Р. Сэддорж: “Тавантолгой” компани Өмнөговь аймагт 65 орчим тэрбум төгрөг төвлөрүүлсэн

2019-05-03 11:30

www.gobimedia.mn сайтын эрхлэгч, редактор  Ч. Сумъяа
 

Тэртээх 1966 онд олборлолт, борлуулалтаа эхлүүлж байсан “Тавантолгой” ХК  53 дахь жилийн ойтойгоо золгож байна. Илч дулааныг зуунаас зуунд өртөөлөн хүргэх нөр их үйлстэй уурхайчин хамт олны зам мөр дардан гэхээсээ илүүтэй бартаа ихтэй байсан ч, даван туулсаар эх орныхоо энэ цагийн хөгжилд түрлэг нэмэн урагшилж байна. Хагас зууны түүхтэй “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Р. Сэддоржтой ярилцлаа.

Юуны өмнө уул уурхайн салбарын ууган уурхайн хамт олонд баялаг түүхтэй 53 жилийн ойн баярын мэндийг хүргэе? Уурхайчиддаа хүргэх баярын мэндчилгээгээр ярилцлагаа эхэлье?
-Баярлалаа. “Тавантолгой” уурхай тэртээх 1966 онд гар аргаар ажилладаг Артелийн нэгдэл байсан. 1966 оны дөрөвдүгээр сарын 18-нд Ардын их хурлын тогтоол гарч улсын үйлдвэрийн газар болсон. Энэ цаг хугацааг бид компанийнхаа мэндэлсэн он гэж үздэг. Өдгөө “Тавантолгой” уурхай 53 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ түүхэн хугацаанд ажиллаж байсан нийт ахмад уурхайчид болон Монгол улсынхаа төсөвт үлэмж хувь нэмэр оруулан ажиллаж байгаа нийт уурхайчиддаа түүхт 53 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн өнгөрсөн жилийн нүүрс олборлолт, экспорт, ажлын амжилтаас хуваалцана уу? Өнгөрсөн он уурхайн хувьд хэр үр өгөөжтэй байв?
Өнгөрсөн 2018 оны хувьд амжилт арвинтай сайхан жил байлаа. Хэдийгээр улс төр, цаг үеийн хүндрэл бэрхшээлүүд байсан хэдий ч манай компани 1.8 сая тонн нүүрсийг дотоод, гадаадын зах зээлд борлуулсан амжилттай ажиллалаа. Өнгөрсөн жил нүүрсний үнэ өндөр байсан. Бага нүүрс олборлосон ч гэсэн үр ашигтай чамлахааргүй амжилттай ажилласан.

“Жижиг” Тавантолгой гэж нэрлэгддэг ууган уурхай Өмнөговь аймагтаа өгөөж ихтэй байдагт нь нутгийн иргэд талархалтай ханддаг. Өмнөговь аймгийн төсөвт төвлөрүүлж байгаа орлогын хэрээр аймаг орон нутагт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгддэг. Өнгөрсөн жил хэдий хэмжээний ногдол ашиг төвлөрүүлсэн бэ?
Энэ онд манай компани Өмнөговь аймгийн төсөвт ногдол ашиг хэлбэрээр 65 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлж өгсөн. Өмнөговь аймгийн бүтээн байгуулалтад манай компанийн оролцоо тэр хэмжээгээр орж байна гэсэн үг. Жишээ нь: Аймгийн төсвийн орлогын хөрөнгө оруулалт нь 103 тэрбум төгрөг бол түүний 65 тэрбум төгрөг, ойролцоогоор 60 гаруй хувь нь “Тавантолгой” ХК-ийн ногдол ашгаар Өмнөговь аймгийн маань бүтээн байгуулалт цогцолж байна гэж иргэд ойлгох хэрэгтэй. Манай компанийн 51% нь Өмнөговь аймгийн ард түмний, 49% нь олон улсын болон Монголын томоохон хувьцаа эзэмшигчдийн өмч байдаг. Дэлхийн 23 орны хүмүүс манай хувьцааг эзэмшдэг тул олон улсын компани гэж хэлж болно. Хэдийгээр орон нутгийн өмчлөлтэй ч Монголын болон олон улсын хувьцаа эзэмшигчид байдаг учраас дэлхийн уул уурхай сонирхогчдын анхаарлын төвд байдаг компани юм. 

“Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймаг орон нутгийн олон ажлуудыг дэмжиж, ивээн тэтгэж оролцож байгаа харагддаг. Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлуудаасаа хуваалцана уу?
“Тавантолгой” ХК Өмнөговь аймгийнхаа Цогтцэций сумын төсвийн орлогын 90 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг. Өмнөговь аймгийн сумдууд болон аймгийн төвүүдэд нүүрсээ 16,500 төгрөгөөр борлуулдаг. Манай компани алдагдал хүлээж нэг үгээр Өмнөговийн ард түмэндээ хямд үнэтэй нүүрсээр бэлэг барьдаг гэж ойлгож болно. Өмнөговь аймгийнхаа томоохон уралдаан тэмцээн, улсдаа аймгийнхаа нэрийг гаргаж байгаа бүхий л зүйл дээр манай компани өөрийн боломжийн хэрээр оролцож, тусалж, дэмжлэг үзүүлж ирсэн. 

Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байгаа хамгийн гол зүйл бол 150000 орчим тонн нүүрсийг Монголдоо хамгийн хямд буюу 1тонн нүүрсийг 16500 төгрөгөөр ард иргэд, эрчим хүчний байгууллагууд, Дорноговь, Дундговь аймгийн сумдууд, төвийн халаалтын системтэй бүх газруудад нийлүүлж байгаа нь манай компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа хамгийн том бодит ажил гэж бодож байна.

Уурхай нийгмийн хариуцлагын хүрээнд алдагдал хүлээн байж Дотоодын нүүрс борлуулалтаа хийсээр ирсэн. Дотоодын хэрэглэгчид гадаад экспортын машинуудтай зэрэгцдэг чирэгдэл ихтэй асуудлыг хэрхэн цэгцэлсэн бэ?  
Дотоодын болон Даланзадгадын хэрэглэгчиддээ зориулж сүүлийн 10 гаруй жил өөрсдийн техникээр, тусгай борлуулагч ажиллуулж нүүрс хуваарилалт, тээвэрлэлт, борлуулалт хийж байна. Манай үндсэн 20 гаруй самосвал маань бүгд Даланзадгадын хэрэглэгчдийг өвлийн нүүрсээр хангах ажилд дайчлагдаж өнөөдөр актлах хэмжээнд байгаа нь компанийн жолооч, техник, хүн хүч аймгийнхаа ард иргэдийн тав тухтай дулаан өвөлжих боломжоор нь хангахаар хөрөнгө, хүч зарцуулж ирсний илрэл юм. Дотоодын хэрэглэгчиддээ зориулж, гадаад экспортын том машинтай холилдохгүйгээр тусгай гарц гаргаж борлуулагч, уулын техникүүд ажиллуулж, аюулгүй ажиллагаа, чирэгдэлгүй үйлчлэх зэргийг хийж хэрэгжүүлж, шуурхай ажилласны хүчинд манай ард иргэд сэтгэл хангалуунаар энэ өвлийг сайхан давлаа. Зуны улиралд нүүрсний дотоодын хэрэглээ бага байдаг. Есдүгээр сараас идэвхжээд явдаг. 53 дахь жилдээ бид энэ үйл ажиллагааг явуулж байна. Бусад уурхайнуудын хувьд төдийлөн дотоодын хэрэглэгчдэд нүүрс нийлүүлдэггүй учраас бид өвлийн улиралд нэлээд ачаалалтай байдаг. Бусад уурхайнууд маань Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдгийн хувьд энэ ачааллыг хуваалцаж ажиллавал зүгээр санагддаг. Баруун сумдын зарим уурхайнууд эрчим хүчний нүүрсийг Дулааны станцад өгдөг. Харин орон нутгийн хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээг хангах тал дээр зөвхөн манай компани л ажиллаж байна.

