О.Бадарч: Цогтцэций суманд байгаль орчны сүйрэл болж байна

2019-05-13 11:47

 
Өмнөговь аймгийн Цогтцэций сум уул уурхайн хөгжлөө дагаад Монгол Улсын хамгийн хөл хөдөлгөөнтэй сум болжээ. Хөдөлгөөнт хүн амтайгаа нийлээд 20-иод мянган иргэн энэ сумын нутаг дэвсгэрт байнгын болон түр оршин суудаг. Уул уурхай улс орны эдийн засагт гол хүч нэмдэг  ч олборлолтын бүсэд байгаа нутагт сөрөг олон зүйлийг үүсгэж байна. Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарчтай ярилцлаа.


Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй  хэчнээн уурхай үйл ажиллагаа явуулж байна  вэ?
Цогтцэций сум аймгийн 15 сум дотроо хамгийн бага буюу 7000 гаруй га газар нутагтай. Түүний 16% нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Үүнээс  төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, Өмнөговь аймгийн ууган уурхай буюу  орон нутгийн өмчит   “Тавантолгой”, хувийн хэвшлийн “Энержи ресурс” гэсэн гурван том төсөл Тавантолгой бүлэг ордод идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төсөл жилдээ  20-иод сая тонн нүүрс олборлон, экспортлож байна. Өөрөөр хэлбэл,  20-30 сая тонн нүүрс экспортлохын тулд хөрс хуулалт, тээврийн үйл ажиллагаанд  20-30 туслан гүйцэтгэгч компани мөн оролцож   байна. 

Цогтцэций бол  уул уурхай дагасан, хамгийн их сөрөг нөлөөлөлд өртөж байдаг сум. Зам харгуй, бэлчээр нутаг талхлагдан нутгийн уугуул, суугуул олон мянган малчид, иргэд  амьдрах орчингүй болж байна. Байгаль орчны доройтол, усгүйдэл энэ суманд аль хэдийнэ  нүүрлэсэн. Уул уурхайн олборлолтоос нөлөөлж байгаа ямар асуудал байна вэ?
Цогтцэций суманд  үйл ажиллагаа явуулж буй эдгээр уурхайг дагаж  зах  зээл,  хөгжил бий болж  байна. Ийм сайн тал байгаа ч олборлолтын явцад  үүсч буй асуудлууд нутгийн иргэдэд хамгийн ихээр нөлөөлж байгаа. Орон нутагт суурин засаг захиргааны харъяалалтай 7800 иргэн бий. Хөдөлгөөнт хүн амтайгаа нийлээд 20-иод мянган хүн энэ сумын нутаг дэвсгэрт төрийн үйлчилгээ авч, ажил, үйлчилгээ эрхэлж байна. Цогтцэций сум нүүдлийн соёл иргэншил зонхилсон, мал аж ахуйн эдийн засгийн бүтэцтэй сум байсан. Өнөөдөр эдийн засгийн бүтцийн тогтолцоо нь өөрчлөгдөж уул уурхай, хүнд үйлдвэр, мал аж ахуй гэсэн хосолмол эдийн засгийн бүтэцтэй болжээ. 

Ялангуяа уул уурхай, хүнд үйлдвэрлэлээс үүсч байгаа сөрөг нөлөөлөл мал аж ахуйн  үйлдвэрлэлдээ  хүндээр тусч байна. Энэ нь хэд хэдэн шинж чанараар илэрч байгаа. Нэгдүгээрт, уул уурхайн олборлолтоос үүссэн  агаарын бохирдлын улмаас  энэ нутаг дэвсгэрт түр болон байнгын оршин сууж байгаа 20 гаруй мянган хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах  баталгаа алдагдсаар байна. Хоёрдугаарт, байгаль орчны сүйрэл болж байна. Хөрсний эвдрэлийг дагаад бэлчээр нутгийн нэг хэсэг нь эвдэрч, ургамлын бүрхэвч, байгалийн зүй зохистой эко систем алдагдаж байна.Хамгийн их анхаарал татдаг асуудал бол ус. Уг нь эхлээд дэд бүтцээ бий болгож,  сөрөг хандлагуудыг зөөллөх байдлаар бүх зүйлийг нь шийдэрлэж байж  олборлолтын ажил явагдах ёстой. 

