “RPM Global” зөвлөх үйлчилгээнээс гадна хэдийнэ танигдсан уул уурхайн сургалтаа дахин явуулахад бэлэн байна. Энэхүү сургалтын хөтөлбөр нь Монголын зах зээлд  уурхайчин бус хүмүүст зориулсан ерөнхий мэдлэг олголт, уул уурхайн эдийн засаг зэрэг үр ашигтай курсээс (Mining for Non-Miners болон Mining Economics) бүрдэнэ. Энэхүү хөтөлбөр нь төсөл эзэмшигч болон санхүүжүүлэгч талуудад уул уурхайн талаарх мэдлэгтэй болж, уурхайн төсөлд мэргэжлийн үүднээс хандаж чаддаг болоход нь дөхөм болно. Уурхайчин бус хүмүүст зориулсан сургалт нь уул уурхай, геологи хайгуул, боловсруулалт/баяжуулалт, маркетинг, борлуулалт, зэрэг асуудлыг хамарна. Энэ нь салбараа цаашид авч явах залуу мэргэжилтнүүдэд ихээхэн хэрэгцээтэй. Уул уурхайн эдийн засгийн сургалтын хувьд бизнесийн шинжээч, инженер, техникийн мэргэжилтнүүдэд тухайн уурхайг амжилттай ажиллуулахад шаардлагатай олон хүчин зүйлсийг бүтэн зургаар нь харж чаддаг болоход дэмжлэг болно. 

Бид цаашид Монголын зах зээлд манай дэлхийн түвшний тэргүүлэх технологийн бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлнэ гэж найдаж байна. 

Ярилцсанд баярлалаа. 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 13 цаг 26 минутын өмнө
    Нүүрс нэгэн цагт хүн төрөлхтний хөгжлийн гол суурь байсан. Тэр “баатар” одоо харин хамгийн их бохирдуулагч түлшээр өргөмжлөгдөв. Нүүрс бол хүн төрөлхтний хувьд “маш эртний найз”. Тиймээс “салах ёслол” хийхэд тийм ч хялбар байхгүй нь мэдээж хэрэг. Тэр дундаа эрс тэс уур амьсгалтай Монгол Улсын хувьд нүүрсгүйгээр амьдралаа төсөөлөхийн ч аргагүй. Бас болоогүй 2010 оноос коксжих нүүрс Монголын экспортод голлох үүрэгтэй болж эхэлсэн төдийгүй экспортод эзлэх байр сууриа одоо улам бүр бэхжүүлэн байна. Үүний зэрэгцээ Монголд асар олон нүүрсний цахилгаан станцын төслүүд хэрэгжихээр яригдан байна. Нүүрс рүү тэмүүлэх үйл явц Монголд ийн өрнөж байх зуур нөгөө талд дэлхий нүүрснээс татгалзах үйл явц хурдацтайгаар явагдаад эхэлжээ. 
  • Уржигдар 18 цаг 22 минутад
    Дорноговь аймгийн Даланжаргалан суманд дөрөвдүгээр сарын 14-нд “Эко хэлхээ” компанийн жонш Баяжуулах үйлдвэрийн хаягдлын далан сэтэрч химийн хорт бодистой ус алдагдсан билээ. Уг явдлаас хойш хоёр сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд нөлөөллийн бүсийн ус, хөрсний дээжээс авсан шинжилгээний хариу хоёр төрлөөр гарсан байна.   
  • Уржигдар 10 цаг 36 минутад
    Эрин зууны түлш гэж тодорхойлдог метан хийг дэлхийн томоохон хотууд “шүтэж”, энэ салбарын хөгжилд хөрөнгө хүч хаяж эхэллээ. Хүн төрөлхтөнд хамгийн тулгамдсан асуудал цаг агаарын дулаарал, уур амьсгалын өөрчлөлт. Гэтэл уур амьсгалын өөрчлөлтийг түргэсгэж, азоны давхаргын цоорхойг нэмэгдүүлдэг хүлэмжийн хий бол метан хий. Нүүрс олборлож байгаа уурхайнуудаас их хэмжээний метан хий ялгарч байгаль орчинд хор хөнөөл учруулдаг байна. Өндөр хөгжилтэй орнууд түүхий нүүрснээс татгалзаж метан хийг хэрэглэж агаарын бохирдлоо бууруулж эхэлжээ. Өмнөговь аймагт метан хийн хайгуул, судалгаа хийж буй “Жи Өү Эйч” ХХК-ийн Ахлах зөвлөх, Монгол Улсын  зөвлөх инженер З. Төмөрбаатартай ярилцлаа.
  • Уржигдар 00 цаг 00 минутад
  • 2019-06-21 15:38
    Дорнод аймгийн удирдлага, Ашигт малтмал, газрын тосны газар, “Петрочайна Дачин тамсаг” компанийн хамтран байгуулсан гурван талт хэлцлийн үр дүн гарч эхэллээ. Тодруулбал тус компани хэлцэлд тусгасны дагуу тендер сонгон шалгаруулалтаа анх удаа ил тод зарлалаа.  Энэ онд тус компани 1 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий байгаль орчныг хамгаалах төслийн тендерийг 12 багцад хуваан нээлттэй зарласан байна. Мөн тендер сонгон шалгаруулахдаа гурван талт хэлцэлд тусгагдсаны дагуу орон нутгийн аж ахуйн нэгжид давуу эрх олгох юм. Уг тендер шалгаруулалт энэ сарын 17-нд болсон төдийгүй 12 ажилд нийт 15 аж ахуй нэгж оролцсоны 10 нь орон нутгийнх байв.