 

Уурхай ачаалалтай ажиллахын хэрээр техникүүд ч бас элэгдэл ихтэй байдаг байх. Авто паркийн шинэчлэл хийсэн уу?
Өнгөрсөн жил хөрөнгө оруулалтын томоохон ажил хийгдсэн. Манай компани CAТ 390 гидравлик экскаватор, Хюндай компанийн 2 ковшоор  парк шинэчлэлт хийсэн. Авто паркийн шинэчлэлийн хүрээнд автосамосвалууд болон 2006 оноос хойш шинэчлээгүй байгаа авто паркийг шинэчлэх ажил хийнэ. Манай хамт олон бэлтгэл ажлаа хангаад хуучин техникүүдээ цэгцлээд явж байна.

Уурхайн тосгон байрлаж байгаа Цогтцэций сумын “Цагаан овоо” багийг нүүлгэн шилжүүлэх асуудал яригдаад удаж байна. Энэ ажил ямар түвшинд байгаа вэ? “Тавантолгой” ХК-ийн зүгээс ямар байр суурьтай байна вэ?
Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн иргэд буюу манай “Тавантолгой” ХК-ийн оршин суугч иргэдийн хувьд 1985 оноос хойш энэ байран дээрээ уурхайтайгаа ойрхон байрлаж байсан. 1985 оноос хойш өнөөдрийг хүртэл 30 гаруй жилийн хугацаанд амьдарч байна. 2009 оноос хойш бид бүхэн хөршүүдтэй болсноор уурхайнуудынхаа нөлөөллийн бүсэд орсон. Энэ бүх уурхайнууд бүгдээрээ Монгол улсдаа татвар төлдөг томоохон уурхайнууд. “Эрдэнэс Тавантолгой” ХК гэхэд төсвийг бүрдүүлж байгаа хамгийн томдоо орох аж ахуйн нэгж. Энэ уурхайнуудын нөлөөллийн бүсэд орсон учраас ард иргэд, ажилчдаа аюулгүй, эрүүл орчинд амьдруулах шаардлагатай болсон. Энэ үүднээс “Эрдэнэс Тавантолгой” ХК болон орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн ажилчдын хамтарсан Цогтцэций сумын өргөтгөл Шинэ суурьшлийн бүс байгуулахаар үндсэндээ тохиролцсон. 1985 оноос хойш ашиглагдаж байгаа барилга байшин, ажилчдын хашаа байшингийн үнэлгээнүүд гарч байгаа. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б. Ганхуяг 100.000 хүнтэй уул уурхай дагасан Шинэ суурьшлын бүс байгуулна гэж зарласан. Бид энэ 100.000-д нь багтаад хамтраад явна. Шинэ суурьшлын бүс Цогтцэций сумын ерөнхий  төлөвлөгөөний дагуу Цогтцэций сумын өргөтгөл болж явна. Сумын төвөөс баруун хойшоо чиглэлтэй Улаанбаатар-Цогтцэций сумын зам дагуу байрлах буюу одоогийн уурхайн тосгоноос  14 км зайтай байх юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК манай компани 2 шинэ суурьшлийн бүсээс уурхай руугаа нэгдсэн засмал зам тавихаар төлөвлөж байна. Энэ ажлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцаж ажиллахаар болж байгаа. Бид ингэж нүүснээр “Цагаан-Овоо” багийн иргэд болон нийт Монгол улсын төсвийг бүрдүүлж байгаа томоохон аж ахуйн нэгжүүд болох “Эрдэнэс Тавантолгой” ХК,  орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ажилчид, тэдний гэр бүл, үр хүүхдүүд эрүүл, аюулгүй, тоосгүй орчинд амьдрах боломжтой болох юм. Цаашлаад бусад уурхайн ажилтан, уурхайчдын ар гэр төвлөрч Эрдэнэт, Багануурын хэмжээний хотын бүтээн байгуулалт, соёл иргэншил бий болох боломжтой гэж харж байна.