Өмнөговь аймаг уул уурхайгаас 100 гаруй тэрбум төгрөгийг  улсын төсөвт төвлөрүүлж байна. Аймаг өөрөө хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын урсгал зардалтайгаа  нийлээд 160-аад тэрбум төгрөгийн төсөвтэй. Энэ нь орон нутгийн бүтээн байгуулалт хөгжлийн асуудлаа шийдэж байгаа таатай боломж мэт боловч  шийдэх ёстой олон сөрөг зүйл байсаар байна.  Нүүрс экспортлож буй нь эдийн засгаа сэргээж байгаа гол арга мөн. Гэхдээ олборлолтын бүсэд байгаа бүс нутгийн асуудлыг Засгийн газрын түвшинд авч үзэх ёстой. Бидэнд тулгарч байгаа  хамгийн том бэрхшээл энэ юм.   

Улаанбаатар хотыг утаагүй болгох зорилгоор Тавантолгой ордоос энэ жил нүүрс зөөж эхэллээ. 100 гаруй хүнд даацын машинууд зам дагуу нутагладаг малчдын бэлчээрийг талхалж,  тоосжилт үүсгэн  өдөр шөнөгүй хот руу нүүрс тээвэрлэж байгааг нутгийн иргэд маш их эсэргүүцэж байна. Сумын зүгээс ямар байр суурьтай байна вэ?
Монголын хүн амын 50% нь оршин сууж байгаа нийслэл Улаанбаатарын  утааны асуудлыг шийдвэрлэх гэж байгаа Засгийн газрын бодлогыг үгүйсгэхгүй. Уурхайгаа олборлож эдийн засгаа сэргээх нь зөв боловч үүсэх сөрөг нөлөөллөө арилгах зүйлээ бодолцоогүйгээс  асуудал гардаг. Үүнтэй адил нүүрс тээвэрлэлт дээр  маш их сөрөг асуудал гарч байна. Сумын засаг дарга, нутгийн малчид, иргэд стандартын шаардлага хангасан замаар нүүрс тээвэрлэлт явуулах шаардлага тавьж байгаа. Засаг даргын хувьд энэ их тоосжилт, байгаль орчны сүйрлийг шийдэх нэг  гарц бол авто тээврийн зам. Тиймээс 15 орчим километр замыг сайжруулсан зам болгоод тээврээ хий гэсэн байр суурьтай байна,  сумын ард иргэд. Одоогоор Цогтцэций сум руу төв замаас  59,6 км-ын зам тавигдаж байгаа бөгөөд ирэх 11 сард ашиглалтад орно. Цогтцэций сумын нутагт 35 километр хатуу хучилттай замыг  тоосжилт ихээхэн  үүсдэг  хэсгүүдэд тавьж  болох юм байна гэж үзээд Засаг даргын мөрийн хөтөлбөртөө энэ талаар  тусгаж өгсөн. Одоогоор  23 орчим километр замын хөрөнгийн асуудал яригдаж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК Баруун Цанхийн тосгон хүртэл 10 километр засмал замаа тавих юм бол энэ сумын баруун дээд талаас үүсч байгаа тоосжилтын асуудал нэлээд цэгцэрнэ.

