Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Элдэвийн нүүрсний уурхайгаас хатуу хучилттай авто замаар тээвэрлэлт хийнэ

Дорноговь аймгийн Даланжаргалан суманд ашиглалтын болон хайгуулын 93 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй. Үүнээс нүүрс ашиглах тусгай зөвшөөрөлтэй 21 компани байдаг. Тус сумын нутаг дэвсгэрт Элдэвийн нүүрсний уурхайд “Штайнкойл”, “Чингисийн хар алт”, “Фриендшип ресурс”, “Арвижих энерги”, “Билэгт баялаг”, “Говийн шилмэл зам”, “Поуэрлэнд” зэрэг долоон компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компаниуд олборлосон нүүрсээ сайжруулсан 18.4 км бүхий шороон замаар Олон-Овоо хүртэл тээвэрлэлт хийж буй.

Компаниудыг нийгмийн хариуцлагын хүрээнд тээвэрлэлт хийхээр батлагдсан замаа хатуу хучилттай болгох шаардлагыг орон нутгийн удирдлагын зүгээс 2017 онд тавьсан. Гэсэн ч хатуу хучилттай авто замын ажил эхлээгүй өнөөг хүрсэн юм. Батлагдсан маршрутаар тээвэр хийдэггүйгээс тоосжилт үүсч, олон салаа зам гарах, малын бэлчээр талхлагдаж байгаа талаар нутгийн иргэдээс гомдол ирэх болжээ. Иймд нүүрс тээвэрлэлтээс үүдэн гарч буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор аймгийн засаг дарга Т.Энхтүвшин Элдэвийн нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа 7 компанийн төлөөлөлтэй уулзсан юм.

Уулзалтад Даланжаргалан сумын Засаг дарга С.Уранцэцэг, сумын ИТХ-ын дарга Г.Мэндсайхан, Мэргэжлийн хяналтын газар, БОАЖГ, Дорноговь аймаг дахь Авто тээврийн үндэсний төв (АТҮТ)  зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд, сумын иргэдийн төлөөлөл оролцов. Батлагдсан маршрутаар  нүүрсээ тээвэрлэдэггүй, дур мэдэн салаа зам гаргадаг, нүүрсийг зориулалтын бүтээлэггүй машинууд тээвэрлэдэг зэрэг зөрчлүүд аймгийн АТҮТ-ын хяналт шалгалтаар илэрчээ. Нүүрсний тээвэр хийж буй машин компанийн таних тэмдэг бүхий логотой байх, нөлөөлөлд өртөж буй малчид, иргэдтэй орон нутгийн удирдлага, компаниуд уулзалт тогтмол зохион байгуулах санал хүсэлтийг сумын иргэдийн зүгээс уулзалтын үеэр илэрхийллээ. Харин компаниудын зүгээс тээвэр хийж байгаа шороон замыг өнгөрсөн  онд засварлаж  арчилгаа хийсэн байна.

Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин ”Тээвэрлэлт, уурхайтай холбоотой асуудал үүсэх, осол гарах, хүний амь эрсдэлд орвол  уурхайн үйл ажиллагааг зогсооно. Хүний аминаас үнэтэй уурхайн үйл ажиллагаа байх ёсгүй” гэдгийг уулзалтаар онцолсон юм. Уулзалтын үр дүнд,  хатуу хучилттай авто замыг яаралтай барих ажлыг хийхэд компаниуд Ажлын хэсэг байгуулахаар болов. Мөн 18.5 км хатуу хучилттай авто замын зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх, зураг төслийн дагуу авто замыг тусгай зөвшөөрөлтэй компаниудаар хийж гүйцэтгүүлэх, тээвэрлэлт хийж байгаа авто машинуудын улсын дугаарыг аймгийн дугаартай  болоод компанийн таних тэмдэг бүхий логотой болгох, нүүрсийг тусгай зориулалтын бүтээлэгтэй тээвэрлэж хэвшүүлэх зэрэг нэгдсэн шийдэлд хүрсэн юм.

Түүнчлэн, хатуу хучилттай авто замын ажил дуустал орон нутгаас түр маршрутыг бий болгохоор шийдвэрлэлээ. Мөн замын арчлалт, усалгаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг нийт нүүрс тээвэрлэлтийн компаниудын удирдлагууд болон холбогдох албаны хүмүүст анхааруулав. Өнөөдрийн байдлаар Элдэвийн нүүрсний уурхайн орчимд  10 гаруй малчин  өрхийн 20 мянган гаруй мал бэлчээрлэж байна.