Уул уурхайн компаниудын хийх ёстой ажлуудын нэг нь нөхөн сэргээлтийн ажил. Байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр ямар ажил хийгдэж байгаа вэ?
Бид дүйцүүлэн нөхөн сэргээлтийн ажлыг голчлон барьж ажиллаж байгаа. Манайх 200 га-тай гэж үзвэл өөр газарт 200 га газарт байгаль орчныг ногоожуулах, ойжуулах ямар л ажил байна энэ бүгдийг хийж байгаа. Хамгийн бодитой байгаль орчны ажлуудыг хийж ирсэн. Цогтцэций сумын сургуулийн 90 жилийн ойг тохиолдуулан тус сумын ууган  сургуулийн хашаанд өөрийн хөрөнгөөр мод тарьж байна. Энэ зун 90 жилийн ойгоор тарьж байгаа модуудаа сургуульдаа хүлээлгэх хүртэл манай компанийн ажилчид, байгаль орчны алба хариуцаад явна. Түүнчлэн аймгийн төвийн 4-р сургууль, “Ажнай” талбайн ногоон байгууламжийн ажилд оролцож ирсэн. Шинэ суурьшлийн бүсэд ногоон бүс байгуулна. Энэ бүхэн манай хамт олны хамтын ажиллагааны үр дүн юм.

Дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ та бүхний ажил үйлстэй холбоотой.Энэ жилийн төлөвлөгөөгөө хэрхэн биелүүлэн ажиллаж байна вэ?
Дэлхийн зах зээл үнэхээр сайн байна. Өнөөдрийн байдлаар манай компанийн хувьд ч, хөрш уурхайнуудын хувьд ч нүүрсээ хамгийн өндөр үнээр борлуулж байгаа гэж бодож байна. Ялангуяа түүхэндээ дэлхийн зах зээлийн хамгийн өндөр үнээр нүүрсээ борлуулж  чадаж байгаадаа баяртай байна. Азид болж байгаа томоохон бүтээн байгуулалт, Хятад улсын дотоод бүтээн байгуулалт, дэлхийд гангийн хэрэгцээ өндөр байгаа зэргийг дагаад нүүрсний үнэ ч  өндөр байна. Тээврийн, угаах гээд асар өндөр зардлууд байдаг ч зах зээлд ханш өндөр байгаа үед төдийлөн нөлөөлөхгүй. Азид 2020 оны Токиогийн Олимп, 2022 оны Бээжингийн олимп болохтой холбоотой асар их бүтээн байгуулалт өрнөж байгаа нь нүүрсний зах зээлд эерэгээр нөлөөлж байна. Энэ жилийн хувьд манай уурхайн хамт олон өнгөрсөн жилийн амжилт, борлуулалтаа нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. ТЭЗҮ-ээр 6 сая тонны зөвшөөрөлтэй байгаа. Гэсэн хэдий ч тээвэр ложистик, уулын нөхцөл байдал гээд бусад хүндрэл бэрхшээлүүд бий. Өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж ажиллахын төлөө манай уурхайчид хичээнгүйлэн зүтгэж байна.

Өмнөговь аймаг төдийгүй Монгол улсынхаа эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулан буй уурхайн хамт олон та бүхэнд ажлын амжилт хүсье?
-Баярлалаа.Та бүхний ажилд амжилт хүсье!
 