Говьд тоосжилт хэрээс хэтэрсэн.  Ялангуяа уул уурхайтай сумдад илүү их тоосжилттой байна. Тоосжилттой хэрхэн тэмцэж байна вэ?
Тоосжилтын асуудал үнэхээр хүнд байна. Тоос их гарч байна, тэрийг зогсоож, тэгж тэмцэнэ  гэдэг тэмцлийн арга барил одоо сонин биш болсон.  Үр дүнгээ ч өгдөггүй. Тоосжилттой холбоотой үүсч байгаа нийгмийн сөрөг нөлөөллийн асуудлаар Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)  хоёр жилийн өмнө Цогтцэций суманд ирж  судалсан. Сумын зүгээс тоосжилтын асуудлаар олон улсын хэд хэдэн байгууллагад санал тавьсан ч дэмжигддэггүй байсан. Харин ХЭҮК-оос уул уурхайн олборлолтын нөлөөлөлд өртөж байгаа бүс нутгийн нийгмийн асуудлын тайлан гаргаж Ерөнхий сайдад танилцуулж байгаа гэж дуулдлаа. Тайлан бидний гар дээр ирнэ. Үүсээд байгаа энэ асуудлыг яах вэ гэдэг олон арга замыг тодорхойлж гаргаж ирээд тэр нь бодлого болж хэрэгжих ёстой.

Цогтцэций сум эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч байна. Судалгаа хийхэд Цогтцэций сумын зонхилох өвчлөлийн нэгдүгээрт  амьсгалын замын, хоёрдугаарт  ходоод гэдэсний өвчин, гуравдугаарт  хавдар  эзэлж байна. Агаарын бохирдлоос шалтгаалан амьсгалын замаар дамжсан өвчлөл их гарч байна.  Уул уурхайгүй тайван амгалан нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдтэй харьцуулбал  манай бүс нутагт иргэдийн эрүүл мэндийн асуудал маш хүнд нөхцөлд байдаг. Тоосжилтыг үүсгэж байгаа хэдэн хүчин зүйл бий. Уурхайн олборлолт гарцаагүй орно. Говийн хөрс эмзэг, уур амьсгал хуурайшилт, салхи их нөлөөлдөг. Сум тэлээд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдчихсэн. Уурхайнуудад  дотоод тоосжилт их байна, үүнийгээ шийд гэж би нэг л зүйлийг шаардаж байгаа.

Цогтцэций сумын Цагаан-Овоо баг бүхэлдээ  уурхайн нөлөөлөлд өртсөн. Уул уурхайн компаниуд нөлөөллийн бүс дэх малчдын асуудалд хэрхэн хандаж байна?
Цогтцэций сум 2500 өрхтэй, үүнээс 300 гаруй нь малчин өрх байна.  “Энержи Ресурс” ХХК уурхайн нөлөөллийн бүсийн айлуудын асуудлаа шийдчихсэн. “Эрдэнэс Тавантолгой”-н нөлөөллийн бүсэд 20 гаруй өрх бий. Эдгээр өрхийн асуудлыг анхааралдаа  онцгойлон авч шийдэх шаардлагатай гэсэн саналаа  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагад танилцуулсан. Уурхайн нөлөөллийн хүчтэй бүсэд 5-6 айл байдаг. Түүнээс цааш бага нөлөөлөлд, бүр нөлөөлөлгүй гээд нийтдээ 20 гаруй өрх айл амьдардаг юм. “Эрдэнэс Тавантолгой” компани Цогтцэций суманд салбараа байгуулж аймаг, сумын засаг даргатай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна. Нөлөөллийн бүсийн айлуудад анхаарал хандуулах, хашаа хороог нь засах сэлбэх, худаг ус гаргах зэрэг асуудлаас гадна сум орон нутгийн бодлогын томоохон ажлуудыг хамтын ажиллагаагаар шийдэх боломжтой болсон. 

Говьд усны хомсдол хэдийнэ нүүрлэсэн нь энэ их цөлжилт тоосжилт хуурайшилт, уур амьсгалын өөрчлөлтийг бий болгож  байна. Уул уурхайн усны хэрэглээг багасгах тал дээр  зайлшгүй анхаарах ёстой байх аа?
Говь нутаг  хөрсний ус ховортой, гүний усаар л амьдардаг. Гүний ус олон давхаргатай ч хүний эрүүл ахуйд таарах нь ч бий, таарахгүй хатуулгатай ч бий. Ус ашиглалтын  менежментийн томоохон бодлого  үгүйлэгдэж байна. Үйлдвэрлэлийн, ахуйн хэрэглээний, бэлчээрийн усан хангамжийн, байгаль орчны нөхөн сэргээлтийн усан хангамж зэрэг усны хэрэглээ 5-6 чиглэлээр тодорхой болчихсон учраас том менежмент хийх хэрэгтэй. Уул уурхайн усны хэрэглээг багасгахын тулд ямар технологи байх ёстой вэ гэдэг нь асар том бодлогын асуудал юм. Галба-Өөшийн долоодын газрын сав газарт хамаарагддаг бүс учраас Усны менежментийн төлөвлөгөө хийгдэж байгаа.  