 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 3 цаг 42 минутын өмнө
    Хариуцлагатай уул уурхайн төлөө салбарын компаниуд сайн дураар нэгдэх аяныг албан ёсоор эхлүүлэх үйл ажиллагаа өнөөдөр Туушин зочид буудалд зохион байгуулагдав. Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр, Энержи Ресурс, Аспайр Майнинг, Саусгоби сэндс, Терра Энержи, Багануур зэрэг компаниуд үлгэрлэн манлайлж “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгдлээ. Олборлох салбарт хариуцлагтай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг Монголын Уул Уурхайн Үндэсний ассоциацийн санаачилж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран хэрэгжүүлж байна.
  • 6 цаг 52 минутын өмнө
    Монгол Улсын Засгийн газар метан хийн салбарыг хөгжүүлэх зорилгоор хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд байна. Ашигт малтмал, газрын тосны газар, Австрали Улсын хөрөнгө оруулалттай “Жи Өү Эйч” ХХК-тай нүүрсний давхаргын метан хийн хайгуулыг эхлүүлэх Бүтээгдэхүүн хуваах анхны гэрээг (БХГ) байгуулсан. Энэ дагуу Номгон IX-р талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна. Нүүрсний давхаргад буй метан хий нь агаарт дэгдэн дэлхийн дулааралд нөлөөлж, азоны давхаргын цоорхойг нэмэгдүүлдэг хүлэмжийн хий юм. Агаарт дэгдэж хаягдал болж буй метан хийг эдийн засгийн эргэлтнд оруулах олон боломжууд нээгдэж байна. Энэ чиглэлээр  БХГ-г байгуулсан “Жи Өү Эйч” ХХК-ийн Ерөнхий менежер Б. Ачитсантай ярилцлаа.
  • 12 цаг 0 минутын өмнө
    Монголын уул уурхайн салбарын тэргүүлэх ханган нийлүүлэгчдийн нэг, дэлхийд алдартай Катерпилларын  албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-аас “Chief Mechanic” /Ахлах механик/ гурван өдрийн  сургалт-семинарыг анх удаа зохион байгуулж байна. “Скай Ресорт” цогцолборт энэ сарын 19-20-нд, зохион байгуулагдаад буй тус сургалтад  “Вагнер Ази”-ийн харилцагч компаниудын инженер техникийн 150 гаруй ажилтан хүрэлцэн ирж, шинэлэг мэдээ мэдээллээр оюунаа цэнэглээд байна. Гурав дахь өдрийн сургалт тус компанийн Төв байранд үргэлжилж байгаа юм. 
  • Өчигдөр 10 цаг 53 минутад
    Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахын тулд уул уурхай, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт эрчим хүчний оновчтой шийдлийг нэвтрүүлэх нь улам бүр чухал болсоор байна. Ингээд Монголын уул уурхайн олборлох салбарт сүүлийн үеийн, шинэ тутам хөгжиж буй тэргүүн технологийг нэвтрүүлж байгаа туршлага болон бусад асуудлаар АББ Группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяртай ярилцлаа. Тус групп нь эрчим хүч, автоматжуулалтын инноваци, технологиор дэлхийд 130 гаруй жилийн туршлагатай, эрчим хүчний тэргүүлэгчдийн нэг гэдгийг салбарынхан андахгүй мэднэ.
  • Уржигдар 18 цаг 06 минутад
    Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ) нь сүүлийн хоёр жилийн хугацаанд “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц, үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэлд хөндлөнгийн үнэлгээг хийжээ. Энэхүү үнэлгээний тайланг олон нийтэд танилцуулах зорилгоор “Барьцгүй өсөлт: Эрдэнэс Монголын үнэлгээ” сэдэвт уулзалтыг өнөөдөр  “Блю Скай” зочид буудалд зохион байгууллаа. “Эрдэнэс Монгол” компанийг 2006 онд стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийг төлөөлөх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг удирдах, уул уурхайн салбарыг дэмжих зорилгоор байгуулсан байдаг. Тэр цагаас хойш тус компани зөвхөн уул уурхайн салбарт төдийгүй ашигт малтмалын боловсруулалт, уламжлалт бус газрын тос, байгалийн хий, зам харилцаа, хил нэвтрүүлэх байгууламж, эрчим хүч үйлдвэрлэл, хөдөлгүүр засвар, ган төмөрлөг, худалдааны дэмжлэг, хөрөнгийн менежмент зэрэг салбарт ашиг сонирхолтой цогцолбор компани болжээ.