Уул уурхайн компаниуд байгаль орчны нөхөн сэргээлтэд хэр бодитой ханддаг юм бол?  
Нөхөн сэргээлтийн хоёр төрлийн ойлголт бий. Манай суманд үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнууд  өвөрмөц тогтоцтой. Өөрөөр хэлбэл,  уурхайн гүний уналттай. Багахан ашиглаад л нөөц дууссан  тохиолдолд дотоод овоолго үүсгэн техник, биологийн нөхөн сэргээлтийн дүүргэлт хийдэг бол манайд тийм биш. Гуч, дөчин жил доошоо ухна. Ухсан уурхайд дүүргэлт гэдэг ойлголт байхгүй тул хаалтын нөхөн сэргээлт төлөвлөгдсөн байх ёстой. 30 жилийн дараа уурхайг хаахдаа  энэ орчноо аялал жуулчлалын юм уу, нуур болон ногоон бүс болгох уу гэдгээ   ард түмнээсээ асуугаад,  түүнд нь тохирсон хаалтын төлөвлөгөөг  хийх хэрэгтэй юм. Хаалтын төлөвлөгөөндөө тохируулаад жил бүр нөхөн сэргээлтийн ажил хийгдэж явах ёстой. Гэтэл хатуухан хэлэхэд  уурхайнууд өнөөдрөөрөө л явж байна. Манайхан дүйцүүлэн нөхөн сэргээнэ гэхээр мод тарина ч гэх юм уу ойрхон ажил бодож байна. Гэхдээ “Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК Цэций уул орчимд сумаас тодорхой газар заалгаж, нөхөн сэргээлтийн ажлууд эхэлж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ тал дээр цаг их  алдаж байна.

Стратегийн томоохон ордууд үйл ажиллагаагаа явуулж  байгаа сум, орон нутгийн хувьд тулгарч байгаа асуудлыг  хэрхэн шийдвэрлэж байна вэ?
Асуудлууд байсаар байна. Саяхан л  гэхэд Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулдаг “Страто” гэж компани байна. Говьсүмбэр аймагт баяжуулах үйлдвэр байгуулаад  эндээс хууль бусаар нүүрс тээвэрлэсэн. Одоогийн Баяжуулах үйлдвэр нь 1 сая 500 тн нүүрс баяжуулах хүчин чадалтай  гэж сонссон.  Дахиад л  нөгөө олон хүнд даацын тэргүүд манай нутгийг  талхлах нь. Нүүрсийг энэ газар нутгаар л тээвэрлэж таарна. Чойрын замаар нүүрс тээвэрлэхийг эрс татгалзаж, тэмцэж зогсоож байна шүү дээ.

Ярилцсанд баярлалаа.
 
 


 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • Уржигдар 18 цаг 59 минутад
    Дорнод аймагт “Газрын тосны салбарын ажилтны өдөр” жил бүрийн тавдугаар сарын дөрөв дэх ням гарагт болдог. Энэ өдрийг тохиолдуулан Дорнод аймгийн удирдлагууд газрын тосны салбарын ажиллагсдад зориулсан уулзалт хэлэлцүүлгийг энэ сарын 23-нд анх удаа зохион байгууллаа. Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин тамсаг” компанид өнгөрсөн сарын байдлаар 598 монгол ажилтан ажиллаж байна. Үүнээс Газрын тосны 19-р талбайд 294, 21 дүгээр талбайд 272, Улаанбаатар хот дахь оффист 32 хүн ажилладаг аж. Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт 40 гаруй ажилчид оролцож тулгамдаж буй асуудлуудаа танилцуулсан юм. Тэд өөрсдийн ажиллаж, амьдарч буй орчин нөхцлөө сайжруулах хүсэлтэй гэдгээ  илэрхийлээд ажилчдын эрх ашгийг хамгаалах хууль хэрэгжихгүй байгаагаас Монгол ажилчдын эрх зөрчигдөх явдал гардагийг онцолж байв.
  • Уржигдар 18 цаг 56 минутад
    Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2019 оны эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг уул уурхайн аж ахуйн нэгж, бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоор бэлтгэсэн иргэд, нөхөрлөлүүдэд хийж гүйцэтгэжээ.  Сэлэнгэ аймгийн Баянгол, Сайхан, Хүдэр сумдад ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан 7 аж ахуй нэгж нь Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хуульд заасан зарим заалтыг зөрчин үйл ажиллагаа явуулж байсныг хяналт шалгалтаар илэрсэн  тул Зөрчлийн тухай хуулийн дагуу  54 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авч ажиллажээ.
  • Уржигдар 18 цаг 26 минутад
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймагт ажиллаж байна. Тэрбээр  Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлэв. Мөн энэ үеэр Монгол Улсын “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын шав тавих ёслол Мандах сумын Сэрвэн баян хошуу багийн Бударын хөндийд боллоо. Энэхүү төслийн ззахиалагчаар “Монголын төмөр зам”ТӨХК ажиллах бол гүйцэтгэгчээр ул шорооны ажлыг Зэвсэгт хүчний жанжин штаб, дээд бүтцийн ажлыг “Улаанбаатар төмөр зам”ХНН ажиллана. Зүүнбаян-Тавантолгой чиглэлд зам байгуулснаар Зүүнбаян өртөөнд ачаа зөөх буулгах хоёр терминал, дөрвөн төмөр замыг нэмж барих юм.
  • Уржигдар 13 цаг 17 минутад
    Энэтхэг, Монголын Улсын эдийн засаг, худалдаа болоод хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл, Энэтхэг улсын нүүрсний зах зээл, өнөөгийн хөгжил, төрийн бодлого хэрэгжилт, гадаад худалдааны асуудлаар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй MMJ-ийн Э.Оджаргал ярилцлаа.  Юуны өмнө эрхэм Элчин сайд таныг Монгол Улсад ажиллах болсонд баяр хүргэе. Та өөрийн мэргэжил болоод дипломат алба­ны намтраа манай сэтгүүлийн уншигчдад танилцуулна уу? Би 30 гаруй жил дипломат алба хашихдаа Вьетнам, Тайланд, Куба, Канад, АНУ, Их Британи зэрэг улсад ажиллаж албан үүргийнхээ дагуу дэлхийн 100 гаруй оронд зочилжээ.
  • Уржигдар 10 цаг 14 минутад
    Газрын тосны салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагуудын дунд 25 дахь жилдээ зохион байгуулагдаж буй  “Oil and Gas-2019” (Газрын тос-2019) эрдэм шинжилгээ, онол практикийн хурал  энэ сарын 22-нд Шинжлэх ухаан технологийн их сургууль (ШУТИС)-ийн Төв номын сангийн хурлын танхимд боллоо. Энэ удаагийн хурал нь ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог юм.  Хурлын эхэнд ШУТИС-ийн Газрын тосны инженерийн салбарын Зөвлөх профессор, доктор, профессор Ж.Цэвээнжав “Газрын тосны мэргэжлийн хүний нөөцийн сургалт, дадлагажилт, ажил эрхлэлт” сэдвээр илтгэлээ.  Монгол Улсын газрын тосны салбар 78 жилийн түүхэн замналтай. 1960 оноос газрын тосны мэргэжилтнүүд бэлтгэгдэж эхэлсэн бөгөөд нийтдээ 100 гаруй дээд, 450 орчим дунд мэргэжилтэн энэ хугацаанд төрөн гарчээ.